| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2017/0120/Э |
| Дугаар | 126 |
| Огноо | 2018-04-17 |
| Зүйл хэсэг | 097.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 126
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,
Улсын яллагч Г.Яндаг,
Хохирогч *******,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Баттогтох, Ц.Алтанзаяа,
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч З.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 201609000676 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* /РД: *******/, 1988 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *******ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг 22 дугаар хороолол ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Өргөө баг Дархан Дээд сургуулийн спорт зааланд сагсан бөмбөг тоглож байгаад иргэн *******ы зүүн нүдэнд тохойгоороо цохиж хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Өргөө багт байрлах Дархан Дээд сургуулийн спорт зааланд 24 дүгээр дунд сургуулийн сурагчдын эцэг, эхчүүдийн дунд зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн тэмцээний үеэр сагсан бөмбөг тоглож байгаад цагираг руу бөмбөг шидээд буухдаа түүнийг хамгаалан тоглож байсан хохирогч *******ы зүүн нүдийг тохойгоороо цохисон болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******гийн өгсөн: Манай охин *******гийн ангийн багш сурагчдын эцэг эхчүүдийн дунд сагсан бөмбөгийн тэмцээнтэй гэж дуудсан. Тэгээд сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон. Сагсан бөмбөгийн тэмцээн дуусах дөхөж шигшээ тоглолт явагдах үед 4а ангийн эцэг эхчүүдтэй тоглосон. Тоглолтын явцад гурван онооны зайнаас шидэлт гүйцэтгэхэд ******* намайг хамгаалж байгаад бөмбөг шидэх үед миний тохойг мөргөж гэмтсэн. Бөмбөг шидэхийн өмнө намайг 2 хүн хамгаалж байгаа харагдсан. Би цагираг руу бөмбөгөө оруулах буюу хожих л зорилготой байсан. Тухайн үед тоглолтыг шүүж байсан ******* шүүгч алдаа гаргаагүй гээд тоглолтыг үргэлжлүүлэх дохио өгч байсан. Тэгээд эсрэг баг руу тоглолт эргэхэд би хүн гэмтсэн байна гээд ******* шүүгчид хэлж тоглолтыг зогсоолгосон. Тухайн үед тоглолтын шүүгч бид хоёрын алинд нь ч алдаа өгөөгүй. Хохирогч ******* нь “7.000.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Түүнийхээ 3.500.000 төгрөгийг танаас, 3.500.000 төгрөгийг сургуулиас гаргуулбал гомдолгүй” гэж хэлсэн. Би өөрийгөө гэм буруутай гэдэг утгаар 3.500.000 төгрөг өгөөгүй. Харин адилхан тоглож байгаад гэмтэл авсан гэдэг үүднээс мөнгө өгсөн. Өөрөөр хэлбэл би гэмт хэрэг хийсэн гэдэг байдлаар мөнгө өгөөгүй гэх мэдүүлэг,
Хохирогч *******ы өгсөн: Сургуулийн хүүхдүүдийн эцэг эхчүүдийн тэмцээн болсон. Би эцэг эхчүүдийн хооронд зохион байгуулагдсан тэмцээний гар бөмбөгийн тэмцээний төрөлд оролцохоор мэдүүлэг өгсөн байсан, сагсан бөмбөгийн тэмцээн болоход багт хүнд дутсан учраас хүүхдийн маань ангийн багш тэмцээнд оролц гэж хэлсэн. Гар бөмбөгийн тэмцээн дуусаад сагсан бөмбөгийн тэмцээн болж сүүлчийн тоглолт явагдаж байхад би хамгаалалт хийгээд зогсож байсан. Намайг хамгаалалт хийгээд зогсож байхад ******* бөмбөг шидээд буухдаа миний нүд рүү цохисон. Би тухайн үед *******г хамгаалах гэж үсрээгүй. Харин цагирагтаа ойртуулахгүй гэж хамгаалах байдалтай зогсож байсан. Тэгээд би нүдэндээ гэмтэл авч газарт унасан. Тэр үед миний гар цус болсон байсан. Түүний дараа намайг сандал дээр сууж байхад ******* ирээд “юу болсон бэ” гэж асуухаар нь “чи намайг цохичихлоо” гэж хэлсэн. Тухайн үед нүднээс цус гоожоод зогсохгүй болохоор нь эмнэлэгт очсон. Хамт тоглож байсан эцэг эхчүүдийн нэг нь намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Эмнэлэгт үзүүлэхэд “Нүдний цөцгий гоожсон байна. Улаанбаатар хот руу явах хэрэгтэй.” гэж хэлсэн. Тэгээд анхны тусламж авчхаад Улаанбаатар руу явсан. Би одоо *******гаас эдийн засгийн дэмжлэг туслалцаа авмаар байна. Миний нүд хоног хоногоор улайгаад байгаа. Би өдөр бүр дусаалга хэрэглэдэг. Нүднийхээ улайж өвдөөд байгааг зүгээр болгочих гээд явж байгаа. Миний нүд хараа орохоосоо өнгөрсөн. Хамгийн гол нь нөгөө нүдэндээ нөлөөлж магадгүй байгаа. *******гаас мөнгөн тусламж авмаар байна. Би *******гийн үйлдэл болон сагсан бөмбөгийн багийн бүрэлдэхүүнд байгаагүй байтал тэмцээнд оруулсанд гомдолтой байна. Би *******гаас 3.500.000 төгрөг, 24 дүгээр сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд, багш нараас 1.764.000 авсан. Хэрэгт авагдсан баримтуудын дагуу хохирол нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын өгсөн: 2016 оны 11 дүгээр сард эцэг эхчүүдийн дунд спортын тэмцээн болсон. Уг тэмцээнийг бага ангийн сурагчдын эцэг, эхчүүд санаачилж, бага ангийн заах аргын нэгдлийн зүгээс зохион байгуулсан бөгөөд тухайн үед удирдамжаа батлуулж, эцэг эхийн төлөөллийг цуглуулж техникийн зөвлөгөөн хийж мэдүүлгийг нь авсан. Би тэмцээн эхлэх үед байсан хэдий ч хэрэг гарах үед байгаагүй. Тэмцээний бооцооны мөнгийг хохирогчийн зардалд өгөхөөр болсон. Тэмцээний үеэр ийм асуудал үүснэ гэж бодоогүй. Сургуулийн зүгээс байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй тул иргэний нэхэмжлэлийг хариуцахгүй гэж үзэж байгаа. Сургуулийн зүгээс мөнгөн тусламж үзүүлэх боломжгүй. Харин эцэг эхчүүд тэмцээн зохион байгуулсан учраас 3а, 4а ангийн эцэг эхчүүд болон багш нараас хандив цуглуулж 1.764.000 төгрөгийг хохирогч *******д өгсөн. Мөн *******ы хүүхдийн сургалтын төлбөр болох 1.2 сая төгрөгийн төлбөрийг чөлөөлөх санал байгаа гэдэг байдлаар өмнө нь ярьж байсан. Энэ санал одоо ч гэсэн хүчинтэй хэвээр байгаа гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Гэрч*******ийн өгсөн: Би 24 дүгээр дунд сургуулийн 3а ангийн багш бөгөөд манай сургууль жил бүр уламжлал болгон сурагчдын эцэг, эхчүүдийн дунд сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулдаг. 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үдээс хойш 14:30 цагийн орчимд сагсан бөмбөгийн тэмцээн болсон. Манай ангийн эцэг, эхчүүдийн баг бүсээсээ 1 дүгээр байранд ороод А бүсийн 2 дугаар байранд орсон 4а ангийн эцэг, эхчүүдийн багтай тоглосон. Тоглолтын үеэр манай ангийн багийн эцэг ******* бөмбөг аваад довтлоод эсрэг багийн цагираг руу бөмбөгөө шидсэн боловч бөмбөг нь ороогүй. Тэгээд эсрэг багийн тоглогч бөмбөг аваад манай баг руу довтолсон. Тэгэхэд эсрэг багийн тоглогч болох нэг ах нүүрээ дараад цаана талбай дээр сууж байсан. Удаагүй шүүгч тоглолтыг зогсоосон. Тэгээд талбай дээр тоглож байсан эцэг, эхчүүд нөгөө нүүрээ дараад сууж байсан ахыг сандал дээр суулгасан. Би тэр ахыг хажуу талаас нь харахад хамрыг нь дагаад цус урсаж байсан. Би хамраас нь цус гарч байна гэж бодсон. Тэгсэн тэр ах “миний нүд яачхав аа” гэж хэлсэн. Тэгээд тэр ахыг манай ангийн хүүхдийн эцэг машиндаа суулгаад эмнэлэг авч явсан. Би тоглолтын үеэр яг хэзээд нь цохисныг бол хараагүй. Ямар ч байсан ******* бөмбөг аваад довтолж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
Гэрч *******гийн өгсөн: ...2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын эцэг, эхчүүдийн дунд жил бүр зохион байгуулдаг сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн болсон. Тухайн тэмцээний үеэр хүний нүд гэмтэх үед манай ангийн эцэг, эхчүүдийн багийн тоглох ээлж болоогүй байсан учир би заалны зүүн хойд талд нэг сурагчийнхаа ээжтэй юм яриад сууж байсан. Тэгэхэд нэг тоглогч заалны урд хэсэгт нүүрээ гараараа дараад өвдөглөөд сууж байсан. Тухайн үед би хүний нүд гэмтэхээр зүйл болоогүй байх гэж бодож байсан. Тэмцээний өмнөх өдөр техникийн зөвлөгөөн хийгээд бага ангийн багш нар, эцэг, эхчүүдийн төлөөлөл, биеийн тамирын багш ******* нар оролцсон гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
Гэрч *******ын өгсөн: ...2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн дунд сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн болсон. Манай ангийн эцэг, эхчүүдийн баг 3а ангийн эцэг, эхчүүдийн багтай тоглож байхад би заалны баруун талд сууж байсан. Тэгэхэд манай баг руу эсрэг багийн тамирчин бөмбөг аваад довтолж байхад манай багийн тамирчид хамгаалж байсан. Тэгээд бөмбөгийг манай багийн тамирчин аваад залаад цааш явахад нэг тоглогч маань нүдээ дараад доошоо тонгойгоод газарт сөгдөөд сууж байсан. Тэгээд хохирогч *******г нөгөө ангийн нэг эцэг машиндаа суулгаад эмнэлэг рүү авч явсан. Тэр үед *******ы нүднээс цус гарч байсан. Эмнэлэг рүү явж байхдаа ******* “ямар баларсан юм бэ. Ёо ёо миний нүд” гээд байсан. Тэмцээний өмнөх өдөр техникийн зөвлөгөөн хийгээд бага ангийн багш нар, эцэг, эхчүүдийн төлөөлөл, биеийн тамирын багш ******* нар оролцсон гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
Гэрч*******ийн өгсөн: ...2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээний үеэр би сургуулийн захирал *******ын хамт 00 өрөө орчхоод эргээд зааланд ороход 4а, 3а ангийн сурагчдын эцэг, эхчүүд тоглож байхад 4а ангийн хүүхдийн аав нүдэндээ гэмтэл аваад нүднээс нь цус гараад эмнэлэг рүү авч явсан гэсэн. Би араас нь эмнэлэгт очиход ******* ахыг Улаанбаатар хот руу яаралтай явуулах шаардлагатай гэсэн. Тэгээд Улаанбаатар хот руу явахад нь шатахууны зардал болгож бооцооны мөнгөнөөс 100.000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
Гэрч *******ын өгсөн: Би талбай дээр шүүгчээр ажиллаж байсан. Нүдэндээ гэмтэл авсан хохирогч ******* өөрийн багийн бүсэд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Харин эсрэг багийн бөмбөг эзэмшиж байсан хүн нь 3а ангийн сурагчийн аав байсан ба довтлогчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед хамгаалагч өөрийн бүсэд гараа өргөөд довтлогчийн биед хүрээгүй хамгаалаад зогсож байсан. Довтлогч үсрээд бөмбөгөө шийд рүү шидээд буухдаа хамгаалагчийн зүүн нүдэнд тохойгоороо санамсаргүй цохисон. Тухайн үед хамгаалагч нь довтлогчийн биед хүрэх, довтлогч нь бөмбөг шидэх үедээ хамгаалагчийг санаатай тохойлдсон зэрэг дүрмийн алдаа гаргаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
Гэрч *******ын өгсөн: ...Тухайн үед манай нөхрийн баг хамгаалж, эсрэг баг нь довтолж байсан. Миний харснаар эсрэг багийн довтлогч нь бөмбөг залж очоод үсрээд цагираг руу бөмбөгөө шидсэн. Тэгэхэд довтлогчийн өмнө хамгаалж байсан тоглогч доошоо нүдээ дараад өвдөглөөд суусан. Шүүгч тоглолтыг зогсоогоод тамирчид нүдээ цохиулсан хүнийг талбайн голоос аваад сандал дээр суулгасан. Би тэр ахыг харахад гарын салаагаар нь цус урсаж байсан. Тэгээд манай хүүгийн ангийн багш нь тэр хүнийг аваад эмнэлэг явсан. Тэгээд эмнэлэгт очиход эмч тэр ахыг Улаанбаатар хот руу яв гэсэн. Сургуулийн нийгмийн ажилтан бооцооны мөнгөнөөс 100.000 төгрөгийг тэр ахад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
24 дүгээр дунд сургуулийн эцэг, эхийн нэрэмжит 2016-217 оны хичээлийн спортын 3 наадмын сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээний удирдамж /хх-ийн 65-71/ зэрэг нотлох баримтуудаар,
Хохирогч *******ы биед зүүн нүдний хараа алдалт, эвэрлэгийн урагдсан шарх, шиллэг бие болон судсан бүрхүүлийн урагдал /нүдний алимны агууламжийн гоожилт/, өмнөд камерын цусан хураа, нүдний алимны доргилт, салстын цус харвалт, дээд, доод зовхи, дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учирсан болох нь:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “*******ы биед зүүн нүдний хараа алдалт, эвэрлэгийн урагдсан шарх, шиллэг бие болон судсан бүрхүүлийн урагдал /нүдний алимны агууламжийн гоожилт/, өмнөд камерын цусан хураа, нүдний алимны доргилт, салстын цус харвалт, дээд, доод зовхи, дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Нэг нүдний хараа алдалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.34.1-д зааснаар, хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги 35 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24/, Улсын нэгдсэн төв эмнэлгийн Нүдний эмгэг судлалын тасагт хэвтэж эмчлүүлсэн тухай өвчний түүх /хх-ийн 26-29/ болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан бусдын бие махбодод хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дээрх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Өргөө багт байрлах Дархан Дээд сургуулийн спорт зааланд 24 дүгээр дунд сургуулийн сурагчдын эцэг, эхчүүдийн дунд зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн тэмцээний үеэр шүүгдэгч ******* нь сагсан бөмбөг тоглож байгаад хохирогч *******ы биед хүнд гэмтэл учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь гэм буруугүйгээр хохирогч *******ы эрүүл мэндэд гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 201609000676 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******г цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч *******ы эмчилгээний зардалд шүүгдэгч ******* 3.500.000 төгрөг, 24 дүгээр дунд сургуулийн багш, сурагчдын эцэг эхчүүдээс 1.764.000 төгрөг өгсөн болох нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хохирлын мөнгө хүлээлцсэн тухай баримт /хх-ийн 124, 135/, 24 дүгээр дунд сургуулийн 3а ангийн багш, эцэг, эхийн төлөөллийн шүүхэд гаргасан тодорхойлолт, /хх-ийн 141-142/, хохирогч *******аас 24 дүгээр дунд сургуульд гаргасан хүсэлт /хх-ийн 143/ болон шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Хохирогч нь эмчилгээний зардал болон бусад зардалд 6.659.250 төгрөг нэхэмжилж холбогдох нотлох баримтууд /хх-72-149/-ыг гаргаж өгсөн ба цаашид гарах эмчилгээний зардлаа мөн нэхэмжилжээ.
Шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгасан нь хохирогчийн хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 5, 36.3 дугаар зүйлийн 2.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 201609000676 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******г цагаатгасугай.
2. Хохирогч *******ы нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
3. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР