Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 212/МА2019/00006

 

Ч.Дийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 130/ШШ2018/00764 дүгээр шийдвэртэй, Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, Х овогт Ч-ийн Дийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, Т овогт М-ын Ат холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, хариуцагч М.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хохирлын мөнгө 2000000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: Иргэн М.А нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр өглөөний 10 цагийн орчимд Хотгорын нүүрсний уурхай дотор нүүрс ачих гээд зогсож байсан миний 0000 *** Улсын дугаартай машиныг Дэувоо маркийн 0000 *** Улсын дугаартай машинаар ухарч мөргөж эвдэж гэмтээсэн учир надад учирсан хохирлыг минь арилгаж гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Миний бие иргэн Ч.Дийн нэхэмжлэлтэй танилцлаа. Би өөрийн машинаар ухарч байхад Ч.Дийн машин миний машины араас орсон ба тухайн үед түүний машины нүүр капод жаахан матийж дотогш орсон. Бид тухайн үед тохироод явсан. Одоо 2 сая төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, эвдэрсэн хэсгийг засаж өгч болно. Иймд түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 130/ШШ2018/00764 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч М.Аээс 400,000 /дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ч.Дт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдолд: Хариуцагч М.А миний бие 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн Дэуво маркийн 0000 *** Улсын дугаартай машинаар "Нүүрст хотгор-ын уурхайн дотор ухрах үйлдэл хийх мөчид машины хойд талд түр зогсолт хийж байсан Ч.Дийн эзэмшлийн Зил-130 маркийн 0000 *** Улсын дугаартай машиныг санамсаргүй үйлдлийн улмаас мөргөж гэмтээсэн.Тухайн үйлдэл холбогдлын улмаас нэхэмжлэгч Ч.Дийн машины мотор-ын эд ангид ямар нэгэн гэмтэл хохирол учраагүй бөгөөд мөргүүлснээс болж тухайн машины капотын нүүр хэсэг ялимгүй махийж хонхойсон. Гэтэл нэхэмжлэгч Ч.Д нь мөргүүлснээс болж машины мотор эвдэрсэн, тахир голыг солиулсан, амортизатор нь ус гоожиж сэнсний хүрээ мурийсан гэх мэтээр үндэслэлгүйгээр 2,000,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт кабины нүүр 140,000 төгрөг, капот 180,000 төгрөг будаг 40,000 төгрөг, үйлчилгээ 40,000 төгрөг бүгд 400,000 төгрөг төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэж 400,000 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч Ч.Дийн эзэмшлийн Зил-130 маркийн 0000 *** Улсын дугаартай машины зөвхөн Капот-ын нүүр хэсэг махийж хонхойсон болохоос түүний кабины нүүр хэсэгт 140,000 төгрөгийн хохирол, кабин болон капотыг будуулж, түүнд үйлчилгээ хийлгэсний төлөө 80,000 төгрөгийн хохирол тус тус гарсан талаар ямар ч нотлох баримт байхгүй байхад дээрх зардалд 220,000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн Зил-130 маркийн машины нүүр хэсгийг мөргөсөн байхад "машины кабин хэсгийг хохиролд тооцож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас үнэлээгүй гэж үзэж гомдол гаргаж байна. ОХУ-д үйлдвэрлэгдсэн "Зил" маркийн ачааны машинууд Монгол Улсад ашиглалтаас гарч, Япон, Солонгос, Хятад улсын машинууд Монголын зах зээлийг эзэлсэнтэй холбогдуулан ОХУ-д үйлдвэрлэгдсэн машины запас сэлбэг үнэгүйдэж, элбэг олддог болсон тул миний бие Ч.Дийн Зил маркийн машины шинэвтэр капот -ыг олж өгч солиулах боломж байгаа гэдэг өөрийн саналыг илэрхийлсэн боловч хүлээж аваагүй. Цааш нь Ч.Дт Зил машины шинэвтэр капот олж өгч болно. Нэхэмжлэгч Ч.Дийн эзэмшилд байгаа Зил-130 маркийн 0000 *** Улсын дугаартай машин нь маш их хуучирсан. Машины кабин болон капот, бусад их биеийн хэсэг нь зэвэрч хуучирсан төмрүүд нь цоорч, элэгдсэн эдэлгээ даахгүй болсон зэрэг нь хавтаст хэрэгт байгаа фото зургаар батлагдаж байтал анхан шатны шүүхээс шинэ машины кабин, капотын үнээр төлбөр хариуцуулсан нь бодит байдалд нийцээгүй байнаХариуцагч М.А миний "Дэубо маркийн машинд мөргүүлээгүй хэсэг болох Зил-130 маркийн машины кабин 140,000 төгрөг, будаг, үйлчилгээ гэх 80,000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй болно. Зил-130 маркийн машины шинэ капот нь 180,000 төгрөг байхад Ч.Дийн хуучин машины "капотыг" тухайн 180,000 төгрөгөөр үнэ тогтоож төлүүлснийг зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Ч.Дийн Зил-130 маркийн машины капотын үнийг бодит байдалд нийлүүлж үндэслэлгүй нэхэмжилсэн машины кабины үнэ 140,000 төгрөг, будгийн үнэ 40,000 төгрөг, үйлчилгээний хөлс 40,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч М.Ат холбогдуулж гэм хорын хохирол 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбараар 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн орчимд Хотгорын нүүрсний уурхай дотор нүүрс ачих гээд зогсож байсан Ч.Дийн ,,-,, *** Улсын дугаартай Зил-30 машиныг М.А нь 0000 *** Улсын дугаартай Дэувоо маркийн машинаараа ухрах үйлдэл хийж байхдаа мөргөж, машиныг эвдэж гэмтээсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд уг үйл баримтад талууд маргаагүй болно.

 

Хариуцагч М.Аийн дээрх буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Ч.Дийн 00-00 *** Улсын дугаартай Зил-130 маркийн машины кабины нүүр, капот эвдэрч гэмтсэн болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, тухайн тээврийн хэрэгслийн гэрэл зураг зэргээр нотлогдож байх тул хэрэгт авагдсан машины эд ангийн үнэлгээг /хх-3 хуудас/ үндэслэн анхан шатны шүүх хариуцагч М.Аээс 400,000 төгрөгийг гаргуулж Ч.Дт олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагчийн гаргасан үйлдлийн улмаас дээрх хохирол учирсан нь бүрэн тогтоогдсон тул М.Аийг гэм хор учруулсны хохирлоос чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нэхэмжлэгч Ч.Дийн эзэмшлийн Зил-130 маркийн 0000 *** Улсын дугаартай машины зөвхөн капотны нүүр хэсэг махийж хонхойсон болохоос кабины нүүр болох 140,000 төгрөгийн хохирол учраагүй, кабин болон капотыг будуулж, түүнд 80,000 төгрөгөөр үйлчилгээ хийлгэсэн гэх ямар ч баримт байхгүй, Зил-130 машины шинэ капот 180,000 төгрөг байхад Ч.Дийн хуучин машины капотыг 180,000 төгрөгөөр үнэлж, надаар төлүүлэхээр шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэж давж заалдах гомдол гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг үгүйсгэж буй үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ хуульд заасан журмаар хэрэгжүүлээгүй байна. Иймээс давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,650 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 130/ШШ2018/00764 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,650 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

ШҮҮГЧИД Д.МӨНХӨӨ

 

Д.КӨБЕШ