Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2018\ШЦТ\144

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Шүрэнчимэг,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 1818002020139 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* овогт *******гийн ******* /РД: ТЯ78010914/, 1978 оны 01 дүгээр сарын 09-нд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Дархан-Уул аймаг, Шарын гол сумын ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Гал унтраах ******* ангийн гадна иргэн *******ын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ******* нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Гал унтраах ******* ангийн гадна иргэн *******ын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн доод нэг шүдний хугарал, нэг шүдний хөдөлгөөнтэй байдал, доод уруулын зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч*******ын өгсөн: Би мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Тухайн өдөр би нэг лааз шар айраг уучихсан байсан. Тэгээд хамт ажилладаг залуутай юм яриад зогсож байтал хохирогч ирээд “та хоёр зодолдоод байгаа юм уу?” гэсэн. Би үгүй гэж хэлтэл хохирогч даргатай чинь уулзана гэсэн. Тэгэхээр нь би “одоо ажлын цаг дууссан байна” гэтэл хохирогч уурлаад маргаан үүссэн. Би 20 хоногийн өмнө хохирогчид 800.000 төгрөгийн нөхөн төлбөр төлсөн гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Шүүгдэгч*******ын өгсөн: Би 2018 оны 3 дугаар сарын 12-ны шөнө 23 цагийн үед хамт ажилладаг ******* гэх залуутай Хайрхан багийн 29 дүгээр байрны хажууд таарсан. Бид хоёр миний ээлжийн амралтыг тэмдэглэж, дэлгүүрээс шар айраг худалдаж авсан. Бид хоёр шар айргаа уухаар ажлын газрын гадна ирсэн. Тэгээд ажлын өрөөнөөс аяга авахаар чанга чанга ярьж байтал ******* ирээд бид хоёрыг маргалдаад байгаа юм уу гэсэн. Тэгэхээр нь би үгүй гэж хэлээд ажил руу орох гэтэл ******* “даргатай чинь уулзана” гэсэн. Би “дарга байхгүй, гэртээ амарч байгаа, одоо амралтын цаг болж байна” гэж хэлтэл ******* “та нартай харьцахгүй, даргатай чинь уулзана” гээд ажил руу орох гээд байхаар нь би түлхсэн. Тэгтэл ******* “чи муу гөлөг их том болжээ” гээд над руу гар далайхаар нь би *******ын куртикний мөрнөөс нь заамдаад баруун хөлөөрөө хавирч унагасан. ******* унахдаа намайг татаад би бас унасан. Би унахдаа баруун гараараа газарт тулаад, зүүн гарын тохойгоороо *******ын аман тус газар нь дараад унасан. Тэгээд бид хоёр ноцолдоод байж байтал манай ажлын газрын үүдний харуул ******* ирээд бид хоёрыг салгасан. Би *******ын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 23-24/,

Хохирогч *******ын өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 23 цагийн орчимд би айлаас нүүрс асуучхаад Гал унтраах ангийн хажуугаар явж байтал хоёр хүн маргалдаад байх шиг байсан. Тэгээд тэр хоёр хүн рүү очтол ******* нэг залуутай маргалдаж байсан. Тэгээд би тэр хоёрыг салгасан чинь нөгөө залуу нь цааш явчихсан. Тэгтэл ******* “чамд ямар хамаатай юм бэ” гээд миний араас татаад хавсрахад би газарт унасан. Би унах үедээ*******ын энгэрээс зуурч татсан. ******* унахдаа миний аман тус газарт тохойлдоод унасан. Тэгээд Гал унтраах ангийн нэг ажилтан ирээд “болиоч ээ” гээд бид хоёрыг салгаад би боссон. Тэгтэл миний нэг ширхэг шүд унасан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 9, 10, 11/,

Гэрч *******ы өгсөн: Би 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр харуулын ээлжийн ажилтай байсан. Орой 23 цагийн орчим ажлын гадна авто машины зам дээр хоёр хүн ноцолдоод байсан. Тэгээд би очтол манай байгууллагад ажилладаг*******ын дээр ******* гараад дарчихсан байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад *******ыг гэртээ харь гэж хэлээд*******ыг ажил руу авч орсон. Тэр хоёр хоёулаа нэлээн халамцуу байсан. Удалгүй араас ******* манай ажил руу орж ирээд миний шүдийг унагачихлаа гээд нэг цагаан зүйл алга дээрээ тавьчихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

Нүүр амны их эмч *******ын “******* овогтой ******* 41 настай, эрэгтэй, 42 дугаар шүд нэгдүгээр зэргийн хөдөлгөөнтэй, тогшилтод өвчтэй, үзлэг хийж зөвлөгөө өгөв” гэх 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 17/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 359 дугаартай “*******ын биед зүүн доод нэг шүдний хугарал, нэг шүдний хөдөлгөөнтэй байдал, доод уруулын зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ын биед зүүн доод нэг шүдний хугарал, нэг шүдний хөдөлгөөнтэй байдал, доод уруулын зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирлын нөхөн төлбөрт 800.000 төгрөг төлсөн ба хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч *******ын бичсэн баталгаа /хх-ийн 68/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Иймд шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сумын Гал түймэр унтраах, аврах ******* ангид аврагч, жолоочоор ажилладаг болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ажил байдлын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт зэргээр нотлогдож байна.  

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан түүнд  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР