| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/01046/и |
| Дугаар | 318/ШШ2025/00887 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 318/ШШ2025/00887
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Т-ын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнхтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би цэргээс халагдаж ирээд 1987 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс аймгийн НААҮ-д ажиллаж байгаад 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинистаар ажиллаж байсан цалингийн тодорхойлолт олдохгүй байна. Аймгийн архивын газраас аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт ажилд орсон тушаал гараагүй боловч ажлаас чөлөөлөгдөх тушаал гарч ирсэн. Иймд миний 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаар зөвлөмжийн хуудас, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 44 дүгээр Сумдын эрчим хүчний салбарын орон тоо, цалин батлах тухай тушаал, 1991 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 126 дугаар Удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаал, хавсралт, Түлш эрчим хүчний яамны харьяа аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн В-55 дугаар Арга хэмжээ авах тухай тушаал, 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 123 дугаар Ажилд томилох тухай тушаал, хавсралт, 1994 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дүгээр Удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаал, хавсралт, 1995 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаар ЭХНҮ-ийн ажилчдыг ажлаас чөлөөх тухай тушаал, хавсралт, Баруун бүсийн эрчим хүчний системийн даргын 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр Ажилд томилох, цалин тогтоох эрх олгох тухай тушаал, хавсралт, Дэд бүтцийн хөгжлийн яамны харьяа Баруун бүсийн эрчим хүчний системийн даргын 1996 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 114 дүгээр Бие даасан аж ахуйн нэгж болгох тухай тушаал, хавсралт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Д.Т-ын ХААТР-1 маягтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Т-ын 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинистаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Д.Т-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаар зөвлөмжийн хуудсанд: Д.Т-ын 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт ажиллаж байсан үеийн ажлаас чөлөөлсөн тушаал аймгийн архиваас гараагүй тул ажилласан хугацааг тооцох боломжгүй байна. Иймд шүүхэд хандах шаардлагатай гэжээ.
3.2. Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 126 дугаар Удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаал, хавсралтаар машинист Д.Тад 8 хувийн нэмэгдэл олгосон, Түлш эрчим хүчний яамны харьяа аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн В-55 дугаар Арга хэмжээ авах тухай тушаалаар машинист Д.Т-д сануулах арга хэмжээ авсан, 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 123 дугаар Ажилд томилох тухай тушаал, хавсралтаар нам даралтын зуухны 1993-1994 оны өвлийн их ачааллыг давахад ажиллах зуухны машинистаар Д.Т-ыг томилсон, 1994 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дүгээр Удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаал, хавсралтаар Д.Т-д 8 хувийн нэмэгдэл олгосон, 1995 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаар ЭХНҮ-ийн ажилчдыг ажлаас чөлөөх тухай тушаал, хавсралтаар Д.Т-ыг 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон машинистын ажлаас чөлөөлсөн байна. Эдгээр тушаалууд нь нэхэмжлэгчийн 1990-1995 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт ач холбогдолтой байх тул тушаалуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж дүгнэв. Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 44 дүгээр Сумдын эрчим хүчний салбарын орон тоо, цалин батлах тухай тушаалаар тус үйлдвэрийн ажилчдыг 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хавсралт 1-ээр томилсон байх боловч нэхэмжлэгчээс тухай тушаалыг хавсралтыг ирүүлээгүй байх тул тушаалыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм. Мөн Баруун бүсийн эрчим хүчний системийн даргын 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр Ажилд томилох, цалин тогтоох эрх олгох тухай тушаал, хавсралт, Дэд бүтцийн хөгжлийн яамны харьяа Баруун бүсийн эрчим хүчний системийн даргын 1996 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 114 дүгээр Бие даасан аж ахуйн нэгж болгох тухай тушаалууд нь нэхэмжлэгчийн 1990-1995 онд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинистаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт хамааралгүй гэж үзлээ.
3.3. ХАААҮУГазрын боловсон хүчнээс 1989 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Д.Т-д олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ...1990 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулалтаар ЭХНҮ-т зуухны машинистаар шилжүүлэв, 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зуухны машинистаар авч ажиллуулав гэх бичилтүүд хийгджээ. Тухайн хөдөлмөрийн дэвтэр нь засваргүй, зөрчилгүй байх тул хөдөлмөрийн дэвтрийн шийдвэрийн үндэслэл болгов.
3.4. Д.Тын ХААТР-1 маягтад аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрээс өмнө нь ажиллаж байсан байгууллага, ямар ажил эрхэлж байсан талаар бичигдсэн байх тул тус баримтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
3.5. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод: Д.Т-ын 1995 оны 1-4 дүгээр сар, 10-12 сард ажиллаж, ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг түүвэрлэн ирүүлжээ.
4. Нэхэмжлэгч Д.Т 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинистаар ажиллаж байсан болох нь Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 44 дүгээр Сумдын эрчим хүчний салбарын орон тоо, цалин батлах тухай тушаал, 1991 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 126 дугаар Удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаал, хавсралт, Түлш эрчим хүчний яамны харьяа аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн В-55 дугаар Арга хэмжээ авах тухай тушаал, 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 123 дугаар Ажилд томилох тухай тушаал, хавсралт, 1994 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дүгээр Удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаал, хавсралт, 1995 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаар ЭХНҮ-ийн ажилчдыг ажлаас чөлөөх тухай тушаал, хавсралт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Т 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Т 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ