| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0105/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\134 |
| Огноо | 2018-04-25 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2018\ШЦТ\134
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Шүрэнчимэг,
Улсын яллагч Н.Дуламсүрэн,
Хохирогч *******, *******,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ******* овогт *******ийн *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******овогт *******н *******, ******* овогт*******ын ******* нарт холбогдох эрүүгийн 1818000970090 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн ******* /РД: *******/, 1993 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* оршин суух, урьд ял шийтгэлгүй,
2. Монгол Улсын иргэн, ******* овогт*******ын ******* /РД: ТЛ96062212/, 1996 оны 6 дугаар сарын 22-нд Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, хойд эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын*******орц 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
3. Монгол улсын иргэн,*******овогт *******н ******* /РД:*******/, 1994 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн 15 дугаар баг ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гялс” мини маркет хүнсний дэлгүүрийн ойролцоо иргэн *******т хүч хэрэглэн эд зүйл дээрэмдсэн,
Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гялс” мини маркет хүнсний дэлгүүрийн ойролцоо иргэн *******ыг хүч хэрэглэн зодож, биед нь духны шарх, тархи доргилт, нүүр, хуйх, баруун шилбэ, баруун сарвуу, зүүн бугуй орчмын зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан, зодох явцдаа халааснаас нь тамхи, нокиа маркийн гар утас, саравчтай малгай зэргийг авч 137.200 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******гийн биед тархи доргилт, баруун нүдний зовхи, хацрын цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Хохирогч *******ын өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 29-ний орой би ахынхаасаа охиноо авах гэж явж байхдаа 3 залуутай таарсан. Хажуугаар нь өнгөрч байхад хэн нэг нь тамхи асуухаар нь би байхгүй гэж хэлтэл гурвуулаа хойноос ирээд намайг зодсон. Надад үг хэлэх ямар ч боломж байгаагүй, зодолдож, хэрэлдэх сөхөө гаргаагүй жалганд аваачиж байгаад зодсон. Намайг зодож байхдаа халаасруу гараа хийж үзээд байсан. Куртикийн халаасанд тамхи, өмдний халаасанд гар утас байсан. Миний өмдний халаасыг урж гар утсыг маань авсан байсан. Мөн миний малгайг авсан байсан ба шүүгдэгч ******* өмссөн байсныг нь буцааж авсан. Би арай гэж зугтаад хүргэнийхээ гэрийн хаалгыг цохисон. Эмнэлэгт очиж духандаа 5 оёдол хийлгэсэн. Мөн миний толгой хэсэг газартаа хавдсан байсан. Эд мөрийн баримтаар хураагдсан гар утсаа буцааж авна. Харин өмд, куртикийг авахгүй. Шүүгдэгч нараас эмчилгээнд зарцуулсан эм, тарианы мөнгө, гар утас, малгай зэрэг эд зүйлийн нийт 502.200 төгрөг нэхэмжилж байгаагаас гар утасны 30.000 төгрөг, манай эхнэр *******д өгсөн 150.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 322.200 төгрөгийг одоо нэхэмжилж байна. Малгайгаа буцааж авсан боловч хүн өмссөн малгайг би дахин өмсөхгүй учраас малгайн 15.000 төгрөгөө нэхэмжлэлээсээ хасахгүй. Өөр гомдол санал байхгүй гэх мэдүүлэг,
Хохирогч *******гийн өгсөн: Тухайн хэрэг гардаг өдөр охиноо ахындаа үлдээсэн байсан. 22:00 цаг өнгөрч байхад нөхөр болох *******ыг охиноо аваад ир гээд явуулсан. 10-20 минут болсны дараа хаалга нүдэхээр онгойлгоход манай нөхрийн нүүр нь нил цус болсон байсан. Би эгчдээ хэлээд цагдаа дуудсан. Хүргэн ах шүүгдэгч *******г бариад гэрт дагуулж ирсэн. Тэгтэл ******* нь явах гээд байхаар нь би “чи хүний нүүрийг ийм болгочхоод явахгүй” гэтэл эргэж хараад намайг цохиод авсан. Би тухайн үед ажил хийгээд 200.000 төгрөгтэй байсан ба хүнээс нэмж мөнгө зээлээд өөртөө болон нөхөртөө эм тариа авсан. Эм тарианы мөнгө нийт 502.200 төгрөг болсон. Шүүгдэгч нар нь 150.000 төгрөг өгсөн. Гар утсаа эргүүлээд авчихвал 30.000 төгрөг хасаад үлдэгдэл мөнгийг нэхэмжилж байна. Эм тариа худалдаж авсан баримтуудаа гэртээ цонхны тавцан дээр тавьчихсан байсныг манай 1 ой 8 сартай охин ураад зажилчихсан учир баримт байхгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Гэрч*******гийн өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 29-ний орой 22 цаг өнгөрч байхад хүн гэрийн хаалга цохиод байсан. ******* хаалга онгойлгоход манай хүргэн ******* хүнд зодуулсан байдалтай цустайгаа холилдсон байсан. Тэгээд гараад харахад 3 залуу байсан ба зугтахаар нь би 2 залуугийнх нь араас, манай нөхөр нэгнийх нь араас хөөсөн. Миний хөөсөн 2 залуу зам гараад гүйчихсэн учраас би гүйцэж очиж чадаагүй. Харин манай нөхөр *******ын малгайг өмсчихсөн байсан залууг барьж аваад гэртээ авч ирээд цагдаа дуудсан. Бид *******ын цусыг цэвэрлээд, ******* баригдаж ирсэн залууг хараад байж байсан. Тэгсэн тэр залуу *******г цохисон байсан. Тэр залуу их агсам байсан ба “намайг ал, би үхмээр байна, манай эмээ нас барсан, би араас нь явмаар байна” гээд агсам тавиад байсан. *******ын толгой хагарсан. Эмнэлэгт очиж оёдол хийлгэсэн, цээж, гар, хөл нь энд тэндээ хөхөрч няцарсан байсан. *******гийн баруун нүд нь хөхөрч хавдсан. Тэдгээр залуус *******ын тамхи, гар утас, малгайг авсан. Куртикийг нь бас авах гээд байсан гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 32/,
Гэрч *******ийн өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн орчимд гэртээ хэвтэж байтал манай эхнэрийн дүү ******* “манай нөхрийг хүн зодсон байна” гэж хэлэхээр нь би гадаа гарахад ******* газарт уначихсан хажууд нь 3 залуу зогсож байсан. 2 залуу нь цаашаа зугтсан, нэг залуу нь *******ыг өшиглөсөн. Тэгэхээр нь би тэр залууг “чи яаж байгаа юм бэ” гээд цааш түлхэхэд тэр залуу зугтсан. Би араас нь хөөгөөд Толгойт явдаг машины зогсоолоос барьсан. Тэр залуу *******ын малгайг өмссөн байсан. Тэр залууг гэртээ авч ирээд цагдаад мэдэгдсэн. Цагдаа ирэхийг хүлээгээд хашааны гадна байж байгаад гэртээ ортол тэр залуу *******г цохиод хацар нь хавдсан байсан. *******ын нүүр нил цус болсон байсан. Толгой нь хэд хэдэн хэсэгт хагарсан, дух нь гэмтсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 36/,
Гэрч *******ын өгсөн: Тухайн орой би эгч*******гийнд байсан. Орой 22-23 цагийн орчимд хүн хаалга цохиод ******* эгч хаалга онгойлгосон. Тэгсэн ******* эгч “*******ыг хүмүүс зодсон байна” гэж орилохоор нь гараад харахад хүргэн ах ******* хүнд зодуулчихсан байсан. Зодсон хүмүүс нь зугтаасан. Тэгсэн ******* ах нэгийг нь барьсан байсан. Тэгтэл нөгөө залуу “манай эмээ нас барсан, та нар намайг зод” гээд орилоод байсан. Тэгтэл тэр залуу манай эгч *******г цохиод авсан гэх мэдүүлэг /хх-ийн 37/,
Шүүгдэгч *******ий өгсөн: *******, ******* бид 3 Дархан сумын 5 дугаарт багт байрлах “Арвиндалай” нэртэй караокед дуулж, 0.75 граммын 1 шил архи, 6 ширхэг шар айраг уусан. Тэгээд караокеноос гараад би Дарханыг сайн мэдэхгүй учир *******, ******* нараас төөрөөд явж байгаад “Соронз” авто угаалгын газрын ойролцоо тэр хоёртой таарсан. Тэгээд нэг танихгүй ах явж байхаар нь тамхи байна уу гэж асуутал танихгүй ах байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр ахын цээж рүү нь нэг цохисон. Тэр ах намайг зөрүүлээд нэг цохисон. Тэгтэл ******* намайг өмөөрөөд танихгүй ахыг цохисон. Тэгээд бид 3 нийлж байгаад тэр танихгүй ахыг жалга дотор зодоод, би малгайг нь, ******* гар утсыг нь авсан. Тэр ах мөлхөж яваад хашааны хаалга нүдээд орилохоор нь бид 3 зугтсан. Тэгсэн нэг ах ирээд намайг барьж аваад гэртээ дагуулж очсон. Гэрт нь очиход бид нарт зодуулсан ах ухаангүй хэвтэж байсан. Эхнэр нь гээд нэг эгч намайг “миний нөхрийг зоддог хэн бэ” гээд цохихоор нь би эхнэрийнх нь нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэгээд цагдаа ирээд намайг авч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 5, 34, 74-75/,
Шүүгдэгч *******ын өгсөн: Би *******, ******* нарын хамт Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Арвиндалай” нэртэй караокед дуулаад 64.000 төгрөгийн тооцоог хийгээд гарч явсан. Тэгсэн ******* алга болчихсон. Тэгээд ******* бид 2 хайгаад явж байгаад “Соронз” авто угаалгын газарт таарсан. ******* тэнд явж байсан танихгүй ахаас тамхи асуусан. Тэр хүн тамхи байхгүй гэхэд ******* тухайн танихгүй ахыг цохиод авсан. Тэгээд ноцолдож яваад жалганд ороод зодолдсон. Би салгах гэсэн боловч танихгүй ах над руу дайраад байхаар нь би баруун шанаа руу нь цохисон. Тэр ах жалганд унаад босож ирэхэд гар утас нь газар уначихлаар нь би утсыг нь авсан гэх мэдүүлэг /хх-ийн 7, 35, 84/,
Шүүгдэгч *******гын өгсөн: Би хадам ах *******, найз ******* нартай Дархан сумын 5 дугаар багт байрлах “Арвиндалай” гэх караокед дуулж 0.75 граммын 1 шил архи, 6 ширхэг шар айраг уусан. Тэгээд бид гараад явж байтал манай хадам ах ******* алга болчихсон. Арбатын гудамжинд байдаг “Соронз” нэртэй авто угаалгын газрын урд *******тэй таарсан. Нэг танихгүй ах явж байхаар нь ******* тэр ахаас тамхи асуусан. Тэр ах байхгүй гэсэн. Тэгээд ******* маргалдаад зодолдсон. Би салгах гэсэн боловч салахгүй байхаар нь тэр танихгүй ахыг нэг удаа цохисон. Гар утсыг нь ******* авсан. Би согтуу байсан учраас тамхийг нь яаж авснаа санахгүй байна. Өглөө босоход миний халаасанд тамхи байсан. Тэгээд тэр ах нэг айлын хаалгыг нүдээд хүн гарч ирэхээр нь ******* бид 2 зам хөндлөн гараад таксинд суугаад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 6, 33, 79-80/,
Шүүгдэгч *******аас хар өнгийн нокиа маркийн гар утсыг эд мөрийн баримтаар хураасан тэмдэглэл /хх-ийн 17-18/, хохирогч *******ын хар өнгийн куртик, шаргал өнгийн өмдийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 19-20/, хохирогч нарын гэмтсэн байдалтай авахуулсан гэрэл зургийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 22/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “*******ын духанд 1.0 см орчим язарсан шархтай, нүдний зовхи, хамар орчим хавдартай, 2 шанаа нидрэгдэж, өнгөц зулгарсан, бүсэлхийн хэсэгт зулгарсан, биед өөр шарх, хөхрөлтгүй” гэх тодорхойлолт /хх-ийн 42/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 219 дугаартай “*******ын биед духны шарх, тархи доргилт, нүүр, хуйх, баруун шилбэ, баруун сарвуу, зүүн бугуй орчмын зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. *******т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43/,
Хохирогч *******ын “Бусдад зодуулан гэмтсэн. Толгой өвдөнө, толгойн шархаар өвдөнө, нуруунд зулгарсан, духанд шархтай, оёдол хийгдсэн, нүүрэнд халцарсан шархтай” гэх тэмдэглэл бүхий амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02:15 цагийн яаралтай тусламжийн 20180537 дугаартай хуудасны хуулбар /хх-ийн 44-45/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 218 дугаартай “*******гийн биед тархи доргилт, баруун нүдний зовхи, хацрын цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53/,
Хохирогч *******гийн “Бусдад зодуулан гэмтсэн. Толгой өвдөнө, баруун хацар, нүд чинэрч лугшиж өвдөнө, баруун хацар нүдний зовхи хавдаж хөхөрсөн, хацарт зулгарсан шархтай” гэх тэмдэглэл бүхий амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 55/,
“Капитал зууч” ХХК-ний 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “*******ын эзэмшлийн нокиа маркийн гар утас 1 ширхэг, саравчтай малгай 1 ширхэг, куртик 1 ширхэг, өмд 1 ширхэг, улаан вест нэртэй тамхи 1 хайрцаг зэрэг эд зүйл нь 137.200 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-63/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч *******, *******, ******* нарын иргэн *******т хүч хэрэглэн куртик, өмдийг нь урж улмаар биед нь духны шарх, тархи доргилт, нүүр, хуйх, баруун шилбэ, баруун сарвуу, зүүн бугуй орчмын зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулан халааснаас нь тамхи, нокиа маркийн гар утас, саравчтай малгай зэргийг авч 137.200 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох” гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч *******гийн иргэн *******гийн биед тархи доргилт, баруун нүдний зовхи, хацрын цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******, *******, ******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******т 137.200 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, биед нь духны шарх, тархи доргилт, нүүр, хуйх, баруун шилбэ, баруун сарвуу, зүүн бугуй орчмын зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******гийн биед тархи доргилт, баруун нүдний зовхи, хацрын цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч нар нь хохиролд 150.000 төгрөг төлсөн болох нь хохирлын мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 123/, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогч *******, ******* нар нь эмчилгээ хийлгэсэн буюу толгойгоо бариулсны зардал 50.000 төгрөг, эм тариа худалдаж авсан зардал 268.000 төгрөг, тархины томогарфийн зураг авахуулсны зардал 30.000 төгрөг, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсны зардал 16.000 төгрөг, унаа, хоол, бусад зардал 70.000 төгрөг, нийт 434.000 төгрөг /хх-28/, хохирогч ******* нь эд хөрөнгөнд учирсан хохирол болох 137.200 төгрөг /хх-62-63/-ийг тус тус шүүгдэгч нараас нэхэмжилсэн байна. Өөрөөр хэлбэл хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан хохирол 217.000 төгрөг, эд хөрөнгөнд учирсан хохирол 137.200 төгрөг, хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан хохирол 217.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар нэхэмжилсэн ба зардлын баримтуудаа санамсаргүй байдлаар устгачихсан гэжээ.
Хохирогч *******ын эрүүл мэнд болон эд хөрөнгөнд учирсан хохирлыг шүүгдэгч *******, *******, ******* нар нь ижил тэнцүү хэмжээгээр, хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүгдэгч ******* нь тус тус хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол болох амбулаториор эмчлүүлэгчдийн картад бичигдсэн эм тарианы зардал, толгойгоо бариулсны зардал, тархины томогарфийн зураг авахуулсны зардал, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсны зардал зэргийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлтэй байна. Харин амбулаториор эмчлүүлэгчдийн картад бичигдээгүй антовегин гэх тарианы үнэ 170.000 төгрөг, унаа, хоол болон бусад зардал 70.000 төгрөгийг хохирогчид бодитойгоор учирсан хохирол гэж үзэх боломжгүй байна.
Мөн хохирогч *******ын эд хөрөнгөнд учирсан хохирол 137.200 төгрөгөөс хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утасны үнэ 30.000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч *******ын нэхэмжилсэн нийт 354.200 төгрөгийн нэхэмжлэлээс 120.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гар утасны үнэ 30.000 төгрөг, шүүгдэгч нарын хохиролд төлсөн 150.000 төгрөгийг хасаж тооцон 54.200 төгрөгийг шүүгдэгч *******, *******, ******* нараас гаргуулах үндэслэлтэй байна.
Харин хохирогч *******гийн нэхэмжилсэн 217.000 төгрөгийн нэхэмжлэлээс 120.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож 97.000 төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулах үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нараас тус бүр 18.067 төгрөг гаргуулж хохирогч *******т, шүүгдэгч *******гээс 115.067 төгрөг гаргуулж 97.000 төгрөгийг хохирогч *******д, 18.067 төгрөгийг хохирогч *******т олгож, иргэний нэхэмжлэлээс 240.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******, *******, ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Гэм буруугийн хуралдаанаар шүүгдэгч *******, ******* нараас тус бүр 18.067 төгрөг гаргуулж хохирогч *******т, шүүгдэгч *******гээс 115.067 төгрөг гаргуулж 97.000 төгрөгийг хохирогч *******д, 18.067 төгрөгийг хохирогч *******т олгохоор шийдвэрлэсэн боловч шүүгдэгч нар нь хохирол төлөх зорилгоор завсарлага авч, шүүгдэгч *******, ******* нар нь хохирогчид тус бүр 18.100 төгрөгийн хохирол, шүүгдэгч ******* нь 34.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан болох нь хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 175/-ээр нотлогдож байгаа ба шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь хохирогч *******т төлөх төлбөргүй, хохирогч *******д 81.000 төгрөг төлөх төлбөртэйг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч нар нь гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногийн хорих ялаар тооцож 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******, *******, ******* нарын цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нокиа маркийн гар утсыг хохирогч *******т буцаан олгож, шаргал өнгийн өмд, хар өнгийн куртикийг устгах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан дээрэмдэх гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овогт*******ын *******,*******овогт *******н ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******гээс 81.000 /наян нэгэн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД:*******, утас: *******/-д олгож, иргэний нэхэмжлэлээс 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар *******, ******* нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, *******д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарын цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нокиа маркийн гар утсыг хохирогч *******т буцаан олгож, шаргал өнгийн өмд, хар өнгийн куртикийг устгасугай.
8. Шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР