Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2019/0384/з |
Дугаар | 184 |
Огноо | 2020-05-20 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 184
“Д г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Байгаль орчин, аялал жуулчлалын
сайдад холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “Д г” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0848 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч В.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-Э нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0848 дугаар шийдвэрээр: Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 2.2.1, 22.4, 22.6-д тус тус заасныг баримтлан “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” А/76 дугаар тушаалын “Д г” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Д г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 848 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 27 дугаар зүйлийн 2...” гэж нэмж, “Усны тухай хуулийн ...2.2.1,...” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 848 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаар магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас дараах гомдлыг гаргаж байна.
4. ...Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч “Д г” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/76 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй юм.
5. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан сонсох ажиллагааг явуулаагүй болон тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг хүргүүлээгүй нь захиргааны актыг гаргах урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй байгааг шүүхээс харгалзан үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн.
6. Шүүх Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4, 22.6-д зааснаар усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой, энгийн хамгаалалтын бүсийн газар болон “Д г” ХХК-д ашиглах эрх олгогдсон маргаан бүхий 0.15 га газар хэсэгт давхцалтай гэж үзсэн.
7. “Д г” ХХК-ийн 0,15 га газрын давхцаагүй хэсэг буюу Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн газарт хамаарагдахгүй хэсгийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/76 дугаар тушаалын “Д г” ХХК-д холбогдох хэсэг хуулийн заалтуудад нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.
8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
10. Нэхэмжлэгч “Д г” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг “илт хууль бус”-д тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв юм.
11. Учир нь, маргаан бүхий актаар Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг болон холбогдох бусад хууль, тогтоомжийг үндэслэн “Усны нөөцийг бохирдож, хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй ...” гэсэн үндэслэлээр 28 иргэн, аж ахуйн нэгжийн, түүний дотор нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.
12. Уг актыг нэхэмжлэгчээс “манай компани байгалийн төлөв байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулаагүй, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үйлдэл гаргаагүй байхад газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь манай эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй...” гэж маргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус актын алдаанд хамаарахгүй, харин маргаан бүхий актад заасан хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд бий болоогүй байхад хэрэглэсэн гэсэн агуулга бүхий “хууль бус акт”-д хамаарах үндэслэл байна.
13. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны актыг ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүйгээр гаргах, эсхүл тухайн актад заасан үндэслэл нь хуульд байхгүй буюу хуульд заагаагүй үндэслэлээр эрхэд халдах, эсхүл тухайн үндэслэл болсон хэм хэмжээ нь дээд эрэмбийн хэм хэмжээг зөрчих зэрэг эрх зүйт төрийн “хуульд үндэслэх” зарчмыг ноцтой зөрчсөн илт хууль бус алдааг ойлгоно.
14. Энэхүү хэргийн тухайд дээр дурдсанчлан маргаан бүхий акт нь илт хууль бус биш, харин хууль буруу хэрэглэсэн алдаатай акт байж болох боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон ба шүүхүүд энэ хүрээнд шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцсэн байна.
15. Харин шүүхүүд маргаан бүхий актын улмаас “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсныг дурдах нь зүйтэй.
16. Учир нь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг “анхнаасаа нэхэмжлэгчид хуулиар хориглосон газар буюу тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгосон нь хууль бус байсан, иймд усны нөөц хомсдох, байгалийн унаган төрх алдагдах, орчны төлөв байдал өөрчлөгдөх, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горим зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж энэхүү тушаалаар анх гаргасан хууль бус актын эрх зүйн үйлчлэлийг дуусгавар болгосон” гэж тодруулан тайлбарласан байдаг, үүнийгээ ч хяналтын шатны шүүх хуралдаан дээр зөвшөөрсөн болно.
17. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон үндэслэл нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж түүний газар ашиглах эрхийг хүчингүй болгоогүй /энэ талаар хэргийн оролцогчид маргадаггүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулаагүй гэдэг нь тогтоогддог/, харин хариуцагч өөрийн гаргасан алдааг засах зорилгоор нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан агуулгатай байх тул нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв юм.
18. Иймд, “...”Д г” ХХК-ийн 0,15 га газрын давхцаагүй хэсэг буюу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн газарт хамаарагдахгүй хэсгийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосныг хууль ёсны гэж үзсэн шүүхийн шийдвэр буруу” гэсэн энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-7-д заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
19. Мөн, “хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасан сонсох ажиллагааг явуулаагүй” /Тодорхойлох хэсгийн 4-5/ гэх хяналтын гомдлоор маргаан бүхий актыг илт хууль бусад тооцох боломжгүй, учир нь шийдвэр гаргах ажиллагааны энэхүү алдаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм.
20. Иймээс шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ