Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 150/шш2026/00020

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 150/ШШ2026/00020

Сэлэнгэ аймаг

 

 

                                      

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг*-р хороо * тоот хаягт байрлах “* ” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймаг * сум *р баг * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,

 

*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “*” ХХК-д холбогдох, 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр * ХХК, * ХХК-ийн хооронд байгуулсан ЦШ/202301208/ дугаартай “сагстай өргөгч машин худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу тусгай зориулалтын * улсын дугаартай автомашиныг хүлээн авахыг хариуцагч * ХХК-д даалгаж, гэрээний төлбөр 135,380,000 төгрөг, буруу оношилсны улмаас нэмэлтээр гаргасан зардал 15,205,500 төгрөг, алданги 67,690,000 төгрөг, нийт 218,585,500 төгрөг гаргуулах  тухай маргаантай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*” ХХК-ийн захирал *, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** /цахим/, хариуцагч “*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, *, гэрч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *” ХХК-ийн захирал * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Өмгөөлөгч нэмэлт тайлбарыг гаргана...” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: "*" ХХК нь "*" ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ЦШ/202301208 дугаартай "Сагстай өргөгч машин худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу тусгай зориулалтын автомашиныг гэрээнд заасны дагуу нийлүүлсэн ба тус автомашин нь БНХАУ-ын "*" Co Ltd-д 2023 оны 06 дугаар сард үйлдвэрлэгдсэн цоо шинэ автомашин байсан. Уг сагстай өргөгч автомашиныг бид БНХАУ-ын Хубэй мужаас Эрээн хот Улаанбаатараас "*" ХХК хүртэл 2581 км замыг газраар жолоодож авч ирсэн. Бид тус автомашиныг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр талуудын төлөөллийг байлцуулан акт үйлдэн захиалагчид хүлээлгэн өгсөн болно. Мөн дахин 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр акт үйлдэн аккумляторыг нь сольж, хаалганы засварыг хийж хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд захиалагч нь хүлээн авсан барааг ашиглаж байсан ба дээрх актуудыг үйлдэн автомашиныг хүлээлгэн өгөхөд автомашин нь хэвийн ажиллаж байсан бөгөөд хөдөлгүүртэй холбоотой ямар нэг доголдол гараагүй. Тус актуудад автомашин хэвийн байгаа тухай тэмдэглэсэн байдаг. Гэвч автомашиныг анх хүлээлгэн өгснөөс хойш даруй 2 сарын хугацаа өнгөрсний дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 24-нд 01/1369 дугаар албан бичгийг ирүүлж "уг автомашины зарим хэсгийг тохируулах, засах шаардлагатай, доголдолтой байгаа талаар тайлбарлаж, евро 3 хөдөлгүүрийн стандарт шаардлагуудыг хангахгүй байгаа тухай дурдаж ажлын хэсгийнхээ хийсэн шалгалт дүгнэлтийг танилцуулсан ба албан бичигтээ заасны дагуу доголдлыг арилгаж засвар үйлчилгээ хийхийг мэдэгдэж, шаардсан. Тиймээс бид талууд хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцөл ГЕН 4.10-д заасан баталгаат хугацааны дотор буюу 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор тэдний шаардлагын дагуу автомашиныг засварлаж, зарим эд ангийг нь сольж дахин хүлээлгэж өгөх хүсэлтээ 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан. Гэтэл дахин 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх үед дахин автомашиныг засах тохируулах шаардлагатай гэж "*" ХХК-ийн инженер, холбогдох техникийн ажилтнууд нь тайлбарлаж, оношилсон. Ингээд бид та бүхний хүсэлт, оношилгооны дагуу засвар үйлчилгээ хийсэн байхад яагаад дахиад засвар хийх шаардлагатай болж байгаа талаар тодруулахад тодорхой хариулт өгөөгүй. Харин үүний дараа тус автомашиныг шаардлага хангахгүй байна гэх дүгнэлтийг шууд хийж, гэрээг цуцлах талаар 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1453 дугаар албан бичгээр мэдэгдсэн. (Жич: Тус мэдэгдлийг бидэнд өгөхөөс өмнө хариуцагч компанийн гүйцэтгэх захирал нь нэг сайтын сэтгүүлч нартай шууд дамжуулалтаар уулзаж хийж байхдаа "*" ХХК-ийн гэрээг цуцална хэмээн мэдэгдэж байсан.) Тус мэдэгдэлд зааснаар талууд хооронд байгуулсан гэрээний 5.1 дүгээр зүйлийн 5.1.1-д "...нийлүүлэгч үүргээ гэрээнд заасан хугацаанд, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас захиалагч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч нийлүүлэгч нэмэлт хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол захиалагч гэрээг цуцлах эрхтэй..." гэсэн заалтыг үндэслэж гэрээг цуцалж байгаагаа мэдэгдсэн ба дараа нь компанийн сайт дээрх тендерийн мэдээлэлдээ манай компанийг хасагдсан төлөвт оруулсан байсан. Манай компани нь талууд хооронд байгуулсан гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, 2023 онд үйлдвэрлэгдсэн цоо шинэ автомашиныг нийлүүлсэн ба захиалагчийн шаардлага хүсэлтийн дагуу гэрээнд заасан хугацаанд багтан нэмэлтээр засвар үйлчилгээ, тохируулга хийж өгсөн. Тиймээс уг заалтын дагуу гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Бид тус мэдэгдлийн дараа хөндлөнгийн шинжээч томилж оношлуулах, эсхүл үйлдвэрлэгч компанийн төлөөллийг оролцуулан хамтарсан оношилгоо хийх талаар удаа дараа хүсэлт гаргаж ирсэн. Хариуцагч компаниас хамгийн сүүлд бидэнд 2024 оны 3 дугаар сарын 28-нд 01/410 тоот албан бичгээр хариу ирүүлж, "нэгэнт гэрээ цуцалж, Төрийн худалдан авах цахим санд тухайн мэдээллийг оруулсан тул тухайн машинд үүссэн доголдолтой холбоотой асуудлыг мэргэжлийн байгууллагаар шалгаж тогтоолгох, хамтарсан гурван талын уулзалт хийх шаардлагагүй болохыг үүгээр мэдэгдье" гэх хариу өгсөн. Гэвч уг автомашиныг хүлээн авах ажлын хэсгийн гаргасан оношилгоонууд нь үнэн бодиттой байсан эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Учир нь хөндлөнгийн мэргэжлийн хүмүүсийг оролцуулж уг оношилгоонууд хийгдэж байгаагүй. Зөвхөн хариуцагч "*" ХХК-ийн инженер, техникийн ажилтнуудын тавьсан шаардлага, оношилгоонд үндэслэж шинээр үйлдвэрлэгчээс сэлбэг авчран холбогдох засвар, тохируулгыг хийж байсан. Манай компани нь зөвхөн худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг тул автомашины үзлэг оношилгоо хийх боломжгүй байдаг. Тиймээс бид уг асуудлаар үйлдвэрлэгчид хандахад эрх бүхий мэргэжлийн байгууллагаар оношилгоо хийлгэхийг зөвлөсөн. Ингээд мэргэжлийн инженерийн үзлэгт оруулж, оношилгоо хийлгэж үзэхэд үйлдвэрийн тохируулга алдагдсан нь тогтоогдсон.

Тодруулбал, мэргэжлийн инженерийн үзлэгээр "*" ХХК-ийн албан бичгүүдэд дурдсан автомашины талаарх дүгнэлтүүд нь бүхэлдээ үндэслэлгүй, эхнээсээ алдаатай оношилж, буруу тохируулга хийж байсан нь тодорхой болсон. Одоо дээрх автомашин нь ямар ч асуудалгүй хэвийн ажиллаж байна. Талууд хооронд байгуулсан гэрээний дагуу нийлүүлсэн автомашинд ямар доголдол байсан болох, засах шаардлага байсан эсэх, тохируулга хийсний дараа ямар өөрчлөлт орсон, эсхүл эхнээсээ зөв оношилж байсан эсэхийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох ёстой. Тиймээс дээрх гэрээ цуцлах тухай мэдэгдлийг манай компани хүлээн зөвшөөрөхгүй. Зөвхөн нэг талын санал дүгнэлтийн дагуу машиныг оношилж, засаж байсан. Бид тус автомашины төлбөрийг 100 хувь урьдчилж төлж, худалдаж авсан ба ихээхэн хэмжээний санхүүгийн эрсдэлд ороод байна. Уг автомашины төлбөрт манай компани 89,212,264.62 төгрөгийг үйлдвэрлэгч "*" Co., Ltd-д төлсөн. Мөн хариуцагч компанийн шаардлагын дагуу нийт 15,205,500 төгрөгийн сэлбэг, засвар үйлчилгээг тус автомашинд нэмэлтээр хийсэн. Тус сагстай өргөгч автомашиныг БНХАУ-д нэг стандартаар маш олон тоогоор үйлдвэрлэдэг бөгөөд Эрдэнэт хотын "*" 2 ширхэг машиныг худалдан авсан ба одоо хэвийн ашиглаж байна. Гэрээг цуцлахад сошиал нийгмийн сүлжээнд "*" ХК-тай холбоотой нийтэлсэн "Цавчаа  ногоон" гэсэн утгатай нэгэн иргэний постыг манай компанийн нийлүүлсэн машинтай хамаатуулж, бодит байдалд нийцэхгүй, худал мэдээлэл түгээж байсан нь хариуцагч компанийн хүлээн авах комиссын үйл ажиллагаанд нөлөөлсөн байх магадлалтай юм. Иймд захиалагч "*" ХХК-ийн дээрх гэрээ цуцлах тухай мэдэгдэл нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тодруулбал, хэвийн байсан автомашиныг алдаатай оношилж, буруу засвар хийлгэж машины тохиргоонд өөрчлөлт оруулчхаад шаардлага хангахгүй бараа нийлүүлсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд биднийг хохироосон үйлдэл болж байна. Ийнхүү хариуцагч нь автомашиныг буруу оношилж байсны улмаас бид нэмэлтээр БНХАУ-аас сэлбэг авчруулж, тус автомашинд засвар үйлчилгээ хийхэд нийт 15,502,500 төгрөгийн зардал гаргасан. Уг зардлыг бид хариуцагч нь буруу оношилгоо хийсний улмаас манай компанид учруулсан хохирол гэж үзэж байгаа болно. Тиймээс манай компани учирсан хохирлоо барагдуулах зорилгоор хариуцагчид холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр "*" ХХК, "*" ХХК-ийн хооронд байгуулсан ЦШ/202301208 дугаартай "Сагстай өргөгч машин худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу тусгай зориулалтын 8146УБА улсын дугаартай автомашиныг хүлээн авахыг хариуцагч "*" ХХК-д даалгаж, тус гэрээний төлбөр 135,380,000 төгрөгийг, буруу оношилсны улмаас нэмэлтээр гаргасан зардал 15,205,500 төгрөг, нийт 150,585,500 төгрөгийг "*" ХХК-иас гаргуулж, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн алданги тооцож өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-д эрсдэл ба хариуцлагын талаар зохицуулсан. Анх техникийг хүлээлгэж өгөхөд явах эд анги болон бусад зүйлийн талаар жагсааж, бүх зүйлийг хэвийн гэж хүлээж авсан. Шинжээчийн дүгнэлтээр явах эд анги перда диск солигдох, элэгдэх асуудал үүснэ. Шинэ техник учраас сольсон эсэх талаар задалж тодорхойлох боломжгүй гэсэн дүгнэлтийг хийгээд байгаа юм.

Нийлүүлэгчийн зүгээс гэрээнд заасан 6 сарын баталгаат хугацааны дагуу шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслүүдийг солих ажиллагааг хийсэн. “*” ХХК-ийн ажлын хэсэгт өөр өөр төрлийн ажил мэргэжилтэй албан тушаалтнууд орсон байсан. Тусгай чиг үүргийн шинжээчийн дүгнэлт гаргасан шиг тусгай мэдлэг бүхий этгээд байгаагүй. Сүүлийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр ажлын хэсгийн тодорхойлсон эвдрэл гэмтэл тогтоогдохгүй талаар дүгнэлт гаргасан. Мөн *” ХХК нь туршилт хийсэн. Энэ талаар баримтаа хавтас хэрэгт гаргаж өгсөн. Гэтэл уг ажлын хэсэг жижиг сажиг зүйл яриад өөрсдөө хүлээж аваад 2 сар гаран ашигласны дараа ийм тайлбар гаргаад байгаа нь зохисгүй, гэрээ цуцлах үндэслэл болгон тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй юм. Хугацааны хувьд гэрээний зөрчил болсон талаар тайлбарласан. Гэвч нийлүүлэгчийн зүгээс хугацаа хоцорсон талаар тодорхой тайлбарлаж, албан бичгийг хүргүүлсэн. Мөн Худалдаа аж үйлдвэрийн танхимаас давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой тайлбарыг авч, гэрчилгээг мөн хүргүүлсэн. Хугацааг уртасгаж талаар бичгээр хариу өгөөгүй ч 08 дугаар сарын 07-ны өдөр актаар хүлээж авч байгаа нь нийлүүлэх хугацааг хүлээн зөвшөөрсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Үнэхээр хугацааны асуудал байсан бол үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу гэрээний тусгай нөхцөлд зааснаар алданги тооцох байдлаар энэ арга хэрэгслүүдийг хэрэглэх боломжтой гэж үзэж байгаа юм. Иймд хариуцагчийн гаргаж буй тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримттай нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Энэ сая ярьж байгаа тендер сонгон шалгаруулах явцад Наранбаатар гэдэг хүн нөлөөлсөн байж магадгүй гэж ярьж байх шиг байна. Энэ хүн дээр нэхэмжлэл гаргаагүй. Манайх зүгээс “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй “*” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүрэгт алданги 67 сая 690 мянган төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасныг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч байна. “*” ХХК-ийн гэрээний дагуу нийлүүлсэн машин, машиныг зориулалтын дагуу ашиглах боломжгүй, гэрээнд заасан техникийн шаардлага хангаагүй болох нь олон удаагийн шалгалт, туршилтаар тогтоогдсон тул бид Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нэг нь гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирлын хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасныг үндэслэн ЦШ202301208 дугаартай гэрээг цуцалж байгаа талаарх мэдэгдлийг 2023 оны 11 сарын 16-ны өдрийн 01/1453 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч талд хүргүүлж гэрээг цуцалсан. Гэтэл “*” ХХК нь цуцлагдсан гэрээнд алданги тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй буюу цуцлагдсан гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Манай компани нь өөрийн үйл ажиллагаанд хэрэгцээ шаардлагатай байсан сагстай хөргөгч машиныг нийлүүлэх гүйцэтгэгч сонгон шалгаруулах тухай тендерийг холбогдох хууль, дүрэм, журамд нийцүүлэн зарласан. Тус тендерт “*” ХХК нь оролцон шалгарснаар талуудын хооронд 2023 оны 4 сарын 27 -ны өдөр 202301208 дугаартай сагстай хөргөгч машин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу “*” ХХК нь бидэнд ажлын 45 хоногт буюу 2023 оны 6 сарын 29-ний өдөр багтаан барааг нийлүүлэх үүрэг хүлээсэн боловч дээрх хугацаанд бараагаа нийлүүлээгүй 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр сагстай хөргөгч, машиныг хүлээлгэн өгсөн. Энэ гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй нэг баримт юм. Уг хугацаанд бараа бүтээгдэхүүн нийлүүлээгүй улмаас 2023 оны төлөвлөгөөт их засварын ажил доголдол үүссэн. Энэ талаар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн гэнэтийн буюу давтагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр “Сужоу” хотын сүүлийн 10 жилд байгаагүй том үерийн гамшиг тохиож, зарим авто зам, үйлдвэрүүд асар их эвдэрч хохирсон, мөн энгийн ажил үйлдвэрлэлд ноцтой сөргөөр нөлөөлсөн сагстай өргөгч машин үйлдвэрлэдэг манай үйлдвэрт ч сөргөөр нөлөөлж, үндсэн эд ангийн ирэх хугацаа 20 гаруй  өдрөөр хойшилсон талаар тайлбарыг ирүүлсэн. Гэтэл тус гэрчилгээг гэрээнд заасан хугацаанаас 49 хоногийн дараа буюу эд ангиа нийлүүлэн авч чадахгүй байгаа тусгай нөхцөлөөр гэрчилгээг манай компанид ирүүлсэн. Тус давтагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, сагстай өргөгч машиныг манай компанид нийлүүлэхэд хамааралгүй асуудал гэдэг нь энэ баримтаар харагдаж байна. Дээрх машиныг хүлээн авснаас хойш уг тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах гэхэд моторын хүчин чадал муу, хаалганы битүүмж алдагдсан, динам / тог гаргагч/ ажиллахгүй, цахилгааны асуудалтай, хүчин чадал муутай зэрэг нөхцөл байдлууд хүндрэлүүдтэй тулгарсан. Үүнтэй холбоотойгоор “*” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг шалгалт явуулахад сагстай өргөгч машинд нь евро 3 хөдөлгүүрийн стандартын шаардлагуудыг хангахгүй, өгсүүр замд хүч алдах, явах боломжгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, галын аюулгүй байдлыг хангагдаагүй, кабины битүүмж муу, хаалга засвартай, динам /тог гаргагч/ ажиллахгүй 24 вольтын хүчин чадал гаргах ёстой атал 17 вольт ч хүрч чадахгүй байгаа цахилгааны асуудалтай зэрэг гэмтлүүд доголдлууд илэрсэн.

Дээрх эвдрэл гэмтэл, доголдлууд нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний техникийн тодорхойлолт заагдсан шаардлага нөхцөлийг хангахгүй байсан тул 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01/1364 дугаартай тоот албан  бичгээр 2023 оны 11 сарын 06-ны өдөр дээрх доголдлуудыг засварлаж, хэвийн жигд ажиллагааг хангах талаар “*” ХХК-д хүргүүлсэн. “*” ХХК нь тухайн үед уг албан бичигт дурдагдсан сагстай өргөгч машиныг шалгаж, эвдрэл гэмтэл, доголдлуудыг хүлээн зөвшөөрч буцаан авч явсан ба 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 23/824 дугаартай албан бичгээр сагстай өргөгч машиныг бүрэн засварлаж дууссан тухайгаа мэдэгдсэн. Улмаар тус компани нь 2023 оны 11 сарын 15-ны өдөр машиныг бидэнд дахин хүлээлгэж өгөхөөр авчирсан ба компаниас гарсан ажлын хэсэг шалгаж үзэхэд дээрх 7 эвдрэл гэмтэл, доголдлууд арилаагүй. Уулын замд техникээ явуулж шалгахад 1 дүгээр ордын 940 дүгээр түвшин буюу 5-6 хэмтэй түвшин рүү өгсөж чадахгүй шалгахад перда диск элэгдэж араандаа орохгүй, машины мотор, хроп, редуктор 3 нь тухайн үедээ техникийн техниктэйгээ тохирохгүй, хүчин чадал бага тул техникийг шалгах боломжгүй болсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... ” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус сагстай өргөгч машиныг хоёр талын ажлын хэсэг оролцож, уурхайд туршилт хийхээр явах замдаа дээр дурдсан 940 дүгээр түвшинд явж чадахгүй араандаа орохгүй зогсож, нийлүүлэгч компани өөрсдөө сагстай өргөгч машиныг авч явсан...” гэв.

 

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад             

ҮНДЭСЛЭХ нь:

           

           *” ХХК нь “*” ХХК-д холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр * ХХК, * ХХК-ийн хооронд байгуулсан ЦШ/202301208/ дугаартай “сагстай өргөгч машин худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу тусгай зориулалтын * улсын дугаартай автомашиныг хүлээн авахыг хариуцагч * ХХК-д даалгаж, гэрээний төлбөр 135,380,000 төгрөг, буруу оношилсны улмаас нэмэлтээр гаргасан зардал 15,205,500 төгрөг,  алданги 67,690,000 төгрөг, нийт 218,585,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

            Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.

Нэхэмжлэгч талын өмгөөлөгчид * нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... Манай тал гэрээний дагуу уг сагстай өргөгч автомашиныг бид БНХАУ-ын Хубэй мужаас Эрээн хот Улаанбаатараас "*" ХХК хүртэл 2581 км замыг газраар жолоодож авч ирсэн. Автомашиныг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр талуудын төлөөллийг байлцуулан акт үйлдэн захиалагчид хүлээлгэн өгсөн болно. Мөн дахин 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр акт үйлдэн аккумляторыг нь сольж, хаалганы засварыг хийж хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд захиалагч нь хүлээн авсан барааг ашиглаж байсан ба дээрх актуудыг үйлдэн автомашиныг хүлээлгэн өгөхөд автомашин нь хэвийн ажиллаж байсан бөгөөд хөдөлгүүртэй холбоотой ямар нэг доголдол гараагүй. Үүнээс хойш 2 сарын дараа дахин уг автомашины зарим хэсгийг тохируулах, засах шаардлагатай, доголдолтой байгаа талаар тайлбарлаж, евро 3 хөдөлгүүрийн стандарт шаардлагуудыг хангахгүй байгаагаа илэрхийлсэн байдаг. Манайд гэрээнийн ерөнхий нөхцөлд заасны дагуу автомашиныг зарим эд ангийг сольж дахин хүлээлгэн өгөх хүсэлт гаргахад захиалагч талаас тус автомашиныг  шаардлага хангахгүй байна гэх үндэслэлээр гэрээг цуцлах талаар албан бичгээр мэдэгдсэн. Бид тус мэдэгдлийн дараа хөндлөнгийн шинжээч томилж оношлуулах, эсхүл үйлдвэрлэгч компанийн төлөөллийг оролцуулан хамтарсан оношилгоо хийх талаар удаа дараа хүсэлт гаргаж ирсэн боловч * ХХК нь хариу ирүүлдэггүй байсан. Бид дандаа нэг талын санал дүгнлэтийг дагуу машиныг оношилж засаж байсан... иймд бид доголдолтой автомашин нийлүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах саналтай.... гэж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *: ...Анх техникийг хүлээлгэж өгөхөд явах эд анги болон бусад зүйлийн талаар жагсааж, бүх зүйлийг хэвийн гэж хүлээж авсан. Нийлүүлэгчийн зүгээс гэрээнд заасан 6 сарын баталгаат хугацааны дагуу шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслүүдийг солих ажиллагааг хийсэн. ...Сүүлийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр ажлын хэсгийн тодорхойлсон эвдрэл гэмтэл тогтоогдохгүй талаар дүгнэлт гаргасан. Мөн “*” ХХК нь туршилт хийсэн. Энэ талаар баримтаа хавтас хэрэгт гаргаж өгсөн. Гэтэл уг ажлын хэсэг жижиг сажиг зүйл яриад өөрсдөө хүлээж аваад 2 сар гаран ашигласны дараа ийм тайлбар гаргаад байгаа нь зохисгүй, гэрээ цуцлах үндэслэл болгон тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй юм.... нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.... гэж,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нар нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болсон үндэслэлээ: ...“*” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг шалгалт явуулахад сагстай өргөгч машинд нь евро 3 хөдөлгүүрийн стандартын шаардлагуудыг хангахгүй, өгсүүр замд хүч алдах, явах боломжгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, галын аюулгүй байдлыг хангагдаагүй, кабины битүүмж муу, хаалга засвартай, динам /тог гаргагч/ ажиллахгүй 24 вольтын хүчин чадал гаргах ёстой атал 17 вольт ч хүрч чадахгүй байгаа цахилгааны асуудалтай зэрэг гэмтлүүд доголдлууд илэрсэн.

Дээрх эвдрэл гэмтэл, доголдлууд нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний техникийн тодорхойлолт заагдсан шаардлага нөхцөлийг хангахгүй байсан тул 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн албан  бичгээр дээрх доголдлуудыг засварлаж, хэвийн жигд ажиллагааг хангах талаар “*” ХХК-д хүргүүлсэн. “*” ХХК нь тухайн үед уг албан бичигт дурдагдсан сагстай өргөгч машиныг шалгаж, эвдрэл гэмтэл, доголдлуудыг хүлээн зөвшөөрч буцаан авч явсан ба 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичгээр сагстай өргөгч машиныг бүрэн засварлаж дууссан тухайгаа мэдэгдсэн. Улмаар тус компани нь 2023 оны 11 сарын 15-ны өдөр машиныг бидэнд дахин хүлээлгэж өгөхөөр авчирсан ба компаниас гарсан ажлын хэсэг шалгаж үзэхэд дээрх 7 эвдрэл гэмтэл, доголдлууд арилаагүй. Уулын замд техникээ явуулж шалгахад 1 дүгээр ордын 940 дүгээр түвшин буюу 5-6 хэмтэй түвшин рүү өгсөж чадахгүй шалгахад перда диск элэгдэж араандаа орохгүй, машины мотор, хроп, редуктор 3 нь тухайн үедээ техникийн тодорхойлолтдоо  тохирохгүй, хүчин чадал бага тул техникийг шалгах боломжгүй болсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн тайлбарыг гаргаж тус тус мэтгэлцэж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

1.* ХХК болон * ХХК-ын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр "*" ХХК, "*" ХХК-ийн хооронд байгуулсан ЦШ/202301208 дугаартай "Сагстай өргөгч машин худалдах, худалдан авах гэрээ" байгуулагдсан байна. /хх-ийн 12-15 хуудас/

2.* ХХК нь автомашины нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж * ХХК-ийн нийлүүлэх автомашин нь * ХХК-аас зарласан техникийн тодорхойлолтод нийцэж байсан болох нь хоёр компанийн удирдлагын баталсан “Сагстай өргөгч машин худалдах, худалдан авах гэрээний техникийн тодорхойлолт”, * ХХК-ын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 61/385 дугаартай * ХХК-д гаргасан албан бичиг зэргээр нотлогдож байна. /хх-16, 73 хуудас/

3.* ХХК нь сагстай өргөгч машиныг 2023 оны 07 дугаар сарын 31-нд Монгол улсын хилээр оруулж ирж 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр * ХХК-ийн төлөөлөл *, * ХХК-ын төлөөлөл  * гэх хүмүүс * улсын дугаартай шар өнгийн сагстай өргөгч машиныг акт үйлдэн хүлээлгэн өгсөн байна.

4. Хүлээлгэн өгсний дараа доголдол илэрсэн гэх үндэслэлээр 2 ширхэг аккумлятор сольж, хаалганы засвар хийгдэж, төхөөрөмжний удирдлагын системийг ажилд оруулж дахин 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээлгэн өгсөн байна./хх-ийн 17-18 хуудас/

5. Үүнээс хойш * ХХК нь 2023 оны 10 сарын 24-ны өдрийн 01/1369 тоот албан бичгээр автомашинд хэд хэдэн доголдол илэрсэн энэ нь техникийн тодорхойлолтод нийцэхгүй тул засварлаж, хэвийн жигд ажиллагаатай болгож өгөх талаар хүсэлт гаргасны дагуу * ХХК автомашиныг  засварлаж дуусаад 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр автомашиныг хүлээлгэн өгсний дараа дахин автомашин нь “чанарын шаардлага хангахгүй, доголдолтой техникийг буцааж доголдлыг арилгах хугацаатай мэдэгдэл өгсөн боловч доголдлуудыг  арилгаж, ашиглалтын хэвийн горимд оруулж хүлээлгэн өгч чадаагүй” гэх ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрээг цуцлах мэдэгдэл * ХХК-д хүргүүлсэн байна. /хх-ийн 44, 74-75 хуудас/

6. Мөн * ХХК болон үйлдвэрлэгч Хятад компани нь захиалагч компанитай 3 талын хамтарсан уулзалт хийх, мэргэжлийн оношилгооны төвд хандаж үзлэг, дүгнэлт гаргуулах зэрэг хүсэлтийг * ХХК-д удаа дараа гаргаж байсан нь * ХХК-ын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 23/896 дугаартай албан бичиг, 2023 оны 12 сарын 25-ны өдрийн 23/1010 дугаартай албан бичиг, * ХХК-ын 2023 оны 11 сарын 28-ны өдрийн албан бичиг зэргээр тогтоогдож байна. /хх-33, 35, 36-39 хуудас/

 

Шүүхээс хийж буй хууль зүйн дүгнэлт

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ… гэж,

2.Мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ… гэж тус тус хуульчилсан байна.

3.Талууд худалдан авсан сагстай өргөгч машины чанарын талаар маргадаг бөгөөд хариуцагч тал техникийн тодорхойлолтод заасан нөхцөлүүдийг хангахгүй, чанарын шаардлага хангахгүй гэж маргаж гэрээ цуцлах шийдвэр гаргасан байдаг.

4.Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” Сагстай өргөгч машиныг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр * ХХК-д хүлээлгэн өгөхөд худалдан авагч талаас * нар, худалдагч байгууллагыг төлөөлөн * нар акт үйлдэн автомашиныг хүлээлгэн өгсөн бөгөөд “илүү, дутуу, гологдол, гэмтлийн талаарх комиссын шийдвэр” хэсэгт ямар нэгэн бичиг, тэмдэглэл байхгүй байгаа нь анх автомашиныг хүлээлгэн өгөхөд гэмтэл доголдол байхгүй байсныг илтгэнэ. /хх-ийн 20 хуудас/

5.* ХХК нь сагстай өргөгч машиныг

  1. Евро 3 хөдөлгүүрийн стандарт шаардагуудыг хангахгүй,
  2. Өгсүүр замд хүч алдаж чвах боломжгүй болсон
  3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, галын аюулгүй байдал хангагдаагүй
  4. Кабины битүүмж муу
  5. Хаалга засвартай
  6. Дженам ажиллахгүй, 24-27 вольтын хүчин чадал гаргах ёстой ч 17 вт л хүрч байсан

     7.Цахилгааны асуудалтай зэрэг гэмтэл, доголдолтой гэсэн боловч энэ нь * ХХК-ийн өөрсдийн ажилчид, албан хаагчдаар оношлуулсан, эдгээр хүмүүс нь автомашинд үзлэг, шалгалт хийж, үнэлгээ өгөх, оношлогоо хийх хэмжээний мэргэжлийн хүмүүс мөн эсэх нь тодорхойгүй, түүнчлэн маргаан бүхий автомашины чанар байдлын талаар хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар оношлуулаагүй, доголдол нь анх хүлээлгэн өгөхөд байсан юм уу, ашиглалтын явцад үүссэн эсэхийг тогтоолгоогүй бөгөөд хүлээлгэн өгсөн эд хөрөнгө нь доголдолтой эсэх нь нотлогдоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

6.Нэхэмжлэгч байгууллагаас удаа дараа худалдан авагч байгууллагын хэлснээр доголдол үүссэн гэснийг баталгаат хугацааны явцад сольж, засварлаж өгч байсан нь худалдагч компанийн албан бичгээр нотлогддог.

7.Мөн Цамхагийг бүтээгчид ХХК-ын 2024 оны 09 дүгээр 19-ны өдрийн Даацын туршилт хийсэн актаар “*” сагстай өргүүр нь даацын туршилтанд тэнцсэн тул өргүүр цаашид 550 кг даацтайгаар ашиглах боломжтой гэх акт /хх-ийн 104-109 хуудас/,

8.Хариуцагч талын хүсэлтээр дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 08/230 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлтэд:

- * улсын дугаартай сагстай өргөгч автомашины БНХАУ-Д үйлдвэрлэгдсэн YC4FA цувралын YC4FA120-33 загварын хөдөлгүүр нь Евро-3 хөдөлгүүрийн стандартын шаардлагыг хангасан,

            -Үзлэг хийх явцад сагстай өргөх автомашины цахилгааны схем, залгах, реле зэрэгт гэмтэл ажиглагдаагүй,

- Сагстай өргөгч автомашиныг турших зорилгоор хөдөлгөөнд оролцуулж, тэгш болон өгсүүр (3-аас 4°, 6-аас 7° налуу) замаар явуулж шалгахад авцуулах холбооны хөтлөгдөх диск (ферда диск) хий эргэх, дамжуулга салах зэрэг шинж тэмдэг ажиглагдаагүй, гэмтэлгүй байсан. Харин авцуулах холбоог задалж, оношилгоо хийх боломжгүй (энэ ажлыг тусгай засварын газарт хийх шаардлагатай), эд ангийг сольсон, эсвэл засварласан гэх шинж тэмдэг гадна талаасаа харагдаагүй болно. Мөн уг автомашин нь харьцангуй шинэ учир авцуулах холбоог задалж, оношилгоо хийсэн үед ч хөтлөгдөх дискийг шинээр сольсон эсэхийг тогтоох боломжгүй. Авцуулах холбооны хөтлөгдөх диск нь тодорхой хугацааны дараа элэгдэлд орж заавал солигддог эд анги юм,

- Тээврийн хэрэгсэлд гэмтэл үүсэх нь үйлдвэрлэлийн болон ашиглалтын олон шалтгаанаас хамаардаг, гэмтлийг засварласны дараа дахин давтагдаж гарах эсэх нь засварын болон ашиглалтын олон шалтгаанаас хамаарна. Үүсэн гэмтэл дахин гарч болно. Мөн тээврийн хэрэгсэл нь ашиглалтын явцад элэгдэлд байнга орж байдаг учир гэмтэл, эвдрэл байнга гардаг,

- Сагстай өргөгч автомашины ерөнхий дамжуулгын хацар болон зүрх араar зөвхөн үйлдвэрлэгчээс зөвшөөрөгдсөн эд ангиар солих шаардлагатай. Хэрэв үйлдвэрлэгч ингэж солихыг зөвшөөрөөгүй тохиолдолд тооцоо, судалгааг хийж автомашины үзүүлэлт яаж өөрчлөгдсөнийг баталгаажуулах шаардлагатай. "Удаан явдалтай" байсныг засварлаж "хурдан явдаг" болгосон үед автомашины хөтлөх дугуйнд дамжих мушгих момент багасаж, хурдны хайрцаг хөдөлгүүрт нэмэлт ачаалал ирнэ. Энэ ачаалал өгсүүр замаар явахад хамгийн их нөлөөлнө...” гэх дүгнэлт зэргээр сагстай өргөгч автомашин нь Евро-3 хөдөлгүүрийн стандартын шаардлагыг хангасан, хэвийн ашиглагдах боломжтой болох нь нотлогдож байна.

 

9.Шүүх хуралдаанд оролцсон гэрч * нь сагстай өргөгч машиныг хүлээж авахад байлцсан комиссын гишүүн бөгөөд “Бид замын хөдөлгөөнд оролцож шалгаж үзээгүй. Манай хэлтсээс уг тээврийн хэрэгслийг ажиллуулах жолооч оператор байхгүй байсан тул Геологи уул уурхайн хэлтэст хүлээлгэж өгөхөд асуудал үүссэн. Уг тээврийн хэрэгслийн доторлогоо хаалга нь засвартай байсан тул эхний удаа нийлүүлэгчид хэлж засуулсан. Дараа нь уурхайн явах замд хүчгүй болоод хроп эвдэрсэн. Тухайн үед нийлүүлэгчийн зүгээс “*” ХХК-ийн захирал өөрөө байсан” гэж мэдүүлж байх бөгөөд анх хүлээж авахдаа машиныг сайтар шалгаж аваагүй, доголдол байсан эсэхийг тогтоогүй болох нь нотлогдож байна.

 

10.Хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзсэн тул шүүх үнэлж дүгнээгүй болно.

11.Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний ерөнхий нөхцөлийн 4.18-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 67,690,000 алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

12.Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар * компаниас сагстай өргөгч машин худалдах худалдах авах гэрээний үүрэгт 135,380,000 төгрөг, буруу оношилсны улмаас нэмэлтээр гаргасан зардал 15,205,500 төгрөг, алданги 67,690,000 төгрөг, нийт 218,585,500 төгрөгийг гаргуулж “*” ХХК олгож, “*” ХХК-д * улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээж авахыг даалгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

13.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,407,278 төгрөгийг улсын орлогод үлдээж, “*” ХХК-аас 1,407,278 төгрөгийг гаргуулж “*” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар * компаниас сагстай өргөгч машин худалдах худалдах авах гэрээний үүрэгт 135,380,000 төгрөг, буруу оношилсны улмаас нэмэлтээр гаргасан зардал 15,205,500 төгрөг, алданги 67,690,000 төгрөг, нийт 218,585,500 төгрөгийг гаргуулж “*” ХХК-д олгож, “*” ХХК-д * улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээж авахыг даалгасугай.

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,407,278 төгрөгийг улсын орлогод үлдээж, “*” ХХК-аас 1,407,278 төгрөгийг гаргуулж “*” ХХК-д олгосугай.

3. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ДЭЛГЭРСАЙХАН