Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 168

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагч Д.Энхтуяа,

Хохирогч*******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 1818001540172 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* /РД:*******/, 1988 оны 7 дугаар сарын 15-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын зургийн техникч мэргэжилтэй, Дархан Элит ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг *******тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг Аймгийн Засаг даргын тамгын газрын хажуугийн автобусны зогсоол дээр зогсож байсан автобус дотор иргэн*******тэй маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч *******нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг Аймгийн Засаг даргын тамгын газрын хажуугийн автобусны зогсоол дээр зогсож байсан автобус дотор иргэн*******тэй маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайн ясны дээд хальс дахь цус хуралт, зүүн чамархайн ясны цууралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч *******ын өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр автобусаа жолоодоод явж байсан. Тэгээд Аймгийн Захиргааны 39-ийн автобусны буудлаас******* манай автобусанд суусан.******* автобусанд орж ирээд “ямар хол зогсдог мал вэ” гэж хэлээд намайг 3-4 удаа цохисон. Тэгснээ надад хандаж “миний эхнэрийг гичий гэж хэлээд, чи гичийтэй суусан биз дээ” гэж хэлсэн. Би хохирогчийн хүзүү рүү нь тал ундаатай байсан саваар цохисон. Би боломжтой амьдралтай хүн биш. Энэ хэрэг гарч, хохирол төлөхийн тулд би 10 хувийн хүүтэй зээл авч,*******д хохирлыг төлсөн. Миний эцэг саяхан нас барсан. Одоо эхнэр маань жирэмсэн, төрөх дөхсөн. Би*******д хохирлыг төлж барагдуулсан. Өөр хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Хохирогч*******ийн өгсөн: ...Би автобусанд ороод жолоочийн ард зогсож байсан. Тэгсэн *******намайг элдвээр хэлсэн. Тэгээд би “чи яах гээд өглөөнөөс хойш намайг элдвээр хэлээд байгаа юм бэ” гэж хэлэхэд *******намайг гичий гэж хэлсэн. Миний уур хүрээд *******од “чи гичийтэй суугаагүй юу гэж хэлсэн. Тэгтэл *******намайг тал ундаатай байсан саваар цохисон. Би энэ гэмтлийн улмаас Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 5 хоног хэвтэж эмчлүүлсэн. Мөн гэрээр эмчилгээ хийлгэсэн. Одоог хүртэл миний гэмтэл бүрэн гүйцэд эдгэрээгүй байна. Би *******оос надад учирсан гэмтэлд зарцуулагдсан бодит зардал болох 1.226.596 төгрөг нэхэмжилснийг *******төлсөн гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч *******ийн өгсөн:******* нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчим гэртээ орж ирэхдээ миний толгой өвдөөд байна гэж хэлж байсан.******* ажлын газрын нэг жолоочид зодуулсан гэж хэлсэн. Би тухайн үед унтаж байсан болохоор сайн лавлаж асууж яриагүй гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Гэрч *******гийн өгсөн: ...би автобусны хойд хэсэгт билет таслаад явж байсан.*******, *******нар хоорондоо маргалдаж байсан. Толинд харагдсанаар******* нь *******ыг гараараа 2 удаа цохисон. *******нь*******ийг ундааны саваар нэг удаа цохисон. Толинд харсан учраас тэр хоёр хаашаа цохисныг харж чадаагүй. Тэгээд *******нь*******ийг автобуснаас буу гээд гараараа татаад буулгасан гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Гэрч *******ын өгсөн:******* аймгийн захиргааны автобусны буудлаас *******ын автобусанд суусан.******* нь  *******ын кабин руу ороод юм ярьж байхдаа түүний дагз, нуруу хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгсэн *******нь*******ийг гараараа түлхсэн. Бас хажуудаа байсан ундааны саваар*******ийн хүзүү рүү нэг удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 293 дугаартай “*******ийн биед тархи доргилт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл болно.*******д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 356 дугаартай “*******ийн биед тархи доргилт, зүүн чамархайн ясны дээд хальс дахь цус хуралт, зүүн чамархай ясны цууралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл болно.*******д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30/,

Хохирогч******* нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 3 дугаар сарын 05-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 62-73/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******ийн биед тархи доргилт, зүүн чамархайн ясны дээд хальс дахь цус хуралт, зүүн чамархайн ясны цууралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардал, ажлаа хийгээгүй хугацааны цалин зэрэг нийт 1.226.596 төгрөгийг шүүгдэгч нь төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирлын мөнгөнд 1.100.000 төгрөг хүлээлцсэн тухай тэмдэглэл /хх-ийн 87/, хохирогч*******ийн “2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хохирлын төлбөрийн үлдэгдэл 126.700 төгрөгийг хүлээн авсан. Хохирол, төлбөрт маргаан байхгүй” гэх шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 112/-ээр тус тус нотлогдож байна.

Иймд шүүгдэгч *******нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгаа ба хохирогч*******ийн шүүгдэгч *******ыг цохиж, хэрүүл маргаан үүсгэсэн зэрэг зүй бус үйлдэл нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь “Элит Хөгжил” ХХК-д жолоочоор ажилладаг ба сард 450.000 төгрөгийн цэвэр цалин авдаг болох нь НДД № 0986430 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул түүний цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар *******од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР