Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2025/ДШМ/43

 

 

 

 

 

 

 

 

2025         07        09                                        2025/ДШМ/.....

 

 

                                                Г.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Уртбаяр, Б.Амаржаргал,

Нарийн бичгийн дарга: Ц.Баасанжав нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/124 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлоор Г.Нд холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Я овогт Ггийн Н, 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдэлбэр газрын кадастр мэргэжилтэй, газрын даамал ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр багийн 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар РН000/.

Шүүгдэгч Г.Н нь газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа иргэн С.Сд эзэмшүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 35 дугаар гудамж, 20 тоотод /хуучин хаяг/ байрлах 600 м/кв газрыг Мөрөн сумын Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, 2006 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 00 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй байхад иргэн Н.Гийн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх, хээрийн судалгаа хийх, газрын даамлын албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын зорилтыг биелүүлэхгүйгээр иргэн Н.Гт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дүгээрбаг 00 дугааргудамжны 00 тоотхаягт /шинэ хаяг/ байрлах 607 м/кв газрыг Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/28 дугаар захирамжаар 0000000 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г давхардуулан олгож нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон,

Мөн иргэн Х.Бд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг /хуучин хаяг/ Ц гэх газар байрлах 16398 м/кв газрыг хадлангийн зориулалтаас эзэмшүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/58 дугаартай захирамж, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 000 дугаартай “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ” хүчинтэй байхад, иргэн Ц.Бийн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх, хээрийн судалгаа хийх, газрын даамлын албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын зорилтод заасан байр зүйн зургийн мэдээллийн сангийн өөрчлөлтийн мэдээлэл /шинээр байгуулагдсан, өөрчлөгдсөн/-ийг хөтлөх, газрын кадастрын мэдээллийн санг хөтлөх, эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэх ажлыг зохион байгуулах, газрын улсын бүртгэлд бүртгэх зэрэг үүргээ биелүүлэхгүйгээр, иргэн Х.Бгийн газар гэдгийг мэдсээр байж иргэн Ц.Бт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаарбаг /шинэ хаяг/ Ц гэх газар байрлах 19000 м/кв газрыг 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 206 тоот захирамжаар газар эзэмших эрх олгогдсон хэдий ч гэрчилгээ гараагүй мэтээр танилцуулж 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 0000000 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ” давхардуулан олгосон байх бөгөөд дахин өөрчлөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/136 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийг үндэслэж 2023 оны 05 дугаар сарын 31 -ны өдөр 0000000 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгож, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/124 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ямаат овогт Ггийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ...бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ггийн Нг нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрийн заагаар тогтоож, шүүгдэгч Г.Нг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Г.Нд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ялд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Х.Б нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Нгаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн 000 дугаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн “Хаан банк СД- 1 ширхэг 29/8317” бичиглэл бүхий 1 ширхэг сиди, “Хаан банк СД-1 ширхэг 29/8318” бичиглэл бүхий 1 ширхэгийг хавтаст хэрэгт хавсаргаж, иргэн Н.Гийн эзэмших эрхтэй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дүгээрбагийн 00 дугааргудамжны 00 тоотхаягт байрлах, нэгж талбарын 000 дугаартай газрын битүүмжпэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

... Хохирогч С.Сгийн 2003 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт газар эзэмших хүсэлтийг хүлээн авч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга 2003 оны 05 сарын 22-ны өдийн №52 дугаартай захирамжаар 600 мкв газрын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт эзэмшүүлэх эрх олгосон. ...2006 онд ажиллаж байсан газрын даамлын болон газрын албны чиг үүрэг зохих ёсоор хэрэгжээгүй буруутай эс үйлдэхүйг, газар эзэмших гэрээний нэг тал болох газар эзэмших эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхийг шаардах эрхээ 22 жилийн хугацаанд шаардаж хэрэгжүүлээгүй газар эзэмшигчийн эс үйлдэхүйг шүүгдэгч Г.Нд халдааж гэм буруутайд тооцож байгаа шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай болон хуульд нийцэхгүй байна.

Дээрх үйл баримт /1-р ХХ-н 150-157/-р хуудаст авагдсан баримтаар нотлогдож байгаад дүгнэлт хийсэнгүй.

...Мөн Х.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2018 оны 05 дүгээр сарын 02-ны өдрийн А/58 дугаартай захирамжаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг “Ц” гэх газарт 4.000 м.кв талбайг хадлангийн зориулалтаар эзэмших эрхтэй болж улмаар 2018 оны 08 сарын 02-ны өдөр дээрх захирамжийг үндэслэн 16.398 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд эзэмших эрхийн гэрээ байгуулж гэрчилгээ олгож, Газрын тухай хуулийн 34-р зүйлийн 34.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28-р зүйлийн 28.1-д заасны дагуу 2018 онд газрын даамлаар ажиллаж байсан /гэрч/ Ж.М улсын бүртгэлд бүртгэсэн байдаг /1-ХХ-н 68-77/.

Х.Бгийн газар эзэмших эрх нэгж талбарын 000 дугаараар улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэл анх 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бүртгэгдсэнээс хойш одоог хүртэл өөрчлөлт ороогүй болохыг, Бт олгож шийдвэрлэсэн газартай Бгийн эзэмшлийн газар давхцаагүй болохыг /1-р хх-н 150-157/ талд авагдсан мөрдөгчийн үзлэгийн тэмдэглэл хавсралт баримтуудаар нотлогдсоор байхад анхан шатны шүүх газар давхцуулан олгосон нь санаатай гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж дүнгээд байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

... иргэн Г нь газар эзэмшихийг хүсч хүсэлтээ Газрын тухай хуулийн 32-р зүйлийн 32.1- заасан журмын дагуу гаргасан, улмаар газрын даамал тухайн хуулийн 31, 32-т заасан шаардлагын дагуу шалгаж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад захирамжийн төслийг гаргаж өгсний дагуу засаг дарга Газрын тухай хуулийн 33.1.1-д заасны дагуу захирамжаар шийдвэрлэсний дагуу мөн хуулийн 34-р зүйлийн 34.1-д зааснаар газрын даамал иргэнтэй гэрээ байгуулж гэрчилгээг олгож улсын бүртгэлд бүртгэсэн нь хуульд нийцсэн үйлдэл.

Мөн иргэн Б нь газрын алба, газрын даамалд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-р баг Ц гэх газарт иргэн Бгийн эзэмшлийн газрыг газар тариалангийн зориулалтаар ашиглаж байгаад эзэмших эрхийг шилжүүлж авсан гэх байдлаар худал ташаа тайлбар хэлж хүсэлт гаргасан. ...Эдгээр үйл баримтаас үзэхэд шүүгдэгч тухайн үйлдэлдээ хандсан сэтгэл зүйн харьцаа, үр дагавраас үзвэл Ц.Бийн газар эзэмших эрхийг шилжүүлж авсан тухай баримт бичгийг шаардаж авах, хянаж нягтлах шалгах үүргийг зохих ёсоор биелүүлээгүй албаны үүрэгтээ хайнга хандсан гэмт хэргийн үндсэн шинжтэй үйлдэл болохыг анхан шатны шүүх анхаарч дүгнэлт хийсэнгүй.

2. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглсэн тухайд:

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-т “...Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн 22.1-р зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Шүүгдэгч Г.Нгийн хувьд энэ гэмт хэргийг үйлдэх санаа зорилго байгаагүй, иргэн Н.Г, Ц.Б нарт давуу байдал олгохоор амлалт өгөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Харин С.Сгийн газар эзэмших эрх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд 2003 оноос 2023 оныг хүртэл бүртгэгдээгүй, газрын нэгдсэн цахим системд бүртгэл байхгүйн улмаас, иргэн Х.Бгийн газар эзэмших эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд 2018 онд алдаатай кадастрын зураг хийлгэж бүртгэсэн бүртгэлийн улмаас үүссэн газар эзэмшихтэй холбоотой иргэд, төрийн байгууллагын хоорондын маргааныг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал саналдаа: “...Гаргасан гомдлоо дэмжиж байна, шүүгдэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр саналдаа: “...шүүгдэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Н тайлбартаа: “...Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2.Шүүгдэгч Г.Н нь газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа иргэн С.Сд эзэмшүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 35 дугаар гудамж, 20 тоотод /хуучин хаяг/ байрлах 600 м/кв газрыг Мөрөн сумын Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, 2006 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 00 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй байхад иргэн Н.Гийн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх, хээрийн судалгаа хийх, газрын даамлын албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын зорилтыг биелүүлэхгүйгээр иргэн Н.Гт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дүгээр баг 00 дугаар гудамжны 00 тоот хаягт /шинэ хаяг/ байрлах 607 м/кв газрыг Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/28 дугаар захирамжаар 0000000 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г давхардуулан олгож нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон,

Мөн иргэн Х.Бд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг /хуучин хаяг/ Ц гэх газар байрлах 16398 м/кв газрыг хадлангийн зориулалтаас эзэмшүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/58 дугаартай захирамж, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 000 дугаартай “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ” хүчинтэй байхад, иргэн Ц.Бийн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх, хээрийн судалгаа хийх, газрын даамлын албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын зорилтод заасан байр зүйн зургийн мэдээллийн сангийн өөрчлөлтийн мэдээлэл /шинээр байгуулагдсан, өөрчлөгдсөн/-ийг хөтлөх, газрын кадастрын мэдээллийн санг хөтлөх, эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэх ажлыг зохион байгуулах, газрын улсын бүртгэлд бүртгэх зэрэг үүргээ биелүүлэхгүйгээр, иргэн Х.Бгийн газар гэдгийг мэдсээр байж иргэн Ц.Бт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаарбаг /шинэ хаяг/ Ц гэх газар байрлах 19000 м/кв газрыг 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 206 тоот захирамжаар газар эзэмших эрх олгогдсон хэдий ч гэрчилгээ гараагүй мэтээр танилцуулж 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 0000000 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ” давхардуулан олгосон байх бөгөөд дахин өөрчлөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/136 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийг үндэслэж 2023 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 0000000 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгож, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3.Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ...бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаар захирамжаар иргэн С.Сд Мөрөн сумын 9 дүгээр багийн 35 дугаар гудамж, 20 тоотод /хуучин хаяг/ байрлах 600 м.кв газар,  2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/58 дугаар  захирамжаар иргэн Х.Бд Мөрөн сумын 10 дугаар баг /хуучин хаяг/ Ц”-д байрлах 4000 м.кв газар тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

5.Дээрх захирамжуудаар олгогдсон иргэн С.Сгийн эзэмшлийн гэх нэгж талбарын 2107033465 дугаараар хайлт хийхэд илэрц олдоогүй, иргэн Х.Бгийн эзэмшлийн гэх нэгж талбарын 000 дугаараар хайлт хийхэд 16398 м/кв газрыг эзэмших эрх хүчинтэй, газар зүйн байрлалын хувьд уулан дээр байгаа, ...иргэн Ц.Б, Х.Б нарын эзэмшиж буй газруудын давхцлыг шалгахад тухайн 2 иргэний газар давхцаагүй талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын кадастрын мэдээллийн санд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 151-157-р хуудас/-д тусгагдсан.

6.Шүүгдэгч Г.Н нь Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Мөрөн сумын газрын даамлаар түр хугацаагаар, мөн газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/40 дугаар тушаалаар  Рашаант сумын газрын даамлын албан тушаалд, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/41 дүгээр тушаалаар 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Мөрөн сумын газрын даамлын албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар тус тус томилогджээ /1хх-ийн 224-227-р хуудас/.

7.Иргэн С.С, Х.Б нарын эзэмших эрх бүхий газрын талаарх холбогдох баримт, мэдээллийг бүртгэлжүүлэх, мэдээллийн санд бүрэн  байршуулах нь тухайн үед ажиллаж байсан газрын даамлын эрх хэмжээний асуудал байх бөгөөд С.Сгийн газар эзэмших эрхийн талаар огт бүртгээгүй, Х.Бгийн эзэмшлийн газрын талаарх мэдээлэл анх мэдээллийн санд орсноос хойш ямар нэгэн өөрчлөлт ороогүй болох нь дээрх тэмдэглэлээр тогтоогдсон тул газар давхцуулан олгосон гэж шүүгдэгчийг буруутгах үндэслэлгүй.

8.Харин шүүгдэгч Г.Н нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ  зохих ёсоор биелүүлээгүй, иргэний хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцсан эсэх талаарх холбогдох судалгаа хийгээгүй ажилдаа хайнга хандсан байх боловч энэ нь Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Иймд  түүнийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэж буруутган дүгнэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

9.Учир нь, дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, тухайн үр дагаврыг хүсэж буюу зориуд бий болгох зорилгоор үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн” тохиолдолд уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

Мөн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгохоор мөн зүйлийн тайлбарт, “давуу байдал” гэж ...албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгохоор Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-т  заасан бөгөөд шүүгдэгч Г.Н дээрх байдлаар гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

10.Түүнчлэн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.1-д зааснаар “газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргах бөгөөд дээрх шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэхээр мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь бусдад газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш, харин Засаг даргын шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх үүрэг бүхий албан тушаалтан байх тул бусдын гаргасан шийдвэртэй холбогдуулан түүнийг буруутгах үндэслэлгүй.

11.Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргалын давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгчид холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

12.Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргалын давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/124 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ямаат овогт Ггийн Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ЭРДЭНЭБАТ

                                     ШҮҮГЧИД                                  Н.БАЯРХҮҮ

                                                                                     Б.СОСОРБАРАМ