Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2018\ШЦТ\136

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,

Улсын яллагч Г.Яндаг,

Хохирогч *******,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 1818001580116 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******* /РД: *******/, 1978 оны 10 дугаар сарын 14-нд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн *******оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч******* нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн*******гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр *******гийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч******* нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн*******гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******г толгой руу нь гараараа цохих, баруун гуя руу нь модоор цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун гуя, хацрын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч*******гийн өгсөн: Миний бие мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Манай эхнэр ******* нь их ааш муутай. Тухайн өдөр би архи уугаагүй байсан. Би эхнэрийнхээ биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Урьд нь эхнэртэйгээ байнга маргалддаг ч гар хүрч зодож байгаагүй. Манай эхнэр ер нь харьцахад төвөгтэй ааш муутай хүн. Гэр бүлээ цуцлуулах саналтай байна. Эхнэр бид хоёр тусдаа амьдардаг. Би 300 гаруй тооны малаа маллаж ганцаараа, харин эхнэр 2 хүүхэдтэйгээ сургууль бараадаад Шарын гол сумын төв дээр амьдардаг гэх мэдүүлэг,

Хохирогч *******гийн өгсөн: Манай нөхөр*******гийн ааш авир нь гэнэт хувирч 2016 оны сүүлээс хойш намайг байнга дарамталж, бие сэтгэлийн хүчирхийлэлд оруулж элдэв бусаар хэлж, хөөж тууж сүүлдээ гар хүрдэг болсон. 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр миний толгой руу хүчтэй цохиж, баруун хөлийн гуя руу модоор цохиж хөнгөн гэмтэл учруулсан. Би удаан хугацаанд бие болоод сэтгэл санааны дарамт хүчирхийлэлд амьдарсан болохоор сэтгэл санаа тавгүйтэж, хямарч, тархи толгой өвдөж, ой санамж алдагдаж, ярих чадвар муудаж, оюун санаанд нөлөөлсөн. Бид хоёрын хооронд эхнэр, нөхөр, гэр бүлийн харьцаа, яриа гэх мэт зүйл байхгүй. Гэр бүлээ цуцлуулах бодолтой байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад

Шүүгдэгч*******гийн өгсөн: ...2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн орчимд би хонинд яваад гэртээ ирэхэд эхнэр  ******* учиргүй уурлаад, хэрүүл маргаан хийгээд байсан. Намайг хүүхэн шиг зантай гэж хэл амаар доромжилсон. Өмнө нь бас ингэж доромжлоход нь би тэвчсэн. Тэгээд тухайн өдөр тэвчилгүй хүүхэд тоглож байсан саваа модоор эхнэр *******гийн баруун гуя руу нэг удаа цохисон. Мөн баруун гараараа зүүн хацар луу нь нэг удаа алгадсан... гэх мэдүүлэг /хх-ийн 7, 17, 25-26/,

Насанд хүрээгүй гэрч *******ын өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр би хөдөө гэртээ байсан. Манай ээж ******* нь аав*******г “хүүхэн шиг шүү дээ” гэж доромжлоод байсан. Тэгээд би хэрүүл хийгээд байхаар нь гэрээс гараад бие засчхаад ирэхэд аав ээжийн шанаа руу гараараа цохисон харагдсан. Тэгээд ээж гар утсаараа хамаатны ах, эгч нар луугаа утастаж аавд зодуулсан гэж ярьсан гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

Хүний их эмч А.Бүркитханы 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Дагз орчим бага зэрэг хавантай, баруун гуяын дунд хэсэгт хөхөрсөн” гэх тэмдэглэл /хх-ийн 20/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 305 дугаартай “*******гийн биед тархи доргилт, баруун гуя, хацрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. *******д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21/,

Дархан-уул аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, ахмад Х.Мөнхбатын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 14:28 цагт хийсэн “Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээгээр 9 оноо буюу дунд түвшинд тогтоогдсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа*******гийн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шүүхээр арга хэмжээ тооцуулах шаардлагатай” гэх үнэлгээ /хх-ийн 13-14/,

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтан *******ийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хийсэн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын “Нөхөр*******гийн зан ааш нь өөрчлөгдөж хахир болж байгаа учраас ******* нь бага хүүгээ аваад ээжийнх рүүгээ явах бодолтой байгаа, *******гийн толгой нь өвдөж, дотор нь муухайрдаг болсон, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай, Гэр бүлийн харилцаа хөндий, гадуур явахаас төвөгшөөдөг” гэх үнэлгээ /хх-ийн 8-12/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч*******, хохирогч ******* нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь*******, ******* нарын 0023797 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 8 дугаар багийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт, шүүгдэгч, хохирогч болон насанд хүрээгүй гэрч ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч*******ий гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******гийн биед тархи доргилт, баруун гуя, хацрын цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан боловч хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.  

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар*******г 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ИХТАМИР