Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/41

 

 

 

 

 

 

 

 2025         06        25                                         2025/ДШМ/41

 

     Б.Э, Н.Ш, Г.Б,

      Д.А, Д.М, Б.Г,

   М.А, А.Б, Б.Ө, Б.Б

  нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Ц.Цэен-Ойдов, Яллагдагчийн өмгөөлөгч: Б.Борхүү,

Нарийн бичгийн дарга: Ц.Баасанжав нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/313 дугаартай захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Цэен-Ойдовын эсэргүүцлээр Б.Э, Н.Ш, Г.Б, Д.А, Д.М, Б.Г, М.А, А.Б, Б.Ө, Б.Б нарт холбогдох 2238003790488 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, Б овогт Бы Э, 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, Хөвсгөл аймаг Мөрөн сумын 0-р баг 00-р гудамж 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн  дугаар ................/.

2.Монгол Улсын иргэн, Б овогт Н-ийн Ш, 00 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Хөвсгөл аймаг Мөрөн сумын 0-р баг 0-р гудамж, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .../.

3.Монгол Улсын иргэн, Б овогт Г-ын Б, 00 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын архитектор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Хөвсгөл аймаг Мөрөн сумын 0-р баг 00-р байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/. 

4.Монгол Улсын иргэн, О овогт Д-ийн А, 00 оны 00 дүгээр сарын 00-ны өдөрХөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Хөвсгөл аймаг Мөрөн сумын 00-р баг 00-р гудамж 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.

5.Монгол Улсын иргэн, Бэсүд овогт Д-гийн М, 00 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүү, бэр, 2 ач хүүхдийн хамт амьдардаг, Хөвсгөл аймаг Мөрөн сумын 0-р баг 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэл эдэлж байгаагүй /регистрийн дугаар 000/.

6.Монгол Улсын иргэн, З овогт Б-гийн Г, 00 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Мэдээлэл харилцаа, холбооны хяналтын улсын байцаагч ажилтай, ам бүл 6, эхнэр, 3 хүүхэд, эцгийн хамт амьдардаг, Хөвсгөл аймаг Мөрөн сумын 0-р багийн 00тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000 /. 

7.Монгол Улсын иргэн, Н овогт М-ын А, 00 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Е” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Ч дүүрэг, 0-р хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 00 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгуулж байсан /регистрийн дугаар 000/.

8.Монгол Улсын иргэн, Б овогт А-ын Б, 00 оны 00 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлзий аймгийн Улаанхус суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, охины хамт амьдардаг, Улаанбаатар хот Х дүүрэг, 0-р хороо, ажилчны гудамж 00 байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар 0000/.

9.Монгол Улсын иргэн, Х овогт Б-ийн Ө, 00 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хөвсгөл суварга” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл ганцаараа амьдардаг, Улаанбаатар хот, Хан- Уул дүүрэг, 4-р хороо, Ханбогд хотхон 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн  дугаар 000/.

10.Монгол Улсын иргэн, Бал овогт Б-ийн Б, 00 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймгийн Их- Уул суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 0, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Хөвсгөл аймаг Мөрөн сумын 00-р баг 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.

Яллагдагч Б.Э нь Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга буюу Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/678, А/679 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс томилох тухай” захирамжийн дагуу Хөвсгөл аймгийн С сум, У сумын ерөнхий боловсролын сургуулийн 320 хүүхдийн суудалтай хичээлийн барилгын ажлыг байнгын ашиглалтад оруулах комиссын даргаар ажиллаж байх хугацаандаа, яллагдагч Н.Ш нь Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн буюу Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/678, А/679 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс томилох тухай” захирамжийн дагуу Хөвсгөл аймгийн С сум, Усумын ерөнхий боловсролын сургуулийн 320 хүүхдийн суудалтай хичээлийн барилгын ажлыг байнгын ашиглалтад оруулах комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа, яллагдагч Г.Б нь Хөвсгөл аймгийн ерөнхий архитектуроор, яллагдагч Д.А нь Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагчаар, яллагдагч Б.Г нь Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Харилцаа холбооны хяналтын улсын байцаагчаар, яллагдагч Д.М нь Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч буюу Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/678, А/679 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс томилох тухай” захирамжийн дагуу Хөвсгөл аймгийнСсум, Усумын ерөнхий боловсролын сургуулийн 320 хүүхдийн суудалтай хичээлийн барилгын ажлыг байнгын ашиглалтад оруулах комиссын гишүүдээр ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах”, 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах”, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх;", 37 дугаар зүйлийн 37.1.6-д “энэ хуулийн 48.1-д заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах;”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3-д “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргахаас өмнө захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч хамтран барилга байгууламжид үзлэг хийж, зөрчлийг арилгуулж, Барилгын тухай хуулийн 48.5.3, 48.5.4-т тус тус заасан дүгнэлтийг гаргасан байна.”, - дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1,2-д “барилгын ажлыг зураг төсөл, норм, нормативын баримт бичигт заасан техникийн үзүүлэлт, шаардлагын дагуу гүйцэтгэсэн эсэхийг Барилгын тухай хуулийн 40.1.11,40.1.12-т заасан баримт бичиг, лабораторийн шинжилгээний дүгнэлт болон захиалагчийн баталгаажуулалтад үндэслэн хянаж дүгнэх;”, - дүрмийн 4.1.7-д “Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан барилгын үйл ажиллагааны зарчим хангагдсан эсэхийг дүгнэх;”,- дүрмийн 4.4-д “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, комиссын гишүүд хариуцсан асуудал тус бүрээр санал гаргана. Комиссын нийт гишүүдийн саналыг үндэслэн комиссын дүгнэлтийг гаргах бөгөөд уг дүгнэлтийг комиссын нийт гишүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.”,- дүрмийн 4.6-д “Комисс энэ дүрмийн 4.4-т заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийг хуралдаанаараа эцэслэн гаргахаас өмнө тухайн барилга байгууламжтай танилцан үзлэг хийж, ашиглалтад оруулахтай холбоотой асуудлыг комиссын хуралдаанаар хэлэлцэх бөгөөд зөрчил дутагдал илэрсэн бол түүнийг арилгуулахаар захиалагч, гүйцэтгэгчид үүрэг даалгавар өгнө. (Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)”,- дүрмийн 4.7-д “Захиалагч, гүйцэтгэгч талууд илэрсэн зөрчил дутагдлыг 14 хоногт багтаан арилгаж, комиссын хуралдаанаас даалгасан үүрэг даалгаврын биелэлтийг хангаж, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлнэ.”,- дүрмийн 4.8.2-д “энэ дүрмийн 4.6-д заасан үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй гэж үзсэн тохиолдолд комисс дахин үүрэг даалгавар өгөх;”,- дүрмийн 4.8.3-д “барилгын ажлын зөвшөөрлийн нөхцөлүүдийг зөрчсөн, захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлтэд заасан шаардлагууд хангагдаагүй гэж үзэх үндэслэл байгаа, эсхүл холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөлийг хангаагүй, эсхүл холбогдох баримт бичгийн бүрдэл хангагдаагүй гэж үзсэн тохиолдолд барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзаж, захиалагчийн хүсэлтийг буцаах.”,- дүрмийн 4.9-д “Комисс энэ дүрмийн 4.8.1-д заасан дүгнэлтийг нийт гишүүдийн санал дүгнэлт болон энэ дүрмийн 4.6-д заасан үүрэг даалгаврын биелэлтийн баталгаажуулалтад үндэслэн гаргана.” гэж тогтоосон хэм хэмжээг тус тус зөрчиж “Е” ХХК-ийн барилгын ажил эхлүүлсэн Хөвсгөл аймгийн Усумын 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил 93 хувийн гүйцэтгэлтэй, “Х” ХХК-ийн барилгын ажил эхлүүлсэн Хөвсгөл аймгийнСсумын 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил 68 хувийн гүйцэтгэлтэй байхад тус тус “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай” 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн УКД-2020/95, УКД-2020/97 дугаартай дүгнэлтүүдэд гарын үсэг зурж баталгаажуулан дээрх 2 сургуулийн барилгын ажлын гүйцэтгэл дутуу байхад хүлээн авч, “Е” ХХК, “Х” ХХК-иудад хууль бус эдийн засгийн давуу байдал бий болгож, төрд 1,405,872,249 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч М.А нь “Е” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/679 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс томилох тухай” захирамжийн дагуу Хөвсгөл аймгийн Усумын ерөнхий боловсролын сургуулийн 320 хүүхдийн суудалтай хичээлийн барилгын ажлыг байнгын ашиглалтад оруулах комиссын гүйцэтгэгч байгууллагын төлөөллөөр ажиллаж байх хугацаандаа тус компанийн барилгын ажил эхлүүлсэн Хөвсгөл аймгийн Усумын 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил 93 хувийн гүйцэтгэлтэй байхад “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай” 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн УКД-2020/97 дугаартай дүгнэлтэд комиссийн гишүүдийг гарын үсэг зурахад хууль бусаар нөлөөлж, мөн комиссын гишүүд болох Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Б, “Х” ХХК-ийн инженер Х.Ц нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэн өөрийн “Е” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон, төрд 316,379,405 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч А.Б нь “Е” ХХК-ийн талбайн инженер буюу Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/679 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс томилох тухай” захирамжийн дагуу Хөвсгөл аймгийн Усумын ерөнхий боловсролын сургуулийн 320 хүүхдийн суудалтай хичээлийн барилгын ажлыг байнгын ашиглалтад оруулах комиссын гүйцэтгэгч байгууллагын төлөөллөөр ажиллаж байх хугацаандаа тус компанийн барилгын ажил эхлүүлсэн Хөвсгөл аймгийн Усумын 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил 93 хувийн гүйцэтгэлтэй байхад “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай” 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн УКД-2020/97 дугаартай дүгнэлтэд комиссийн гишүүдийг гарын үсэг зурахад хууль бусаар нөлөөлж, мөн комиссын гишүүд болох Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахпах байцаагч, хошууч Л.Б, “Х” ХХК-ийн инженер Х.Ц нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэн өөрийн “Е” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон, төрд 316,379,405 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Ө нь “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/678 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс томилох тухай” захирамжийн дагуу Хөвсгөл аймгийнСсумын ерөнхий боловсролын сургуулийн 320 хүүхдийн суудалтай хичээлийн барилгын ажлыг байнгын ашиглалтад оруулах комиссын гүйцэтгэгч байгууллагын төлөөллөөр ажиллаж байх хугацаандаа тус компанийн барилгын ажил эхлүүлсэн Хөвсгөл аймгийнСсумын 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил 68 хувийн гүйцэтгэлтэй байхад “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай” 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн УКД-2020/95 дугаартай дүгнэлтэд комиссийн гишүүдийг гарын үсэг зурахад хууль бусаар нөлөөлж, мөн комиссын гишүүд болох Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Б, “Х” ХХК-ийн инженер Х.Ц нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэн өөрийн “Х” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон, төрд 1,089,492,844 хохирол учруулсан,

Яллагдагч Б.Б нь “Х” ХХК-ийн талбайн инженер буюу Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/678 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс томилох тухай” захирамжийн дагуу Хөвсгөл аймгийнСсумын ерөнхий боловсролын сургуулийн 320 хүүхдийн суудалтай хичээлийн барилгын ажлыг байнгын ашиглалтад оруулах комиссын гүйцэтгэгч байгууллагын төлөөллөөр ажиллаж байх хугацаандаа тус компанийн барилгын ажил эхлүүлсэн Хөвсгөл аймгийнСсумын 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил 68 хувийн гүйцэтгэлтэй байхад “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай” 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн УКД-2020/95 дугаартай дүгнэлтэд комиссийн гишүүдийг гарын үсэг зурахад хууль бусаар нөлөөлж, мөн комиссын гишүүд болох Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Б, “Х” ХХК-ийн инженер Х.Ц нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэн “Х” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон, төрд 1,089,492,844 хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/313 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э, Н.Ш, Г.Б, Д.А, Д.М, Б.Г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А, А.Б, Б.Ө, Б.Б нарт холбогдох эрүүгийн 000 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Э, Н.Ш, Г.Б, Д.А, Д.М, Б.Г, М.А, А.Б, Б.Ө, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн УКД-2020/95 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /4 хуудас/, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн УКД-2020/97 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /4 хуудас/ хавтаст хэрэгт хавсаргасан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Цэен-Ойдов эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд: “Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн УКД-2020/95 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /9-р хавтас 134-137 тал/, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн УКД-2020/97 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /9-р хавтас 138-141 тал/-д авагджээ.

Дээрх барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүд барилгыг ашиглалтад авсан талаар гарын үсэг зурсан байх боловч дүгнэлт гаргасан гишүүд болох Ж.Ж, Ч.Л, Б.Э, Ц.О, Э.О, А.Н, М.Н, О.Б, Д.С, М.Б, Ш.Д, Б.А нарыг яллагдагчаар татахаас татгалзсан 17--р хавтас 236-250, 8-р хавтас 1-9 тал/ нь Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна” гэжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2020.12.22-ны өдрийн УКД-2020/95, УКД-2020/97 дугаартай дүгнэлтэд гарын үсэг зурсан гишүүд болох Ж.Ж, Ч.Л, Б.Э, Ц.О, Э.О, А.Н, М.Н, О.Б, Д.С, М.Б, Ш.Д, Б.А нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан үүрэгтээ хайнга хандах буюу албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүйн улмаас их хэмжээний хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон ба дээрх нэр бүхий гишүүд нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ренчинлхүмбэ сумдад очиж ажиллаагүй, зарим гишүүд нь комиссын дарга Б.Э, нэр бүхий 2 компанийн гүйцэтгэх удирдлагаас тухайн 2 ерөнхий боловсролын сургуулийг төсвөө авсан даруйд барилгын ажлыг хийж гүйцэтгэх яриа өгүүллэгт итгэн гарын үсэг зурсан нөхцөл байдал тогтоогдсон.

Хэрэгт авагдсан нотлох баримт, үйл баримтаар дээрх комиссын гишүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дүгээр зүйлийн 22.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй.

...Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд Б.Э, Б.Ш, Г.Б, Д.А, Б.Г, Д.М нар нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/678, А/679 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс томилох тухай” захирамжийн дагуу Хөвсгөл аймгийнСсум, Усумын ерөнхий боловсролын сургуулийн 320 хүүхдийн суудалтай хичээлийн барилгын ажлыг байнгын ашиглалтад оруулах албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж холбогдох хууль тогтоомжийг зөрчиж “Е” ХХК-ийн барилгын ажил эхлүүлсэн Хөвсгөл аймгийн Усумын 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил 93 хувийн гүйцэтгэлтэй, “Х” ХХК-ийн барилгын ажил эхлүүлсэн Хөвсгөл аймгийнСсумын 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил 68 хувийн гүйцэтгэлтэй байхад тус тус “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай” 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн УКД-2020/95, УКД-2020/97 дугаартай дүгнэлтэд гарын үсэг зурж баталгаажуулан дээрх 2 сургуулийн барилгыг хүлээн авч, “Е” ХХК, “Х” ХХК- иудад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт аймгийн засаг дарга Ш.ИБгийн гэмт хэргийн оролцоо тогтоогдохгүй байна.

... Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлд Шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулж, мөн зүйлийн 11.4 дэх хэсэгт заасан шаардлага нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8.2.2 дахь хэсэгт заасан заалтад хамаарах бөгөөд харин 8.2.1, 8.2.3, 8.2.4 дэх заалтуудад хамаарахгүй юм. Барилга хөгжлийн төв нь Барилга хот байгуулалтын яамны харьяа Төрийн өмчит үйлдвэрийн газар ба Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4-т заасан мэргэжлийн байгууллагад хамаарна.

Барилга хөгжлийн төвийн үндсэн чиг үүрэгт шинжилгээ хийлгэх дүгнэлт гаргуулахаар заасан тусгай чиг үүрэгтэй байгууллага юм,

Иймд Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийн 11.4.1-т заасан "мэргэжлээрээ 10, түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх" хуулийн шаардлага хамаарахгүй юм.

Иймд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/313 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 464 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Б.Э, Н.Ш нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, яллагдагч Г.Б, Д.А, Д.М, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, яллагдагч М.А А.Б, Б.Ө, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3,4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5-т заасан “Нотолбол зохих байдал, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэргийг бүрэн  нотлоогүй гэж дүгнэн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.

Шүүхийн эрүүгийн хэрэгт Ж.Ж, Ч.Л, Б.Э, Ц.О, Э.О, А.Н, М.Н, О.Б, Д.С, М.Б, Ш.Д, Б.А нарыг яллагдагчаар татахаас татгалзсан нь хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн,

Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.ИБгийн албан бичиг, захирамжууд хэрэгт авагдсан нь гэмт хэргийг хэн, хэзээ, хэрхэн яаж үйлдсэн гэдгийг эргэлзээгүй тогтоох шаардлагатай гэж тус тус үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоож өгсөн бөгөөд энэ зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж, мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.5, 2.6-д “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах” эсэх асуудал нь прокурорын эрхийн асуудал болохыг хуульчлан тогтоосон байна.

Прокурор өөрийн эрх хэмжээний хүрээнд нэр бүхий этгээдүүдийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэсэн. Уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад шүүх тэдгээрийг эрүүгийн хэрэгт татах шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх Д.Бийн хувьд Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийн 11.4.1-т заасан “мэргэжлээрээ 10 түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх” хуулийн шаардлага хангаагүй гэх үндэслэлийг зааж шинжээчийг дахин томилж, барилгын гүйцэтгэлийн хувь, үлдэгдэл ажлын төсвийн мөнгөн дүнг шинжээчийн дүгнэлтээр дахин гаргуулах нь зүйтэй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Барилга хөгжлийн төв нь Барилга хот байгуулалтын яамны  харъяа Төрийн өмчит үйлдвэрийн газар ба мэргэжлийн байгууллага тул шинжээчийг  хуулийн шаардлага хангаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай. Энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлын хэмжээ нь хэрэг шийдвэрлэгдэх үед өөрчлөгдсөн тохиолдолд дахин дүгнэлт гаргах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдэх үед гаргасан шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээг тогтоох бөгөөд барилга ашиглалтанд орсон, хохирлыг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээдээс хохирлыг хэрхэн тооцож гаргах эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Харин анхан шатны шүүхийн яллагдагч М.А А.Б, Б.Ө, Б.Б нарыг комиссын гишүүд болох Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Б, Х ХХКомпанийн инженер Х.Ц нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэн өөрийн компанид эдийн засгийн давуу байдал бий болгон төрд хохирол учруулсан гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг бүрэн тогтоогоогүй, хэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуурамч баримт бичиг, үйлдэх ашиглах гэмт хэргийг үйлдэж бусдын эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан гэдэг нь тодорхойгүй гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийг үйлдсэн оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн оролцоог бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй байх тул шүүгчийн захирамжийн энэ хэсэг үндэслэлтэй.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/313 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн     хэрэг     хянан    шийдвэрлэх     тухай     хуулийн     40.1    дүгээр зүйлийн    1, 2-т    зааснаар    шүүхийн     хууль     хэрэглээний    зөрүүг арилгах, Эрүүгийн    хэрэг      хянан     шийдвэрлэх    тухай      хуулийг      ноцтой      зөрчсөн    нь   шүүхийн   шийдвэрт    нөлөөлсөн,    хуулийг    Улсын    дээд    шүүхийн    тогтоол, тайлбараас   өөрөөр   хэрэглэсэн,   эрх  зүйн   шинэ    ойлголт,     эсхүл     хууль хэрэглээг  тогтооход  зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                         ШҮҮГЧИД                                  Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                       Н.БАЯРХҮҮ