Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ДШМ/429

 

                                

 

 

 

 

 

    2025          04            09                                           2025/ДШМ/429

 

Ж.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар  даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнхтулга,

шүүгдэгч Ж.Г-,

хохирогч С.Лх, түүний өмгөөлөгч О.Даваажаргал,  

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан, 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/452 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч О.Даваажаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Г-д холбогдох 2406072603850 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Ж-ийн Г ................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;  

Ж.Г- нь 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах карго буулгадаг газрын ойролцоо ажлын хөлснөөс болж хохирогч С.Лх-тай маргалдах явцдаа түүний нүүр хэсэгт цохиж, өвдөглөсний улмаас биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Баянзүрх прокурорын газраас: Ж.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М овогт Ж-ийн Г-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 2,589,750 төгрөгийг гаргуулан хохирогч Д овогт С-ын Лх-т олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

Хохирогчийн өмгөөлөгч О.Даваажаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүгдэгч Ж.Г- гэм хорыг арилгах үүрэгтэй ба хохирогч С.Лх 11.231.726 төгрөг нэхэмжилснээс ...ажилгүй байх хугацааны цалин нэхэмжилснийг баримтын бүрдүүлбэр дутуу байх тул шийдвэрлэх боломжгүй гэсэн нь буруу байна. Тус хэрэгт хохирогчоос өөрийн нэр дээрх Хаан банкны 5032хххххххх дугаартай дансны 2024 оны 03 дугаар сараас 2024 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны буюу 6 сарын хуулгыг хавсаргаж өгсөн ба уг хуулга, түүний гүйлгээний утгууд болон хохирогч С.Лх, бусад гэрчүүдийн тайлбар, хэрэг учрал болсон нөхцөл байдлаас түүнийг хувиараа крантай машинаар ачаа өргөж буулгах, ачиж зөөх ажил эрхэлдэг, хэрэг явдал болохоос өмнөх 6 сарын хугацаанд нийт 17,997,929 төгрөгийн орлого олсон ба үүнийг ажлын 133 хоногт хуваахад нэг өдрийн орлого нь 135,322 төгрөг болох юм. Хэргийн улмаас ажил, хөдөлмөр эрхэлж чадаагүй хугацааг 83 хоног гэж тодорхойлсон ба уг хор уршгийг эрүүгийн хэрэгтэй хамтад нь шийдвэрлээгүй нь буруу байна.

2. Хохирогч шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс хохирогчийн хамрын ясны хугарал, таславч мурийлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл учирсан ба уг гэмтлээс шалтгаалан хамар битүүрэх, амьсгал дутуу авснаас нойргүйдэх, даралт ихсэх, хамраас үе үе цус алдах гэх зэрэг зовиуртай, акттайгаар хагалгаанд бэлдэж, эмчлүүлсэн ба хагалгаанд орж, эмчилгээний дараа эмнэлгээс шаардсан хугацаанд харааны шил зүүх, тонгойх, биеийн хүчний ажил эрхлэх боломжгүй болсон. Зайлшгүй хамрын хагалгаанд орох шаардлага үүссэн, цусны бүлэгнэлт муутай гэсэн эрүүл мэндийн асуудалтай тул хамрын хагалгаагаар дагнасан, туршагатайд тооцогдох эмчид хандаж, үзлэг, хяналтад орсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг 11,231,726 төгрөгийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримт, тайлбаруудыг үндэслэн шүүгдэгчээс гаргуулан олгох үндэслэлтэй гэж үзэж байна.

3. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 5 дахь талд хохирогч С.Лх 11,231,726 төгрөг нэхэмжилснээс гэж нийт 14,272,476 төгрөгийг нэхэмжилсэнийг алдаатай бичсэн. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад өөрчлөлт оруулж, хохирогчид учирсан хохирол, хор уршиг 11,231,726 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч С.Лх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Ст б” ХХК-иас ачаа буулгасан хөлс болох 300,000 төгрөгийг авах байсан. Тухайн мөнгийг шүүгдэгч Ж.Г- тус компанитай ярьж, авч өгсөнд баярлаж байна. 183 хоногоос амралтын хоногийг хасч, дөчин хэдэн хоног болж байгаа. Уг мөнгийг гаргуулах хүсэлтэй байна. ...”  гэв.  

Шүүгдэгч Ж.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн барагдуулсан. Нүдний шилний мөнгийг нэмж төлсөн. “Ст б” ХХК-иас авах ёстой байсан мөнгийг авч өгсөн. Нийт 3,070,000 төгрөгийн төлсөн. Миний хувьд тухайн өдөр болсон үйл явдалд маш их харамсаж байна. Уураа барьж чадаагүй нь улмаас хохирогч С.Лх-ыг хохироосондоо гэмшиж байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...”  гэв.   

Прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хохирогчийн өмгөөлөгчөөс хохирлын нөхөн төлбөртэй холбоотой асуудлаар гомдол гаргасан байна. Хохирол, хор уршигтай холбоотой асуудалд О.Даваажаргал өмгөөлөгч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг хагалгаанд орсон түүний дараах асуудалд нэг өдрийн орлогыг 135,322 төгрөгөөр тооцоод, 133 хоногт үржүүлэн 17,997,929 төгрөгийг нэхэмжилсэн. Уг хохирлыг улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргуулах үндэслэлгүй талаар тайлбарласан. Учир нь хохирогчийн хувьд нийгмийн даатгал төлдөг талаарх баримт хэрэгт байхгүй. Нийгмийн даатгал төлдөггүй гэдгийг хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Иймд өдөр бүр 135,000 төгрөгийн орлоготой гэж дүгнэх нь учир дутагдалтай.

Ерөнхий хоногуудын бүх дансны хуулгаар 6 сард олох байсан мөнгөн дүн гэдэг байдлаар тооцсон нь өрөөсгөл юм. Тухайлбал төрийн албан хаагчид нийгмийн даатгал тогтмол төлдөг учраас цалин хөлсний дундажаар өдөрт олох орлогыг олох бүрэн боломжтой. Гэтэл хохирогч нь нийгмийн даатгал хувиараа ч төлдөггүй. Иймд зөвхөн дансны хуулгыг баримтлан өдөр бүр 135,000 төгрөгийн орлоготой гэх гэж үзэн шүүгдэгчээс хохирол, хор уршгийн гаргуулах байр суурийг улсын яллагчийн зүгээс дэмжээгүй. Тухайн байр сууриа давж заалдах шатны шүүх хуралдаанд дэмжиж оролцож байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нийгмийн даатгал төлдөг байж байгаа тасарсан байдаг юм уу, бусад өөр цалин хөлс олж байсан орлого зэрэг баримтуудыг бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэх бүрэн боломжтой. Улсын яллагчийн зүгээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг анхан шатны шүүхэд гаргасан. Уг гаргасан саналын дагуу шүүх шүүгдэгчээс 2,589,750 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн. Шүүхийн шийдвэр хууль ёсны, хууль зүйн үндэслэлтэй гарсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...”  гэв.   

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.    

Шүүгдэгч Ж.Г-д холбогдох 2406072603850 дугаар эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

1. Шүүгдэгч Ж.Г- нь 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах карго буулгадаг газрын ойролцоо ажлын хөлснөөс болж хохирогч С.Лх-тай маргалдах явцдаа түүний нүүр хэсэгт цохиж, өвдөглөсний улмаас биед нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл” гэсэн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч С.Лх-ын: “...240x2 харьцаатай 3 багц пасадны шилийг кранаараа нэгийг нь 100.000 төгрөгөөр буулгаад өгье гэж буулгаж өгсөн чинь миний данс руу 100.000 төгрөг шилжүүлэхээр нь нөгөө залууд хандаж 3 багц шил чинь 300.000 төгрөг болно гээд тэр залуутай үл ойлголцож маргалдаж байхад нөгөө залуу миний хамар луу толгойгоороо мөргөөд, би нүүрээ дараад тонгойсон чинь нөгөө залуу миний нүүр лүү өвдөглөсөн.  ...” /хх-ийн 8/,

гэрч Э.Ц-ын: “...100.000 төгрөгөөр буулгаж өгөхөөр тохироод буулгаж өгснийхөө дараа 300.000 төгрөг нэхээд маргаан үүссэн. Тэгээд миний утас дугараад би утсаар ярьчхаад ирэхэд тэр ачаа буулгаж өгсөн хүний хамраас нь цус гарсан байдалтай байсан. Би хэн цохисныг нь хараагүй...” /хх-ийн 17-18/,

гэрч П.Д-ийн: “...100.000 төгрөгөөр буулгаж өгөхөөр тохироод буулгаж өгснийхөө дараа 300.000 төгрөг нэхээд маргаан үүссэн. Тэгээд тэр ачаа буулгаж өгсөн залуу ажлын хувцастай халтрууд минь ингэхгүй гээд маргаан үүсээд Г тэр залууг нэг удаа хамар руу нь мөргөсөн. ...” /хх-ийн 22-23/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12826 дугаартай: “...С.Лх-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна. 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Ж.Г-гийн ажлын хөлснөөс болж хохирогч С.Лх-тай маргалдаж, түүний нүүр хэсэгт цохиж, өвдөглөн  биед нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүхийн Ж.Г-гийн үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж Ж.Г-гийн үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн байна.  

3. Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангаж байх ёстой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялуудаас Ж.Г-д торгох ялыг сонгон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр оногдуулсан нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

4. Хохирогч С.Лх нийт 14,272,476 төгрөгийг тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нэхэмжилсэн байх ба анхан шатны шүүх Ж.Г-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Лх учирсан хуулийн шаардлага хангасан нотлох баримтууд /хх-ийн 48-51, 84-87/-ыг зөв үнэлж, 2,589,750 төгрөгийг Ж.Г-гээс гаргуулан хохирогч С.Лхд олгохоор шийдвэрлэжээ.   

Шүүх, хохирогчийн гэм хорын бусад нэхэмжлэлийг нотлох баримт хангалттай биш гэж дүгнэж, иргэний журмаар нотлох баримтаа гарган нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч О.Даваажаргалын гаргасан “шийдвэрлээгүй хохирол, хор уршиг 11,231,726 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Г- нь С.Лхт 3,070,000 төгрөгийг хохиролд төлсөн гэж ХААН банкны 5032хххххххх дугаарын С.Лх нэртэй дансанд 2025.02.14-ний өдөр 180,000 төгрөгийг “Г-с” гэх, 300,000 төгрөгийг “кран буулгалтын төлбөр” гэх, 2,590,000 төгрөгийг “Эмчилгээний төлбөр” гэх утгатайгаар буюу нийт 3,070,000 төгрөг шилжүүлсэн баримт гарган өгсөн ба тус баримтыг хэрэгт хавсаргасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/452 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч О.Даваажаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Ж.Г- нь 3,070,000 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогч С.Лх-т хохиролд төлсөн болохыг дурдсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                               

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР

            ШҮҮГЧ                                                     М.АЛДАР

ШҮҮГЧ                                                     Д.ОЧМАНДАХ