| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2310041681078 |
| Дугаар | 2025/ДШМ/416 |
| Огноо | 2025-04-08 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/416
2025 04 08 2025/ДШМ/416
Ц.Х-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Сүрмандах,
шүүгдэгч Ц.Х-, түүний өмгөөлөгч Ц.Галбадрах,
хохирогч Б.Г, түүний өмгөөлөгч А.Туул,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/461 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Х-ын өмгөөлөгч Ц.Галбадрахын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Х-ад холбогдох 2310041681078 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Ц-ийн Х .................... тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаа ял шийтгэгдэж байсан: -2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан;
Ц.Х- нь Солонгос Улсаас автомашины болон задаргааны сэлбэг хэрэгслүүд хилээр оруулж ирж бусдад зарж борлуулдаг ажил эрхэлдэггүй атлаа би “...Солонгос Улсаас автомашины сэлбэг, автомашин оруулж ирдэг, чи сэлбэг захиалах уу, Солонгос Улсад задарч байгаа соната 7, 8 загварын автомашинуудын зургийг нь харуулж, задаргаанд машин авах уу, Соната 7, нэг ширхэг Соната 8, Киа 5 загварын автомашины задаргаа сэлбэгүүд байна, чи авах уу, гэрт чинь угаалгын машин авч өгье...” гэх зэргээр Б.Г-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, буцаан өгөх санаа зорилгогүйгээр 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд хохирогч Б.Г-оос Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах засварын газарт байхад нь болон мөн тус дүүргийн 17 дугаар хорооны 76 дугаар байрны 2 тоотод болон .... дүүргийн ..... дугаар хороо, К хотхоны ..... дугаар байрны ....тоотод гэртээ байхад өөрийн ХААН банкны 5037ххххххх дугаар дансаар 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 60,943,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
мөн хохирогч Б.Гын эзэмшилд байсан Б.Хад итгэмжлэн өгсөн Hyundai Sonata-7 загварын автомашиныг 2024 оны 4 дүгээр сард Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх засварын газраас нь зараад өгнө гэж авч явж, 9,000,000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 11 дүгээр сард, 2023 оны 02 дугаар сард iphone 13 рго max загварын 256gb, iphone 14 рго max 512gb-н 2 ширхэг гар утсыг зарж борлуулж өгнө гэж хэлж авч яваад үнийг өгөлгүйгээр 8,400,000 төгрөгийн буюу нийт 17,400,000 төгрөгийн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Ц.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б овогт Ц-ийн Х-ыг “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэргийг, “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 61,726,000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Х-ын өмгөөлөгч Ц.Галбадрах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн тухайд: Залилах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг, 2.2 дахь заалтаар их хэмжээний хохирол учруулсан гэж материаллаг шинжийг заадаг. Прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэхдээ, шүүгдэгчийг 13 удаагийн үйлдлээр хохирогчид нийт 66,435,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн. Мөн шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “шүүгдэгч Ц.Х- нь хохирогчоос авсан мөнгөнөөс нэг л удаа 6,075,000 төгрөгийг бусад руу шилжүүлсэн, бусад мөнгийг өөртөө авсан байсан. Энэ авсан мөнгөнийхөө хариуд нэг ч сэлбэг, машин өгөөгүй, өгөх сэдэл байгаагүй” гэж, хохирогч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мөн адил “би шүүгдэгчээс хоёрхон л машин авсан, өөр юу ч аваагүй" гэж тайлбарладаг.
Анхан шатны шүүх Ц.Х-ын холбогдсон “Залилах” гэмт хэргийн шийдвэрийн үндэслэлээ шүүгдэгч нь хохирогчид сэлбэг, машин авч ирж өгнө гэж мөнгийг авсан атлаа огт сэлбэг, машин захиалаагүй гэж тайлбарласан. Гэтэл хэрэгт авагдсан хохирогчийн дансны хуулганаас харвал бусад руу мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утганд өөрийн нэрийг “гэгээ” гэж бичдэг байх ба яг энэ нэрээр шүүгдэгч Ц.Х- нь хохирогчоос авсан мөнгөө хохирогчийн нэрээр Солонгос улсаас сэлбэг, автомашин Монгол Улс руу илгээх замаар хамтран ажилладаг байсан гэх Ч гэдэг хүн рүү валютын ченжүүдээр дамжуулан шилжүүлэхээс гадна, Ч гэдэг гүйлгээний утгатайгаар 8 удаа, нийт 9 удаагийн: - 2022.07.07-ны өдөр 9,880,000 төгрөгийг аваад 2022.07.07-ны өдөр Ж-ын Э гэдэг хүний данс руу “гэгээ” гэсэн гүйлгээний утгатайгаар 9,880,000 төгрөгийг шилжүүлсэн /хх-ийн 147/, 2022.07.10-ны өдөр 2,500,000 төгрөг, 2022.07.24-ний өдөр 7,595,000 төгрөгийг аваад 2022.07.25-ны өдөр Б-ын Б гэдэг хүний данс руу “ch” гэх гүйлгээний утгатайгаар 5,880,000 төгрөгийг шилжүүлсэн /хх-ийн 151/, 2022.07.27-ны өдөр 9,760,000 төгрөгийг, 2022.08.07-ны өдөр 3,000,000 төгрөгийг аваад 2022.08.13-ны өдөр Б-ын Б гэдэг хүний данс руу “ch” гэх гүйлгээний утгатайгаар 6,500,000 төгрөгийг /хх-ийн 156/, 2022.08.26-ны өдөр 6,200,000 төгрөгийг аваад 2022.08.26-ны өдөр М-ын Д гэдэг хүний данс руу “ch” гэх гүйлгээний утгатайгаар 6,075,000 төгрөгийг /хх-ийн 159/, 2022.09.01-ний өдөр 5,000,000 төгрөгийг аваад 2022.09.15-ны өдөр Б-ын Б гэдэг хүний данс руу “ch” гэх гүйлгээний утгатайгаар 1,000,000 төгрөгийг /хх-ийн 164/, 2022.12.03-ны өдөр Б-ийн Э гэдэг хүний данс руу "ch” гэх гүйлгээний утгатайгаар 1,500,000 төгрөгийг /хх-ийн 178/, 2022.12.22-ны өдөр 2,000,000 төгрөгийг аваад 2022.12.22-ны өдөр Б-ийн Э гэдэг хүний данс руу “ch” гэх гүйлгээний утгатайгаар 1,400,000 төгрөгийг /хх-ийн 182/, 2022.01.16-ны өдөр О-ийн А гэдэг хүний данс руу “ch” гэх гүйлгээний утгатайгаар 2,840,000 төгрөгийг /хх-ийн 186/, 2023.02.23-ны өдөр С-ийн С гэдэг хүний данс руу “ch” гэх гүйлгээний утгатайгаар 1,400,000 төгрөгийг /хх-ийн 195/ буюу нийт 9 удаагийн гүйлгээгээр 36,475,000 төгрөгийг сэлбэг, машин захиалахаар цааш дамжуулан шилжүүлсэн байна. Тэгэхээр хохирогчоос авсан мөнгөө цааш нь шилжүүлээд байгаа зорилгыг, энэ мөнгөн шилжүүлэг хийгээд байгаа хүмүүсийн үйлдлийг шалгахгүйгээр шууд шүүгдэгчийг буруутгаж байгаа нь Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцэхгүйгээс гадна залилах гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байгаа юм.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар зүйлчилсэн тухайд: Хохирогчоос анх гомдол гаргахдаа миний Айфоне 13 загварын утсыг зарж өгнө гээд авч яваад зарсан ч мөнгийг нь өгөөгүй, Айфоне 14 загварын утсыг надаар дамжуулан Америкаас захиалуулан авчруулсан боловч мөнгийг нь өгөөгүй, Хар өнгийн Соната 7 машиныг манай грашаас зараад ирье гэж авч яваад мөнгийг өгөөгүй гэж хэлсэн байдаг. Үүнийг прокурор болон шүүгч хөрөнгө завших гэмт хэрэг гэж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” буюу завших гэдэг нь гэмт этгээд түүнд итгэмжлэн өгсөн бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид эд зүйлс, өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр өгөхгүй байгааг ойлгох ойлголт юм.
2.1. Хар өнгийн Соната-7 загварын машиныг залилсан эсэх: -Хар өнгийн Соната-7 загварын машиныг анх худалдаж авахдаа шүүгдэгч, хохирогч нь хамтарч 4,500,000 төгрөгөөр худалдан авч, завсар хийж засварласны дараа шүүгдэгч зарсан нь хохирогчийн эд хөрөнгийг завшсан гэж үзэх үндэслэл болохгүй. Харин өөрийн гаргасан зардал эсхүл ногдох хэсгээ шаардаж болох ба энэ нь Иргэний эрх зүйгээр зохицуулах харилцаа юм. Тодруулбал, хохирогчоос шүүгдэгч рүү 2022.09.02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022.09.15-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг ба үүнийгээ хохирогч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа шүүгдэгчтэй хамтарч 4,500,000 төгрөгөөр хар өнгийн Соната-7 автомашин авахаар болж үнийн тал хувь болох 2,500,000 төгрөгийг өгсөн. Ингээд Соната-7 автомашин авч засварласны дараа шүүгдэгч авч яваад зарсан учраас би машинаараа хохирсон гэж үзэж байгаа гээд машиныг үнэлсэн үнэлгээгээр тогтоогдсон 9 сая төгрөгөөр хохирсон буюу энэ хэмжээний мөнгөө завшуулсан гэж тайлбарладаг. Гэтэл хоёр талаас мөнгө нийлүүлж аваад, хамт засварласан атлаа яагаад зөвхөн хохирогчид хохирол болж тооцогдоод байна вэ гэдгийг дүгнээгүй. Хэрэв үнэлгээгээр 9 сая төгрөг гэж үнэлэгдсэн тохиолдолд хөрөнгө оруулсан хэмжээ буюу хоёр тал тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 4.5 сая төгрөгөөр хуваан авах ёстой байхад нэг талд хохирол болгон тодорхойлсон. Түүнчлэн уг машиныг авахад зарцуулсан 2,500,000 төгрөгөө залилах гэмт хэргийн хохиролд тооцуулсан атлаа, дээрх 2,500,000 төгрөгөөр хөрөнгө оруулж авсан Соната-7 машины үнэлгээ болох 9 сая төгрөгийг завших гэмт хэрэгт хохирол болгон тооцуулаад байна. Угтаа 4,500,000 төгрөг л байх ёстой атал 11,500,000 төгрөг гэх хийсвэр үнийн дүн гаргаж 7 сая төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөлийг бий болгоод байна.
Айфоне 14 загварын утас завшсан эсэх тухайд: Айфоне 14 загварын гар утсыг хохирогч гэх Г-д хэлж байгаад түүний төрсөн ахаар дамжуулан Америк улсаас захиалуулж авсан гэдгийг, мөнгийг нь сэлбэгийн төлбөрт тооцуулахаар тохиролцсон гэдгээ талуудын хэн аль нь шүүх хуралдаан дээр зөвшөөрдөг. Тэгэхээр гар утасны төлбөр төлсөн эсэх буюу иргэний маргаанд хамаарах л асуудал байхад завших гэмт хэрэгт хамаатуулж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал, завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг хувьдаа ашиглах, захиран зарцуулах тухай. Гэтэл Х хохирогчоос эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж аваагүй, харин өөрөө авахаар захиалуулж авсан бөгөөд мөнгийг нь төлөөгүй асуудал л байгаа нь гэмт хэргийн үндсэн шинжид огт хамаарахгүй юм.
2.3. Айфоне 13 загварын гар утсыг завшсан эсэх тухайд: Хохирогч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шүүгдэгч нь миний Айфоне 13 загварын гар утсыг зараад өгье гэж авч яваад мөнгийг нь өгөөгүй учраас энэ хэмжээгээр хохирсон гэж тодорхойлсныг шүүгч болон улсын яллагчаас хөрөнгө завшсан гэж зүйлчилдэг. Гэвч шүүх хуралдаанд шүүгдэгч хохирогчоос Айфоне 13 загварын гар утсыг нь аваад зөрүүлээд Айфоне 11 загварын гар утас өгсөн гэдгээ хэлдэг бол хохирогч гар утас хүлээн авсан гэдгээ мөн адил хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр Айфоне 13, Айфоне 11 загварын гар утасны зөрүү үнийг шаардах нь иргэний эрх зүйн харилцаанд хамаарах атал Эрүүгийн эрх зүй буюу хөрөнгө завших гэмт хэрэгт хамаатуулж зүйлчилсэн нь хуулийг буруу хэрэглэсэн буюу объектив шинжийг хангахгүй байна.
3. Дээр дурдсанаас гадна хасагдах ёстой төлбөрүүд хасагдаагүй тухайд: Анхан шатны шүүхийн шүүгч нь чи гэм буруугийн асуудлаар маргаж байгаа учраас гэх субъектив байдлаар хэргийн нөхцөл байдалд хандаж, цаашлаад шүүгдэгчийг шууд буруутгах замаар хэргийг шийдвэрлэсэн. Түүнчлэн, хохирлоо төлж барагдуулах боломжит хугацаа авах хүсэлтийг гаргахад “чи гэм буруу дээр маргаж байгаа учраас чамд хугацаа олгохгүй” гэж байгаа нь өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлийнхээ төлөө хариуцлага хүлээсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хохирогч нь шүүгдэгчид 13 удаагийн үйлдлээр 66,435,000 төгрөгийг шилжүүлсэн гэдэг боловч үүнээс шүүгдэгчийн буцаан шилжүүлсэн буюу хохирогчоос 2022.10.29-ний өдөр 5 сая төгрөг /залилуулсан гэх мөнгөн дүнд ороогүй/ зээлээд, 2022.11.30-ны өдөр 6 сая төгрөгийг /хх-ийн 78/ буцаан шилжүүлсэн зөрүү 1 сая төгрөгийг, 2023.02.04-ний өдөр шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг /хх-ийн 191/, 2023.11.25-ны өдөр шилжүүлсэн 3,140,000 төгрөгийг /3,000,000 төгрөг/, 2,000,000 төгрөгийг, 1,500,000 төгрөг зэрэг нийт 10,000,000 төгрөг хасагдаагүй.
Хохирогч, шүүгдэгч нарын хооронд нийт 4 ширхэг автомашины асуудал яригддаг. Үүнээс 2 ширхэг нь Киа-5, 2 ширхэг нь Соната-7 загварын автомашин. 1 ширхэг Киа-5 автомашины төлбөр тооцоо энэ хэрэг үүсэхээс өмнө дуусгавар болсон учраас яригддаггүй. Харин сүүлийн Киа-5 загварын автомашиныг хохирогч гааль дээрээс хүлээн аваад цаашаа Казакстан улс руу гаргаж зарсан байдаг ба үүнээс зөрүү 10,117,000 төгрөгийг шүүгдэгч рүү шилжүүлсэн мөнгөнөөс суутгасан гэдэг боловч угтаа хасагдаагүй. 2 ширхэг Соната-7 загварын автомашины нэг машиныг хамтарч худалдан авсан бол нөгөө машины мөнгийг дутуу шилжүүлснийг шүүгдэгч өөрөөсөө мөнгө нэмж гуравдагч этгээд буюу машины эзэн рүү шилжүүлсэн байдаг. Зөрүү 1,000,000 төгрөг. Нийт бэлнээр 10,000,000 төгрөг, Киа-5 загварын 1 ширхэг машины 10,117,000 төгрөг, саарал Соната-7 загварын автомашины дутуу төлсөн 1,000,000 төгрөг буюу 21,117,000 төгрөг хасагдаагүй.
Шүүгдэгч хохирогчид сэлбэг захиалж өгөхөөр мөнгийг нь аваад хувьдаа бус цааш нь шилжүүлээд байгаа. Хэдийгээр захиалсан сэлбэг нь бүрэн ирээгүй хэдий ч сэлбэг захиалах гэж өгсөн мөнгөнөөс нь саарал өнгийн Соната-7 машин авахад нь 1 сая төгрөгийг нь зарцуулахаас гадна машины 3 мотор, Киа-5 загварын импортоор орж ирсэн машиныг өгөхөөс гадна өөрийнх нь хувийн данс руу мөнгө шилжүүлээд байгаа нь залилах гэмт хэргийн хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэх шинжийг үгүйсгэж байна. Шүүгдэгчийн зүгээс хохирогчоос мөнгө авсан гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулах зорилгоор удаа дараа боломжит саналыг гаргасан байдаг. Мөн шүүх хуралдааны явцад ч гэсэн хохирлыг барагдуулна гэдгээ бүрэн илэрхийлсэн нь хохирогчийг залилах санаа, сэдэл огт байхгүй байсан гэдгийг бүрэн илтгэж байна. Улсын Дээд шүүхийн 2019.12.16-ны өдрийн 661 дүгээр тогтоолд “эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой” байх гэсэн гэмт хэрэг үйлдэх санаа, сэдлээрээ иргэний эрх зүйн харилцаанаас ялгаатай, хэрэв уг шинжийг хангаагүй тохиололд иргэний шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан. Хэргийн бодит байдлыг харвал шүүгдэгчийн зүгээс хохирлыг барагдуулах зорилгоор удаа дараа саналаа гаргасан, мөн сэлбэг, машин, бэлэн мөнгө хэлбэрээр шилжүүлж байсан нь залилах гэмт хэргийн буцаан төлөх зорилгогүй байсан гэдэг шинжийг үгүйсгэж байна.
Мэтгэлцэх зарчим хэрэгжсэн тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан. Өмгөөлөгчийн хувьд хуулийн хүрээнд үйлчлүүлэгчээ өмгөөлөхийн тулд холбогдуулсан зүйл анги, үйлдэл тус бүрт тайлбар хэлэх атал шүүхээс өмгөөлөгчийн нэг удаагийн тайлбарыг 5 минутаар тогтоож өгсөн нь мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлэхэд төдийлөн хангалттай хугацаа биш байсан.
Түүнчлэн, улсын яллагч буюу прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлийн 1-т “ Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Хэрэгт авагдсан баримт болон шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн, гэмт хэргийн шинж бүхий нөхцөл байдал эргэлзээтэй байхад түүнийг тодруулахгүйгээр, хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн тул прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Б.Г-ын өмгөөлөгч А.Туул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шатанд орж ирсэн өмгөөлөгч өнгөц, илтгэх чадварын уралдаанд оролцсон юм шиг ийм зүйл ярьж суугаагаа бодолцох хэрэгтэй. Учир нь, гэм буруутай үйлдлийг олон сар, жил дамнан шалгаж оруулж ирсэн. Түүнээс өмгөөлөгчид ашигтай буюу илтгэх ур чадварын тэмцээнд зориулж шалгаагүй. Хасаж тооцсон зүйлүүдийг прокурорын шатанд 2 талыг байлцуулж шийдвэрлэсэн. Завшсан гэж үзэж байгаа зүйл нь ах руугаа захиж байгаа гэдгийг нь сонсчихоод захиалуулсан юм гээд өөрт ашигтай үг, үсгүүдийг нь түүж хэлээд байна. Хүн алдаа гаргадаг, буруу зөрүү юм ярьдаг. Гэтэл шүүхийн шатанд орж ирээд өмнө нь тооцоолол хийсэн зүйлүүдийг энийг хасаагүй гэж байна. Жишээ нь, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг авчихаад эргүүлээд 2.500.000 төгрөг шилжүүлж, 500.000 төгрөгийг нь буцааж өгөөгүй. Гэтэл мөнгийг нь авчихаад буцааж шилжүүлсэн мөнгө төлөөд байгаа мэт ярьж байна. Мөн хамгийн сүүлд цагдаа, шүүх болоод, өгсөн Киа машиныг нь авахаар гааль дээр очиход Ц.Х-ын нэр дээр ирээгүй, өөр хүний нэр дээр ирээд бас явдал болсон. Гаалийн татвар болон бусад зүйлийн өртөг болох 4.500.000 төгрөгийг төлөөд миний үйлчлүүлэгч авсан. Ц.Х-ын нэр дээр 2 ачааны автомашин ирсэн байдаг. Түүнээс сэлбэг оруулж ирээгүй. Гэтэл ачаа буух гэж байна зэрэг асуудлаар гэр бүл болон бусад хүмүүс рүүгээ мөнгө шилжүүлж авчихаад, эргүүлж шилжүүлсэн мөнгийг мөнгө төлж байсан гэж тайлбарлаж байна. Өмгөөлөгч, прокурор хэдэн минут хэлэлцэх вэ, хэдэн минут ярилцах вэ гэдэг зүйлүүдийг гаргаж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч 5 минут гэсэн дурдаж байна. Бид тохироод хуулийн дагуу явагдсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж хохирол төлбөр төлүүлэх шийдвэр нь үндэслэлтэй гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. ...” гэв.
Хохирогч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Х-ын өмгөөлөгч гаалийн талбай дээр очиж харсан гэж байна. Ц.Х-ыг сэлбэг буулгаж байхад би гаалийн талбай дээр очиж харсан тохиолдол байхгүй. Манай ажил дээр ачааны машин авчирсан бөгөөд машины хөгжим, камер зэрэг зүйл байсан. Энэ нь надтай огт хамаагүй. Үүнийг сэлбэг оруулж ирснийг гаалийн талбай дээр харсан гэж ярьж байна. Хамгийн эхний захиалсан сэлбэг “Владивосток боомтоор ирж байгаа, одоо ирсэн шүү, чи дулаан хувцсаа бэлдээрэй, Сэлэнгэ аймаг руу явж авна” гэж хэлэхээр нь би явна гэж бодоод машиндаа дулаан хувцсаа бэлдчихсэн байсан байхгүй. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Х- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анх Hyundai Sonata-7 загварын автомашиныг авч байсан. Би өөр хүнд зарсан байж байгаад нөгөө хүн би гадаад явахаар боллоо, чи 4.500.000 төгрөгөөр буцааж ав гээд би Б.Год ийм машин байна, хоёулаа энэ машиныг зараад мөнгө харчихъя гээд авчирсан. Засвар, сэлбэг хийсэн гээд байгаа нь онхолдсон машины сэлбэг хийсэн. БНСУ-аас сэлбэг орж ирээд тэр машины шилэн дээврийг нь манай хамаатны дүү ирж гагнаж засвар хийсэн. Ахиад нэг Hyundai Sonata-7 загварын автомашин яригдаж байгаа. Үүнийг би 3.500.000 төгрөгөөр аваад “чи 2.500.000 төгрөгөөр ав, би обудыг нь авъя” гэж хэлээд бас тал нь байхгүй. Энэ мөнгөө бодохгүй, бүх зүйлээ над руу чихээд байна. Мөн Б.Г-ын хашаанд 4 ширхэг гааль Портер машин орж ирсэн бөгөөд миний нэр дээр Kia 5 маркийн автомашин байсан. Kia 5 маркийн автомашиныг Приус-30 маркийн автомашинаар сольж авч явсан. Үүнийг ярихгүй байна. БНСУ-аас машин нэр дээр орж ирээгүй гэдэг нь карго ирээд итгэмжлэл хийгээд нэр рүү нь шилжүүлдэг. Сүүлд өгсөн Kia 5 маркийн автомашин миний нэр дээр орж ирээгүй ч гэсэн би энэ хүний нэр дээр шилжүүлээд өг гэж ярьсан. Тэгээд оруулж ирдэг хүн нь энэ хүний нэр дээр шилжүүлж болох юм уу гэж надаас асуусан вайбэр мессеж байгаа. ...” гэв.
Прокурор Б.Сүрмандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэгдүгээрт, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй, хоёрдугаарт, хохирлын тооцоо буруу, хасагдах зүйлийг хасаагүй гэсэн үндэслэлээр гомдол гаргасан байна. Нэгдүгээрт, залилах гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан гэсэн үйлдэл дээр өмгөөлөгч гомдолдоо нийт 9 удаагийн үйлдлээр 36.475.000 төгрөгийг цааш дамжуулж нэр бүхий хүмүүст өгсөн гэж байна. Жишээлбэл, н.Б, н.Д, н.Э, н.А гэх мэт хүмүүст өгсөн нь дансны хуулгаар харагддаг. Энэ үйлдлүүдийг шалгаагүй, шүүгдэгч энэ мөнгийг аваад залилах санаа зорилго байсан эсэхийг тогтоогоогүй гэж дурдсан. Ямар учиртай мөнгө авсан бэ гэхээр сэлбэг, машин оруулж ирнэ гэж авсан. Хохирогчид бодитоор өгсөн сэлбэг, машин байхгүй байдаг. Энэ нь залилах гэмт хэрэг гэж үзэх үндсэн шинж болж байгаа юм. Эдгээр мөнгөнүүдийг хэнд, ямар учиртай шилжүүлсэн талаар яллагдагчаас мэдүүлэг авсан бөгөөд “ченж нар, энэ хэрэгт хамааралгүй, мөнгөө гуйвуулах зорилгоор ченж нарын данс руу шилжүүлдэг” гэж мэдүүлдэг. Мөн Ч гэх хүн ямар учиртай вэ гэдгийг тодруулахад “Ч БНСУ-д байдаг, би нэр, хаягийг нь мэдэхгүй, Ч-той харьцаж чадахгүй болсон” гэж яллагдагч ярьдаг. Тэгээд Ч гэх хүнд мөнгө өгсөн боловч машины сэлбэгээ авч чадаагүй бол ямар нэгэн байдлаар цагдаа, прокурор, шүүхэд хандаж шалгуулах ёстой байсан. Гэтэл шүүгдэгч Ц.Х- нэг ч шалгуулсан үйл баримт гаргаж ирдэггүй. Тэгэхээр хохирогчийн мөнгөнөөс шилжүүлж байсан үйл баримт нь Ч, Ц.Х- нарын хооронд өр тооцооны асуудал, эсхүл бусад асуудал байсан байх боломжтой. Хохирогчоос сэлбэг хэрэгсэл оруулж ирнэ, хямдхан машин оруулж ирж зарна гэж мөнгө аваад байсан үйлдлүүд нь бодит байдлыг зохиомлоор бий болгосон. Учир нь, Ц.Х-ын нэр дээр сэлбэг, машин оруулж ирээд зараад байсан үйл баримт тогтоогддоггүй. Хуулгыг нь авахад 2 ачааны оруулж ирсэн байдаг. Хохирогч анхан шатны шүүх хуралдаан дээр “би жижиг суудлын автомашины сэлбэг авч засаж янзалдаг, надад ачааны автомашин хэрэггүй” гэж мэдүүлдэг. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан энэ гэмт хэргийг зүйлчилсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нэг автомашин оруулж ирсэн үйл баримт байна, энэ нь залилах гэмт хэргийн шинжтэй юу, үгүй юу гэж гомдолдоо дурдсан байгаа. Хохирогчийн зүгээс “Ц.Х-ын машин биш байсан, намайг нэхээд байхаар хүний оруулж ирсэн машиныг гуйж миний нэр рүү шилжүүлж зарж байсан” гэж мэдүүлдэг. Энэ машиныг зарсан учраас хохирогч хохирлоос 10.117.000 төгрөгийг хасаж тооцсон. Үүнийг шүүгдэгчийн өмгөөлөгч гомдолдоо хасаагүй байна гэж бичсэн байгаа. Ийм нөхцөл байдлуудыг үндэслэн залилах гэмт хэрэг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн зүйлчлэл үндэслэлтэй. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэрэг байгаа. Үүнд 2 гар утас, 1 тээврийн хэрэгслийн асуудал яригддаг. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой шүүгдэгчийн өмгөөлөгч хэрэгт авагдсан баримт, болсон үйл баримтыг өөрөөр ярьж байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт талууд хангалттай асууж тодруулсан. Завшсан гэх 1 тээврийн хэрэгсэл ямар учиртай гэхээр Ц.Х- хохирогчид хямдхан барьцааны машин байна, энийг хоёулаа авч зармаар байна гэхэд нь хохирогч зөвшөөрөөд 2.500.000 төгрөг барьцаанд нь өгөөд тухайн машиныг авсан. Үлдсэн барьцааг нь Ц.Х- төлөөгүй гэдгийг хохирогч мэдсэн байдаг. Тэгээд 2.500.000 төгрөгийг автомашин буюу аваарт ороод зарах боломжгүй тээврийн хэрэгсэл байсан бөгөөд хохирогч өөрөөсөө 7 сая гаруй төгрөгийн сэлбэг хэрэгсэл оруулж засаж янзалсан. Ц.Х- хамтран оролцож зассан, түүний хөрөнгө орсон гэдэг ямар нэгэн үйл баримт байдаггүй. Хэрэгт энэ талаар баримт байхгүй, хохирогч энэ талаар мэдүүлдэггүй. Гэтэл давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хамтран засаж янзлаад зарсан автомашин гэж өмгөөлөгчийн зүгээс үндэслэлгүй ярьж байна. Тэгээд тухайн автомашиныг засаж янзлаад бэлэн болоход нь Ц.Х- “би зараад ирье” гээд аваад явсан. Тэгэхээр энэ автомашин нь хохирогч хөрөнгөөр түүний мэдэлд ирсэн, хохирогчийн эд хөрөнгө байсан гэж үзэх үндэслэлтэй. Ц.Х- тухайн автомашиныг 12.000.000 төгрөгөөр зарсан атлаа хохирогчид мөнгө төлөөгүй. Энэ үйлдлийг прокурорын зүгээс бусдыг зараад өгье гэхээр нь итгээд ам тохиролцоо хийгээд хэлцлийн үндсэн дээр өгч явуулсан эд хөрөнгийг зарж борлуулчихаад мөнгийг нь өгөөгүй үйлдэл нь завших гэмт хэрэг гэж үзсэн. 2 гар утасны тухайд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 1 гар утсыг нь захиалсан байсан гэж ярьдаг. Гэтэл энэ нь хохирогчийн анхан шатны шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгээр тодорхой болсон бөгөөд “ахаасаа утас захиалж байгааг нь мэдчихээд би ч бас захиалъя гээд захиалсан” гэж ярьдаг. Тэгээд гар утас ирэхээр нь “мөнгө өгч байж ав, үгүй бол өөр хүнд зарна гэхэд нь би зараад ирье” гээд 2 гар утсыг аваад явсан гэж хохирогч мэдүүлдэг. Анх захиалж байсан нь үнэн гэхдээ сэдэл, санаа зорилгоо нь мөнгөө өгөөд ав гэхээр нь өгч чадахгүй болохоор зараад өгье гээд авч явсан үйл баримт анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхой яригдсан. Тиймээс анхан шатны шүүх завших гэмт хэргийн үйл баримтыг зөв дүгнэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дурдсан хэргийн зүйлчлэл тохироогүй, нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэсэн үйл баримт нь үндэслэлгүй. Учир нь, Ч болон бусад хүн рүү шилжүүлсэн 9 удаагийн гүйлгээний баримтыг нэг бүрчлэн шалгах шаардлагагүй. Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийн өөрийн өмчлөлд аваад төгсдөг. Зарцуулалтыг хөөж шалгах шаардлагагүй. Энэ талаар яллагдагч мэдүүлсэн байгаа. Мөн давж заалдах гомдолд хохирлоос хасагдах дүн хасагдаагүй гэж дурдсан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр яригдсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн үйл баримтаа зөв ойлгохгүй байгаа. Прокурорын зүгээс үүнийг өмгөөлөгчид хэлсэн. Жишээлбэл, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөг өгөөд 6.000.000 төгрөг болгож авсан, зөрүү 1.000.000 төгрөгийг нь илүү авчихлаа гэж байна. Энэ нь хохирогчийн хохирсон үйл баримттай цаг хугацааны хувьд хамааралгүй. Хохирогчийн зүгээс зээлэх шугамаар аваад хүүтэй нь 6.000.000 төгрөг болгож авсан гэж ярьдаг. Мөн давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн зүгээс 500.000 төгрөгийг энэ мөнгийг тооцоогүй, үүнд таарна биз дээ, хэргийн үйл баримтад хамааралгүй гэдгийг хэлээд байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 2.500.000 төгрөг данс руу нь орсон, үүнийг мөн хохирлоос хасаагүй гэж байна. Энэ нь огт хамааралгүй мөнгө гэдгийг хохирогч дурддаг. Шүүгдэгч, хохирогч нар мөнгө өгч, авч байсан үйл баримтууд байдаг. Би яллах дүгнэлтэд тэднээс тэдний хугацааны тэдэн төгрөг гээд дүгнээд ирсэн. Гэтэл шүүгдэгч, хохирогч хоёрын өмнө нь, эсхүл хойно нь өгч, авч байсан мөнгөнүүдийг оруулж ирээд хохирол гэж яриад будилуулаад байдаг. 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 3.140.000 төгрөгийн 140.000 төгрөг нь хохирогчоос гарсан үнэлгээний мөнгө бөгөөд 3.000.000 төгрөгийг хохиролд тооцно гэж хохирогч ярьсан. Хавтаст хэргийн 218-219 дүгээр хуудсанд авагдсан мэдүүлэгт хэдэн төгрөг хохиролд өгсөн, авсан талаар нарийн тооцож, дансны хуулга тулгаж мэдүүлэг авсан бөгөөд “2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 3.000.000 төгрөг мөн 2.000.000 төгрөг, 1.500.000 төгрөгийг дансаар орсон, би үүнийг зөвшөөрч байна” гээд нийт 6.500.000 төгрөгийг хохирлоос хассан. Мөн Киа-5 автомашиныг зарсан мөнгөнөөс 10.117.000 төгрөгийг хасаж тооцоогүй гэж гомдолд дурдсан байна. Хохирогчийн зүгээс би үүнийг хасаад үлдсэн мөнгөнөөсөө тооцсон учраас 10.117.000 төгрөгийг хасна гэж анхнаасаа мэдүүлээд хохирлоос хассан. Нийт хохирлын дүнг яллах дүгнэлтийн хавсралтад залилах болон завших гэмт хэргийн улмаас 78.373.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнээд үүнээс автомашин зарсан 10.117.000 төгрөг, дансаар авсан 6.500.000 төгрөгийг хасаж нийт төлөгдөөгүй хохирлыг 61.726.000 төгрөгөөр тооцсон. Энэ нь хэргийн нөхцөл байдалтай зөрөөгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
1. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлт тэдгээрийн тайлбар гаргах хугацааг талуудын санал, хүсэлтийг харгалзан урьдчилан тогтооно.” гэж зааснаар анхан шатны шүүх шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгчийн дүгнэлт , тайлбар гаргах хугацааг талуудын саналыг харгалзан тус тус 5 минутаар тогтоосон болох нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хохирогчийн өмгөөлөгч А.Туулын тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл /2 хх 42 тал/ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Галбадрахын “...өмгөөлөгчийн тайлбар гаргахыг хугацаагаар хязгаарласан...” гэх давж заалдах гомдлыг үндэслэлгүй гомдол байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-д заасан “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэснээр хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд,
шүүгдэгч Ц.Х-ын үргэлжилсэн үйлдлээр “...“Солонгос Улсаас автомашины сэлбэг, автомашин оруулж ирдэг, чи сэлбэг захиалах уу, Солонгос Улсад задарч байгаа соната 7, 8 загварын автомашинуудын зургийг нь харуулж, задаргаанд машин авах уу, Соната 7, нэг ширхэг Соната 8, Киа 5 загварын автомашины задаргаа сэлбэгүүд байна, чи авах уу, гэрт чинь угаалгын машин авч өгье...” гэх зэргээр Б.Гыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, буцаан өгөх санаа зорилгогүйгээр 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 60,943,000 төгрөгийг нь,
2022 оны 11 дүгээр сард iphone 13 рго max загварын 256gb гар утсыг нь “мөнгийг нь өгнө” гэж, 2023 оны 02 дугаар сард iphone 14 рго max 512gb-н гар утсыг нь тус тус “зараад мөнгийг нь өгнө“ гэж Б.Г-ыг хууран төөрөгдөлд оруулж, мөнгийг нь өгөх санаа зорилгогүйгээр авч явж 8,400,000 төгрөгийн хохирол учруулсан...” залилах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл “Залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж нэг гэмт хэргээр зүйлчлэлгүйгээр,
“...Б.Г-ын засварын газарт засварлагдсан Hyundai Sonata-7 загварын автомашиныг авч явж 9,000,000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 11 дүгээр сард iphone 13 рго max загварын 256gb гар утсыг, 2023 оны 02 дугаар сард iphone 14 рго max 512gb-н гар утсыг нь тус тус авч явж 8,400,000 төгрөгийн хохирол учруулсан” үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйл “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Ц.Х-ын “...хамтран 4,500,000 төгрөгөөр худалдан авч, Б.Г-ын засварын газарт засварласан Hyundai Sonata-7 загварын автомашиныг 2024 оны 4 дүгээр сард “зараадахъя” гэж Б.Г-ыг хууран төөрөгдөлд оруулж, мөнгийг нь өгөх санаа зорилгогүйгээр авч явж Б.Г-од 9,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 11 дүгээр сард iphone 13 рго max загварын 256gb гар утсыг нь “мөнгийг нь өгнө” гэж, 2023 оны 02 дугаар сард iphone 14 рго max 512gb-н гар утсыг нь “зараад мөнгийг нь өгнө“ гэж Б.Г-ыг хуурч төөрөгдөлд оруулж, мөнгийг нь өгөх санаа зорилгогүйгээр авч, Г-д 8,400,000 төгрөгийн хохирол учруулсан...” үйлдлүүдийг дүгнэхэд,
эд хөрөнгөө Ц.Х-ад өгч явуулсан хохирогч Б.Г “...Ц.Х-аар тухайн эд хөрөнгөтэй холбоотой итгэмжлэн хариуцуулан хийлгэсэн ямар нэг харилцаа /хэлцэл/ байхгүй...” байх бөгөөд Ц.Х- нь хохирогчийг “машиныг зараад мөнгийг өгнө, утасны мөнгийг нь өгнө, гар утсыг нь зараад мөнгийг нь өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Г-ыг төөрөгдөлд оруулж, тухай эд хөрөнгүүдийг өөрийн мэдэлд шууд захиран зарцуулах буюу зарах эрхтэйгээр авсан байна.
Иймд давж заалдах шатны шүүх, хохирогч Б.Г-оос шүүгдэгч Ц.Х-ад Hyundai Sonata-7 загварын автомашин, iphone 13 рго max загварын 256gb, iphone 14 рго max 512gb-н 2 ширхэг гар утсыг тус тус итгэмжлэн хариуцуулж өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна, шүүгдэгч Ц.Х-ын тус үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн объектив талын шинж байхгүй байна гэж дүгнээд, прокуророос Ц.Х-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргээр зүйлчилсэн үйлдлүүдийг түүнийг үйлдсэн “Залилах” гэмт хэрэгтэй нэгтгэн түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдэл”-ээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийг 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх шинжээр үйлдсэн гэж нэг гэмт хэргээр зүйлчлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Ингэж түүний үйлдлийг нэг гэмт хэргээр зүйлчлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэнд болон шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэсэн зарчимд тус тус нийцэх ба ингэж шийдвэрлэх эрхийг давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж ...болно.” гэж хууль тогтоогчоос олгосон байна.
Иймд шийтгэх тогтоолд энэ талаар заасан нэмэлт заалтыг оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргээр түүнд оногдуулсан ялыг хүчингүй болгож хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.
3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийх боломжтой нотлох баримтын хүрэлцээ хангалттай байна.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
шүүгдэгч Ц.Х- нь:
-”Солонгос Улсаас автомашины сэлбэг, автомашин оруулж ирдэг, чи сэлбэг захиалах уу, Солонгос Улсад задарч байгаа соната 7, 8 загварын автомашинуудын зургийг нь харуулж, задаргаанд машин авах уу, Соната 7, нэг ширхэг Соната 8, Киа 5 загварын автомашины задаргаа сэлбэгүүд байна, чи авах уу, гэрт чинь угаалгын машин авч өгье...” гэх зэргээр Б.Г-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, буцаан өгөх санаа зорилгогүйгээр 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 60,943,000 төгрөгийн хохирол учруулсан,
-хамтран 4,500,000 төгрөгөөр /Б.Г 2,500,000 төгрөг, Ц.Х- 2,000,000 төгрөг гаргаж худалдан авсан/ худалдан авсан, Б.Г-ын засварын газарт засварлагдсан Hyundai Sonata-7 загварын автомашиныг 2024 оны 4 дүгээр сард “зараад мөнгийг нь өгнө” гэж Б.Гыг хууран төөрөгдөлд оруулж, мөнгийг нь өгөх санаа зорилгогүйгээр авч явж 9,000,000 төгрөгийн хохирол учруулан,
-2022 оны 11 дүгээр сард iphone 13 рго max загварын 256gb гар утсыг нь “мөнгийг нь өгнө” гэж, 2023 оны 02 дугаар сард iphone 14 рго max 512gb-н гар утсыг нь тус тус “зараад мөнгийг нь өгнө“ гэж Б.Г-ыг хууран төөрөгдөлд оруулж, мөнгийг нь өгөх санаа зорилгогүйгээр авч явж 8,400,000 төгрөгийн хохирол учруулан тус тус залилан авч, нийт 78,343,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Г-ын: “...2022 оны 7 дугаар сарын эхээр Х гэх залуу манай засвар дээр машинаа засуулах гэж ирсэн байсан. Түүнээс хойш найз нөхдийн харилцаа хамааралтай болсон. Х 2022 оны 7 дугаар сараас эхлэн манай засварын газарт байнга ирэх болж, тэр үеэс эхлэн би Солонгос улсаас Солонгос машины сэлбэг, автомашин оруулж ирдэг, чи Солонгосоос сэлбэг захих уу гэж хэлээд надаас авто машины сэлбэг захиалж өгнө гээд 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 9.880.000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр наадам болох гэж байна, мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 2.500.000 төгрөгийг зээлсэн. 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Соната 8 загварын автомашины задаргаа сэлбэгийг захиалуулахаар 7.595.000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хоёр ширхэг Соната 7, нэг ширхэг Соната 8, Киа 5 маркийн автомашины сэлбэг захиалахаар 3.000.000 төгрөгийг, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр сэлбэг авахаар 6.200.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр мөн сэлбэг авахаар 5.000.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн, ямар учиртай шилжүүлснээ мэдэхгүй байна. 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр сэлбэг авахаар 5.000.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдөр мөн 1.200.000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр “Кавасаки нинжа” гэх мотоциклийн зураг үзүүлээд Солонгост байгаа, би зарах гэж байгаа, чи авах уу гэж надад санал тавиад би тухайн мотоциклийг авахаар болж 4.960.000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мотор захиалахаар 1.700.000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр сэлбэг авахаар 5.000.000 төгрөгийг авч түүний дараа мөн тэр өдрөө дахиад гэрт чинь угаалгын машин авч өгье гэж хэлээд 2.140.000 төгрөг авсан. Тэгж хэлэхдээ өнгийг нь сонго ямар өнгө вэ гэжхэлж байсан. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр сэлбэг захиалахаар 2.000.000 төгрөгийг тус тус Ц.Х-ын “ХААН” банкны 5037ххххххх тоот дансаар авч байсан ба угаалгын машины мөнгийг Худалдаа хөгжлийн банкны 417ххххххх тоот дансаар авч байсан. Түүний дараа энэ оны 1 дүгээр сард намайг Америкт байдаг төрсөн ахдаа гар утас захихад надад нэг утас захичих гэж хэлээд Айфоне 14 про макс маркийн 512 гигаагийн багтаамжтай гар утсыг надаас авсан боловч мөнгөө өгөлгүй гар утсыг аваад явсан. Түүний дараа миний гар утсыг 3.200.000 төгрөгөөр зараад өгье гэж хэлээд аваад явсан. Мөн миний засаж янзалж байсан Сонатаг зараад өгнө гэж хэлээд аваад явсан ба тээврийн хэрэгслийн дугаар нь 0000 ААА улсын дугаартай 2012 онд үйлдвэрлэсэн, 2018 онд орж ирсэн, энгийн газан Соната 7 байсан. Хамгийн сүүлд энэ оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүүхдийн хичээлийн хэрэгсэл авах гэсэн юм гэж хэлээд 500.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 427хххххххх дугаартай эхнэрийнхээ дансаар авсан. ...” /1-р хх-ийн 29-31, 34-36, 118-120, 218-219/,
гэрч Ч.Н-ын: “...Соната 7 маркийн машиныг манай засвар дээр авч ирж шинэ мотор, корп, цээж утас, гурван бул зэрэг зүйлсийг сольж уг машинд тавьж залуу онтой машин болгосон. Манайхаас зарчихаад ирье гээд аваад явсан. Тэгээд машин ч байхгүй, мөнгө ч байхгүй болсон. Г надад ярьж байснаар I рhone 13 рго maх утас 2022 оны 12 дугаар сард өгсөн гэж байсан. I рhone 14 рго maх гар утсаа 2023 оны 02 дугаар сард өгсөн гэж хэлсэн. Хоёр утсыг ажилд дээрээ буюу 5 шард байрлах засвар дээр байхад авсан байх...” /1-р хх-ийн 224-225/ гэх мэдүүлгүүд,
“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын “...I рhone 13 рго maх 1 ширхэг 3.200.000 төгрөг, I рhone 14 рго maх 5.200.000 төгрөг, нийт 8.400.000 төгрөг” гэх үнэлгээ /1-р хх-ийн 47-50/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын “...Нuyndai Sonata-7 маркийн автомашин 9.000.000 төгрөг” гэх үнэлгээ /1-р хх-ийн 59-61/,
шүүгдэгч Ц.Х-ын Хаан банк дахь 5037ххххххх тоотд дансны хуулга, уг хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 141-144, 146-202/, хохирогч Б.Г-ын Хаан банк дахь 5003713581, 5024484374 тоот дансны хуулга /1-р хх-ийн 123-140/, уг хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 121-122, 220-221/
мөрдөн шалгах ажиллагааны үед Ц.Х-ын яллагдагчаар өгсөн: “...Би эхэлж авсан 2 удаагийн мөнгөөр Солонгос улс руу сэлбэг захиалсан байсан, тухайн сэлбэгээ Г-д өгөөгүй. Дараагийн мөнгөнүүдээ сэлбэг захиалах гэтэл Ковид гарсан байсан тул удааширч ирэх сэлбэг нь ирээгүй. Киа 5 маркийн машин оруулж ирээд тухайн машиныг хохирлоо өөрийн эзэмшлийн Хужирбуланд байрлалтай 600мк2 хэмжээтэй хашаатай 64мк2 хэмжээтэй 2 давхар хувийн орон сууцаа зараад юм уу өөрт нь шилжүүлэн хохирлоос хасуулж төлмөөр байна. ...Би хохирол төлбөрөө нөхөн төлнө, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-75/,
“Тs” гэх фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 23-24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
4. Шүүгдэгч Ц.Х-ын үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Г-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, буцаан өгөх санаа зорилгогүйгээр дансаар 13 удаагийн үйлдлээр 60,943,000 төгрөгийг шилжүүлэн авсан, мөн мөнгийг нь өгөх санаа зорилгогүйгээр Hyundai Sonata-7 загварын автомашин, iphone 13 рго max загварын 256gb, iphone 14 рго max загварын 512gb-н 2 ширхэг гар утсыг тус тус авч, 17,400,000 төгрөгийн хохирол учруулан залилсан буюу нийт 78,343,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн “...Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” шинжийг бүрэн хангасан ба мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...их хэмжээний хохирол учруулж үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.Х-ын өмгөөлөгч Ц.Гадбадрахын гаргасан “...гэмт хэргийн шинж бүхий нөхцөл байдал эргэлзээтэй байдлуудыг тодруулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Х-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын төрөл, хэмжээ нь түүний үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн “Залилах” гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан 78,343,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлөөгүй хувийн байдалд тохирсноос гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж чадсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
5. Ц.Х-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Г-од нийт 78,343,000 төгрөгийн хохирол, залилуулсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон 150,000 төгрөгийн зардал /1-р хх-ийн 62/ буюу хор уршиг, нийт 78,493,000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна.
Ц.Х- нь 6,500,000 төгрөг, хохирогч Б.Г-оос зээлсэн мөнгөө буцааж шилжүүлэхдээ илүү шилжүүлж өгсөн 1,000,000 төгрөг, Hyundai Sonata-7 загварын автомашиныг хамтран 4,500,000 төгрөгөөр худалдан авахдаа 2,000,000 төгрөг, машин шилжүүлэх хэлбэрээр 10,117,000 төгрөгийг тус тус, нийт 19,617,000 төгрөгийн хохирлыг хохирогч Б.Г-од төлсөн байхад анхан шатны шүүх буруу тооцжээ..
Иймд хохирогчид учирсан 78,493,000 төгрөгийн хохирол, хор уршгаас төлсөн 19,617,000 төгрөгийг хасаж, үлдэх 58,876,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Х-аас гаргуулж хохирогч Б.Г-од олгосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад оруулах нь зүйтэй байна.
6. Шүүгдэгч Ц.Х- нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нийт 55 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/461 дүгээр шийтгэх тогтоолын:
- тогтоох хэсэгт “Прокуророос Ц.Х-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргээр зүйлчилсэн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах” гэмт хэрэгт нь нэгтгэж зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж,
- тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...”бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг тус тус...” гэсэн хэсгийг, 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус...” гэсэн хэсгийг, 3 дахь заалтыг бүхэлд нь тус тус хүчингүй болгож,
- тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж, 6 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-аас 58,876,000 /тавин найман сая найман зуун далан зургаан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Г-од олгосугай... ” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Галбадрахын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-ын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар хэргийн оролцогч гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ