Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 115

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Хохирогч Д.Цэнгэл,

Шүүгдэгч Б.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Баяржаргалын Ариунболдод холбогдох эрүүгийн 1818001340104 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Харчин овогт Баяржаргалын Ариунболд /РД: УШ89122797/, 1989 оны 12 дугаар сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 17 дугаар хороолол 10 дугаар байр 78 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ариунболд нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 9 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 17 дугаар хороолол 10 дугаар байр 78 тоот гэртээ эхнэр Д.Цэнгэлтэй цагаан сараар манай талын хамаатнуудтай эхэлж золгоно хэмээн маргалдаж улмаар нүүрэн тус газар нь зурагтаар 1 удаа, гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ариунболд нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 9 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 17 дугаар хороолол 10 дугаар байр 78 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Цэнгэлийг зодож, эрүүл мэндэд нь зүүн зовхины шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Б.Ариунболдын өгсөн: Манай эмээгийн ээж 97 нас хүрч байгаа юм. Тэгээд би эмээ болон аав ээжтэйгээ шинийн нэгний өглөө очиж золгоно гэтэл Д.Цэнгэл танай аав, ээж хоёртой чинь золгохгүй гээд уурлаад хэрүүл болсон. Тэгээд уур хүрээд цохиод авсан. Бид хоёр 4 жил хамт амьдарч байгаа. Энэ хугацаанд 2 удаа эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Цэнгэлийн өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 16-ны өглөө манай нөхөр Б.Ариунболд өөрийн аав, ээж хоёртой маргалдсан. Би хоёр хүүхдээ аваад хадам аавтай золгохоор өрөөнд нь ороход золгоогүй. Тэгээд миний уур хүрээд хашхичсан. Б.Ариунболд бид хоёр золголтын асуудлаас болж маргалдсан. Б.Ариунболд гараараа миний нүү рүү 2 удаа цохисон. Бас зурагт аваад над руу шидсэн нь миний нуруунд оносон гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад

Гэрч Ж.Баяраагийн өгсөн: Манай нөхөр, хүү Б.Ариунболд хоёр битүүний өдрөөс л Улаанбаатар явж эмээ дээрээ очиж золгоно гэж ярьж байсан. Харин бэр Д.Цэнгэл эхлээд аав, ээж дээрээ очиж золгоно гэж маргалдаад байсан. 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр бас л энэ асуудлаар маргасан. Би гараад машинаа халаагаад буцаж гэртээ ортол бэр Д.Цэнгэл уйлчихсан, хөмсөг орчмоос нь цус гарчихсан Б.Ариунболд руу “ал чи” гээд дайраад байсан. Гэрийн зурагт хагарчихсан, ширээ эвдэрчихсэн байсан. Тэгээд Д.Цэнгэл цагдаа дуудсан. Б.Ариунболд, Д.Цэнгэл нар нь гэр бүлийн баталгаатай, 3 жил хамт амьдарч байна. 1 нас 7 сараас 3 насны хоёр хүүхэдтэй гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

Гэрч Ч.Баяржаргалын өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр цагаан сараар мөрөө гаргачхаад хүүхдүүдтэйгээ золгох гэтэл надтай ирж золгохгүй байсан. Тэгэхээр нь би уур хүрээд өрөөндөө орсон. Бэр Д.Цэнгэл хүүхдүүдтэйгээ өрөөнд орж ирээд золгоё гэхээр нь би золгоогүй. Тэгээд өрөөнөөс гараад явахаар нь би унтчихсан. Унтаж байгаад бие засахаар ариун цэврийн өрөө орох гэхэд манайд цагдаа ирчихсэн байсан. Д.Цэнгэлийн хөмсөгнөөс цус гарчихсан байсан. Би Б.Ариунболдыг цохиж дээ гэж бодсон. Хүүхдүүд том өрөөнд байсан болохоор би юугаар цохисныг хараагүй. Зурагт хагарсан, ширээ эвдэрсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

Гэрч П.Өлзийхишигийн өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байхад Цагдаагийн газрын ерөнхий жижүүрээс Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 10 дугаар байрны 78 тоотод маргаан боллоо гэсэн дуудлагын дагуу тус хаягт очиход Д.Цэнгэл гэгч эмэгтэй манай нөхөр Б.Ариунболд намайг зодчихлоо гээд уйлан гэрийнхээ коридорт зогсож байсан. Тухайн үед Д.Цэнгэлийн зүүн талын хөмсөг орчмоос цус гоожиж байсан. Нөхөр Б.Ариунболд нь том өрөөний буйдан дээр сууж байсан. Тухайн үед Б.Ариунболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан учир Цагдаагийн газрын ерөнхий жижүүрт хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 279 дугаартай “Д.Цэнгэлийн биед зүүн зовхины шарх, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15/,

Дархан-уул аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, дэслэгч С.Цолмондоржийн 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11:55 цагт хийсэн “Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээгээр 4 оноо буюу бага төвшинд тогтоогдсон, цаашид хүчирхийлэл үйлдэгчийг сургалтад хамруулах, хохирогчид сэтгэл санааны эмчилгээ үйлчилгээ үзүүлэх шаардлагатай” гэх үнэлгээ /хх-ийн 23-24/,

Дархан-уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нийгмийн ажилтан Н.Баярцэцэгийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хийсэн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын “Б.Ариунболд, Д.Цэнгэл нарын хоорондын зөрчилдөөн их, хоорондоо сайн ярилцаж зөвшилцөх хэрэгтэй, бие биеийнхээ үгийг хүлээцтэй сонсож нэг нэгнээ харилцан хүндэтгэх хэрэгтэй” гэх үнэлгээ /хх-ийн 27-33/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Ариунболд, хохирогч Д.Цэнгэл нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 936 дугаартай албан бичиг, Б.Ариунболд, Д.Цэнгэл нарын 4501000043 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгч, хохирогч болон гэрч Ж.Баяраа, Ч.Баяржаргал нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Ариунболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ариунболдын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Цэнгэлийн биед зүүн зовхины шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан боловч хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.  

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Ариунболд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.Ариунболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчин овогт Баяржаргалын Ариунболдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Ариунболд нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Цэнгэл нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Ариунболдод 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ариунболдод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР