| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2402002660192 |
| Дугаар | 2025/ДШМ/503 |
| Огноо | 2025-05-01 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/503
2025 05 01 2025/ДШМ/503
Д.О-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Билгүүн,
шүүгдэгч Д.О-, түүний өмгөөлөгч О.Одхүү,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/626 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч О.Одхүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.О-т холбогдох 2402002660192 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Д-ийн О ............... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;
Шүүгдэгч Д.О- нь бусадтай бүлэглэн 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн тэмдэг, хэвлэмэл хуудас бүхий албан бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч гэдгийг мэдсээр байж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нэр бүхий хуулийн этгээдүүдэд “нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах тухай мэдэгдэл хүргүүлэх” агуулга бүхий албан бичгийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн и-мэйл хаягтай адил төстэй sales@infoerdenestt.mn, ett.sales@erdenestt.mn гэсэн хаягуудаас илгээж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газраас: Д.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Х овогт Д-ийн О-ыг эрх олгосон баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох, 5 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч О.Одхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.О-т “зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэснийг” эс зөвшөөрч байна. Зорчих эрхийг хязгаарлах ял нь шүүгдэгч Д.О-ыг ямар нэгэн ажил эрхлэх, бизнес хийж гэр бүлийн амьжиргаагаа залгуулах боломжийг бүр мөсөн хааж боосон хүнд ял болсон байна. Иймд зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж торгох ял болгож өгнө үү. Д.О- нь торгох ялыг хугацаанд нь бүрэн төлж шүүхийн шийдвэрийг биелүүлэх болно. ...” гэв.
Шүүгдэгч Д.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2025 оны 5 дугаар сарын дундуур гадаадын хөрөнгө оруулалтай компанид ажилд орох өргөдөл өгсөн. Уг ажилд 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр орохоор болсон. Ажлын байр “Бөмбөгөр” захын урьд байдаг. Зорчих эрхийг хязгаарлах ялтай нөхцөлд ажил хийх боломжгүй болж байна. Иймд торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Э.У миний бие оролцож байгаа ба энэ хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрхийг эдлүүлээгүй, мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсанд гомдолтой байна.
Тухайлбал, Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Яллагдагчид холбогдох зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай” 11 дүгээр тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр буюу тогтоол гарснаас хойш 3 сарын дараа гардуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тус прокурорын тогтоолыг хүчингүй болгуулах талаар гомдлоо 2025.02.10-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн.
Нийслэлийн прокурорын газраас гомдлын хариуг 2025.02.24-ний өдрийн 4/766 тоот албан бичигт “...2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай прокурорын тогтоолыг танд танилцуулж, гардуулахад гомдол, саналгүй талаар дурдаж тогтоолд гарын үсэг зурсан тул яллагдагч Д.О-т холбогдох эрүүгийн 2402002660192 дугаартай хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр, харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн болно.” гэсэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн и-мэйл хаягт /цахимаар/ 2025.02.27-ны өдөр ирүүлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь прокурорын дээрх тогтоолтой танилцахдаа “гомдол, саналгүй” талаар илэрхийлээгүй, мөрдөн шалгах ажиллагаанд ийм байр суурьтай оролцож байгаагүй.
Өөрөөр хэлбэл, прокурорын байгууллага шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу 2025.02.27-ны өдөр цахимаар гомдлын хариуг танилцуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдлын хариуг хүлээн аваад, шүүхээс хэргийн талаар лавлахад шүүх хуралдаан 2025.02.26-ны өдөр болж, шийтгэх тогтоол гарсан талаар мэдсэн.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/626 дугаартай шийтгэх тогтоолыг 2025.03.17-ны өдөр шуудангаар ирүүлснийг хүлээн авсан.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хурлын товыг мэдэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох;” мөн хуулийн 34.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хохирогч нь шүүгдэгчийг яллах, хариуцлагыг хүндрүүлэхтэй холбоотой санал хүсэлтийг шүүх хуралдааны аль ч үед гаргаж болно.” гэж хуульчилсан эрхийг эдлүүлээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буцааж, хүсэлт, гомдол гаргах эрхийг хангаж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч О.Одхүүгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан гомдлын тухайд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тамга, тэмдгийг хуурамчаар үйлдсэн гэх гомдлыг шалгаж эхэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.О-т холбогдох эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтай хэргийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан, мөн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулж яллагдагчаар татсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол” гэж заасан гэмт хэргийн үйлдэлд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Залилах гэмт хэргийн тухайд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хуулийн этгээдүүдэд мөнгө шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Залилах гэмт хэргийг завдалтын шинжтэй, гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн учраас Д.О-ын зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хүрээнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид прокурорын тогтоолыг танилцуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулах талаар шүүх хуралдааны нарын бичгийн дарга мэдэгдсэн. “Шуудан” хүргүүлсэн байсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдэгдсэн гэх байдлаар ирц танилцуулсан учраас шүүх хуралдаан үргэлжилсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан. Мөн хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна” гэж тус тус заасныг үндэслэл болгож анхан шатны шүүх хуралдаан цааш үргэлжилсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
1. Анхан шатны шүүх, 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЗ/1922 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цагт товлосон /3-р хх-ийн 236/ байна.
Шүүх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У-д шүүх хуралдааны товыг мэдэгдэх ажиллагааг хийсэн болох нь “Хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэж, танилцуулсан тухай” /3-р хх-ийн 237/, шүүх хуралдаан 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн мэдэгдэх хуудас /3-р хх-ийн 239/, 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн мэдэгдэх хуудас /3-р хх-ийн 240/, “890хххххх дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан” гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Гэхдээ Э.У нь хохирогч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөлөгч байх бөгөөд хохирогч “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шүүх хуралдааны товыг мэдэгдэх боломжтой байхад хохирогчийн төлөөлөгч Э.Уд мэдэгдэх боломжгүй байсан үндэслэлээр хохирогч байгууллагын эрхийг хязгаарлажээ.
Шүүх хуралдааны товыг талуудад урьдчилан мэдэгдэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ... нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох ...” хүний суурь эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн үндэслэл болох бөгөөд энэхүү эрхийг дан ганц хэргээ шүүлгэж буй шүүгдэгчид олгогдсон гэж үзэж болохгүй.
Мөн Монгол Улсын хууль, Олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрх хэргийн оролцогч бүрт хуулиар тэгш олгогддог тул шүүх хуралдаанд оролцох эрхийг хэргийн оролцогчдод бүгдэд нь эдлүүлэх учиртай.
Ингэж хохирогч /хохирогчийн төлөөлөгч Э.У/-ийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй нь шүүх хуралдааны ажиллагааны явцад хэрэгждэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр шүүгдэгч, гэрч, шинжээчид асуулт тавих;”, 1.6-д заасан “шүүх, прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах”, 1.11-т заасан “...татгалзан гаргах тухай хүсэлт гаргах” хохирогчийн эрхүүдийг мөн хязгаарлаж байгаа үндэслэл болохыг анхаарвал зохино.
2. Нийслэлийн Прокурорын газрын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2402002660192 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолоор Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллагдагчаар татсан /1-р хх-ийн 241-245/-аас Нийслэлийн Прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11 дүгээр “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгожээ /3-р хх-ийн 204-208/.
Тус 11 дүгээр тогтоолыг хохирогч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөлөгч Э.Уд 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр танилцуулсан /3-р хх-ийн 208 тал/ ба тус тогтоолын 4 дэх заалтад “...Энэ шийдвэрийг оролцогч нь эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоолыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ...” гэж заасан атлаа тус тогтоолд гомдол гаргах хугацааг дуусгалгүйгээр Нийслэлийн прокурорын газраас хэргийг 2025 оны 2 дугаар сарын 6-ны өдөр шүүхэд хүргүүлжээ.
Хохирогчийн төлөөлөгч Э.У 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гомдол гаргасан /3-р хх-ийн 246-247 тал/ байна.
Прокуророос яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гаргасан өдрөө буюу 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөлөгч Э.У-д хуульд заасан хугацаанд танилцуулаагүй, тогтоолд гомдол гаргах хуульд заасан хугацааг олгоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид 7 хоногийн дотор гардуулна” гэж, мөн хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Прокуророос гаргасан шийдвэрээ хэргийн оролцогч нарт хуульд заасан хугацаанд бүрэн танилцуулж, гомдол гаргах хуульд заасан хугацааг хангаж, хэргийн оролцогч нараас гаргасан гомдол, хүсэлтийг нэг мөр шийдвэрлэсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж байх нь зүйтэй ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нөлөөлөх үр дагавартай.
Прокурор, Д.О-ын “Залилах” гэмт хэргийн үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгосон нь тус гэмт хэргийн хохирогч биш Э.У-д ач холбогдолгүй гэсэн агуулга бүхий тайлбарыг шүүхэд гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хуульд заасан эрхийг нь хангаагүй талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Уянгын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч О.Одхүүгийн гаргасан ялын төрлийг хөнгөрүүлэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хянан шийдвэрлээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/626 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Д.О-т урьд авч байсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ