Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01539

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01539

 

 

 

Х.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01143 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Б ХХК-ийн хариуцагч Г.Б , Д.Б нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 135 375.68 ам.доллар буюу 362 675 508 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, хариуцагч Д.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дашдулам, хариуцагч Г.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Б , хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Тэмүүжин нар Х.Б ХХК-тай 2013 оны 02 дугаар сарын 05-ний өдөр ЗГ/04 дугаар зээлийн гэрээ байгуулан, 200 900 ам.долларыг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авсан. Д.Б нь 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр БД/04 дугаар Батлан даалтын гэрээ-г байгуулан, зээлийн гэрээний үүргийг зээлдэгчийн өмнөөс төлөх үүрэг хүлээсэн. Мөн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн БГҮ/04 дугаар барьцааны гэрээгээр Г.Б гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамжны 33/4 дугаар байр, 7 тоот, 181.4 м.кв талбай бүхий, 5 өрөө орон сууц, авто зогсоолыг барьцаалуулсан. Зээлдэгч нь үндсэн зээлд 124 717.60 ам.доллар, зээлийн хүүд 69 824.18 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 1 302.73 ам доллар төлсөн бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусаж, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 76 182.51 ам.доллар, зээлийн хүүгийн үлдэгдэлд 52 483.23 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 6 710.05 ам.доллар төлөөгүй байгаа тул нийт 135 375.68 ам.доллар буюу Монголбанкны 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ам.долларын ханшаар 362 675 508 төгрөгийг болон үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж Г.Б , Д.Б нараас гаргуулж өгнө үү. Хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Тэмүүжин хариуцагчаар татан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суух хаяг нь тодорхойгүй гэсэн тул хариуцагчаар оролцуулахаас татгалзсан гэжээ.

 

Хариуцагч Г.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Х.Б ХХК-иас олгосон зээл нь зориулалтын дагуу зарцуулагдаагүй бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Тэмүүжин нь АНУ-д байгаа тул Х.Б ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэжээ.

 

Хариуцагч Д.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дашдулам шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, зээлдэгч Г.Б нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болох нь мөн барьцаан гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй байх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул уг зээлийн төлбөрийг Д.Б хариуцахгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 135 375.68 ам.доллар буюу 362 675 508 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б ХХК-д олгон, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Б үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн БГҮ/04 дүгээр барьцааны гэрээний зүйл болох Г.Б гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж, 33/4 дүгээр байрны 7 тоот, 181.4 м.кв талбайтай таван өрөө орон сууц, зоорийн давхрын 1 тоот, 19.3 м.кв талбайтай автозогсоолыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан Х.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Б д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 362 675 508 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 2 041 530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б гаас улсын тэмдэгтийн хураамжид 2 041 527 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Б ХХК-д олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан давж заалдах гомдолдоо: Хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Тэмүүжингийн хувьд тус зээлийн гэрээний 5.3-т зааснаар Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх, үүрэг хүлээхээр байна.

Банк зээл олгохдоо нэг иргэнд олгох зээлийн дээд хэмжээ хэд болох, яагаад хамтран үүрэг гүйцэтгэгч гэх этгээд тус гэрээгээр зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээх ёстой байдлаар гэрээнд заавал оруулахын ач холбогдол юу болох, хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд зээлийн гэрээгээр хэдэн төгрөгийн төлбөрийн үүрэг хүлээх, банк нь үүрэг хүлээгч этгээдээс ямар тохиолдолд татгалзаж болох, татгалзсан тохиолдолд түүний үүрэг, хариуцлага хэрхэх зэрэг нь тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээс өөрийн үйл ажиллагаандаа мөрдүүлэхээр гаргасан, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй, гадагш чиглэсэн, хэм хэмжээ тогтоосон журамдаа хэрхэн зохицуулсан болох нь маргаан бүхий зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх байдлыг тогтоох болон бусад нотолгооны ач холбогдолтой тул Х.Б ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны журмыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан ч шүүх хангаагүй юм.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй тул хуулийн дээрх зохицуулалтаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн хүлээх хариуцлагын хэмжээ тодорхой байхаар байна.

Х.Б ХХК-ийн зүгээс зээлийн гэрээгээ цуцалж зээлээ эргүүлэн дуудах тухай мэдэгдлийг 2 удаа өгсөн байдаг. Энэ талаар Г.Б маргаагүйгээс гадна хожим төлсөн төлбөрүүд нь гэрээ цуцлах хүртэлх хугацааны үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээнд гэрээ цуцлах нөхцөлийн талаар тодорхой дурдсан нь тухайн гэрээний 8.2.1, гэрээний 7.1.1-7.1.16-д заасан зөрчлийн аль нэгийг гаргасан бол мөн гэрээний 8.2.2, 8.3 дахь хэсэгт зааснаар гэрээ цуцлах зохицуулалтын талаар талууд тодорхой байдлаар тохиролцож уг тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д нийцнэ.

Тэгвэл банк нь зээлийн гэрээг цуцалж, зээлийг эргүүлэн дуудсан тухай мэдэгдэл гаргаснаараа түүнийг гэрээгээ цуцлах талаарх эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэстэй бөгөөд ийнхүү гэрээгээ цуцалсны үр дагавар болох төлбөрөө хэрхэн барагдуулах талаар ямар ажиллагаа явуулах эсэх нь түүний хүсэл зоригоос хамаарах зүйл тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 221.4 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцалсан гэж үзэх үндэслэлтэй байна. Харин Г.Б гийн хувьд нэгэнт гэрээний эрх үүргийн харилцаа дуусгавар болсон тул гэрээ цуцлах хүртэлх хугацааны үндсэн зээл, хүүг өнгөрсөн хугацаанд төлж барагдуулсан. Гэвч зээлдүүлэгч нь зээлээ зогсоолгүй зээлийн гэрээний хугацааг үргэлжлүүлж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Х.Б ХХК нь хариуцагч Г.Б , Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 135 375.68 ам.доллар буюу 362 675 508 төгрөг гаргуулаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Х.Б ХХК, Г.Б , Б.Тэмүүжин нар харилцан тохиролцоод 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/04 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 200 900 ам.долларыг жилийн 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар нь гэрээгээр баталсан хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүрэг тус тус хүлээсэн байна. /хх-17-18/

Хариуцагч Г.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг гэрээний хүчин төгөлдөр байдалд мөн Б.Тэмүүжингээс үүрэг шаардаагүйг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Хэрэгт Г.Б , түүний хүү Б.Тэмүүжин зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувиар оролцож, гэрээнд гарын үсэг зурах үед хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгоогүй иргэний эрх зүйн чадамжгүй байсан, гэрээний талуудын хэн алины хүсэл зориг нь дүр үзүүлэхээр гэрээ байгуулсан гэдгийг нотолсон баримт авагдаагүй байна. Түүнчлэн гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгч Г.Б гийн данс руу мөнгийг шилжүүлсэн үйл баримт зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбараар нотлогджээ. Иймээс талуудыг хуулийн хүрээнд өөрсдийн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн гэрээний агуулгыг тодорхойлж, байгуулсан гэж үзэх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Анхан шатны шүүх Х.Б ХХК, Г.Б , Б.Тэмүүжин нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Нэгэнт талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн учир хэн аль нь нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч Г.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд шилжүүлсэн авсан мөнгөө төлөхөө хүлээн зөвшөөрдөг, гэвч үүрэг үүсэх үеийн ханшаар тооцон төлбөр төлөгдсөн, үндсэн зээлийн төлбөрийг төлнө, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй гэж тайлбарласнаас гадна нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн зээл бүртгэлийн хуудас, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг үгүйсгээгүй нь хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ тохирсон хугацаандаа бүрэн биелүүлээгүй буруутайг нотолж байна. /хх-105/ Иймд нэхэмжлэгч тал хариуцагч Г.Б гаас зээлийн үүрэг шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцэх тул Б.Тэмүүжингээс үүрэг шаардаагүй, ... зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гомдол үндэслэлгүй.

Хариуцагч Г.Б нь гүйцэтгээгүй үндсэн зээлийн үлдэгдлийн хэмжээнд маргаагүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үнэлээд хариуцагч Г.Б гаас үндсэн зээлд 76 182.51 ам.доллар, хүүд 52 483.23 ам.доллар гаргуулсан нь зөв. Харин нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгээс тооцоогүй байхад шүүх нэхэмжилсэн дүнгээр хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулан тооцвол нэмэгдүүлсэн хүүд 2 232.13 ам.доллар /11 160.69 ам.доллар х 20%/ төлөхөөр байх тул энэ хэмжээгээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх Х.Б ХХК, Д.Б нарын хооронд үүссэн батлан даалтын гэрээний харилцааг хэрэгт авагдсан баримтыг хүрээнд зөв дүгнэж, хариуцагч Д.Б д холбогдуулан гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ. Мөн хариуцагч Г.Б г үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хүчин төгөлдөр барьцааны гэрээгээр тохиролцсон барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

Хариуцагч тал нэхэмжлэгчийг гэрээ цуцлах мэдэгдэл гаргаснаас хойш эрхээ хэрэгжүүлээгүй их хэмжээний мөнгө нэхэмжилсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж,төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн заалтаар зээлийн үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг зээлдэгчид ногдуулсан тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01143 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 135 375.68 гэснийг 130 897.87 гэж, 362 675 508 гэснийг 350 679 320 гэж, 4 дэх заалтын 2 041 527 гэснийг 1 911 347 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 041 527 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД