Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2018\ШЦТ\161

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагч Д.Энхтуяа,

Шүүгдэгч ****** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ****** холбогдох эрүүгийн 1818001590161 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт ******* /РД: *******/, 1970 оны 01 дүгээр сарын 09-нд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ****** нь 2018 оны 2 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг ******* хашаанд иргэн *******маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ****** нь 2018 оны 2 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг ****** гэрийнхээ хашаанд иргэн ****** маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүрний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч ******ийн өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө би гэртээ байж байхад******манай хашаанд орж ирээд гэрийн хаалгаар шагайчхаад цааш явсан. Би ******* араас нь гарахад тэр манай хашааг даваад гарах гэж байхаар нь би араас нь татсан.******хашааны банз хуга өшиглөж орж ирээд миний нүүрэн тус газарт 1 удаа цохисон. Тэгэхээр нь би ******* 2-3 удаа нүүр лүү нь цохисон. Миний түргэн уураас болоод ийм зүйл боллоо. Миний буруу. Би хохирогчид 800.000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч ******* өгсөн: Би сар шинийн баяр болж байсан учир айлд золголт хийгээд архи уусан. Тэгээд*******, ****** гэх хоёр найзтайгаа Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн ****** тоотод байх гэр лүүгээ явсан. Тэгээд хамт явж байсан хоёр найзыгаа гэртээ түрүүлж оруулчхаад би хажуу талын 68 тоотын нэрийг нь сайн мэдэхгүй таньдаг айл руу хашааг нь даваад орсон. Тэгсэн хашаанд хоёр гэр байсан. Эхний гэрийг онгойлгоход танихгүй эмэгтэй хүн байсан. Би хаалгыг нь хаагаад нөгөө гэр лүү очиж хаалгаар нь шагайтал бас танихгүй хүн байсан. Буцаад гэр лүүгээ орохоор хашаа давах гэж байтал сүүлд орсон гэрээс хоёр хүн гарч ирээд надтай маргалдаж, намайг зодсон. ****** миний нүүр лүү цохисон, өшиглөсөн. Тэгээд ****** намайг найзынхаа хамт гэр лүүгээ чирээд оруулсан. ****** нь миний эмчилгээний зардалд 800.000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг /хх-ийн 9-12 /,

Гэрч****** өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 21-ний шөнө унтах гээд гэртээ ганцаараа байж байтал нэг танихгүй хүн хаалга онгойлгож шагайсан. Би юун хүн бэ? гэхэд хаалга хаагаад цааш явсан. Тэгээд орондоо ороод хэвтэж байтал гадаа чимээ гарахаар нь хартал зүүн талын хашааны банз уначихсан, нөгөө хаалга онгойлгож байсан залуутай манай хүргэн барилцаад авчихсан маргалдаад зогсож байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

Гэрч ******* өгсөн: Би ******ийнд хонох гээд байж байтал нэг хүн гэрийн хаалгаар шагайчхаад цаашаа явсан. ****** юун хүн бэ? гээд араас нь гарсан. Тэгээд гадаа ****** яагаад хашаа даваад байгаа юм бэ? гээд орилоод байхаар нь би араас нь гарсан. Ертөнцийн зүгээр баруун талын хашааны хажууд ****** нэг залуутай заамдалцаад зогсож байхаар нь би больцгоо гэсэн. ****** “энэ хүн хашаа даваад хашааны банз эвдчихлээ” гэхээр нь би “цагдаа дууд, наад хүнээ гэртээ чирээд оруул” гэж хэлсэн. Тэгсэн тэр хүн ******ийн толгой руу нь гараараа нэг удаа цохисон. ****** зөрүүлээд цохисон. Гэхдээ ****** тэр залууг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Тэгээд ****** бид хоёр тэр залууг гэр лүү оруулахад уг залуугийн хамарнаас цус гарчихсан байсан. Тэгээд цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

Гэрч ******* өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад ****** тоотод маргаан болж байна гэсэн дуудлага ирж, дуудлагын дагуу очсон. ****** гэх залуу нь “Би гэртээ унтах гэж байтал******нь гэрийн хаалга онгойлгож хараад юу ч болоогүй юм шиг буцаад явахаар нь би араас гараад нүүр лүү нь цохисон. Мөн ******* нүүр лүү нэг удаа өшиглөсөн” гэж хэлсэн. Харин******нь “****** гэх залуу намайг зодсон” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 308 дугаартай “******* биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүрний цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн гэмтэл болно. ******* учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19/

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн “****** бусдад зодуулсан гэх, нүүр хэсгээр зулгарсан шархтай, хамар тэмтрэхэд эмзэглэлтэй ” гэх тодорхойлолт /хх-ийн 20/,

“Бид” эмнэлгийн “****** нь бусдад зодуулсан гэнэ. Үзлэгээр баруун нүдний доод зовхинд цус хурсан. Баруун хацар, хамрын баруун талд цус шимэгдсэн шаргал туяатай. Хамрын нуруу зүүн тийш бага зэрэг мурийсан. Тэмтэрч үзэхэд эмзэгдүү. Хамрын хажуу яс хугарч цөмөрсөн, бараг хөдөлгөөнгүй. Хамрын хөндийг харахад таславч баруун тийш мурийж баруун доод намалдаг шүргэсэн...” гэх тодорхойлолт /хх-ийн 21/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч ******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүрний цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардал 800.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /хх-ийн 51/, хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн “...****** нь миний эмчилгээний зардалд 800.000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 11/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Иймд шүүгдэгч ****** нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ****** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгаа ба хохирогч ******ий бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүйгээр хашаа давж орж ирсэн, хашааных нь банзыг хугалж, шүүгдэгч ******ийг цохиж, хэрүүл маргаан үүсгэсэн зэрэг зүй бус үйлдэл нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч ******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь “Овоот Хөх Уул” ХХК-д жолоочоор ажилладаг, сард 500.000 төгрөгийн цалин авдаг болох нь НДД № А1459433 дугаартай нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байх тул түүний цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар ******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР