Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2018/0338

 

 

 

 

 

 

 

   

 

 

К.Б нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 110/ШШ2018/0042 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээд К.Бауыржаны давж заалдах гомдлоор, К.Б нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч К.Б 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “К.Б ажилд томилох тухай” 57 дугаар тушаалыг хүчингүй болгож, Сагсай сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг тус газрын даргад даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 110/ШШ2018/0042 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “К.Б ажилд томилох тухай” 57 дугаар тушаалыг хүчингүй болгож, Сагсай сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг тус газрын даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Гуравдагч этгээд К.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 5 дүгээр сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн нь гуравдагч этгээд миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь сонгон шалгаруулж авна гэж заасан.

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тушаалаар намайг ажилд томилохдоо нэхэмжлэгч К.Б бид хоёрын холбогдох бичиг баримтуудыг судалж ярилцсаны үндсэн дээр намайг дээрх шалгууруудыг хамгийн илүү хангаж байгаа гэж үзэж тухайн албан тушаалд томилсон. Энэ талаар хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 117-118 дугаар талд авагдсан Б.С мэдүүлэгт тодорхой бий.

Би 2008 оноос одоо хүртэл нийгмийн халамжийн чиглэлээр 10 дахь жилдээ ажиллаж байгаа бол К.Б Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар тогтоолоор нэр дэвшиж Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнээр туршилтын хугацаагаар, 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн Б/40 дүгээр тушаалаар жинхэлэн томилогдон ажиллаж байгаад Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжих хүртэл ердөө 1 жил 5 cap ажилласан байдаг.

К.Бтөрийн албанд 24 жил ажилласан гэдэг нь ямарч үндэслэлгүй бөгөөд тэрээр 1994 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 2002 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Сагсай суманд байгаль хамгаалагчаар, 2002 оны 3 дугаар сараас 2010 он хүртэл ХААН банкны Сагсай сум дахь салбарт нярав, эрхлэгчээр, 2010-2012 онуудад Сагсай сумын ИТХ-ын даргаар ажилласан байдаг.

Би халамжийн үйлчилгээний чиглэлээр 6 удаагийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж мэргэшсэн бол К.Б нь энэ чиглэлээр сургалтад хамрагдаж байгаагүй. Мэргэшлийн түвшингийн үнэлгээгээр би 2014 онд 93 оноогоор “A”, 2015 онд 95 оноогоор “А” үнэлгээтэй үнэлэгдэж байсан бол К.Б 2015 онд 85 оноогоор “В” үнэлгээтэй үнэлэгдэж байсан. Дээрх бүх бичиг баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд эдгээрийг үндэслэн дүгнэлт хийвэл би аль ч талаараа К.Б илүү шаардлага хангаж байгаа юм.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь сонгон шалгаруулж авахаар зохицуулсан ба Б.С нь хуулийн энэ заалтын дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд намайг шалгаруулж авч ажилд томилсон байхад Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 15 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ гэснийг үндэслэн хариуцагчийг буруутгасан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

Улсын Дээд шүүхийн тогтоол нь тухайн хуулийг нэг мөр ойлгох чиглэлээр гаргаж байгаа тайлбар болохоос гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал баримтлах эрхийн акт биш юм. Нөгөө талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгон шалгаруулалт явууллаа гэхэд К.Б нь үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлагаараа надаас илүү биш учир түүний хууль ёсны эрх ашиг яаж хамгаалагдах вэ гэдгийг шүүх анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч К.Б хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргасан эсэх нь эргэлзээтэй байхад анхан шатны шүүхээс энэ талаар тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

К.Б Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлснээс хойш түүнийг ажилд томилсон ямар нэгэн тушаал гараагүй байгаа ба Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар тушаалаар зөвхөн нэг удаагийн тэтгэмж олгосон байдаг.

Гэтэл анхан шатны шүүх “...нэхэмжлэгч К.Б 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгийг үндэслэн нэг удаагийн тэтгэмж олгон төрийн албанаас чөлөөлсөн байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт юм.

К.Б 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн мөртлөө 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь эргэлзээтэй.

Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 110/ШШ2018/0042 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж гуравдагч этгээд К.Б гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон өөрчлөн байгуулсантай холбогдуулж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн 19 байхаар баталжээ.

Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогч нарын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч К.Б Хөдөлмөрийн хэлтсийн Сагсай сум хариуцсан мэргэжилтнээр, гуравдагч этгээд К.Б Нийгмийн халамжийн Сагсай сум хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “Төрийн байгууллага нийлүүлэх, нэгтгэх байдлаар өөрчлөн байгуулагдсан боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасны дагуу шинэ бүтцээр бий болсон албан тушаалд томилогдох ажилтныг хариуцагч дээрх зохицуулалтын дагуу шалгаруулж авах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Давж заалдах гомдолд дурдсанчлан “...Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С нэхэмжлэгч К.Б бид хоёрын холбогдох бичиг баримтуудыг судалж ярилцсаны үндсэн дээр намайг дээрх шалгууруудыг хамгийн илүү хангаж байгаа гэж үзэж тухайн албан тушаалд томилсон” гэх боловч энэ нь сонгон шалгаруулалт явуулсанд тооцогдохгүй.

Мөн тухайн албан тушаалд 10 жил ажилласан гэх гуравдагч этгээдийн нөхцөл байдал нь ажлын дадлага, туршлагыг тодорхойлох нэг шалгуур үзүүлэлт болохоос бус хуульд заасан бусад шаардлага болох үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар зэргийн хувьд нэхэмжлэгчээс илүү болохыг тодорхойлох үзүүлэлт болохгүй.

Улсын Дээд шүүхийн тогтоолыг хэргийг шийдвэрлэхдээ заавал баримтлахыг хуулиар шаардаагүй ч харгалзан үзэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ зөвхөн тайлбарт ч төдийгүй Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан зохицуулалт нь “сонгон шалгаруулж” авахыг хариуцагчид үүрэг болгосон байдаг.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хангасан нь сонгон шалгаруулалтад оролцож өрсөлдөх К.Б хуулиар олгогдсон эрхийг л хангаж байгаагаас бус цаашид одоогийн албан тушаалд түүнийг ажиллах эрхтэй гэж үзээгүй болно. 

Нэхэмжлэгч К.Б Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гаргасан гомдлын хариуг 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, улмаар 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацаанд хамаарч байна.

Түүнчлэн анхан шатны шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0726 дугаар магадлалд заасан нотлох баримтыг бүрэн цуглуулж, маргааны үйл баримтад гүйцэд дүгнэлт өгснийг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 110/ШШ2018/0042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд К.Б давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН