Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 170

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Өсвөр насны шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 1818002940187 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* /РД: *******, 2000 оны 6 дугаар сарын 23-нд Баян-Өлгий аймгийн Ногоон нуур суманд төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 2 дугаар баг Хоккейчидийн *******тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн 302 тоот өрөөнд өөрийн төрүүлсэн 2 хоногтой эрэгтэй нярайг буруу хөхүүлсний улмаас буюу болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн 302 тоот өрөөнд өөрийн төрүүлсэн 2 хоногтой эрэгтэй нярайг буруу хөхүүлсний улмаас нярайн амьсгалын зам шингэнээр бөглөрч, амьсгалын хурц дутагдлаар нас барсан болох нь:  

Мөрдөн байцаалтад

Өсвөр насны шүүгдэгч *******ийн өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн орой 21 цаг болж байхад манай хүүхэд уйлахаар нь би хөхүүлсэн. Хөхүүлж байхад манай хүүхдийн нэг нүд нь томроод сонин болчихсон. Тэгээд эмчид хэлтэл зүрх нь зогссон байсан. Би хүүхдээ хөхүүлэхдээ мээмээ нүүрэнд дээр нь тавьчихсан юм шиг байна лээ. Түүнээс би хүүхдээ дараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 11, 82-84/,

Хохирогч ******гийн өгсөн: Надад эд материалын талаар нэхэмжлэх зүйл байхгүй. Амь хохирогч нь эрүүл аюулгүй орчинд өсөж торних эрх, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн конвенцод заасан эрх нь зөрчигдсөн байна. Иймд буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх саналтай байна гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

Гэрч*******н өгсөн: ...Нэгдүгээр эх баригч ******* коридорт “эмч дуудаарай хүүхэд сонин болчихлоо” гэхээр нь би эмч*******ыг дуудсан. Эмч ******* нярайг үзээд хөл нь хөрчихсөн, зүрхийг нь чагнахад зүрх нь зогссон байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

Гэрч *******ийн өгсөн: ...намайг төрөх тасгаас гарч ирэхэд ******* хүүхдээ бариад 2 дугаар төрөх өрөө рүү орсон. Тэгээд хүүхдийг үзэхэд ямар нэгэн хариу үйлдэл байхгүй байсан. Дараа нь эмч орж ирээд үзэхэд зүрх нь цохилохгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

Гэрч *******ийн өгсөн: ...би өрөөнд орж ирэхэд ******* суучихсан хүүхдээ хөхүүлж байсан. Тэгтэл ******* “аниа манай хүүхэд ямар ч хөдөлгөөн хийхгүй байна” гэхээр нь би хартал хүүхдийн нүд нь нээлттэй, нүүр нь хөхөрсөн байсан. Би *******д “хурдан эмчид үзүүл” гэж хэлэхэд тэр хүүхдээ аваад гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

Гэрч *******ын өгсөн: ...******* “манай хүүхэд сонин болчихлоо” гээд тэврээд ирсэн. ******* эмч бид 2 нярай дулаацуулах ширээн дээр хүүхдийг тавиад өлгийг нь задлахад хөл нь өвдөг хүртлээ хөхөрсөн байсан. Тэгээд эмч *******, *******нарыг дуудсан. 2 эмч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж тариа хийхэд хүүхэд ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй, нас барсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дугаартай “Шинжилгээнд авагдсан цогцос нь эрэгтэй хүйсийн, эх дотроо гүйцэд бойжиж, төрөх хугацаандаа төрсөн нярай болно. Нярайн биед ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй. Нярайн амьсгалын зам шингэнээр бөглөрснөөс амьсгалын хурц дутагдлаар нас баржээ. Нярай нь амьсгал бүтэж нас барсан болох нь амьсгалын замын эрхтэн-уушгины макро болон эд эсийн шинжилгээ мөн нярайн эмчийн сэхээн амьдруулалтын арга хэмжээний тэмдэглэлээр батлагдсан болно. Нярайд ямар нэгэн суурь өвчин илэрсэнгүй. Нярай нь эхээс төрснөөс хойш эрүүл, эмчилгээ хийгдээгүй хэвийн байжээ. Нярайн биеийн байдал хүнд үед нярайн эмч зөв онош тавьж, сэхээн амьдруулах эмчилгээг яаралтай зөв хэрэгжүүлсэн байна. Нярайн цусны бүлэг АВ IY болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-28/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаартай “*******ийн нярайн цусны бүлэг АВ IY байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-36/,

Өсвөр насны шүүгдэгч *******ийн төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ /хх-ийн 37/, ******* нь яаралтай хагалгаагаар эрүүл хүүхэд төрүүлсэн гэх төрөлтийн 571 дугаартай түүх /хх-ийн 43-61/, *******ийн төрүүлсэн нярай нь эрүүл бойжиж байсан гэх нярайн 648 дугаартай түүх /хх-ийн 38-43/, *******ийн жирэмсэн эмэгтэй хяналтын хөтчийн хуулбар /хх-ийн 62-73/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас түүний 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрүүлсэн нярай нас барсан ба 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөгчийн хохирогчоор тогтоох тухай тогтоолоор Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн ******г хохирогчоор тогтоожээ. Хохирогч ****** нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь мөрдөн байцаалтад өгсөн түүний “Надад эд материалын талаар нэхэмжлэх зүйл байхгүй. Амь хохирогч нь эрүүл аюулгүй орчинд өсөж торних эрх, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн конвенцод заасан эрх нь зөрчигдсөн байна. Иймд буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх саналтай байна” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/-ээр нотлогдож байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.  

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба өсвөр насны шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Өсвөр насны шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Өсвөр насны шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дархан-Уул аймгийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч *******ийг хүүхэд асрах зөв арга барилд сургах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд хүүхэд асрах, хүмүүжүүлэх зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч *******ийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар *******д хянан хүмүүжүүлэх нэг жилийн хугацаанд хүүхэд асрах, хүмүүжүүлэх зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар *******д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ИХТАМИР