| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0048/Э |
| Дугаар | 111 |
| Огноо | 2018-03-28 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 111
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагч О.Доржмаа,
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ж.Туяа,
Шүүгдэгч *******, *******нарын өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч *******, *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* *******, *******, ******* ******* нарт холбогдох эрүүгийн 201709000324 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, ******* *******/РД: ТИ66053082/, 1966 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхэд, зээгийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, *******тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
2. Монгол улсын иргэн, ******* ******* /РД:*******/, 1965 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхэд, зээгийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, *******тоотод оршин суух, урьд Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 120 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дархан сумын 2 дугаар баг Ширээ нуруу гэх газарт оршин суух иргэн *******ийн нэг тооны хээлтэй гүүг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч *******нь хулгайлсан малыг тээвэрлэх, нядлах ажиллагаанд оролцож, гарал үүслийн гэрчилгээг бусдаар бичүүлж махыг борлуулах байдлаар хамжигчийн үүрэг гүйцэтгэж уг гэмт хэрэгт хамтран оролцсон, шүүгдэгч ******* нь хулгайлсан малыг тээвэрлэх, нядлах, борлуулах байдлаар хамжигчийн үүрэг гүйцэтгэж уг гэмт хэрэгт хамтран оролцсон. Мөн шүүгдэгч ******* нь 2017 оны 02 дугаар сарын эхээр Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хавцал гэх газраас иргэн *******ийн 4 тооны ямааг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дархан сумын 2 дугаар баг Ширээ нуруу гэх газарт оршин суух *******ийн нэг тооны хээлтэй гүүг хулгайлан гэрийнхээ гадаа нядалсан, шүүгдэгч *******нь *******т “эгч нь бүх юмыг зохицуулна” гэж хэлэн түүний үйлдлийг дэмжиж гарал үүслийн гэрчилгээг бусдаар бичүүлэн, уг хулгайлсан адууны махыг Дархан сум руу тээвэрлэж, “Дархан гэрэл” ХХК-ний Гангууш хиамны үйлдвэрт зарж борлуулсан, шүүгдэгч ******* нь хулгайн адуу гэдгийг мэдсээр байж *******ын үйлдлийг дэмжин уг хулгайлсан адууны махыг өөрийн эзэмшлийн Истана маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,
Шүүгдэгч ******* нь 2017 оны 02 дугаар сарын эхээр Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хавцал гэх газраас иргэн *******ийн 4 тооны ямааг хулгайлсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ийн өгсөн: Сар өдрийг нь тодорхой сайн санахгүй байна. 2017 оны 4 дүгээр сарын 20-ны үеэр ******* над руу залгаад “адуу зараад өгөөч” би танд өгөх ёстойг нь өгнө. Мөн малын гарал үүслийн бичиг аваад өгөөч гэж гуйсан. Ингээд оройны 20 цагийн үед *******ын гэрт нь очоод хоол идчихээд амбаарт нь байсан махыг машиндаа ачаад гэр лүүгээ явсан. Махыг нь зах дээр борлуулахаар хямдхан зарагдах гээд байхаар нь “Гангууш” хиамны цехэд махыг нь зарсан. “Гангууш” цех нь таньдаг хүнээсээ мах худалдаж авдаг учраас би *******гээр заруулсан. 520.000 төгрөгөөр зараад, *******аас би 250.000 төгрөгийн авлагатай байснаа аваад үлдсэнийг нь *******т өгсөн. Малын мах тээвэрлэсэн автомашин нь манай машин боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шилжүүлж аваагүй байгаа. Учир нь 2.500.000 төгрөгөөр худалдаж авахаар болж үүнээс 1.500.000 төгрөгийг нь өгсөн. Үлдэгдэл мөнгөө өгч байж гэрчилгээгээ шилжүүлж авна. Одоо манай хашаанд кроп нь эвдэрчихсэн байж байгаа гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******ын өгсөн: *******айлаас мах аваад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би явсан. Мал нядлах ажилд оролцоогүй. Тухайн үед хулгайн мал байна даа гэж бодсон. Гарал үүслийн бичиг байхаар нь хулгайн мал биш юм байна гэж бодсон. Махыг маргааш нь эрт тушаана гэсэн болохоор шөнө нь тээвэрлэсэн. Намайг машиндаа мах ач гэж хүн дарамтлаагүй гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Шүүгдэгч *******ын өгсөн: ...2017 оны 3 билүү 4 сард шиг санагдаж байна. Би банкны зээлээ төлөх дөхчхөөд *******, ******* хоёроор өөрийн эзэмшлийн үхрийг заруулсан. Тэгтэл үхэр зарсан мөнгө банкны зээлэнд хүрээгүй учир би *******, ******* хоёроос яаж мөнгө зохицуулах уу? гэж асуусан. Тэгтэл *******надад “дүү ганц юм зохицуулчихгүй юу. Эгч нь асуудалгүй гарал үүслийг нь зохицуулаад өгнө” гэж хэлсэн. Тэгээд би нэг орой морьтой Дархан сумын 2 дугаар багт байрлах Хужаагийн бригад гэх газарт явж байгаад хүрэн зүсмийн гүү барьж аваад гэр лүүгээ авч ирээд *******, ******* хоёрт “нэг юм зохицуулаад аваад ирлээ” гэж хэлсэн. Тэгээд би нэг л бүтэхгүй юм шиг санагдаад хулгайлсан морио тавьж явуулъя гэж бодоод байж байтал *******“Хэрэггүй. Эгч нь бүх юмыг зохицуулна” гэсэн. *******, ******* 2 хар саарал өнгийн ******* улсын дугаартай Истана маркийн машинтайгаа 2017 оны 4 дүгээр сарын 19-ний орой 21 цаг болж байхад манайд ирсэн. Тэгээд *******, ******* бид гурав хулгайлсан морио нийлж нядлаад тэр хоёр бүх махыг нь машиндаа ачаад явсан. Тэгээд би мах зарсан мөнгөнөөс 100.000 төгрөг авсан. Адууны махыг шулаад цехэд өгсөн гэж хэлсэн. Аль цехэд өгснийг мэдэхгүй. Би бусдын нэг тооны адуу хулгайлсан нь үнэн. Мөн өмнө нь манайхаас урагшаа мал малладаг *******гэдэг хүний 4 тооны ямаа манай өвсний хашаанд ороод өвс идээд байсан. Би хэд хэдэн удаа хөөж гаргасан боловч явахгүй байсан. Иймд 4 тооны ямааг нь өвөлжөө рүүгээ оруулаад орой нь ганцаараа нядлаад махыг нь хүнсэндээ хэрэглэсэн. Арьсыг нь Дархан зах дээр 60.000 төгрөгөөр борлуулаад гэртээ шаардлагатай зүйлс худалдаж авсан. Хулгай хийсэн ямааныхаа толгой шийрийг гэрийнхээ баруун талын Орхон голд мөс цоолж байгаад хийсэн.*******ийн ямааг хулгайлсныг өөр хүн мэдээгүй. Эхнэртээ голын араас найзаасаа авсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 7, 18-20, 37-38/,
Хохирогч *******ийн өгсөн: Би Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Ширээ нуруу гэх газарт мал маллаж амьдардаг. Миний хувьд 10 тооны адуу, 9 тооны үхэртэй. 2017 оны 4 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө манай адуу дундаас хүрэн зүсмийн 8 настай хээлтэй гүү алга болихсон байсан. Тэгээд би хээлтэй гүүгээ нэг газарт очоод унагалсан байх гэж бодоод хайсан боловч олдоогүй. Манай алдагдсан гүү нь зөв талын хойд гуядаа дормон тамгатай, нурууны хавтас хэсэгтээ цагаан үстэй байсан. Би адуугаа 1.000.000 төгрөгөөр үнэлж байгаа ба хохиролдоо *******аас морь авсан тул одоо гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 8, 11-12, 33/,
Хохирогч *******ийн өгсөн: 2016 оны сүүлээр байх гэж бодож байна. Дархан сумын 2 дугаар баг Хавцал гэх газраас 11 тооны ямаагаа хулгайд алдсан. Тэгээд хавар мөс хайлах үеэр *******ын ойролцоо буюу тэднийхний өвөл мөс цоолж усаа авдаг газраас 11 тооны ямааны толгой, 2 адууны шир олдсон. 4 ямааны им нь танигдахаар байсныг би зургийг нь авсан. Үлдсэн ямааны толгой нь усанд элэгдээд им нь танигдахааргүй болсон байсан. Ямааны толгойнууд нь манайхаас алга болсон им буюу зүүн чихэндээ зүрх имтэй байсан. Мөн зүсээрээ яг таарч байгаа. 2 адууны шир нь хэнийх гэдгийг мэдэхгүй. Би *******ын хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа 4 ямааны хохирлыг хүлээн авсан. Одоо надад санал гомдол байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 21, 36/,
Гэрч *******ы өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр *******гэх эмэгтэй нөхөр *******ын нэр дээр адуу гаргасан байгаа гэж хэлээд гарал үүслийн бичиг авсан. Би тэр бичгийг нь хийж өгчхөөд цагдаагийн байцаагч *******ид гарал үүслийн бичгийг хуулбарлаж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 40/,
Гэрч Г.*******гийн өгсөн: *******эгч “Гангууш” хиамны цехэд мах зараад өгөөч гэж надаас гуйсан учраас би махыг нь зарж өгсөн. Тухайн үед мах зарж өгсний хөлс гээд мөнгө өгч байсан. Хэдэн төгрөг гэдгийг нь санахгүй байна. Өрөндөө авсан юм гэж байсан. Хулгайн мах гэж мэдээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 45/,
Малын эмч Н.Гэрэлцолмонгоос 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Истана маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******д олгосон 1 ширхэг адууны гулууз махны гарал үүслийн бичгийн хуулбар /хх-ийн 41/,
“Гангууш” хиамны цехэд*******эх хүнээс 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр адууны ястай мах 678.600 төгрөгөөр зарсан гэх бүртгэлийн дэвтэр /хх-ийн 43-44/, гэрэл зургууд /хх-23-24/ зэрэг нотлох баримтуудаар,
Хохирогч *******т 1.000.000 төгрөгийн, хохирогч *******ид 400.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Капитал зууч” ХХК-ний 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “8 настай хүрэн зүсмийн, хээлтэй, тарган гүү 1.000.000 төгрөгийн үнэтэй” гэх, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “1 тооны ямаа 100.000 төгрөгийн үнэтэй” гэх шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 47-48, 57-58/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан ба шүүгдэгч *******, *******, ******* нарын дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг бүрэлдэхүүнтэй байна.
Гэвч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь оногдуулах хорих ялын доод хэмжээ багасаж, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь бусдын малыг хулгайлсан үйлдэл 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт тооцогддог байсан ба үүнийг 2015 оны Эрүүгийн хуулиар өөрчлөн хулгайлах гэмт хэргээс ялгаж тусад нь мал хулгайлах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлээр зүйлчлэхээр заасан байгааг үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон гэж үзэх үндэслэл болохгүй байна.
Иймд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь өвчний учир эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 3 дугаар сарын 03-нд нас барсан болох нь нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн хэлтсийн нас барсны бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байх тул аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201709000324 дугаартай хэргээс *******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч *******ийн *******т “эгч нь бүх юмыг зохицуулна” гэж урьдчилан амлаж, түүний үйлдлийг дэмжиж гарал үүслийн гэрчилгээг бусдаар бичүүлэн, уг хулгайлсан адууны махыг Дархан сум руу тээвэрлэж, “Дархан гэрэл” ХХК-ний “Гангууш” хиамны үйлдвэрт зарж борлуулсан үйлдэл, шүүгдэгч *******ын хулгайн адуу гэдгийг мэдсээр байж *******ын үйлдлийг дэмжин уг хулгайлсан адууны махыг өөрийн эзэмшлийн Истана маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, 3.5 дугаар зүйлийн 1-д “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч *******, ******* нарыг мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******т 1.000.000 төгрөгийн, хохирогч *******ид 400.000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч ******* нь хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч *******ийн “...хохиролдоо *******аас морь авсан тул одоо гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, Цагдаагийн газарт хохирогч *******ээс гаргасан хохирлоо барагдуулсан, гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 33-34/, хохирогч *******ийн “...Би *******ын хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа 4 ямааны хохирлыг хүлээн авсан. Одоо надад санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг, шүүхэд гаргасан хүсэлт зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******, ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 120 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар, шүүгдэгч *******нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлөгдсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Истана маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Б.Мягмарсүрэн /РД:ТЗ72102521/ болох нь Дархан-Уул аймгийн Авто тээврийн төвийн тодорхойлолт /хх-ийн 97/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 103/-р тогтоогдож байгаа боловч уг тээврийн хэрэгсэл нь худалдах, худалдан авах гэрээгээр *******д шилжсэн болох нь шүүгдэгч нарын ... Истана маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 онд худалдаж авсан. Гэрчилгээгээ шилжүүлж аваагүй байгаа юм. Кроп нь эвдрээд одоо манай хашаанд байгаа... гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод хамаарч байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар *******, ******* нарын өмчлөлд байгаа Истана маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ” гэж заасан ба шүүх хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл нэхэмжлэлийг хангах арга хэмжээ авах нь шаардлагатай байна.
Иймд *******, ******* нарын өмчлөлд байгаа Истана маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн ******* *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч *******, ******* ******* нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******, ******* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар *******, ******* нарт оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын өмчлөлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар ******* улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол битүүмжилсүгэй.
8. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР