Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/504

 

                                                           

 

 

 

 

 

    2025          05            01                                           2025/ДШМ/504

 

Л.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр  даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Амарзаяа,

шүүгдэгч Л.О-гийн өмгөөлөгч А.Буянжаргал,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан, 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/732 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.О-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2409009840274 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Б овгийн Лх-гийн О ........тоотод бүртгэлтэй боловч ...........тоотод оршин суудаг гэх, урьд:

- 2001 оны таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 

- 2005 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,

- 2011 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,

- 2019 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

- 2021 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан;

Шүүгдэгч Л.О- нь 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 0475835 шийтгэлийн хуудсаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайн зүүн замд Тоёота Камри загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: Л.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б овогт Лх-ийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 3 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдлэж дууссан үеэс эхэлж тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Л.О- давж заалдах гомдолдоо: “...Л.О- миний бие 2008 онд бөөрний үрэвсэл гэх оноштойгоор зүүн бөөрөө авахуулсан бөгөөд элэг, уушгины үрэвсэлтэйгээр хоригдож байна. Би хөгшин эцэг, эх болон эхнэрийн хамт амьдардаг байсан. Миний аав Лхагвасүрэн нь 2017 оноос өнөөг хүртэл хэвтэрт, асаргаанд байдаг. Ээж бид хоёр ажил хөдөлмөр эрхэлж, аавыг асарч, эмчилгээ сувилгаанд нь явуулдаг байсан. Энд хоригдож байх хугацаанд ээж маань ажил эрхэлж чадахгүй, ар гэрийн амьдрал маш хүнд байна. Иймд эрхэм шүүгч та бүхэн энэрэнгүй хандаж, хорихоос өөр төрлийн ял оногдуулах буюу торгох ял оногдуулж өгнө үү хэмээн хүсэж байна. Мөн миний бие нь гэмт хэрэгт холбогдохоос өмнө Эмээлтэд түүхий эд буюу арьс шир авдаг байсан. Би эхнэртэйгээ танилцаж, ханилаад 4 жил болсон боловч одоог хүртэл үр хүүхэд ололгүй явсаар эмнэлэгээр явж эмчилгээ хийлгэн хүүхэдтэй болох боломжтой боломжтой болсон үедээ хорих ял шийтгүүлсэн юм. Миний энэхүү байдлуудыг болон үр хүүхэдтэй болох хүсэл тэмүүлэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол, хор, уршиг байхгүй зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Л.О-гийн өмгөөлөгч А.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Л.О- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүхээс оногдуулсан 8 сарын хорих ялыг өөр төрлийн ялаар солиулах хүсэлттэй байна. Түүний эрүүл мэндийн байдал хүнд байгаа болон өндөр настай эцэг, эхээ асрах шаардлагатай. Эх нь мөн эрүүл мэндийн шалтгаантай хүн байдаг. Эцэг, эхийг нь Л.О-гээс өөр асрах хүн байхгүй юм. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү. ...” гэв. 

Прокурор Т.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасныг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Шүүгдэгч Л.О-д холбогдох эрүүгийн 2409009840274 дугаартай хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

1. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Л.О- нь 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 0475835 шийтгэлийн хуудсаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь:

Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа “2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр эрх хасагдсан” /хх-ийн 9/,

Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч ахлах дэслэгч Ж.Энхтайваны 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 0475835 дугаартай шийтгэлийн хуудсын хуулбар /хх-ийн 144/ зэргээр,

- жолоодох эрхээ хасуулсан буюу жолоодох эрхгүй байхдаа  2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайн зүүн замд Тоёота Камри загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

“...Л.О- нь 1.43 хувь согтолттой...” гэх эрх бүхий албан тушаалтны жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 5/,

Цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерийн бичлэг бүхий 2 ширхэг CD-нд үзлэг хийсэн “... - 1 гэж дугаарласан диск: -...Шар өнгийн үстэй эрэгтэй хүнийг цагдаагийн албан хаагч нар гавлах бөгөөд Тоёота Камри загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын хэсгийн улсын дугаар, тээврийн хэрэгслийн дотор хэсгийг болон эд зүйлсийг харуулна. ...  Цагдаагийн алба хаагч наадахаа наашаа аваад ирдээ гэх үед гаанс, мэт шилэн зүйлийг өөр нэг цагдаагийн алба хаагч авч ирэн голын хайрцаг дээр тавьж байгааг харуулах /Энэ үед цагдаагийн алба хаагч наадах чинь буухдаа нэг юм шидчихсэн юу байна гэж хэлж байв/ бөгөөд тээврийн хэрэгслийн арын суудал дээр байгаа эд зүйлсийг харуулав. ... Цагдаагийн алба хаагч шилэн гаанс мэт зүйлийг тээврийн хэрэгслийн хойд тээшний дээд хэсэгт байрлуулан халааснаас нь гаргаж ирэнгүүт нь надаас гараагүй гэж хэлж байна гэхэд шар өнгийн үстэй эрэгтэй хүн за надаас гарсаан гарсан, тэгээд яадаг юм гэж хэлж байх бөгөөд энэ үед цагдаагийн алба хаагч уг шилэн гаанс мэт зүйлийг тээврийн хэрэгслийн урд байсан хар өнгийн цүнхийг гаргаж ирэн хийж байгаа нь харагдаж байх бөгөөд цагдаагийн алба хаагч шар өнгийн үстэй эрэгтэй хүн болон цагаан өнгийн цамцтай эрэгтэй хүнтэй харилцан ярилцаж байгаад цагдаагийн пост руу оруулж байна.  

... цагдаагийн алба хаагч юу ууж, идсэн юм гэж асуух үед саарал курткатай эрэгтэй хүн шар үстэй эрэгтэй хүн рүү заагаад жоохон уугаад би гэхдээ сайн таньдаггүй юм аа. /үг сайн сонсогдохгүй байв/ ...гэж мэдүүлж байна.

Диск 2: - ...драгер багаж үлээлгэж байгаа бичлэг байх бөгөөд цагдаагийн алба хаагч нь шар үстэй эрэгтэй хүнийг драгер багажаар үлээлгэн шалгах ба драгер багаж шалгаж байна гэсэн бичиг гарч байгаад цагдаагийн алба хаагч харуулаад хир их юм уусан билээ гэж асуухад тухайн шар үстэй эрэгтэй хүн өчигдөр шөнөжингөө ууж байгаад өглөө нэг шил архи уусан, тэгээд л баригдчихсан. Драгер багаж шалгаж дуусаад дохио өгөх үед цагдаагийн алба хаагч энэ хэд гэж байна гэж асуухад 1 бүхэл 43 гэж хэлэх ба цагдаагийн алба хаагч 1.43 согтолтын зэрэгтэй гарч байна шүү за гэж хэлж байх бөгөөд энэ үед өөр юу хэрэглэсэн билээ хир хэмжээний мөс хэрэглэсэн билээ гэж асуухад шар үстэй эрэгтэй хүн 2 л сорсон гэж хэлж байх ба цагдаагийн алба хаагч овог нэр, регистрийн дугаар асуухад Лх овогтой О, ЦВ....... гэж мэдүүлснээр бичлэг дуусав. ...” гэх тэмдэглэл /хх-ийн 149-159/,

Л.О-гийн яллагдагчаар мэдүүлсэн “...Би мөс болон архи хэрэглээд унтчихсан байсан бөгөөд 23-ны өглөө 07, 08 цагийн үед сэрээд хорооллын GS25 дэлгүүр ороод нэг шил 0,5 литрийн архи аваад нэг дүүгийнхээ машинд юм ярьж суунгаа ганцаараа уусан юм. ...Би Хангай хотхоны тэндээс машиныг нь бариад Сүхбаатарын талбайн зүүн талаар хойноос урагшаа чиглэлтэй гэрэл, дохио өнгөрөөд явж байхад замын цагдаа дохиод зогсоосон. Тэгээд намайг үнэртүүлээд архи уучихсан юм байна гээд намайг буулгаад машиныг өөр цагдаа жолоодоод талбайн урд талын зогсоол руу аваачиж байрлуулсан. Тэгээд намайг талбайн урд постонд оруулсан. 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож жолоодох эрхээ хасуулсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 168/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

2. Шүүгдэгч Л.О-гийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 0475835 шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ дахин 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 5 дахь хэсэгт заасан ...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна. 

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг тогтоосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Л.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зөв зүйлчилжээ.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял...”-ыг оногдуулахаар заасан.

Шүүгдэгч Л.О-д тус зүйл, хэсэгт заасан ялын төрлөөс хорих ялыг сонгож 8 сарын хугацаагаар оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хассан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цээрүүлэх зорилгод нийцсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.О-гийн гаргасан “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

  5. Шүүгдэгч Л.О-гийн шийтгэх тогтоол гарсан 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийт 42 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/732 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.О-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл шүүгдэгч Л.О-гийн цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

            ШҮҮГЧ                                                           Ц.МӨНХТУЛГА

                       ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ