Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01669

 

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01670

 

НВ- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/02192 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч НВ- ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМ- ХХК-д холбогдох

169 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Л.Очбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НВ- ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр АМ- ХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулан нийт 200 000 000 төгрөгийн үнэ бүхий бартерийн хөрөнгө нийлүүлсэн. 2020 оны 2, 3 сараас манайх бетон зуурмагаа авах хүсэлтийг эдний байгууллагад гаргахад АМ- ХХК-ийн захирал н.Ганбаатар гэх хүн ковидын улмаас Герман улсад хөл хорионд орчихсон гэсэн. 2020 оны 6 дугаар сард гэрээ байгуулаад удлаа, танайх барилгын компани тул 200 000 000 төгрөгийн оронд бартераар өгөх зүйл байна уу гэхэд 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр м300 маркийн бетон 15 210 000 төгрөгт, 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус бүр 990 000 төгрөг, 4 500 000 төгрөг, 9 900 000 төгрөгийн ханын цаас, нийт 30 600 000 төгрөгийн бараа өгсөн. Тооцоо нийлэхэд АМ- ХХК нь НВ- ХХК-д 169 400 000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар тооцоо нийлсэн бөгөөд тус компанид төлбөртөө тооцон байр болон бетон зуурмаг авах хүсэлт удаа дараа гаргасан боловч шийдэж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Иймд АМ- ХХК-тай байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 169 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай АМ- ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр НВ- ХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу манайд 200 000 000 төгрөгийн үнэ бүхий бартерийн хөрөнгийг шилжүүлсэн. Манай талаас гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас одоогийн энэ маргаан үүссэн. Манай компани нэхэмжлэгч байгууллагын мөнгийг өгөхгүй гэж байгаа юм биш. Бэлэн мөнгө өгч чадахгүй, бартераар буюу байр өгч өрийг барагдуулах боломжтой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч АМ- ХХК-аас 169 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч НВ- ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч НВ- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 004 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АМ- ХХК-аас 1 004 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч НВ- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: "АМ-" ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, нарны зам гудамж, 62 дугаартай барилгын В блок, 1307 тоот хаягт байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн зүгээс хэргийн харьяаллыг шилжүүлж өгөхийг хүссэн боловч хүсэлтийг хангахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн шүүх хуралдааны явцад миний бие шүүгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гарах хүсэлт гаргасан боловч тус хэргийг хянан шийдвэрлэж байсан шүүгч өөрөө шийдвэрлэж, татгалзан гарах боломжгүй гэсэн. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасан байхад миний хүсэлтийг Ерөнхий шүүгч биш тухайн хэргийг хянан шийдвэрлэж байсан шүүгч өөрөө шийдвэрлэсэн нь дээр хуулийн заалтыг зөрчиж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/02192 дугаартай шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонбаяр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө зохигчид харилцан тохиролцож, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт тус тус зааснаар зохигч эвлэрэн хэлэлцэж энэ тухай зохигч талууд бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэх боломжтой байна.

Дээрх эвлэрлийн гэрээгээр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны D загварын 1 давхрын 4 тоот, 74.18 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 148 360 000 төгрөгт тооцуулан шаардах эрхийг шилжүүлж нэхэмжлэлийн зарим хэсгийг биелүүлж, үлдэх 21 040 000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 5 000 000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 5 000 000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 5 000 000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 6 040 000 төгрөг тус тус нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч талыг төлөөлж гарын үсэг зурсан Э.Мэнд-Оюут нь нэхэмжлэгч НВ- ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирал, хариуцагч "АМ-" ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан М.Отгонбаярт эвлэрэх эрх олгосон гүйцэтгэх захирал Ц.Энэбишээс олгосон итгэмжлэл хэрэгт авагдсан. /хх-ийн 4, 23, 3 /

Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/02192 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч "АМ-" ХХК нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны D загварын 1 давхрын 4 тоот, 74.18 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 148 360 000 төгрөгт тооцуулан шаардах эрхийг нэхэмжлэгч НВ- ХХК-д шилжүүлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлж, үлдэх 21 040 000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 5 000 000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 5 000 000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 5 000 000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 6 040 000 төгрөг тус тус нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 004 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Энэ магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Н.БАТЗОРИГ