Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 171

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагч Н.Дуламсүрэн,

Хохирогч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 1818000900186 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* /РД: *******/, 1981 оны 6 дугаар сарын 11-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5.7 дугаар байрны 10 тоот гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч *******тэй маргалдан эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг ******* тоот гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч *******тэй маргалдаж, улмаар толгой руу нь түлхүүрээр цохих, түлхэх, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хуйхны шарх, цус хуралт, баруун шанаан дахь зулгаралт, баруун гуяын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:  

Хэрэгт авагдсан

Хохирогч *******ийн: Би Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг *******0 тоот гэртээ хамтран амьдрагч *******тэй хувийн эд хөрөнгөний асуудлаар маргалдсан. ******* намайг гэрт цоожлох гээд байхаар нь би хаалга түлхэж байтал ******* түлхүүртэй гараараа миний толгой руу цохисон. Бас миний хөл рүү цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

Гэрч*******ийн: 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр х/ч*******ын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5-7 дугаар байрны 10 тоотод очсон. Биднийг очиход ******* гэх эмэгтэй манай нөхөр намайг зодож цохиод гэрээсээ хөөгөөд гаргачихлаа гээд орцны 2 дугаар давхрын шатан дээр зогсож байсан. Гэр лүү нь ороход 10 орчим настай эрэгтэй хүүхэд, нөхөр болох ******* нар байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

Гэрч *******гийн: Орой 16 цагийн үед манай хажуу айлын эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоорондоо маргалдаж байгаа чимээ сонсогдсон. Удалгүй хажуу айлын ******* манай хаалгыг тогшоод манай нөхөр намайг ингээд зодчихлоо гэж хэлсэн. *******ийн хүзүү хэсэг рүү цус урсаж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Шүүгдэгч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хамтран амьдрагч *******тэй маргалдаад түүнийг гэрт цоожлоод гадагш гарах гэж байтал ******* цоожлуулахгүй гээд бид хоёр түлхэлцсэн. Би түлхэлцэх явцдаа *******ийг түлхүүртэй гараараа түлхээд толгойд нь гэмтэл учруулсан юм шиг байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 25-26/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 207 дугаартай “*******ийн биед хуйхны шарх, цус хуралт, баруун шанаан дахь зулгаралт, баруун гуяын цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. *******т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, ахмад Б.Анхбаярын 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17:10 цагт хийсэн “Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээгээр 10 оноо буюу дунд түвшин тогтоогдсон” гэх үнэлгээ /хх-ийн 44-45/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ийн биед хуйхны шарх, цус хуралт, баруун шанаан дахь зулгаралт, баруун гуяын цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан боловч хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүгдэгч *******, хохирогч ******* нарын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 2476 дугаартай эвлэрлийн гэрээ /хх-ийн 50-51/, хохирогч *******ийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр бичсэн баталгаа /хх-ийн 52/ зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.  

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор шүүгдэгч *******н ХААН банк дахь*******тоот дансанд байгаа 590.295 төгрөгийг битүүмжилснийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Батбаярын Бат-Эрдэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар *******г 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч *******н ХААН банк дахь 5046461145 тоот дансанд байгаа 590.295 /таван зуун ерэн мянга хоёр зуун ерэн тав/ төгрөгийг битүүмжилсэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ИХТАМИР