Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/505

 

                                                           

 

 

 

 

 

     2025          05            01                                          2025/ДШМ/505

 

Б.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр  даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Амарзаяа,

шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Б.Чинбат,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан, 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/822 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Э-т холбогдох 2408045640069 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

С овгийн Б-ийн Э ........... тоотод оршин суух, урьд 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/1376 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

Б.Э- нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны замд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж Тоyоtа prius загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” гэх заалтыг зөрчсөний улмаас Тоyоtа Еsquire загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.  

Тээврийн Прокурорын газраас: Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч С овогт Б-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Б.Э- давж заалдах гомдолдоо: “...Жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсандаа маш их харамсаж байна. Миний бие өмнө нь асуудлыг арай өөрөөр хардаг байж, би энэ газар цагдан хоригдож байх хугацаандаа маш их зүйлийг ойлгож авлаа. Одоо дахин гэмт хэрэгт холбогдохгүй байна. Зүрх муутай эх, 10 настай хүүгийн хамт байнга оршин суудаг болно. Энэ бүгдийг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Батсүхийн Эрхэмбаярын толгойн томографийн бичлэг, амбулаториар эмчлүүлэгсдийн карт зэрэг нотлох баримттай нь танилцахад тэрээр 2 жилийн өмнөөс ухаан алдаж унаж, татдаг өвчтэй болсон ба ядарч сульдсан үедээ ухаан алдаж унахдаа амнаас нь цагаан хөөс гарч, хэл завьжаа хаздаг. Иймд шүүгдэгч Б.Э-ын эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанарт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан. Урьд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж байсан. Дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Шүүх хуралдаан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь улмаас арга хэмжээ авч байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Шүүгдэгч Б.Э-т холбогдох эрүүгийн 2408045640069 дугаартай хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

1. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан Б.Э- нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоyоtа prius загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь:

согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад Тоyоtа Еsquire загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 3-4/, ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 6-7/,

“...Б.Э- нь 3.81 хувь согтолттой...” гэх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 8/, тус ажиллагааг баталгаажуулсан гэрэл зургууд /хх-ийн 10-11/,  

Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа: “...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эрх хасагдсан...” /хх-ийн 13/,

2023 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Б.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан зөрчлийн хэргийн хуулбар /хх-ийн 29-40/,  

иргэний нэхэмжлэгч А.Э-ын: “...Уг Тоyоtа Еsquire загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өмчлөл эзэмшилд байдаг. Миний машиныг мөргөснөөс арын буфер хэсэгт бага зэрэг зураас үүссэн ба уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 250,000 төгрөгийг буруутай жолооч төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 43/,

гэрч З.А-ын: “...Тоyоtа Еsquire загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байх үед Тоyоtа prius загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч согтуугаар ирж мөргөсөн. Ослын улмаас эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлж шинжээч томилуулах шаардлагагүй. ...” /хх-ийн 48/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.  

2. 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байхдаа Б.Э-ын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр согтуугаар Тоyоtа prius загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 5 дахь хэсэгт заасан ...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. 

Анхан шатны шүүх, хэргийн үйл баримтын талаар хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлтийг хийж, шүүгдэгч Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.  

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял...”-ыг оногдуулахаар заасан.

Анхан шатны шүүхийн шүүгдэгч Б.Э-т хорих ялыг сонгон 6 сарын хугацаагаар оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хассан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, замын хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгслийг мөргөж эд хөрөнгөнд нь хохирол учруулсан хувийн байдалд тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.  

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

  4. Шүүгдэгч Б.Э-ын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шйитгэх тогтоолоос давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 37 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/822 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл шүүгдэгч Б.Э-ын цагдан хоригдсон 37 /гучин долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

            ШҮҮГЧ                                                           Ц.МӨНХТУЛГА

                       ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ