| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2414000000063 |
| Дугаар | 2025/ДШМ/820 |
| Огноо | 2025-07-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/820
2025 07 03 2025/ДШМ/820
Б.Од холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Уламбаяр,
шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч А.Буянжаргал,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/1263 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Огийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2414000000063 дугаар хэргийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овгийн Б.О, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ******** гудамжны ** тоотод оршин суух хаягтай,
урьд, Сэлэнгэ аймгийн шүүхийн 1979 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 1 жилийн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар,
Сэлэнгэ аймгийн Ардын хэсгийн 1 дүгээр шүүхийн 1980 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 6 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,
Дархан хотын 2 дугаар хэсгийн Ардын шүүхийн 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,
Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1993 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 176 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,
Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 532 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 180.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүгчийн 284 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтэй холбоотойгоор хуулийн тэгшитгэлд хамрагдаж, эдлээгүй үлдсэн 6 жил 8 сар 24 хоногийн ялаас чөлөөлөгдсөн,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 2 сарын хорих ялаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 413 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар,
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 533 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 7 сарын хугацаагаар тогтоосон,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;
1. Шүүгдэгч Б.О нь 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их орд худалдааны төвийн автобусны буудал дээр иргэн Д.Дгийн эзэмшлийн ай фоне 12 про загварын гар утсыг халааснаас нь нууцаар авч, 1.375.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их сургуулийн автобусны буудал дээрээс иргэн Б.Сын “Ай фоне 15 про макс” загварын гар утсыг халааснаас нь нууцаар авч, 3.460.500 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хүй 7 худагт хохирогч А.Ций цүнхэнээс гар утсыг нь нууцаар авч, 725.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Уг автобусанд явж байхад түүний эзэмшлийн “Айфоне 12” маркийн гар утсыг түүний халааснаас нь нууцаар авч, иргэн Э.Уд 875.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Д.Бтай бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 17-18 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Баруун бүс худалдааны төв 2”-т байрлах “Арвижих” хүнсний бөөний худалдаанаас 4 ширхэг хүүхдийн сүүн тэжээлийг нууцаар авч, А.Сд 324.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. Д.Бтай бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 17-18 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багт байрлах “Mini market” гэх дэлгүүрээс 3 ширхэг мерси шоколадыг нууцаар авч, М.Бд 117.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. Д.Бтай бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 17-18 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “Их хүрээ” гэх дэлгүүрээс 20 ширхэг “Алфен гоулд” шоколадыг нууцаар авч, Д.Бод 54.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянхонгор аймгийн прокурорын газраас: Б.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ог 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.Огийн цагдан хоригдсон 100 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг “Сиди”-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Огаас 3.460.500 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Сд олгуулж, шүүгдэгч Б.Огийн Баянзүх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны ММ590090100900005406 тоот дансанд байршуулсан 1.375.000 төгрөгийг хохирогч Д.Дд тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц олгохыг Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…миний бие гэм буруу дээрээ маргахгүй, хийсэн зүйлдээ маш их гэмшиж байна. Би Б.С гэх иргэнтэй автобусанд утсаа алдсан үед нь өөрийн утсаар цагдаагийн 102 дугаарын утас руу залгаж дуудлага, мэдээллийг өгч тусламж үзүүлсэн байтал цагдаагийн алба хаагч нар намайг урьд холбогдсон хэрэгт шалгагдаж байгааг минь далимдуулж тус хийгээгүй хэргийг шууд хүлээлгэн 3.460.000 төгрөгийг надаар төлүүлэх гэж байгаад маш их харамсаж байна. Уг үйлдлийг үйлдсэн нотолгоо мөрдөн байцаалтын шатанд нотлогдоогүй, камерын бичлэг, гэрч байхгүй байтал өмнөх хийсэн үйлдэлд минь буруутгаж тус автобусанд таарсан цаг үеийн байдлаар намайг гэм буруутайд тооцож миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад маш их харамсаж байгаа тул үнэн зөвөөр харж тус үйлдлийг цагаатгаж өгнө үү.
Миний бие бусад 6 үйлдэлдээ буюу бусад иргэдэд хохирол учруулсандаа маш их харамсаж байна. Одоо би 59 настай, 6 хүүхэд, 13 ач, зээтэй, урьд өмнөх жилүүдэд хийж байсан үйлдэлдээ харамсаж, олон удаагийн хорих ял эдэлж байсан. Ач, зээгээ харах насандаа эрүүгийн хэрэгт холбогдон ийм байдалтай байгаадаа маш их гэмшиж байна.
Тиймээс надад өгсөн 1 жил 2 сарын ялыг минь багасган, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү.
Миний бие дахин ийм алдаа гаргахгүй, үр хүүхэд, ач зээтэйгээ элэг бүтэн, эрх чөлөөтэй амьдрах хүсэлийг минь нэг удаа харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлэх хүсэлтийг минь хүлээж авна уу…” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.О хоёр үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс миний зүгээс үйлчлүүлэгчийнхээ холбогдсон хоёр үйлдлийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Камерын бичлэг шалгахад нэг сиди ажиллахгүй байсан. Гэвч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Б.Сд учирсан 3,460,000 төгрөгийн хохирлыг төлөөгүй байсан. Үүнээс шүүхийн шатанд 1,300,000 гаруй төгрөгийг төлж барагдуулсан. Өмгөөлөгчийн хувьд өөрийн үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Давж заалдах шатны шүүх Б.Огийн гаргасан давж заалдах гомдолд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү. Б.О нь тэтгэврийн насны хүн бөгөөд хохирол болох 3,460,500 төгрөгийг өөрийн тэтгэврийн мөнгөөр төлж барагдуулах бүрэн боломжтой. Мөн хувийн байдал, ач зээгээ харах чин хүсэл, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэх амлалт зэргийг харгалзаж үзнэ үү” гэв.
Прокурор Э.Уламбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Давж заалдах гомдлыг сонслоо. Б.Ог 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Б.Сын гар утсыг хулгайлсан үйлдэл нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Дүгнэхдээ нотлох баримтуудыг нэг бүрчлэн тусгайлан тайлбарласан. Хохирогчийн мэдүүлэгт “гар утас алга болсон үед Б.О миний хажууд байсан” гэсэн байдаг. Уг мэдүүлэг нь камерын бичлэгээр давхар нотлогддог. Тиймээс дээрх үйлдэлд гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.О нь 7 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Өмнө нь ижил төрлийн гэмт хэргийг үйлдэж ял шийтгүүлж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.О нь:
1. 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их орд” худалдааны төвийн автобусны буудал дээр иргэн Д.Дгийн эзэмшлийн “Ай фоне 12 про” загварын гар утсыг халааснаас нь нууцаар авч, 1.375.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар” их сургуулийн автобусны буудал дээрээс иргэн Б.Сын “Ай фоне 15 про макс” загварын гар утсыг халааснаас нь нууцаар авч, 3.460.500 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хүй 7 худагт хохирогч А.Ций цүнхэнээс гар утсыг нь нууцаар авч, 725.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Уг автобусанд явж байхад түүний эзэмшлийн “Айфоне 12” маркийн гар утсыг түүний халааснаас нь нууцаар авч, иргэн Э.Уд 875.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Д.Бтай бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 17-18 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Баруун бүс худалдааны төв 2”-т байрлах “Арвижих” хүнсний бөөний худалдаанаас 4 ширхэг хүүхдийн сүүн тэжээлийг нууцаар авч, А.Сд 324.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч А.С /1хх 10-11/, Д.Д /1хх 230/, Б.С /2хх 57/, Б.Урангоо /2хх 214/, А.Ц /3хх 62/, гэрч У.Б /3хх 65/, шүүгдэгч Б.Огийн яллагдагчаар өгсөн /1хх 107-108, 2хх 39/ тус тус мэдүүлгүүд,
“Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1хх 53/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 233-235, 2хх 60-62, 2хх 230-232, 3хх 78-80/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 3-7/, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 29, 36, 38, 40, 2хх 225, 3хх 73/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1хх 30-32, 33-35/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 247-250, 2хх 72-75/, мөрдөгчийн тэмдэглэл /2хх 88/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 222/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /2хх 236-239/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Ог “бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Огийн автобусны буудал дээр хохирогч Д.Д, Б.С нарын, автобусанд явж байхдаа хохирогч Э.Угийн, хүй 7 худагт хохирогч А.Ций гар утаснуудыг, Д.Бтай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт хохирогч А.Сгийн “Арвижих” хүнсний бөөний худалдаанаас 4 ширхэг хүүхдийн сүүн тэжээлийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.О “…Б.С гэх иргэн автобусанд утсаа алдсан үед нь өөрийн утсаар цагдаагийн 102 дугаарын утас руу залгаж, дуудлага мэдээллийг өгч тусламж үзүүлсэн байтал цагдаагийн алба хаагч нар намайг урьд холбогдсон хэрэгт шалгагдаж байгааг минь далимдуулж тус хийгээгүй хэргийг шууд хүлээлгэн 3.460.000 төгрөгийг надаар төлүүлэх гэж байгаад гомдолтой, …тус үйлдлийг цагаатгаж өгнө үү, …бусад 6 үйлдэлдээ буюу бусад иргэдэд хохирол учруулсандаа маш их харамсаж байна, … 1 жил 2 сарын ялыг минь багасган, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү…” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч Б.О нь өөрт холбогдох яллагдагчаар татагдсан хэргүүдээс 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их сургуулийн автобусны буудал дээрээс иргэн Б.Сын ай фоне 15 про макс загварын гар утсыг халааснаас нь хулгайлан авч, 3.460.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг хийгээгүй гэж анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлж, мөн давж заалдах заалдах гомдол гарган маргаж байгаа боловч хэрэгт авагдсан хохирогч Б.Сын “...Баянзүрх их дэлгүүрийн баруун талд, замынхаа зүүн талын Их ордын автобусны буудлаас Ч:65 гэсэн автобусанд шахалдаж суугаад зүүн талын халаасанд байсан гар утсыг авах гэхэд алга болсон байсан, автобусны буудал руу харсан хяналтын камер байдаг бол тодорхой харагдаж байх ёстой...” /2хх 57/ гэсэн мэдүүлэг, хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...хохирогч Б.С суух гэж байх бөгөөд түүний ард талд цагаан өнгийн маск зүүсэн, махлаг биетэй эмэгтэй зогсож байгааг дүрс бичлэгт улаан өнгөөр дүрслэв, ... дүрс бичлэгийн 00:59 секундэд сэжигтэй этгээд нь хохирогчийн ард шахах үйлдлийн аргаар халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж байна. Дүрс бичлэгийн 01:10 секундэд сэжигтэй этгээд нь халаасны хулгайн гэмт хэрэг үйлдээд буцаж байна, ... хяналтын камерын дүрс бичлэгт бичигдсэн сэжигтэй этгээд нь 40-50 орчим настай, хар өнгийн малгайтай, хар өнгийн куртиктэй, махлаг биетэй, масктай, зүүн гартаа цүнх барьсан эмэгтэй байна...” /2хх 72-75/, мөрдөгчийн тэмдэглэл /2хх 88/, шүүгдэгч Б.О гэрчээр болон яллагдагчаар “…2024 оны 2 дугаар сарын 8-ны өглөө Нарантуул худалдааны төв рүү захиалсан дээлээ аваад эргээд захаас гараад автобусанд суухаар Халдвартын автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байсан. Тэгээд нэг автобус ирэхээр нь суух гэсэн чинь халаасны эрэгтэй, эмэгтэй хоёр хулгайч надаас түрүүлээд суухаар нь би тухайн хоёр хулгайчийг автобусанд ороод хулгай хийгээд, би тухайн хоёр хулгайчийн хэрэг дээр үйлдчихвий гэж бодсондоо автобусанд суугаагүй үлдсэн, … би дээрх хоёр хулгайчийн нэрийг бол мэдэхгүй, дүр төрхөөр нь хулгайч гэж мэднэ. …” /2хх 86, 99/ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулдаг.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд тухайлбал, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.
Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх нь шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тусгай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн гурван төрлийн ялаас Б.Од хорих ялыг сонгон хэрэглэж, уг ялын хэмжээг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоосон нь шүүгдэгчийн гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгч Б.О нь 2024 оны 3 дугаар сарын 05, 4 дүгээр сарын 02, 15-ны өдрүүдэд /1хх 83 2хх 83, 92/ тус тус яллагдагчаар татагдаж, 2024 оны 3 дугаар сарын 20, 4 дүгээр сарын 9, 17-ны өдрүүдэд /1хх 104, 2хх 35, 95/ эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэлтэй танилцаж, гарын үсэг зурж хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2024 оны 08 дугаар сарын 03, 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд дахин бусдын эд хөрөнгө болох гар утаснуудыг хулгайлснаас гадна түүний хувьд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн (Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал) 1, 3-т тус тус заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, энэ талаар түүний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд тус зүйлийн аутентик тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэжээ.
Шүүгдэгч Б.Огийн Д.Бтай бүлэглэн “Mini market” гэх дэлгүүрээс 3 ширхэг “Мерси” шоколад хулгайлж М.Бд 117.000 төгрөгийн хохирол, “Их хүрээ” гэх дэлгүүрээс 20 ширхэг “Алфен гоулд” шоколад хулгайлж Д.Бод 54.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт нотлогдсон боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хийсэн аутентик тайлбарт заасан үндэслэлээр дээрх хоёр үйлдлийг хэрэгсэхгүй болгов.
Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 6 дахь заалтаар шүүгдэгч Б.Огаас хохирогч Б.Сд учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй байх тул зөвтгөх нь зүйтэй гэж үзсэн болно.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн гаргасан “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Огийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 50 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/1263 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс М.Бд 117.000 төгрөгийн хохирол учруулсан, Д.Бод 54.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосгуай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад: “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Огаас 3.460.500 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Сд олгуулсугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Огаас 3.460.500 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Сд олгосугай.” гэж өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үдээж, шүүгдэгч Б.Огийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Огийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 50 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР