Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/00363

 

Б.Сүүндэлгэрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/06100 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 73 дугаар магадлалтай,

         Б.Сүүндэлгэрийн нэхэмжлэлтэй,

         “Эм Ар Эйч Констракшн” ХХК-д холбогдох         

         Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 9.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Нэхэмжлэгч Б.Сүүндэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алимаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Сүүндэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алимаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхбулган, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Эм Ар Эйч Констракшн” ХХК-тай Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон юм. Би Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 05 тоот тушаалаар Зөвлөх инженерийн зэргийг Барилга, байгууламжийн угсралт, засварын ажлын хүрээнд авсан. Бидний хооронд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 212 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан Хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ, нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлагын 2.1.4-т зааснаар 16 хүртэлх давхар цутгамал болон угсармал барилга барихад Зөвлөх инженертэй байна гэсэн шаардлагын дагуу энэхүү гэрээ байгуулагдсан. Уг гэрээнд хариуцагч тал надад cap бүр 300 000 төгрөг төлөх үүрэг хүлээж, эхний ажил үйлчилгээний хөлсөнд 1 000 000 төгрөг төлсөн. Биднийг ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш удалгүй “Эм Ар Эйч Констракшн” ХХК-д 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Барилга угсралтын 2.1.1, 2.2.1, 2.2.2 болон 2.1.3-т заасан үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөл олгогдсон юм. Гэтэл хариуцагч “Эм Ар Эйч Констракшн” ХХК гэрээний үүргээ үл биелүүлж, намайг ажлын байранд очиж үйлчилгээ үзүүлэх гэхээр гүйцэтгэж буй төслөө танилцуулдаггүй, барилгын талбайд очих гэхэд ажил гүйцэтгэхгүй байгаа гэх зэргээр худал хэлдэг байсан. Дагаж мөрдөж буй журмаар Зөвлөх инженер 5 /тав/ хүртэл аж ахуйн нэгжид ажиллах журамтай. Эдгээр хугацаанд хариуцагч нь “Хурд констракшн” ХХК-ийн Нарны хороолол төсөл, “ЭСК инженеринг” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Шихихутаг дээд сургуулийн барилгын ажил болон “Нийслэл өргөө” ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд Чингэлтэй дүүргийн цахим архивын барилгын ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн байна. Нэхэмжлэгч миний зүгээс гэрээний хугацаанд хариуцагч талд зохих ёсоор зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэж хичээсэн боловч тус компани удаа дараа татгалзаж, гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй болно. Иймд “Эм Ар Эйч Констракшн” ХХК-иас гэрээнд зааснаар нийт 3 /гурав/ жилийн хугацаанд 10 800 000 төгрөг төлөх ёстойгоос төлсөн 1 000 000 төгрөгийг хасч, үлдэх 9 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхбулган нарын гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэгч Б.Сүүндэлгэрээс манай компани гэрээний хугацаанд ямар нэгэн зөвлөх үйлчилгээ авч байгаагүй юм. Талуудыг 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж байх үед Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 212 тоот тушаал болон 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 74 тоот тушаалаар батлагдсан журам хүчинтэй байсан боловч 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 89 тоот тушаалаар хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, одоо мөрдөж буй нь 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 89 тоот тушаалаар батлагдсан журам юм. Хэрэгт авагдсан “Эм Ар Эйч Констракшн” ХХК-ийн тусгай зөвшөөрлөөс үзвэл уг компанид зайлшгүй зөвлөх инженер шаардлагатай үйл ажиллагааны төрөл байхгүй. Нэхэмжлэгч Б.Сүүндэлгэр нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүрэгтэй ба зөвлөх үйлчилгээ үзүүлсэн гэдгээ нотлохгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хэдийгээр нэхэмжлэлд “Эм Ар Эйч Констракшн” ХХК-ийн гүйцэтгэсэн ажилтай холбоотой гэрээ, хэлэлцээр байгаа боловч эдгээр баримтууд нь тодорхой ажил үйлчилгээ эрхлээгүй Б.Сүүндэлгэрт хөлс төлнө гэсэн үг биш. Талууд 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан гэрээнд гүйцэтгэгч нь захиалагчийн хүсэлт буюу захиалгад нийцүүлэн мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмж өгөх үүрэг хүлээсэн ба холбогдох журмуудад “Эм Ар Эйч Констракшн” ХХК-ийн үйл ажиллагааны төрөлд Зөвлөх инженерийн шаардлага, хэрэгцээ байгаагүй учраас ийнхүү тодорхой төрлийн ажлыг гүйцэтгүүлээгүй болно. Иймд нэхэмжлэгч Б.Сүүндэлгэрийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/06100 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Сүүндэлгэрийн гаргасан хариуцагч “Эм Ар Эйч констракшн” ХХК-д холбогдох 9 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 60 60.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Сүүндэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186 700 төгрөгийг төсөвт хэвээр үлдээж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүгчийн 2955 дугаар захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус хуулийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 73 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/06100 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Сүүндэлгэр, түүний өмгөөлөгч Ц.Алимаа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч Б.Сүүндэлгэр, түүний өмгөөлөгч Ц.Алимаа нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 11 сарын 27-ны өдөр “МКН констракшн” ХХК-иас “Зөвлөх үйлчилгээний гэрээний үүргийг" хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. ...шийдвэр энэхүү нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Б.Сүүндэлгэр миний хувьд анхан шатны дээрх шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байсан. Гэвч хариуцагч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, 2016 оны 04 сарын 25-ны өдрийн 792 дугаар магадлалаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Харин Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/06100 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 сарын 26-ны 73 дугаар магадлалаар миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. …Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар дараах үндэслэлээр гомдол гаргана....хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталж, хуулийн буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримт хангалттай, хариуцагч гэрээний үүргээ ноцтой зөрчсөн буруутай атал нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул энэхүү шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэг. Анхан шатны шүүхийн ... шийдвэрийн үндэслэх хэсэгт “...шууд хамааралтай гэх тайлбар, үйл баримт тогтоогдохгүй байна.” гэж өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Сүүндэлгэрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “Эм Ар Эйч констракшн” ХХК-д 2013 оны 04 сарын 13-ны өдрөөс 3 жилийн хугацаатайгаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдаж, тус компани нь өөрийн мэдээллийн санд Б.Сүүлдэлгэрийг зөвлөх инженерээр бүртгүүлснээр Барилга хот байгуулалтын яамнаас 2013 оны 05 сарын 07-ны өдөр барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдож, улмаар энэхүү гэрээний хугацаанд “Хурд констракшн” ХХК-ийн орон сууцны барилга, Нийгмийн даатгалын архивын барилга, Шихихутаг дээд сургуулийн өргөтгөлийн барилга зэрэг барилга байгууламж зэрэг 200 000 000 төгрөгний барилга угсралтын ажил гүйцэтгэж бизнесийн тодорхой ашиг орлого олсон юм. Хариуцагч “Эм Ар Эйч Констракшн” ХХК-ийн захирал Р.Мөнхбат нь анхнаасаа өөрийн биеэр надтай ирж уулзаж, энэхүү гэрээ байгуулах саналыг эхэлж гаргасан бөгөөд гэрээний хугацаанд компанийн зүгээс надад татгалзах саналыг нэг ч удаа тавьж байгаагүй, надаас зөвлөх үйлчилгээг авч, ажлын хөлсийг бэлэн ба бэлэн бусаар 1.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 9.800.000 төгрөгийн хөлс төлөөгүй байсаар гэрээний 3 жилийн хугацааг дуусгасан. Гэтэл шүүгч ... захирамжийн дагуу “Барилгын хөгжлийн төв” ТӨУТҮГ-аас ирүүлсэн нотлох баримтууд хангалттай байхад хянан үзэлгүй, илт хууль зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл бий болж байна. Хоёр. ...магадлалын хянавал хэсэгт “... нэхэмжлэгчийн хувьд гэрээнд заасан ажлуудыг биечлэн гүйцэтгэсэн, зөвлөхийн үйчилгээ үзүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна” гэж дурдсаныг нэхэмжлэгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй, гэрээнд заасан ажлуудыг өөрийн санаачлагаар тус компанийн ажлын байранд очиж, биечлэн гүйцэтгэж, зөвлөхийн үйлчилгээ үзүүлсэн тухай өөрийн баримт болон бусад холбогдох тушаал, журам зэрэг нотлох баримтуудыг хангалттай цуцлуулж, хавтаст хэрэгт хавсаргасан байхад харин хэт нэг талыг барьж, нотлох баримтыг харгалзаж үзэлгүй, бодитоор зөв хянан шийдвэрлэсэнгүй гэж үзэж байна. Хариуцагч талын захирал, удирдлага нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, гүйцэтгэж байгаа барилга угсралтын ажлаа нууж, барилга обьектоо зааж өгөхгүй, утасны дугаараа солих зэргээр зөвлөх үйлчилгээний ажлыг санаатайгаар удаашруулж, ажиллах нөхцлөөр дутуу хангаж байсан юм. Иргэний хуулийн 362 дугаар зүйлийн 362.1-д зааснаар "Ажиллуулагч нь ажил үйлчилгээг хүлээн авах хугацааг хойшлуулсан, хүлээн авахаас татгалзсан тохиолдолд ажиллагч нь цаашид ажил гүйцэтгэхээс татгалзаж тохиролцсон хөлсийг шаардах эрхтэй.” гэсэн заалтын дагуу энэхүү гэрээний хугацаа дуусахаас өмнө 2015 оны 11 сарын 27-ны өдөр нэхэмжлэгч В.Сүүндэлгэр нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд “Эм Ар Эйч констракшн” ХХК-ийг гэрээний үүрэг гүйцэтгүүлэх шаардлагаар нэхэмжлэлээ гаргасан. Мөн барилга угсралтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий ААН, компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьдаг эрх бүхий төр захиргааны байгууллага “Барилгын хөгжлийн төв”ТӨУҮГ-т нэхэмжлэгч миний бие “Эм Ар Эйч констракшн” ХХК-ийн мэдээллийн сангаас нэрээ хасуулах хүсэлтийг өгсөн. Гурав. ...73 дугаартай магадлалын хянавал хэсэгт “... нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлалын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй" гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон, хариуцагчийн тайлбарыг үгүйсгэсэн баримтыг ирүүлээгүй байна” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч “Эм Ар Эйч Констракшн” ХХК-ийн санаачлагаар Зөвлөх үйлчилгээний гэрээг хуулийн хүрээнд байгуулж, гэрээний дагуу зөвлөх үйлчилгээний ажил үүргийг гүйцэтгэж байсан талаарх гэрээ, хувийн нотлох баримт болон бусад шаардлагатай тушаал, шийдвэрийн баримтуудыг Барилга хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨУҮГазар зэрэг төрийн байгууллагуудаас авч цуглуулж, нотлох баримтыг бүрдүүлж өгсөн боловч, шүүх зарим тушаал шийдвэрийг буруу ташаа ойлгож, хариуцагчийн тайлбараар дүгнэлт хийж, нотлох баримтанд үндэслээгүй, хуулийн тайлбарыг зөв хэрэглээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1-д “Үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг тодорхойлсон нь шударга ёсны зарчимд нийцээгүй, эсхүл үүргийн гүйцэтгэлийг тодорхойлохыг хэт удаашруулж байна гэж аль нэг тал нь үзвэл шүүхээр шийдвэрлүүлэхээр хандах эрхтэй” гэсэн заалтын дагуу гэрээний үүргийг хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн хүрээнд хянан шийдвэрлээгүйг анхаарч өгнө үү. Дөрөв. Хариуцагч “Эм Ар Эйч констракшн “ ХХК нь 2012 онд байгуулагдсан, захирал Р.Мөнхбат, менежер Х.Мөнхзул нар барилгын мэргэжлийн бус хүмүүс бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй байдлаас харахад Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-т “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч, түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.” гэсэн заалт, дээрх хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3.-т “Үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай" гэсэн тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй гэсэн заалтуудыг зөрчиж, шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарыг хүлээж аваагүй, хууль зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймээс хөлсөөр ажиллах гэрээ нь үр дүн шаарддагүйг анхан шат болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. Тав. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...тусгай зөвшөөрөл олгох журам хүчинтэй байсан бөгөөд 2.1.3-т заасан үйл ажиллагааг эрхлэхэд Зөвлөх үйлчилгээний зэрэгтэй бус мэргэшсэн инженер ажилтантай байхыг шаардсан” гэсэн нь хариуцагч “Эм Ар Эйч констракшн” ХХК нь барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл авахын тулд “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулсны үндсэн дээр өөрийн компанийн мэдээллийн санд миний нэрийг Зөвлөх инженерээр бүртгүүлж ажиллуулсан. Хэрэгт авагдсан нотлох баримтанд хариуцагч “Эм Ар Эйч констракшн” ХХК-ийн инженер техникийн ажилтны бүрэлдэхүүнд нэг ч мэргэшсэн инженер зэрэгтэй ажилтан байхгүй. Хариуцагч “Эм Ар Эйч констракшн” ХХК нь Зөвлөх үйлчилгээ авах шаардлагагүй болсон бол гэрээнээс татгалзах саналыг гаргасан бол нэхэмжлэгч миний хувьд дараагийн компанид Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, ажиллах нөхцөл боломж үүсэх байсан. Иймд 3 жилийн хугацаанд энэхүү гэрээнд заасан орлоготой адил буюу түүнээс илүү орлого олох боломж нөхцөл надад байсан. Нэхэмжлэгч би, Зөвлөх инженерийн хувьд зөвлөх үйлчилгээг тухайн гэрээ байгуулсан компаниудтай гэрээний дагуу үүргээ биелүүлж, тохиролцсон цалин хөлсөө авч ажилладаг юм. Зөвлөх инженер бол тухайн барилгын тусгай зөвшөөрөлтэй компанийн барилгын талбайн инженер, ерөнхий инженерээс эрхлэх ажил үүргийн хувьд өөр бөгөөд шаардлагатай үед хуулийн хүрээнд зөвлөгөө, зөвлөмжийг үзүүлдэг. Хариуцагч “Эм Ар Эйч констракшн” ХХК-д гэрээний хугацаанд зөвлөх үйлчилгээг ажлын байранд нь хангалттай үзүүлсэн тухайгаа нотлох баримтаар гаргаж өгсөн юм. Иймд нэхэмжлэгч миний бие зөвлөх инженерийн мэдлэг, ур чадвар болон оюун санаа, цаг зав гаргаж зөвлөх үйлчилгээг үзүүлж ажилласнаар төдийгүй гэрээнд тохирсон цалин хөлсөө авч чадахгүй ихээхэн хохирсон тул энэхүү гарсан хохирлыг хариуцагч “Эм Ар Эйч констракшн” ХХК-иас гаргуулах хүсэлтэй байна. Дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэн анхан болон давж заалдах шатны шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлалыг өөрчлөн, “Эм Ар Эйч Констракшн” ХХК-иас хөлсөөр ажиллах гэрээгээр авах 9.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, хууль хэрэглээний алдаа гаргаагүй байх тул нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

         Нэхэмжлэгч Б.Сүүндэлгэр нь хариуцагч “Эм Ар Эйч констракшн” ХХК-д холбогдуулан зөвлөх үйлчилгээ үзүүлсний хөлсөнд 9 800 000 төрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс гэрээний хугацаанд ямар нэгэн зөвлөлгөө аваагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

         Хэрэгт авагдсан баримт, зохигчдын хооронд хийгдсэн гэрээ, тэдгээрийн тайлбараас үзэхэд  талууд 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулсан, уг гэрээний дагуу “Эм Ар Эйч констракшн” ХХК нь Б.Сүүндэлгэрт 1 000 000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар  маргаагүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг үзүүлэх, хариуцагч нь хөлс төлөх үүргийг хүлээнэ.

        Нэхэмжлэгч буюу ажиллагч Б.Сүүндэлгэрийн хувьд хариуцагч буюу ажиллуулагч “Эм Ар Эйч констракшн” ХХК-д гэрээгээр тохирсон ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн тохиолдолд ажлын хөлс шаардах эрхтэй тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтад нийцсэн байна.

          Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “Гүйцэтгэгч нь гэрээнд заасны дагуу зөвлөх үйлчилгээний зохих хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмжийг үзүүлнэ”, 4.2-т “Гүйцэтгэлийн явцад гарсан техникийн шийдлийн дагуу захиалагчид хэрэгжүүлэх санал тавьж хамтран ажиллана” гэж тохиролцжээ.

Нэхэмжлэгч Б.Сүүндэлгэр нь хариуцагч “Эм Ар Эйч констракшн” ХХК-д тодорхой ажил үйлчилгээ үзүүлж байсан гэдгээ нотолсон тохиолдолд хариуцагч байгууллага нь гэрээний дагуу хөлс төлөх үүрэгтэй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд   гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй, Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Сүүндэлгэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй “ гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон, хариуцагчийн тайлбарыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан  үүргээ зөрчөөгүй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Сүүндэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алимаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/06100 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 73 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Сүүндэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алимаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгч Б.Сүүндэлгэрийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186.700 /нэг зуун наян зургаан мянга долоон зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                               ШҮҮГЧ                                                   Д.ЦОЛМОН