Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/798

 

  2025             06             26                                       2025/ДШМ/798

 

А.П, З.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Лхагваа,

шүүгдэгч А.Пгийн өмгөөлөгч Ж.Батзоригт,

шүүгдэгч З.Гийн өмгөөлөгч Ж.Ундармаа,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1227 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Гийн өмгөөлөгч Ж.Ундармаагийн гаргасан давж заалдах гомдлоор А.П, З.Г нарт холбогдох эрүүгийн 2502000300070 дугаар хэргийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. *********** овгийн А.П, **** оны * дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт, ам бүл *, Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо,  * дүгээр байрны *-** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:**00000000/,

2. ********* овгийн З.Г, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ************** мэргэжилтэй, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 4 дүгээр тасгийн эмч ажилтай, ам бүл *, эхнэр, зээ охин нарын хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, **-** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;

            Шүүгдэгч З.Г нь 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 4 дүгээр тасгийн эмчийн өрөөнд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, “Clozapine Tablets” гэсэн нэршилтэй, Clozapine-ийн агууламжтай, 25 мг тунтай шахмал эмийг зохих зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан гэмт хэрэгт,

шүүгдэгч А.П нь 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Гаалийн 1 дүгээр байрны 2 дугаар орцны 20 тоотод Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй, “Clozapine Tablets” нэршилтэй, Clozapine-ийн агууламжтай, 25 мг тунтай шахмал эмийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: А.П, З.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.П, З.Г нарыг “үргэлжилсэн үйлдлээр эмийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.П, З.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарыг шүүхээс тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, үүргийг биелүүлээгүй бол тогтоолыг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.П, З.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй эд мөрийн баримтууд болох ШШЕГ№733 Хими HTTG30 гэсэн бар кодтой зиплок уутанд хийсэн 1-7 хүртэл дугаарласан, дээгүүрээ цагаан, доод хэсгээрээ ногоон өнгийн цаасан хайрцагтай “Clozapine Tablets” гэсэн бичиглэлтэй, ханз бичигтэй эм мэт зүйл, Э.Сээс гаргаж өгсөн “Clozapine Tablets” гэсэн бичиглэлтэй, ханз бичигтэй эм мэт зүйл, ЕГО325/1049 гэсэн бичиглэл бүхий бар кодтой “Clozapine Tablets” гэсэн бичиглэлтэй, ханз бичигтэй цагаан өнгийн тагтай, хуванцар бөөрөнхий 2 савтай эм мэт зүйл, ШШЕГ№732 Хими гэсэн бичиглэлтэй “Levomepromazine dmp tablets” гэсэн бичиглэлтэй, бөөрөнхий хуванцар савтай эм мэт зүйл, “Levomepromazine dmp tablets 25 mg” гэсэн бичиглэлтэй дөрвөлжин цаасан хайрцагтай эм мэт зүйлсийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 100900005406 тоот дансанд байршуулсан шүүгдэгч З.Г, А.П нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 9.106.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Гийн өмгөөлөгч Ж.Ундармаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. 1.380.000 төгрөгийн орлого, ашиг олсон хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйл “Хууль ёсны зарчим”-ийн 1-т “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, 2-т “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байна.” гэж заасан. З.Г нь хэрэг бүртгэлтийн ажиллагаа эхлэхээс “Clozapine Tablets” гэх эмийг өөртөө болон ээждээ хэрэглэдэг байсан талаар мэдүүлэг өгсөн. Энэ эмийг би хувьдаа зараад ашиг олоод, хууль бус үйлдэл хийсэн зүйл байхгүй.

Шийтгэх тогтоолын 5 дугаар талд “Мөрдөгчийн 2025 оны 01 сарын 12-ны өдрийн иргэн З.Гийн банкны лавлагаанд үзлэг хийсэн тухай ...em гэх гүйлгээний утгатай байж болзошгүй орлогын гүйлгээ байх ба үүнийг нэгтгэхэд нийт 1.380.000 төгрөгийн орлого олсон” гэх дүгнэлт бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх байдлыг эргэлзээгүй тогтооно”, 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 16.2 дугаар зүйлийн 1-т “гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэргийг зөв тогтоогоогүй.

Дансруу орсон мөнгө бүрийг эм худалдан борлуулсан хэмээн үзэж буй нь “шүүх урьдчилан, хийсвэр, бодит бус дүгнэлт хийж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-т “шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй”, 16.1 дүгээр зүйлийн 11-т “Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй”, 14-т “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэх заалтыг зөрчсөн. З.Г нийт 35 жил Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж байгаа, ажлын улмаас цус харвасан, түүний улмаас өөрөө уудаг байсан талаар бүхий л шатанд мэдүүлсэн. Энэ үйлдлийг минь гэмт хэрэг хэмээн үзэж ял оногдуулсанд маш их харамсаж байна.

2. Эрүүгийн хариуцлагыг оногдуулж зүйлчлэхдээ хүндрүүлсэн талаар:

Улсын яллагч болон шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 буюу “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол” гэх хүндрүүлсэн заалтыг хэрэглэсэн нь хүнлэг ёсны, шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь, тус 20.14 дүгээр зүйлийн 1-т “...Хүний эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, зөвшөөрөгдөөгүй, хугацаа дууссан, хуурамч эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн-экспортолсон, импортолсон-ханган нийлүүлсэн, худалдсан, түгээсэн бол” гэх зүйлчлэл байхад хүндрүүлсэн зүйлчлэл хэрэглэж эрх зүйн байдлыг минь улам дордуулж буй нь шүүх хууль ёсны, шударга ёсны, энэрэнгүй байх зарчмыг хязгаарласан. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн бодит нөхцөл байдалд тохироогүй.

3. Зөрчлийн тухай хуулийг хэрэглэх боломжтой талаар:

Эрүүл мэндийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт “эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь анхан болон лавлагаа шатлалтай байна” гэж заасан ба лавлагаа тусламж, үйлчилгээ гэдэг нь эмнэлгийн мэргэшсэн тусламж үйлчилгээ юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эмнэлгийн тусламж, үйлчилгээ” гэж “өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг” гэж заасан. Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2-т “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол” хэмээн хуульчилсан.

Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлд “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих” зөрчлийг зохицуулсан. Тус зүйлийн 1-т “Эм, уламжлалт эм, биобэлдмэл, тэдгээрийн түүхий эд, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн үйлдвэрлэх-экспортлох тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, хүлээх үүрэг, хуулиар хориглосон зүйл, стандарт, тогтоосон журам, шинэ эм бүтээх, хэрэглээнд гаргахад тавих нөхцөл, шаардлагыг зөрчсөн бол”, мөн 6.6 дугаар зүйлийн 4-т “Бүртгэлгүй эм, эмийн үйлчлэгч бодис, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэсэн-экспортолсон, импортолсон-ханган нийлүүлсэн, худалдсан бол” гэх зохицуулалт байгаа.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх болон 4 дэх хэсэгт заасан зөрчлүүдтэй объектив талын шинжээрээ адилхан боловч субъектийн шинжээр харилцан адилгүй буюу Зөрчлийн тухай хуульд тусгай субьектийг нарийвчлан зохицуулсан гэж үзэж байна.

Энэ тохиолдолд анхан шатны шүүх өрсөлдөх хэм хэмжээг хэрхэн хэрэглэх талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй, эрх зүйн зарчим, хууль хэрэглээний онолд нэгэнт тогтсон ойлголт болох эрх зүйн харилцааг илүү нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэх, эрх зүйн харилцаанд оролцогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зохицуулалтыг шүүх хэрэглээгүй юм.

Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгчийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн хэрэглээний талаар өмгөөллийн санал дүгнэлт танилцуулсан байхад шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар өмгөөллийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэж байна. Монгол Улсад Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль 2024 оны 06 сарын 05-ны өдөр батлагдаж 2024 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчлагдсан тул гэмт хэргийг “хууль үйлчлэх цаг хугацаа, аль хуулийг хэрхэн хэрэглэх тал” дээр ч эргэлзээ үүсэж байгаа болно.

Яагаад Зөрчлийн тухай хуулийг тодруулан хэлж буй шалтгаан нь:

Яллах дүгнэлт, шүүх хуралдааны хэлэлцүүлэг, шүүхийн шийдвэрт З.Г нь “зохих зөвшөөрөлгүй” хэмээн тодотгож гэмт хэргийн объектив талыг дурдсан тул Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйл нь Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага, эм хангамжийн байгууллага байх ялгаа харагдаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлсноос үзэхэд, тухайн гэмт хэргийн субъект нь зохих зөвшөөрөлгүйгээр эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн хүн, хуулийн этгээд байхаар хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зуйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект болох хүнээс эмч хүнийг, хуулийн этгээдээс эмнэлгийн байгууллагыг тусгайлан хамааруулж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт “Эмч, эмнэлгийн байгууллага, тусгай зөвшөөрөлгүйгээр эм, эмийн түүхий эд худалдсан бол …” гэж субъектын шинжээр нь эм, эмийн түүхий эд худалдах гэмт хэрэг, зөрчлийг зааглан хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчоос эм, эмийн түүхий эдийг эмч, эмнэлгийн байгууллага, тусгай зөвшөөрөлгүйгээр худалдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар, харин бусад этгээд эм, эмийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус хариуцлага хүлээхээр харагдаж байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “эрүүл мэндийн байгууллага” гэж хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг, 3.1.5-т “эмнэлгийн мэргэжилтэн” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг, 3.1.6-т “эрүүл мэндийн ажилтан” гэж эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан болон эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа бусад ажилтан хэмээн тус тус ойлгохоор заасан.

Миний үйлчлүүлэгч З.Г нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 4 дүгээр тасгийн эмч ажилтай тул Эмнэлгийн мэргэжилтэн статуст буюу субъектэд хамаарч байгаа юм. Ганц нэг ширхэгийг өвчтөндөө санал болгосон байх гэх шүүх хуралдаанд хэлсэн тайлбараас харахад ч эмнэлгийн ажилтан Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх хэсэгт “эмчлэх” гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг гэж тайлбарласан. Түүнчлэн хэл зүйн хувьд өвчнийг засах, анагаах, эмнэх гэж тайлбарласан буюу эмчлэх анагаах зорилгоор өөртөө ч ууж, ээждээ ч уулгасан байх үйлдэл юм. Ашиг орлого олох зорилгоор шунахайн сэдэлтээр хийсэн үйлдэл биш юм.

2024.06.05-ны өдөр батлагдаж 2024.10.01-ний өдрөөс мөрдөгдөж ирсэн “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.25-т “хангамжийн байгууллага” гэж тусгай зөвшөөрөл бүхий эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллага, эмийн санг”, 4.1.26-д “ханган нийлүүлэх байгууллага” гэж эмийн сан, эрүүл мэндийн байгууллагыг бөөний үнээр эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, түүнчлэн иргэн, хуулийн этгээдийг эмнэлгийн хэрэгслээр хангах, худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг” хамааруулан хуульчилжээ. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйл нь 2024.06.05-ны өдөр өөрчлөн найруулсан “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих” зохицуулалт юм.

Үүнээс үзэхэд, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмээр үйлчилсэн гэх ойлголт нь худалдсан шинж чанарыг агуулж байгаа юм.

Дээр дурдсан нотлох баримт, хууль, эрх зүйн зохицуулалтаас дүгнэхэд шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий болоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт тодруулаагүй байх тул 2025 оны 05 сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1227 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү…” гэв.

Шүүгдэгч А.Пгийн өмгөөлөгч Ж.Батзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгчийн хувьд давж заалдах гомдол гаргаагүй. Шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш сэтгэхүйн хувьд хямралд орсон. Шүүгдэгч З.Гийн өмгөөлөгч Ж.Ундармаагийн гаргасан давж заалдах гомдолд тайлбар хэлье. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл хүндэрсэн гэх асуудал дээр талууд маргаж оролцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтад зөвшөөрөлгүй эм гэж байгаа. Ямар байдлаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн эсэх дээр шүүхээс дүгнэлт өгөөгүй. Нотолбол зохих байдал дээр эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа. Шүүгдэгч З.Г, А.П нарын хооронд 1,000,000 төгрөг болон 7,000,000 төгрөг гэсэн үнийн дүнгүүд гарч ирдэг. Ямар эх үүсвэрээр эм борлуулсан эсэхийг тогтоосон зүйл байхгүй. Хаан банкны дансны гүйлгээний хуулгаар 7,000,000 төгрөг гэж үзсэн. Тухайн гэмт хэрэг зөрчлийн хэрэг байхад яллах дүгнэлтээр оруулж ирсэн нь ойлгомжгүй байна гэж маргадаг. “Clozapine” гэх эмийг миний үйлчлүүлэгч эрүүл мэндийн шалтгаанаар хэрэглэдэг. Учир нь, сэтгэцийн эмнэлэгт 30 жил сувилагч хийсэн. Мэргэжлээс шалтгаалах өвчнөөсөө болж сэтгэлийн хямралд ордог. Өөрөө Хятад улс руу явж “Clozapine” гэх эмийг ууж байсан. 2 хайрцаг эмийг З.Гт өгсөн болохоос биш зөвшөөрөлгүйгээр эм худалдан борлуулсан зүйл байхгүй. “Clozapine” гэх эм нь нойр хүрэхгүй байгаа хүмүүст зөв үйлчилгээтэй байдаг. Хавтаст хэрэгт нэгжлэг хийсэн байдаг. Миний үйлчлүүлэгч болон З.Г нарт үзлэг хийх явцад гэр орон, ажил төрлөөс нь ямар нэгэн их хэмжээний эм гарч ирсэн бол зөвшөөрөлгүй эмийг худалдаж байна гэж үзэхээр байгаа. Гэтэл гэрээс нь өөрийнх нь хэрэглээний “Clozapine” илэрсэн. 2 эм л гарч ирсэн байдаг. Шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд нөлөөлөхгүй гэж гарсан. Албан ёсны орчуулга дээр нь хүртэл хүний тайвшруулах нөлөөтэй гэж орчуулсан. Эдгээр эргэлзээтэй нөхцөл байдал дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна” гэв.

Прокурор А.Лхагваа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.П, З.Г нарыг сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эмийг худалдсан гэж үзэж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээгүй.  Харин шүүх хуралдааны мэтгэлцээний явцад улсын яллагчийн зүгээс ямар дүгнэлт хийсэн бэ гэхээр гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг дурдсан. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь өөрийн гэсэн онцлогтой. Тэдгээрээр үйлчлүүлж байгаа өвчнүүдийн тухайд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэлийг жороор олгодог онцлогтой байгууллага юм. Цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээр хориглосон, Монгол улсад зөвшөөрөгдөөгүй эмийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулж байна гэсэн агуулгатай гэмт хэргийн талаарх мэдээллийг анх хүлээн авсан. Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан даруй мөрдөгч хойшлуулшгүйгээр шүүгдэгч З.Гийн хүрээнд үзлэг нэгжлэг хийсэн. Clozapine-ийн агууламжтай, 25 мг тунтай шахмал эмийг хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн эмийг хэнээс худалдан авсан, хаанаас авсан, эх үүсвэрийг шалган тогтоох зорилгоор сэжигтнээр мэдүүлэг авахад А.П гэх хүнийг заасан. Мэдүүлгийн эх сурвалжийг тодруулахын тулд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд А.Пгийн гэрээс “Clozapine Tablets” гэсэн бичиглэлтэй эм олдсон. Нөгөөтэйгүүр “Clozapine Tablets” гэх эм нь сэтгэцэд нөлөөт бодисын агууламж байхгүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь нотлогдсон. Мөн шүүгдэгч А.П, З.Г нарын тухайд Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу эм худалдан борлуулах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллагаас аваагүй нөхцөл байдал хэрэгт авагдсан. Өмгөөлөгч нарын зүгээс дансны хуулга болон эм худалдан борлуулсантай холбоотой асуудлыг тайлбарладаг. Мөрдөгчийн зүгээс дансны хуулгыг түүвэрчилсэн байдлаар үзлэг хийсэн. Үүн дээр зөвхөн эм, баярлалаа гэсэн эмтэй холбоотой хэсгийг шүүж авсан. Шүүгдэгч нарт мөрдөн шалгах ажиллагааны явцад танилцуулахад хүлээн зөвшөөрсөн байдаг. Улмаар хохирол төлбөрийг барагдуулсан нөхцөл байдал тогтоогдсон. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1227 дугаар шийтгэх тогтоолын гэм буруу, эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд явагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлүүдэд заасан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж хуульчилсан. Шүүгдэгч З.Гийг 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 4 дүгээр тасгийн өрөөнд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Clozapine Tablets” гэсэн нэршилтэй, “Clozapine”-ийн агууламжтай, 25 мг тунтай шахмал эмийг зохих зөвшөөрөлгүй бусдад худалдсан үйлдлийг прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч З.Гийн хувьд хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон. Эдгээр баримтууд нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй. Энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хэргийн бодит байдлыг тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч З.Гоос эм худалдан авсан талаар гэрч Сарандэлгэр, Ариунбат нарын мэдүүлэг байгаа. Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн З.Гийн банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэлээр давхар нотлогдсон. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч З.Гоос эм худалдан авсан 2 гэрч байдаг. Мөн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл байдаг. Эдгээр нотлох баримтуудын хоорондын уялдаа холбоо нь энэ гэмт хэргийг үйлдсэн болохыг хангалттай нотолсон гэж үзэж байна. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13-т эрүүл мэндийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг зөвшөөрөлтэй эрхлэх бөгөөд дараах этгээдийг ойлгоно гэж, мөн хуулийн 13.19-т “эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах зөвшөөрлийг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар” олгохоор заасан. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т “эмийн сан” гэж жижиглэнгийн үнээр эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг ойлгоно гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийг үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй байхаар хуульчилсан. Хүндрүүлэх бүрэлдэхүүнд эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис, биологийн идэвхтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авахгүйгээр эрхэлсэн байхаар тус тус хууль тогтоогчоос хуульчилсан. Шүүгдэгч З.Гийн өмгөөлөгч Ж.Ундармаагийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар заасан хэм хэмжээг хэрэглэж өгнө үү гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан байна. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигчид зөрчил гаргасан тохиолдолд авах арга хэмжээний талаар дурдсан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.П, З.Г нар нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид биш юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж заасан. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1227 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Гийн өмгөөлөгч Ж.Ундармаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч З.Г нь 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 4 дүгээр тасгийн эмчийн өрөөнд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, “Clozapine Tablets” гэсэн нэршилтэй, Clozapine-ийн агууламжтай, 25 мг тунтай шахмал эмийг зохих зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан гэмт хэрэг,

шүүгдэгч А.П нь 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Гаалийн 1 дүгээр байрны 2 дугаар орцны 20 тоотод Монгол Улсын эмийн бүртгэлгүй, “Clozapine Tablets” нэршилтэй, Clozapine-ийн агууламжтай, 25 мг тунтай шахмал эмийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Э.Сийн “...Фейсбүүк дээрээс “Хятад эм” гэсэн групп дээр эмийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй, нойр хүрэхгүй байгаа хүн хэрэглэх тохиромжтой гэсэн утгатай байсан. Тэгээд уг зар дээрх чат буюу мессенжерээр харилцахад “99798835” дугаарын утас өгсөн. Уг утсаар ярихад дээрх эм буюу ногоон хайрцагтай эмийг нэг хайрцгийг нь 40.000 төгрөгөөр буюу 80.000 төгрөгөөр захиалж Офицеруудын ордны Алдар спорт хорооны тэнд очиж авсан юм. Тэгээд эмийг авахдаа дээрх утсаар холбогдож “таны зарж байгаа эм хууль ёсны эм юм уу” гэхэд 99798835 дугаарын утастай ах “юу яриад байгаа юм, мэдээж хууль ёсны эм шүү дээ” гэж хэг ёг гэж харьцаад байсан. Нэлээн настай хүн шиг санагдсан, дансны хуулгаар он, сар, өдөр тодорхой байгаа. ...” /1хх 56-57/,

гэрч Б.Аын “...манай аав Г.Батцагаан нь нойргүйдээд, нойрноос болоод сэтгэцэд нь өөрчлөлт ороод элийрсэн. Ойр дотнын хүнээ танихаа болиод арга ядаад СЭМҮТ-д буюу Шар хадны эмнэлэгт үзүүлсэн. Хүлээн авахын эмчид үзүүлсэн. Эмэгтэй эмч байсан. Тэгээд хүлээн авахын эмч эм бичиж өгсөн. Тэр эмийг уусан ч дарагдахгүй байсан. Баахан эм хайж өгсөн боловч нэмэр болоогүй. Тэгээд СЭМҮТ-ийн эмч болох З.Г эмчтэй холбогдож зөвлөгөө авсан. З.Г эмч дээр аваачиж үзүүлэхэд “насны доройтол болсон, унтуулах арга хэмжээ ав” гэсэн. Тэгээд “ямар эм уух вэ” гэхэд З.Г эмч “надад нэг эм байгаа, тэр эмийг уугаад үз” гэсэн. Тэгээд тэр өдөр буюу 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өөрийн 5166583779 дугаарын данснаас З.Г эмчийн данс руу эмийн мөнгө гэж 40.000 төгрөг шилжүүлсэн. З.Г эмч ногоон хуванцар савтай, бөөрөнхий савтай, шар эрээн Хятад бичигтэй эм өгсөн. ...” /1хх 60-61/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 733 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримт нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 7 ширхэг “Clozapine Tablets” гэсэн шошготой эм мэт зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн “Clozapine Tablets” гэсэн шошготой эм мэт зүйлээс Clozapine илэрсэн. ...” /1хх 83/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн ЕГ0325/1049 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримт нь шинжилгээнд тэнцэнэ. ...№1 гэж дугаарласан “Clozapine Tablets” 2024.06.25 2027.06.24” гэсэн шошготой цагаан өнгийн хуванцар савтай эм мэт зүйл, №2 гэж дугаарласан “Clozapine Tablets” 2024.06.25 2027.06.24” гэсэн шошготой цагаан өнгийн эм мэт зүйл тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн ...№1 гэж дугаарласан “Clozapine Tablets” 2024.06.25 2027.06.24” гэсэн шошготой цагаан өнгийн хуванцар савтай эм мэт зүйл, №2 гэж дугаарласан “Clozapine Tablets” 2024.06.25 2027.06.24” гэсэн шошготой цагаан өнгийн эм мэт зүйл тус бүрээс “Clozapine” гэх бодисын агууламж илэрсэн. ...” /1хх 101/,

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалт”-ын газрын 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 01/75 дугаартай “...Ирүүлсэн савлалтын зургийн дагуу 3 нэрийн эмийг Эмийн бүртгэл мэдээллийн систем болох Лайсмед мэдээний сангаас шалгахад “Clozapine Tablets” худалдааны нэртэй, 25 мг тунтай, шахмал эм нь Монгол Улсын эмийн бүртгэлтгүй...” /1хх 115/,

Нийслэлийн эрүүл мэндийн төвийн 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 01/100 дугаартай “...Манай газраас эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах тусгай зөвшөөрөл олгосон аль нэг эмийн санд иргэн Зундуйн З.Г (ХБ71112610) нь бүртгэлгүй байна...” /1хх 155/,

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 102 дугаартай “...Тус төвийн Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэл мэдээний сан болон архивын материалаас шүүж үзэхэд Зундуйн З.Г (РД:ХБ71112610) эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгогдсон талаарх мэдээлэл олдоогүй болно…” /1хх 157/,

З.Гийн ажлын байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 10-14/, З.Гийн “Банкны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 193-195/, А.Пгийн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 15-18/, А.Пгийн “Банкны хуулганд үзлэг хийсэн” тухай тэмдэглэл /2хх 27-32/, А.Пгийн 7.726.000 төгрөг шүүхийн дансанд төлсөн баримт /2хх 190/, З.Гийн 1.380.000 төгрөг шүүхийн дансанд төлсөн баримт /2хх 191/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч А.П, З.Г нарыг “үргэлжилсэн үйлдлээр эмийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч З.Г, А.П нарын Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, “Clozapine Tablets” гэсэн нэршилтэй, Clozapine-ийн агууламжтай, 25 мг тунтай шахмал эмийг зохих зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч З.Гийн өмгөөлөгч Ж.Ундармаа “…гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг зөв тогтоогогүй, … уг эмийг өөрөө уудаг байсан талаар мэдүүлсэн байхад гэмт хэрэг гэж үзэж ял оногдуулсанд гомдолтой, прокурор, шүүх хүндрүүлсэн зүйлчлэл хэрэглэсэн нь гэмт хэргийн бодит байдалд тохироогүй, …эм, эмийн түүхий эдийг эмч, эмнэлгийн байгууллага, тусгай зөвшөөрөлгүйгээр худалдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар, харин бусад этгээд эм, эмийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус хариуцлага хүлээхээр харагдаж байна, миний үйлчлүүлэгч З.Г нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 4 дүгээр тасгийн эмч ажилтай тул Эмнэлгийн мэргэжилтэн статуст буюу субъектэд хамаарч байна, ганц нэг ширхэгийг өвчтөндөө санал болгосон байх гэх шүүх хуралдаанд хэлсэн тайлбараас харахад, … эмчлэх анагаах зорилгоор өөрөө ч ууж, ээждээ ч уулгасан, ашиг орлого олох зорилгоор шунахайн сэдэлтээр хийсэн үйлдэл биш, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйл нь 2024.06.05-ны өдөр өөрчлөн найруулсан “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих” зохицуулалтаас үзэхэд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмээр үйлчилсэн гэх ойлголт нь худалдсан шинж чанарыг агуулж байгаа, дээр дурдсан нотлох баримт, хууль, эрх зүйн зохицуулалтаас дүгнэхэд шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий болоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт тодруулаагүй байх тул 2025/ШЦТ/1227 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү…” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйл /Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах/-ийн 2 дахь хэсэгт “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж гэмт хэргийн шинж, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тодорхойлжээ.

Харин Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйл /Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих/-ийн 4 дэх хэсэгт “Бүртгэлгүй эм, эмийн үйлчлэгч бодис, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэсэн-экспортолсон, импортолсон-ханган нийлүүлсэн, худалдсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж зөрчлийн шинж, зөрчил үйлдсэн этгээдэд оногдуулах шийтгэлийг заажээ.

Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр хүндрүүлэн зүйлчилхээр хуульчилжээ.

Зохих зөвшөөрөлгүй явуулсан гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6, 7 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл авалгүйгээр дээрх үйл ажиллагааг эрхэлсэн байхыг ойлгоно.

Харин Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тусгай зөвшөөрөлтэй хүн, хуулийн этгээд нь “Бүртгэлгүй эм” импортолсон-ханган нийлүүлсэн, худалдсан буюу үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй боловч Монгол Улсад бүртгэлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчсөн үйлдэл гэж ойлгоно.

Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчоос тусгай зөвшөөрөлтэй этгээд бүртгэлгүй эмийг худалдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, харин тусгай зөвшөөрөл аваагүй этгээд улсын бүртгэлд бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй эм худалдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч А.П, З.Г нарын Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, “Clozapine Tablets” гэсэн нэршилтэй, Clozapine-ийн агууламжтай, 25 мг тунтай шахмал эмийг зохих зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ.

Эмийн үйлдвэрлэл, худалдаа, импортын үйл ажиллагаа нь хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой учраас төрийн хяналт дор тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагдаж, хуулийн өндөр шалгуур, нарийн стандартыг мөрдлөг болгодог. Хэрэв энэ төрлийн үйл ажиллагааг төрийн хяналтаас гадуур явуулбал нэг талаас хүний амь нас эрсдэх, эрүүл мэндээрээ хохирох, нөгөө талаас нийгэмд эмийн зохисгүй хэрэглээ газар авч, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хор аюултай. Энэ агуулгаар эмийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг нийгмийн аюул ихтэйд тооцогдоно.

Анхан шатны шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан, яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнийн үндсэн дээр шүүгдэгч нарыг үргэлжилсэн үйлдлээр эмийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийжээ.

Түүнчлэн шүүгдэгч А.П, З.Г нарт хуульд заасан ял оногдуулахгүйгээр авсан албадлагын арга хэмжээ нь тэдний хувийн байдалд тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилгоор хүний бие, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан, хэрэг гарсан газарт үзлэг хийнэ” гэж заасан.

Шүүгдэгч З.Гийн “Банкны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 193-195/, шүүгдэгч А.Пгийн “Банкны хуулганд үзлэг хийсэн” тухай тэмдэглэл /2хх 27-32/-д  тус тус үндэслэн гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хэмжээг тодорхойлж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд шүүгдэгч З.Гийн өмгөөлөгч Ж.Ундармаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1227 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Гийн өмгөөлөгч Ж.Ундармаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                         Т.ШИНЭБАЯР

                        ШҮҮГЧ                                         Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР