Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 315/ШШ2026/00027

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ...-р хороо, ... гудамжны ... тоотод оршин суух, утас *******, *******гийн *******ын

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Л.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Л.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сангийн аж ахуйн уурын зууханд 1982 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал галчаар, Сүхбаатар аймгийн Эрчим хүчний салбарын харьяа Түмэнцогтын салбар станцын уурын зууханд 1992 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1997 оныг дуустал машинистаар тус тус ажиллаж байсан.Иймд дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.  

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Л.*******т 1984 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сангийн аж ахуйн даргын 1983.08.21-ний өдрийн 85, 1984.04.16-ны өдрийн 37 дугаартай Л.*******т ээлжийн амралт олгох тухай, 1984.07.04-ний өдрийн 61 дугаартай Л.*******ыг ажлаас чөлөөлөх тухай, 1987.07.23-ны өдрийн 125 дугаартай Л.*******ыг ажилд томилох тухай тушаалуудын хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2025.11.11-ний өдрийн 74, 75 дугаартай цалингийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025.11.10-ны өдрийн лавлагаа, Л.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Л.******* нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сангийн аж ахуйн уурын зууханд 1982 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал галчаар, Сүхбаатар аймгийн Эрчим хүчний салбарын харьяа Түмэнцогтын салбар станцын уурын зууханд 1992 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1997 оныг дуустал машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. Нэхэмжлэгч Л.******* нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сангийн аж ахуйн уурын зууханд 1982 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал галчаар, Сүхбаатар аймгийн Эрчим хүчний салбарын харьяа Түмэнцогтын салбар станцын уурын зууханд 1992 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1997 оныг дуустал машинистаар тус тус ажиллаж байсан болох нь Л.*******т 1984 онд олгосон 1982-1996 онуудын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сангийн аж ахуйн даргын 1983.08.21-ний өдрийн 85 дугаартай уурын зуухны машинист Л.*******т ээлжийн амралт олгох тухай тушаал, 1984.04.16-ны өдрийн 37 дугаартай уурын зуухны галч Л.*******т ээлжийн амралт олгох тухай тушаал, 1984.07.04-ний өдрийн 61 дугаартай галч Л.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025.11.10-ны өдрийн Л.*******ын 1987-1992 оны цалингийн бичиглэл бүхий лавлагаа, Л.*******ын 1995-1997 онуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хх 6-13, 16х),  

5. Гэрч *******ийн шүүхэд мэдүүлсэн: Л.******* 1982-1984 оны хавар хүртэл Түмэнцогт сумын Уурын зууханд галчаар ажиллаж байсан. Би тухайн үед Түмэнцогтын сангийн аж ахуйд тракторчоор ажиллаж байсан. Тэгээд бид хоёр 1984 оны 6-р сард хамт ажлаа өгөөд хамт цэргийн албанд татагдсан. Бид хоёр 3 жилийн цэргийн алба хаагаад Л.******* 1987 оны 06-р сард, би 08-р сард халагдаж ирсэн. Намайг цэргийн албанаас ирэхэд Л.******* цэргээс ирээд Түмэнцогт сумын Уурын зуухандаа үргэлжлүүлэн ажиллаж байсан. Л.******* 1997 оныг хүртэл Түмэнцогт сумын Уурын зууханд галчаар ажилласан. Сүүлдээ галчийн ажилтай хамт слесарийн ажил хийж байсан. гэх мэдүүлэг (хх-24х) 

6. Гэрч *******ийн шүүхэд мэдүүлсэн: Л.******* 1982 онд 8 жилийн сургуулийг төгсөөд Түмэнцогт сумын Сангийн аж ахуйд галчаар ажилд орсон. Тэгээд 1984 оны хавар цэргийн албанд татагдаж, 1987 оны хавар цэргээс халагдаж ирээд уурын зуухандаа буцаад галчаар ажилд орж 1992 оныг дуустал галч, слесариар ажилласан. Л.******* 1992 оны сүүлээр аймгийн төвийн Эрчим хүчний систем рүү шилжиж ажилласан. Тэгээд дараа нь 1995 оны алдад Түмэнцогт сумын Эрчим хүч рүү шилжсэн. Тэр үеийг нь бол би сайн мэдэхгүй байна. Би Түмэнцогт сумын Сангийн аж ахуйд 1983-1994 оныг хүртэл тасралтгүй слесарь, засварчнаар ажиллаж байсан учраас Л.*******ын уурын зууханд ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-25х) 

7. Иймд Л.*******ын Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сангийн аж ахуйн уурын зууханд 1982 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал галчаар, Сүхбаатар аймгийн Эрчим хүчний салбарын харьяа Түмэнцогтын салбар станцын уурын зууханд 1992 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1997 оныг дуустал машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *******гийн *******ын Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сангийн аж ахуйн уурын зууханд 1982 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал галчаар, Сүхбаатар аймгийн Эрчим хүчний салбарын харьяа Түмэнцогтын салбар станцын уурын зууханд 1992 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1997 оныг дуустал машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА