| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 2438000000367 |
| Дугаар | 2025/ДШМ/39 |
| Огноо | 2025-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/39
Д.Аод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Ц.Цэен-Ойдов,
Хохирогч: Д.Д /цахим/,
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр,
Нарийн бичгийн дарга: Ц.Баасанжав нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/134 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын гаргасан давж заалдах гомдлоор Д.Аод холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Мана овогт Дгийн А, 00 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Хдүүрэг 0-Рхороо 0-Ртоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ....../.
Д.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Б сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Дг үл ялих зүйлээр шалтаглан баруун бугалгад модоор цохиж цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 4 дүгээр сарын 24-ниы өдрийн 2025/ШЦТ/134 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Мана овогт Дгийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дгийн Аыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аод оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Аод оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Д нь эмчилгээ, замын зардал 6,600,000 (зургаан сая зургаан зуун мянга) төгрөг, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Аоос нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн 000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдоогүй, хохирогч Д.Дд 1,000,000 (нэг сая) төгрөг хохиролд өгсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр давж заалдах гомдолдоо: “...өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу давж заалдах гомдол гаргаж байна.
Учир нь, дээрх шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зэрэг шалтгааны улмаас миний үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх шийдвэр болсон байна. Үүнд:
1.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт: “...Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Дгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон...” гэж шийдвэрлэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигт нийцээгүй байна гэж үзэх үндэслэлтэй.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Өгийн 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 416 дугаартай дүгнэлтэд: “...Д.Дгийн биед баруун бугалгад цус хуралт болон зөөлөн эдийн няцрал гэмтэл... хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэж дурдсан байх боловч Орхон аймгийн Эрдэнэт хотын Эрдэнэт медикал эмнэлгийн MRI дээд мөчдийн зургийн дүгнэлтэд Д.Дгийн эрүүл мэндэд “Баруун талын булчинд жижиг хагарал болон зэргэлдээх өөхний эдийн цус алдалт бүхий булчинд гематома” бүхий эрүүл мэндийн хохирол учирсан болохыг дурдаж, зөрүүтэй дүгнэлт гаргасан байдаг. Энэхүү дүгнэлт нь англи хэлээр бичигдсэн байсан бөгөөд шинжилгээний байгууллага нь уг дүгнэлтийг биш “шинжилгээнд гарсан өөрчлөлт” гэх хэсгийг дүгнэлтдээ тусган “хөнгөн зэргийн хохирол” хэмээн дүгнэсэн нь өрөөсгөл.
...Тийм учраас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-д заасан “амь насанд аюултай” гэмтэл буюу “хүнд гэмтэл гэж үзэх боломжтой.
Энэхүү эргэлзээтэй нөхцөл байдлыг арилгуулахаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгчийн зүгээс дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангасан боловч, шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай прокурорын тогтоолд өмгөөлөгч миний тодруулах гээд байгаа гол асуудал болох “Д.Дгийн эрүүл мэндэд булчингийн гематома илэрсэн эсэх” , “Д.Дгийн эрүүл мэндэд үжил, үжлийн оврого, амьсгал зүрх судасны дутагдал бий болсон эсэх” зэрэг асуултуудыг шинжээч эмчээс асуугаагүйгээс Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Э, Б.Б, М.З нарын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаартай дүгнэлтийг “үнэн зөв, эргэлзээгүй” гэж үзэх боломжгүй болгосон.
Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамж биелэгдээгүй гэж үзэх боломжтой.
2. Мөн шийтгэх тогтоолд ‘‘...хохирогч Д.Д нь... сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгчээс нэхэмжилж байх ба энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, тодорхой тооцоо хийх боломжгүй...” гэж дүгнэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдлыг үүсгэсэн.
Учир нь Д.Д нь урьд тус гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилж, Шүүх шинжилгээний ерөнхий газраар шинжилгээ хийлгэх талаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангасан байдаг. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүх шинжилгээний байгууллагаас “...Д.Д нь... дуудсан цагт хүрэлцэн ирээгүй...” хэмээн албан бичиг ирүүлж, тэрхүү байдлыг шүүхээс “шинжилгээ хийлгэхээс татгалзсан” хэмээн үзсэн нь ойлгомжгүй.
...Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүйд тооцож, Д.Аод холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Хохирогч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад хохирол төлбөрөө төлөхгүй байгаа тул гомдолтой байна.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
1.Хөвсгөл аймгийн Прокурорын газраас “Д.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Б сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Дг үл ялих зүйлээр шалтаглан баруун бугалгад модоор цохиж цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
3.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь тухайн хэргийг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүний хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байх шинжийг агуулах бөгөөд шүүгдэгч Д.А нь дээрх хэргийг үйлдсэн болох нь нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
4.Хохирогчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын гаргасан “...хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-д заасан “амь насанд аюултай” гэмтэл буюу “хүнд гэмтэл гэж үзэх боломжтой... хохирогч Д.Дгийн хувьд сэтгэцэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас огт татгалзаагүй байтал түүний хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан...” гэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь: Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүх хэрэгт цугларсан Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 371, мөн 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 416 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29, 35-36 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Э, Б.Б, М.З нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаартай дүгнэлт /хх-ийн 146-148 тал/ зэрэг баримтуудыг үнэлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байх ба дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Нөгөөтэйгүүр шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Д.Аод холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн үйл баримтыг бодитой тогтоож шийдвэрлэжээ.
Тодруулбал: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/739 дугаартай захирамжаар хохирогч Д.Дгийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоолгох дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргуулах хүсэлтийг хүлээн авч хангасан байх бөгөөд прокурор уг захирамжийг үндэслэн “Дахин шинжилгээ хийлгэх тухай” тогтоол гаргаж “Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 371, 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 416 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй эсэх, хэрэв үндэслэлтэй гэж үзсэн бол ямар нөхцөл байдал тогтоогдсон болох, үндэслэлгүй гэж үзвэл шалтгаан нөхцөлийг тайлбарлах, хохирогч Д.Дгийн биед гэмтэл учирсан эсэх, хэрэв гэмтэл тогтоогдсон бол ямар хүчин зүйлийн, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсч болох, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарах эсэх, хохирогч Д.Дгийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлийн хөнгөн зэрэг өөрчлөгдөх эсэх”-ийг тодорхойлуулахаар шинжээч эмчид үүрэг болгож, шинжилгээний объектод Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн №371, 416 дугаартай дүгнэлт, MRI дээд мөчдийн зураг, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн дүгнэлт 2 ширхэг, эмчийн тодорхойлолт, тасаг хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх хуудас зэрэг бусад баримтыг шилжүүлсэн байна /хх-ийн 93-94, 160-171 тал/.
Прокурорын тогтоолыг үндэслэж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Э, Б.Б, М.З нарын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаартай бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан байх ба уг дүгнэлтээр “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 371 дугаартай дүгнэлт, хэргийн материалаар хийсэн шүүх шинжилгээний 416 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна.” гэжээ /хх-ийн 146-148 тал/.
Мөн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай “Шинжилгээ хийлгэх тухай” прокурорын тогтоолоор хохирогч Д.Дгийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох зорилгоор тусгай мэдлэг бүхий шинжээчээр шинжилгээ хийлгэх шаардлагатай” гэсэн үндэслэл зааж Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарыг шинжээчээр томилсон байна /хх-ийн 145 тал/.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 13/1943 дугаартай албан бичгээр “...Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.6 дахь хэсэгт “Шинжилгээ хийлгэх хохирогч нь шинжилгээнд биечлэн хамрагдана” гэж заасан... 2 дугаар сарын 21-ний өдөр 96002424 дугаарын утсаар холбогдож шинжлүүлэгч Д.Дг ирүүлж үзлэг, шинжилгээ хийлгэхийг хүсэхэд өнөөдрийг хүртэл үзүүлээгүй тул шинжилгээ хийж, дүгнэлт гаргах боломжгүй байна.” гэсэн хариуг прокурорт хүргүүлсэн байна /хх-ийн 119 тал/.
Түүнчлэн хохирогч Д.Дд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүх шинжилгээний ерөнхий газрын 206 тоотод өдрийн 12 цагт бэлэн байх талаар урьдчилан түүний 99505111 тоот дугаарт энэ оны 02 дугаар сарын 21-ний өдөр залгаж сануулсан. Мөн тус дугаарт давхар мессеж явуулсан талаар мөрдөгч тэмдэглэл үйлдсэн /хх-ийн 120-121 тал/ байх тул шүүхээс “...сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгчээс нэхэмжилж байх ба энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, тодорхой тооцоо хийх боломжгүй...” гэж дүгнэн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Аоос нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд хохирогчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 2025/ШЦТ/134 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Б.СОСОРБАРАМ
Л.ЭРДЭНЭБАТ