| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0155/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\174 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2018\ШЦТ\174
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Адъяа,
Улсын яллагч Н.Дуламсүрэн,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 1818002970198 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* овогт *******ын******* /РД:******* /, 1988 оны 4 дүгээр сарын 23-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн ******* тоотод оршин суух иргэн *******ийн монгол гэрт 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нэвтэрч ягаан өнгийн хүүхдийн унадаг дугуй, 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нэвтэрч цагаан өнгийн, ногоон өнгийн оруулгатай том хүний унадаг дугуйг тус тус хулгайлж нийт 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн ******* тоотод оршин суух иргэн *******ийн монгол гэрт 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хууль бусаар нэвтэрч 100.000 төгрөгийн үнэ бүхий ягаан өнгийн хүүхдийн унадаг дугуйг хулгайлан Дархан сумын 7 дугаар багт байрлах Шинэ зах дээр гэр ахуйн тавилга зардаг *******гэх хүнд 50.000 төгрөгөөр зарсан, мөн 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хууль бусаар нэвтэрч 180.000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн рамтай, ногоон өнгийн обудтай том хүний унадаг дугуйг хулгайлж зах дээр зарах гэж яваад цагдаагийн байгууллагын ажилтанд баригдсан болох нь:
Хэрэгт авагдсан:
Хохирогч *******ийн: Би нөхөртэйгөө хамт 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоот хашаагаа эргэж очсон. Тэгтэл хулгайч манай монгол гэрийн цоожийг эвдээд гэр дотор байсан цагаан өнгийн, ногоон өнгийн оруулгатай том хүний унадаг дугуй, ягаан өнгийн хүүхдийн дугуй хоёрыг авсан байсан. Би 2 дугуйг нийт 330.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Алдагдсан 2 дугуйгаа би буцаан авсан ба ямар нэг эвдрэлгүй, бүрэн бүтэн байсан. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 11-12/,
Гэрч *******ийн: Манай монгол гэрийн хаалганы цоожийг эвдчихсэн, дотроос нь том хүний 1 ширхэг, хүүхдийн 1 ширхэг унадаг дугуй алга болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
Гэрч *******гийн: Би 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 11:00 цагийн орчимд дунд зэргийн нуруутай, 30 орчим насны эрэгтэй хүнээс ягаан өнгийн хүүхдийн дугуйг 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Би тухайн залуугаас хохирлын 50.000 төгрөг авсан тул санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Гэрч *******ийн: 2018 оны 4 дүгээр сарын дундуур манай нөхөр ******* зах дээр ачаа буулгаад цалин авсан гээд бараг 30.000 гаруй төгрөгийн хүнс, хүүхдийн живх зэрэг зүйлс гэртээ авчирсан. Тэгтэл цагдаагийн байгууллагаас над руу яриад *******ыг хулгайн хэрэгт холбогдсон гэхээр нь би юу болсон талаар түүнээс асуухад “урд талын эзэнгүй айлаас хүүхдийн дугуй аваад зах дээр зараад гэртээ хүнс, хүүхдэд живх худалдаж авсан. Мөн дахин тэр айл руу ороод том хүний дугуй аваад түүнийгээ зарах гэж яваад цагдаад баригдсан” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр урд талын гудамжны эзэнгүй айлын хашааны хаалга онгорхой байхаар нь ороод монгол гэрт нь байсан ягаан өнгийн хүүхдийн дугуйг аваад зах дээр дугуй зардаг хүнд 50.000 төгрөгөөр зарсан. Тэгээд 3 хоногийн дараа тухайн эзэнгүй айл руу дахин орж том хүний дугуйг нь аваад зах дээр зарах гэж явж байгаад цагдаад баригдсан гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 69-72/
“Капитал зууч” ХХК-ний 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “цагаан өнгийн рамтай, ногоон өнгийн обудтай том хүний хуучин унадаг дугуй 1 ширхэг, ягаан өнгийн, голоороо эвхэгддэг хүүхдийн шинэвтэр унадаг дугуй 1 ширхэг эд зүйлс нийт 280.000 төгрөгийн үнэтэй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, дэслэгч А.Бат-Оршихын 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “*******аас цагаан өнгийн, ногоон өнгийн обудтай, Солонгос улсад үйлдвэрлэсэн гэх хуучин унадаг дугуйг хураан авав” гэх эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 21-22/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, дэслэгч А.Бат-Оршихын 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “*******гээс ягаан өнгийн хүүхдийн унадаг дугуйг хураан авав” гэх эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 24-25/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, дэслэгч А.Бат-Оршихын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Хохирогч *******т цагаан өнгийн, ногоон өнгийн обудтай, Солонгос улсад үйлдвэрлэсэн гэх хуучин унадаг дугуй, ягаан өнгийн хүүхдийн унадаг дугуй зэргийг хүлээлгэн өгөв” гэх эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 13/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч *******ын хохирогч *******ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн ******* тоот хашаанд байрлах монгол гэрт нэвтэрч цагаан өнгийн, ногоон өнгийн обудтай, том хүний хуучин унадаг дугуй болон ягаан өнгийн хүүхдийн шинэвтэр унадаг дугуй зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******т 280.000 төгрөгийн хохирол, иргэн *******д 50.000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогч ******* нь эд зүйлээ буцаан авч, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй болох нь Цагдаагийн газрын “Хохирогч *******т цагаан өнгийн, ногоон өнгийн обудтай, Солонгос улсад үйлдвэрлэсэн гэх хуучин унадаг дугуй, ягаан өнгийн хүүхдийн унадаг дугуй зэргийг хүлээлгэн өгөв” гэх эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 13/ болон хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Алдагдсан 2 дугуйгаа би буцаан авсан ба ямар нэг эвдрэлгүй, бүрэн бүтэн байсан. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 11-12/ зэргээр, иргэн ******* нь хохиролд 50.000 төгрөг авсан, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй болох нь гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Би тухайн залуугаас хохирлын 50.000 төгрөг авсан тул санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23/-ээр тус тус нотлогдож байна.
Иймд шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараа нотлогдож байх ба энэ нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй боловч шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт юм.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар *******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР