| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0121/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\146 |
| Огноо | 2018-05-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2018\ШЦТ\146
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагч Н.Дуламсүрэн,
Хохирогч *******,
Гэрч *******,
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 1718003330150 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* овогт *******ын ******* /РД: *******/, 1995 оны 12 дугаар сарын 27-нд Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэс” плазагийн гадна таксины буудал дээр иргэн *******г хавсарч унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэс” плазагийн гадна таксины буудал дээр иргэн *******г хавсарч унагаан эрүүл мэндэд нь зүүн хөлийн шилбэний 2 ясны битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ын өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр цэнгээний газраас гараад хамт явж байсан найз *******тэй муудалцсан. Тэгээд хохирогч *******г утсаар бичлэг хийгээд байхаар нь хавсарч унагаасан нь үнэн. Гэхдээ би *******г цагдаа гэж мэдээгүй. ******* бид нар руу хүрч ирээд бичлэг хийгээд зогсоод байсан болохоос бидэнд хандаж ямар нэгэн зүйл хэлээгүй. Би *******д “утсаар бичлэг хийхээ боль” гэж маш олон удаа хэлсэн. Тэгтэл ******* бичлэгээ зогсоохгүй байсан. Хэрэв ******* “би цагдаа байна, та нар зодооноо зогсоо” гэж шаардлага тавьсан бол бид ойлгоод явж болох байсан. *******г утсаар бичлэг хийгээд байхаар нь фэйсбүүкээр миний бичлэгийг тавих гэж байна гэж бодоод маш их санаа зовсон. Өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Би хохирогчоос мөрдөн байцаалтын шатанд уучлалт гуйсан. Би эрхэлсэн тодорхой ажилгүй учраас боломжоороо 1,050,000 төгрөгийг *******д төлсөн. Шүүхийн шийдвэрт хохирол хэрхэн тусгагдсанаас шалтгаалан цаашид гарах хохирлыг төлнө гэх мэдүүлэг,
Хохирогч *******н өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр найз *******гийн гэрт очиж, бид хоёр амраад үйлчилгээний төвийн орчинд салхилаад явж байсан. Найз *******тай хамт үйлчилгээний төвийн гадаа явж байхад 2 залуу замын эсрэг талд орилоод байсан. Би тухайн үйл явдлыг таслан зогсоох зорилгоор очсон. Тэгээд *******д хандаж, “та хоёр болиоч ээ” гэж хэлсэн чинь тавьсан шаардлага биелүүлэхгүй зодолдоод байсан. Тиймээс би гар утсаараа бичлэг хийсэн. Би *******д эхлээд шууд цагдаа байна гэж хэлээгүй, харин зодооноо зогсоо гэдэг шаардлага тавьсан. Тэгсэн ******* намайг хавсарч унагаасан. Би *******д “чи миний хөлийг хугалчихлаа шүү дээ” гэж хэлсэн. ******* намайг газар унагааж, нэг өшиглөсөн. Эмнэлэгт ирээд *******д “чи миний хөлийг хугалчихлаа” гэж хэлэхэд ******* надад хандаж “чамайг би харна аа, хогийн новшийн цагдаа” гэж хэлсэн. Мөрдөн байцаалтын шатанд энэ талаар би гомдол гаргасан. Миний гаргасан гомдлыг хүлээж авахгүй байгааг би ойлгохгүй байна. Өнөөдөр би эрүүл мэндээрээ маш их хохирч байна. *******ын хувийн байдал, мэдүүлэг өгч байгаа зэргээс харахад биднийг үл ойшоосон байдалтай байна. Энэ нь *******ыг алдаагаа ухаарсан гэж хэлэхэд хэцүү л байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн *******аас иргэний журмаар нэхэмжилнэ. Миний эмчилгээ одоог хүртэл дуусаагүй. Би *******д гомдолтой байна. Намайг ******* “битгий худлаа манж зан гаргаад бай, чи бол новшийн цагдаа” гэж хэлснийг гэрч ******* сонссон. Би *******аас 1.050.000 төгрөг авсан гэх мэдүүлэг,
Гэрч *******н өгсөн: Би *******тай уулзаад бид хоёр Үйлчилгээний төвд хамт салхилж байсан. Тэгсэн ******* “Эрдэнэс” плазагийн өмнө зодоон болоод байна гээд бид хоёр хамт очсон. ******* бид хоёр зам гараад зодоон болж байгаа газар очих гээд явж байхад замд таксинд явдаг найз маань таарсан. Би зодоон болж байгаа газартай ойр найзынхаа машины хажууд найзтайгаа уулзаад зогсож байсан. Тэгтэл *******г утсаараа бичлэг хийлээ гээд ******* хавсраад унагаасан байсан. ******* *******г газар хавсарч унагачхаад “цагдаа нар ийм бааштай шүү дээ” гэж хэлээд явсан. Тэгсэн ******* “миний хөл хугарчихлаа” гээд хөлөө бариад газар гишгэж чадахгүй байсан. Тэгээд *******г би аваад шууд эмнэлэг явсан. Эмнэлэгт ирж, *******гийн хөлийн зургийг авахуулаад түүнийг гэрт нь хүргэж өгсөн гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Гэрч*******ын өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13, 14, 16 дугаар багийн нутаг дэвсгэрт явган эргүүлийн үүргийг цагдаагийн ахлагч *******ын хамт гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 00 цагийн орчимд 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Диди” цэнгээний газрын гадна ирэхэд *******, ******* нар машин дотроо цээж нүцгэн, хувцасгүй сууж байсан. Тэгээд тэр хоёр дээр очиход “ахаа бид хоёр хоорондоо маргалдсан юм. Одоо явлаа.” гэсэн. Тэгээд цааш явж байтал “Диди” цэнгээний газрын хажуугийн сандал дээр сууж байсан цагдаагийн дэслэгч ******* нь ******* бид хоёрыг дуудахаар нь очсон. Тэгтэл ******* нь “саяын машинд сууж байсан залуу миний хөлийг хугалчихлаа” гээд зүүн хөлөө бариад сандал дээр сууж байсан. Би аль машин гээд заалгатал Соната-7 маркийн автомашин руу заасан. Тэгээд тухайн машиныг зогсооход дотор нь *******г зодсон гэх ******* байгаагүй. Найзаар нь *******ыг дуудаж ирүүлээд эргүүлийн автомашинд хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
Гэрч *******ийн өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 27-ны шөнө ажил тараад ******* ахыг хүргэж өгөхөөр машиныг нь асаагаад сууж байтал *******, ******* хоёр орилолдоод хоорондоо маргалдсан. Тэгээд би машинаас буугаад салгах гэхэд цаанаас нэг хүн утсаараа бичлэг хийгээд дөхөж ирсэн. ******* тэр залууд “чи наадахаа аваад зайл. Хоёр найз юм ярьж байна. Яасан хүний хэрэгт дуртай юм” гэж хэлсэн. Тэр залуу бичлэг хийхээ болихгүй байсан учраас ******* тэр залууг барьж аваад хавсарч унагаасан гэх мэдүүлэг /хх-ийн 19/,
Гэрч *******ий өгсөн: ...******* бид хоёр хоорондоо маргалдаж байтал нэг залуу хажуу талаас гар утсаараа бичлэг хийгээд яваад байсан. Тэр үед ******* бичлэг хийж байсан залуу руу очоод “чи яасан хүний мууд дуртай юм бэ” гэж хэлээд шууд барьж аваад хавсраад унагаасан. Тэгээд бид нар машиндаа суугаад явцгаасан. Тэгээд Үйлчилгээний төв дээр байж байхад ******* утсаар залгаж “*******ын хавсарч унагаасан залуугийн хөл нь хугарчихсан байна. Эмнэлэгт хүрээд ир” гэж хэлсэн. Эмнэлэгт очиход цагдаа нар ирсэн байсан. ******* эмнэлэгт очоод хөл нь хугарсан хүнийг цагдаагийн алба хаагч гэдгийг мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
Гэрч *******ын өгсөн: ...Цэнгээний газрын гадна *******, ******* нар хоорондоо маргалдаж улмаар хоорондоо барьцалдаж, бие биеэ түлхээд байсан. Тэр үед нэг бүлтгэр нүдтэй залуу гар утсаараа бичлэг хийгээд хүрээд ирсэн. ******* бичлэг хийж байсан залууд хандаж “чи яасан хүний мууд дуртай юм бэ? Найзууд хоорондоо муудалцаж байна” гэж хэлээд барьж аваад хавсраад газарт унагаасан гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Гэрч *******ын өгсөн: ...Цагдаа ******* нь гар утсаа гэдэс орчимдоо бариад *******, ******* нарын маргалдаж байгаа бичлэгийг хийгээд байсан. Би ******* руу очоод “бичлэг хийхээ болиоч ээ. Манай хоёр ах байгаа юм. Удахгүй больчихно” гэж хэлтэл ******* бичлэг хийхээ болихгүй байсан. Тэгсэн *******, ******* хоёр “бичлэг хийхээ боль, цаашаа зайл” гэж хэлэхэд ******* бичлэгээ хийгээд зогсоод байсан. Тэгээд би *******, ******* нарын хувцсыг машинд хийчхээд эргээд хартал ******* цагдаа *******г хавираад унагаачихсан байсан. *******г цагдаагийн алба хаагч гэдгийг ******* бид хоёр мэдэж байсан. Харин ******* цагдаагийн алба хаагч гэдгийг мэдэхгүй байх. ******* ямар нэг үг хэлэхгүй бичлэг л хийгээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
Гэрч *******ын өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө ахлах дэслэгч*******ын хамт хуучин хорооллын хэсгээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад “Эрдэнэс” плазагийн урд хүмүүс зодолдож байна гэсэн дуудлагын дагуу очсон. *******, ******* нартай уулзахад “бид хоорондоо маргалдсан, одоо ямар нэг асуудал байхгүй” гэж хэлсэн. Тэдэнд зөвлөгөө өгөөд явуулсны дараа цаанаас ************** бид хоёрыг дуудахаар нь очтол “******* намайг хавсарч унагасан. Миний хөл гэмтчихлээ” гэж хэлсэн. Тэгээд *******г эмнэлэг рүү явуулаад, *******ыг тандаг хүнийх нь утсаар эмнэлэгт хүрээд ир гэж дуудсан. “******* найзтайгаа маргалдаад зогсож байхад нь ******* гар утсаараа бичлэг хийсэн. Тэгтэл ******* нь *******г хавсраад унагасан” гэж ******* хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 26/,
Гэрч *******ын өгсөн: Тухайн өдөр би зөрчлийн хэрэг бүртгэгчийн үүрэг гүйцэтгээд эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч *******ын хамт дуудлагаар эмнэлэгт байж байсан. Тэгтэл манай ажилтан ******* нь гаднаас хүнээр түшүүлчихсэн байдалтай орж ирсэн. Би юу болсон талаар *******гаас асуухад “Үйлчилгээний төв дээр явж байхад хоёр залуу хоорондоо зодолдож байхад нь би очоод больцгоо гэхэд чи муу цагдаа яадаг юм бэ гэж хэлээд намайг хавсарч унагасан. Тэгээд миний хөл хугарчих шиг боллоо, маш их өвдөж байна” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 60/,
Гэрч *******ын өгсөн: Тухайн өдөр би мөрдөгчийн үүрэг гүйцэтгээд цагдаагийн ахмад *******ын хамт 103 түргэн тусламж дээр дуудлагатай явж байтал эрүүгийн мөрдөгч ******* нь гаднаас нэг залуугаар түшүүлчихсэн байдалтай эмнэлэгт орж ирсэн. ******* нь “Үйлчилгээний төв дээр явж байхад хоёр залуу хоорондоо зодолдож байхаар нь та хоёр болиоч гээд яваад очтол ******* гэх залуу нь цагдаа чинь тэндээ л юм байгаа биз гээд намайг хавсраад унагачихлаа, миний хөл хугарсан бололтой” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 61/,
2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч *******н гар утас дахь 0.44 секундийн бичлэгийг сидинд хуулбарлаж, эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1086 дугаартай “*******н биед зүүн хөлийн шилбэний 2 ясны битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл болно. *******д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 212 дугаартай “Шинжилгээнд авсан *******н цусанд этилийн спирт илэрсэнгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/, мөн тус албаны 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 214 дугаартай “Шинжилгээнд авсан *******ын цусанд 0.5 промиль этилийн спирт илэрсэн байна. ******* нь хөнгөн зэргийн согтолттой болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/,
Хохирогч *******н “2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бусдад хавируулан гэмтсэн, зүүн шагайн үеэр янгинаж өвдөнө, хөдөлгөх үед зовуур нэмэгдэнэ, хөдөлгөөн хязгаарлагдмал, зүүн шагайн үеэр хавдартай, эмзэглэл ихтэй, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдөр дуустал акт олгов. 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 12 дугаар сарын 13-ны өдрийг дуустал акт олгов.” гэх тэмдэглэл бүхий амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-ийн 80/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч *******ын хохирогч *******г хавсарч унагаан биед нь зүүн хөлийн шилбэний 2 ясны битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******н биед зүүн хөлийн шилбэний 2 ясны битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирлын нөхөн төлбөрт 1.050.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан *******н ХААН банкны******* дугаарын дансанд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 550.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 500.000 төгрөгийг *******аас шилжүүлсэн тухай ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-ийн 70, 71/ болон хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.
Хохирогч ******* нь эмчилгээгээ бүрэн дууссаны дараа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхийн журмаар шүүгдэгчээс нэхэмжлэхээ илэрхийлж, өөрт учирсан хохиролтой холбоотой баримтыг гаргаж өгөөгүй байна.
Иймд хохирогч өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сидиг хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* нь хохиролд 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөг төлсөн, хохирогч ******* нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР