Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 830

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “3” дугаар танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 14б байрны 16 тоотод оршин суух Г.Б*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/353 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Б******* 2000 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны ахлах нягтлан бодогчоор ажилласан. 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Б.Б*******ийн шийдвэрээр “Албаны шалгалт” явуулах удирдамж гарч уг удирдамжийн дагуу “Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах” ажлын албаны шалгалтын дүнг 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан. Уг шалгалтын дүнг 2016 оны 1 дүгээр сарын сүүлээр Г.Б*******д танилцуулсан. Гэвч үүнээс хойш 2 сарын дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/353 дугаар тушаалаар Г.Б*******г “албан тушаалаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулж болохгүй” гэж заасныг зөрчиж Г.Б*******г үндэслэлгүйгээр ажлаас халсан байна. Уг зөрчил гаргасан гэх дүгнэлтийг Г.Б*******д танилцуулаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/353 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн албаны зөвлөлд хандсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2а/1812 тоот албан бичигт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/353 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хүсэлтийг хүлээж авах боломжгүй” талаар дурджээ. 

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/353 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С******* нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/587 дугаар тушаалаар Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/353 дугаар тушаалаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан. Сахилгын шийтгэл авагдсан шалтгаан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Б******* тус албаны Төрийн банкан дахь 10******* дугаар төлбөрийн данснаас 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр П.Б*******гийн Хаан банкин дахь 505******* дугаар дансанд 50 сая төгрөгийг шилжүүлж, 4 хоногийн дараа буцааж шилжүүлсэн, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Төрийн банкны 346******* дугаар дансанд 10 сая төгрөгийг шилжүүлж, 10 хоногийн дараа буцааж шилжүүлсэн, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 10 сая төгрөгийг Төрийн банкны дээрх дансанд шилжүүлж, мөн оны 9 дүгээр сарын 01-ний өдөр буцааж шилжүүлсэн байдаг. Мөн тус албаны данснаас 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн банкны 346501874106 дугаар дансанд 15 сая төгрөгийг шилжүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 2 сая, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2 сая, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2 сая, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 500 мянга, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2,5 сая төгрөгийг тус тус буцаан шилжүүлсэн бөгөөд үлдсэн 6 сая төгрөг хэзээ хийсэн, юунд зарцуулагдсан нь тодорхойгүй байсан тул сахилгын шийтгэл оногдуулжээ. Мөн дээрх асуудалтай холбогдуулан Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хэрэг үүсгэн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/353 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т “Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эргүйгээр халах”, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-т “хууль, тогтоомжид заасны дагуу... , сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах”, 8.4-т “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, тэдгээрт цэргийн цол олгох, ...”, 74 дүгээр зүйлийн 74.1-т “Шийдвэр гүйцэтгэх албаны дансанд мөнгө шилжиж ирсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчид мэдэгдэх, мөнгийг олгох ажиллагааг 14 хоногийн дотор гүйцэтгэх бөгөөд төлбөр авагчийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа /оршин байгаа/ хаяг тодорхойгүй буюу буруу хаягаар шилжиж ирсэн бол тодруулах ажиллагааг хийнэ”, 79 дүгээр зүйлийн 79.2-т “Шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд байгаа мөнгийг өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад баримт бичиг, мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд шаардан гаргуулах”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 2.3.3.8-д “ажлын байрны тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй” гэж заасныг тус тус үндэслэсэн бөгөөд хууль зүйн үндэслэлтэй байна.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр баталсан удирдамжийн  дагуу тус газрын Стратеги төлөвлөлт, мэдээлэл, дүн шинжилгээний төв, Хяналт шалгалтын хэлтэс, Шийдвэр гүйцэтгэх газрын мэргэжлийн удирдлагын тасгийн хамтарсан дотоод хяналт, шалгалтын баг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2014-2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд  иж бүрэн шалгалтыг хийжээ.

Уг шалгалтаар Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны ахлах нягтлан бодогч Г.Б******* олон удаагийн гүйлгээгээр их хэмжээний мөнгөн хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасныг зөрчиж хууль бусаар шилжүүлсэн болох нь тогтоогдсон байх бөгөөд шалгалтыг явуулсан ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр дүгнэлтээ танилцуулсан байна .

 Энэхүү дүгнэлтийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/353 дугаар тушаалаар “албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагын дансанд байгаа мөнгийг өөр зориулалтаар удаа дараа зарцуулсан нь тогтоогдсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Б*******г 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/353 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагын тухайд:

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д заасанчлан хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нь харьяа нэгжийн дарга, албан хаагчийг томилох, чөлөөлөх хуулиар олгогдсон эрх хэмжээтэй боловч төрийн албан хаагчийг төрийн албанаас халах, чөлөөлөх тохиолдолд Төрийн албаны тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан журмыг баримтлах учиртай. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын 2 дугаар зүйлийн 4-т заасан “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоох, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид  урьдчилан танилцуулах, зөрчил гаргасан албан хаагчийг  уг  баримт  материалтай танилцаж тайлбар хийх” боломжоор хангах талаарх тогтоосон журмын баримтлан ажилласан байх боловч хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нь маргаан бүхий Б/353 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 2.3.3.8 дахь заалтыг үндэслэн, нэхэмжлэгч Г.Б*******гийн 2014-2015 оны хооронд гаргасан зөрчлийг 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр шалган тогтоож, улмаар 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр сахилгын хариуцлага хүлээлгэсэн шийдвэр гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасантай нийцээгүй байна гэж шүүх үзлээ. 

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны Б/353 дугаар тушаалын үндэслэл болсон “албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагын дансанд байгаа мөнгийг өөр зориулалтаар удаа дараа зарцуулсан нь шалгалтаар тогтоогдсон” гэх үйл баримт нь 2014-2015 оны хооронд гарсан зөрчилд холбогдох бөгөөд уг зөрчлийг 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр шалган тогтоож, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр сахилгын хариуцлага хүлээлгэсэн  болох нь Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2014-2015 оны үйл ажиллагаанд явуулсан иж бүрэн шалгалтын танилцуулга болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдож байх бөгөөд “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 4.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.

Иймд, хэдийгээр нэхэмжлэгч Г.Б******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 79 дүгээр зүйлийн 79.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 2.3.3.8 дахь заалтуудыг зөрчсөн болох нь холбогдох баримтаар тогтоогдож байх боловч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариуцагч тухайн зөрчилд хариуцлага хүлээлгэвэл зохих хугацаа өнгөрсөний дараа сахилгын шийтгэлийг ногдуулсан болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн шийдвэрийг зөвтгөх үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. 

Г.Б*******гийн гаргасан зөрчлийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлсэн гэж хариуцагч тайлбарлаж байх бөгөөд тухайн зөрчлийг эрүүгийн журмаар шалган тогтоох, гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхэд энэхүү шүүхийн шийдвэр хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.  

2. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Г.Б******* нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд ажил, албан тушаал эрхлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, Г.Б*******г төрийн албанаас халсан тушаал хууль бус болох нь нэгэнт тогтоосон тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу түүний ажилгүй байсан 135 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 7.591.512 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.4-т тус тус заасныг үндэслэн Г.Б*******гийн нэхэмжлэлийг хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/353 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г.Б*******г урьд эрхэлж байсан Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Г.Б*******гийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 7.591.512 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА