Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/37

 

 

 2025        06         25                                        2025/ДШМ/37

 

 

П.Шт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Л.Отгончимэг,

Шүүгдэгч П.Ш,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Будхүү, Б.Амаржаргал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.Б,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Э.Ууганбаяр,

Нарийн бичгийн дарга: Ц.Баасанжав нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/136 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн П.Шт холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ү онход овогт Пгийн Ш, 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймгийн Т суманд төрсөн, эрэгтэй, 00 настай, бүрэн дунд боловсролтой, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Т сумын 2 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .........../.

П.Ш нь Хөвсгөл аймгийн Т сумын төв Ц 5 дугаар багийн 0 дугааргудамжны 05 тоотод 2021 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Ш.Мтай согтууруулах ундааны зүйл хэрэглэж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, улмаар цээжний гялтан ясны урагдал, цээжний хөндий дэх шингэн цус, зүүн талын 2, 3, 7, 8 дугаар хавирга, өвчүүний хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, хэвлийн баруун зүүн хэсэг, доод уруулын салст, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч Ш.М нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/136 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ү онход Пгийн Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Пгийн Шыг 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Пгийн Шт оногдуулсан 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шын цагдан хоригдсон 4 (дөрөв) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 29,600,000 (хорин есөн сая зургаан зуун мянга) төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.Шаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгөтэй жижиг модон ширээ 1 (нэг) ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгаж,  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Ш давж заалдах гомдолдоо: “...Би цагдан хорих байранд хоригдох хугацаанд их зүйлийг ухаарч, маш их гэмшиж байна. Тиймээс гэм буруу дээр маргахгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан заалт, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд давхар хамруулж өгнө үү. Мөн би гэмт хэргээс учирсан хохирлоо төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно.” гэжээ.

 

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжтой байгаа тул шүүгдэгчид оногдуулсан ялыг багасгаж өгнө үү.”гэв.

Б.Амаржаргал нар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан зохицуулалтыг хэрэглэх, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх бүрэн боломжтой байгаа учраас гомдлыг хангаж өгөөч ээ гэсэн саналтай оролцож байна.” гэв.

 

 

Шүүгдэгч П.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч талаас уучлалт гуйж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би үнэхээр гомдолтой байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шүүгдэгч П.Ш нь Хөвсгөл аймгийн Т сумын төв Ц5 дугаар багийн 0 дугааргудамжны 05 тоотод 2021 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Ш.Мтай согтууруулах ундааны зүйл хэрэглэж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч Ш.М нас барсан гэмт хэрэг үйлдсэн талаарх дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, түүний үйлдлийн шинжид үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж,  шүүгдэгчид  хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь үндэслэлтэй.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан  шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх  үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн давж заалдах гомдлын тухайд:

Шүүгдэгч П.Ш 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйл /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул шүүгдэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, түүнд оногдуулсан хорих ялаас хоёр жилийг өршөөн хасах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл /Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх/-ийг хэрэглэж, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг нь шүүгдэгч тухайн үйлдэл, түүний үр дагавар, хууль зүйн дүгнэлт буюу хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно. Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байх ба энэ талаар хийсэн шүүхийн  дүгнэлтийг буруутган дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь заавал хэрэглэх заалт биш бөгөөд дээрх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч П.Шын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/136 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох нь:” хэсэгт “3. 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч П.Шт оногдуулсан 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаас 2 (хоёр) жилийг өршөөн хассугай.” гэсэн 3 дахь заалт нэмж, 3 дахь заалтын 6 (зургаа) гэснийг 4 (дөрөв) гэж, 3,4,5,6,7,8,9 дэх заалтын дугаарыг 4,5,6,7,8,9,10 болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ЭРДЭНЭБАТ

                                        ШҮҮГЧИД                                 Н.БАЯРХҮҮ

                                                                     Б.СОСОРБАРАМ