Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/ма2020/01459

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01459

 

О- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн 102/ШШ2020/01394 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч О-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Ж-д холбогдох

Хохиролд 30 720 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Урансайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О- ХХК нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Тоуоtа Lаnd Cruiser 100 маркийн тээврийн хэрэгслийг 35 000 000 төгрөгөөр худалдан авч байсан. Гэвч компанийн тээврийн хэрэгсэл болох 59-09 УНГ дугаартай Тоуоtа Lаnd Cruiser 100 маркийн тээврийн хэрэгслийг тус компанийн ажилтан М.Ж- нь жолоодож явах үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөний улмаас осол гаргаж, тээврийн хэрэгсэлд 8 560 000 төгрөгийн хохирол учруулсан. Б.О-ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж эмчилгээний зардал 2 342 000 төгрөгийг компаниас төлсөн. О- ХХК-ний захирал Ө.Б- надаас 2018 оны 7 сарын 2-нд 2 500 000 төгрөгийг цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа авсан, хохирлын үнэлгээ хийлгэхэд 480 000 төгрөгийг төлсөн.

М. Ж-ас 13 882 000 төгрөгийг гаргуулж О- ХХК-д олгож өгнө үү. М.Ж- нь гэм буруутай үйлдлээрээ компанийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 14 767 000 төгрөгийн, зээлж авсан 2 500 000 төгрөг, зорчигч Б.О-ын эмчилгээ, эм тарианы зардалд зарцуулсан 2 523 590 төгрөг, үнэлгээний тайланд тусгагдсан 10 930 000 төгрөгийн хохирол учруулж нийт 30 720 590 төгрөг болж байна.

Үнэлгээний тайланд тусгагдсан 8 560 000 төгрөг, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.О-ын эмчилгээ эм тарианы зардалд зарцуулсан 2 342 000 төгрөг, М.Ж-ын хувиараа зээлсэн 2 500 000 төгрөг, нийт 13 882 000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа бөгөөд үлдэх хохирол болох Арвижих эстимэйт ХХК-ын 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 10283454 тоот үнэлгээний тайланд тусгагдсан 2 370 000 төгрөг, автомашинд засвар үйлчилгээ хийсэн болон шинээр авч тавьсан сэлбэг хэрэгслийн үнэ, автомашин чирүүлсэн хөлс, эмчилгээний хөлс зэрэгт төлсөн 14 468 590 төгрөг буюу нийт 16 838 590 төгрөгийг хариуцагч М.Ж-ас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компанийн ажлаар хөдөө явсан, тухайн үед Ө.Б- гомдолгүй гэж албан бичиг өгсөн нь хэрэгт байгаа. Надаас нэхэмжилж байгаа мөнгөнд компани үйл ажиллагаа явуулж гарсан зардлууд орсон байна. Энэ ослоос хойш Ланд 100 маркийн автомашин Ө.Б-д байгаа, би эзэмшээгүй, надад өш хонзон санаж, эвлэрлийн гэрээ байгуулахгүй гэсэн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Ж-ас 5 003 590 төгрөг гаргуулж О- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 25 716 410 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 680 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Ж-ас 95 007 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэсний дараа нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгожГЭМ шийдвэрлэв.

Нэхэмжлэгч О- ХХК нь хариуцагч М.Жгдэрнагвад холбогдуулан 30 720 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /1хх1, 22, 53/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 5 003 590 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч М.Жүдэрнагва эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Зохигч 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гаргасан 30 720 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа, татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/01394 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигч 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч О- ХХК нь хариуцагч М.Ж-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 007 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД