Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2018/0370

 

“Х ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0320 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Х ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0320 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь хэсгийн “б”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 4, 32 дугаар зүйл, 78 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсгийн 6, 81 дүгээр зүйл 1-д заасныг баримтлан “Х ч” ХХК-ийн Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2002 оны 7/36, 2007 оны 11/65 дугаар тогтоолыг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч “Х ч” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0320 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Нэг. Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэлийн тухайд: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ “...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өөрчлөлт орж, ...Төрийн өмчийн хороог татан буулгаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг шинээр байгуулсан тул татан буугдсан төрийн захиргааны байгууллагын тогтоолыг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах эрх зүйн боломжгүй, шинээр байгуулагдсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зөвшөөрөл авах шаардлагатай” гэж дүгнэсэн нь илтэд хууль бус байна.

Тухайлбал нэгдүгээрт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т “захиргааны үйл ажиллагаа тасралтгүй байх”, “үр нөлөөтэй байх”, “хууль ёсны итгэлийг хамгаалах” зэрэг тусгай зарчмуудыг тогтоож өгсөн нь төрийн захиргааны хууль бус ажиллагаанаас иргэнийг хамгаалах маш чухал эрх зүйн хамгаалалт болж өгсөн билээ.

Иймд аливаа төрийн захиргааны байгууллагаас гарсан эерэг үйлчлэлтэй шийдвэр, үйл ажиллагаа нь тасралтгүй явагдаж, түүнээс гарсан хүчин төгөлдөр шийдвэр үргэлжлэн биелэгдэж байх нь ийнхүү эрх зүйн зарчим болж тогтсон билээ.

 Хуулийн хүчин төгөлдөр болсон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн /одоогийн нэрээр/ 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 825 дугаар шийдвэр, мөн шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 236 дугаар шийдвэрээр тус тус Төрийн өмчийн хорооны 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 191 дүгээр тогтоолыг хүчин  төгөлдөр болохыг тогтоож өгсөн байдаг. 

Ийнхүү хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр тогтоогдсон эрх зүйн үйлчлэл бүхий баримт бичиг байсаар байхад одоо анхан шатны шүүх биелүүлэх эрх зүйн боломжгүй гэж үзсэн нь илтэд хууль бус юм.

Эрх зүйн онол, хууль зүйн аль ч талаасаа “хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгийн эрх зүйн хүчин чадал нь хэвээр хадгалагдана” гэдэгтэй хэнч маргахгүй, нөгөө талаас “эрх зүйн этгээд татан буугдсанаар түүнээс гаргасан, эсхүл баталсан эрх зүйн үр дагавар үүсгэсэн баримт бичгийн үйлчлэл, үр дагавар хамтдаа дуусгавар болно, эсхүл хүчингүй болно” гэсэн эрх зүйн ойлголт огтхон ч байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн дүгнээд байгаа “эрх зүйн боломжгүй” гэсэн дүгнэлт нь өөрөө огтхон ч эрх зүйн онолын үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт, хариуцагч нь Төрийн өмчийн хорооны шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж огтхон ч маргаагүй, ийм тайлбар огт гаргаагүй байхад шүүх талуудын огт маргаагүй асуудлаар хөндлөнгөөс энэхүү дүгнэлтийг хийж байгаа нь илтэд хууль бус байна. Иймд энэхүү маргаанд нэгдүгээрт талуудын хоорондоо маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд орсон 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн өөрчлөлтийг тайлбарлаж, хэрэглэж байгаа нь хууль бус бөгөөд шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Хоёр. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлийн тухайд:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй” гэсний дотор мөн хэсгийн 3-т “орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах. Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө” гэж заасан байна.

Энэ заалтаас үзвэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Төрийн өмчийн хороотой зөвшилцөх заалт нь хүчин төгөлдөр хэвээрээ байгаа ба Төрийн өмчийн хороо гэх байгууллага байхдаа зөвшилцөж гаргасан хүчин төгөлдөр тогтоол нь хэвээрээ байхад уг тогтоолыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Мөн захиргааны хэргийн шүүхэд хуулийг төсөөтэй хэрэглэхгүй бөгөөд хуулийн энэ заалтад “Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө” гэж заасан байхад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын хороотой зөвшилцөх ёстой гэж хуулийг төсөөтэй тайлбарлаж, буруу хэрэглэсэн байна.

Нөгөө талаас анхан шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэр, журмыг энэ хуулийн зургадугаар бүлэгт заасныг удирдлага болгон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэсэн заалтыг баримтлан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийг хувьчлах журам”-ын 1.2-т “тухайн жилд хувьчлах нийслэлийн өмчийн жагсаалтыг Төрийн өмчийн хороотой зөвшилцсөний үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэсэн журмыг хэрэглэн “тухайн жилд хувьчлах орон нутгийн өмчийн жагсаалтыг жил бүр шинэчлэн батлах ёстой” гэсэн агуулгатай дүгнэлтийг хийсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө” гэж заасан нь зарчмын хувьд нэг удаа зөвшилцсөн байхыг тогтоосон зохицуулалт бөгөөд хуулийн уг заалтыг жил бүр зөвшилцсөн байх гэж ойлгож, тайлбарлах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн баталсан “Нийслэлийн өмчийг хувьчлах журам”-ын 1.2-т заасан “тухайн жилд хувьчлах нийслэлийн өмчийн жагсаалтыг Төрийн өмчийн хороотой зөвшилцөж батлах” зохицуулалт нь хуулийн зохицуулалтаас давсан, хуульд нийцээгүй журам байхад шүүх уг журмыг хэрэглэсэн нь хууль бус юм.

Учир нь шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, нотлох баримтад үндэслэсэн байх хууль зүйн шаардлага байдаг бөгөөд шүүх хуулиас давсан зохицуулалттай журмыг хэрэглэх эрхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Орон нутгийн өмчлөх хөрөнгийн жагсаалтыг жил бүр батлах нь тухайн байгууллагын бүрэн эрхийн асуудал байж болох боловч энэ нь тухай байгууллагын дотоод зохион байгуулалтын шинжтэй захиргааны акт байх бөгөөд хариуцагч талаас “жил бүр батлах ёстой гэж маргаагүй” байхад анхан шатны шүүх дахин хэлэлцэж, шинээр шийдвэр гаргах ёстой гэж үзсэн нь талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс гадна Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө” гэж заасныг буруу тайлбарлан, хэрэглэсэн байна.

Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Төрийн өмчийн хорооны 2008 оны 191 дүгээр тогтоол нь одоо хүчин төгөлдөр акт бөгөөд энэхүү актыг хэрэгжүүлэх, биелүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх өөрөө хөндлөнгөөс оролцож ийнхүү байгууллагыг дотоод ажлыг зааж, оролцож, шүүхийн эрх хэмжээнээс давсан ажиллагаа явуулж нотлох баримтыг буруу үнэлсэн байгаа бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл гэж нэхэмжлэгч тал үзэж байна.

2. Анхан шатны шүүх нь “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн өмчийг хувьчлах эсэх нь түүний онцгой бүрэн эрх” гэжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр 19.1-д Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ 18 дугаар зүйлд заасан “онцгой бүрэн эрх”-ийг хадгалж, хэрэгжүүлэхээс гадна 19 дүгээр зүйлд заасан “бүрэн эрх”-ийг хэрэгжүүлэхээр тус тус хуульчлан тогтоосон байна. “Онцгой бүрэн эрх” болон “бүрэн эрх” гэсэн ойлголтууд нь хоорондоо ялгаатай хууль зүйн ойлголт билээ. Энэ ч учраас ийнхүү ялгаатай хуульчлан тогтоож өгсөн байдаг. 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-д “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “орон нутгийн өмчийг хувьчлах бодлого, чиглэл, хувьчилж үл болох орон нутгийн өмчийн жагсаалтыг Засаг даргын өргөн мэдүүлснээр хэлэлцэж батлах, түүнд өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй” гэжээ.

Ийнхүү хуульд тус байгууллага орон нутгийн өмчийг хувьчлах бодлого, чиглэлийг батлах бүрэн эрх болгож тогтоосон байхад анхан шатны шүүх “онцгой бүрэн эрхтэй” гэж хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэн хууль зөрчсөн байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0320 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрт зохих өөрчлөлтийг орууллаа.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар “Х ч” ХХК нь У ц үйлчилгээний төвийн барилгаас 18 дахь жилдээ түрээсээр эзэмшиж байгаа болон өөрийн хөрөнгөөр нэмж барьсан 3 дугаар давхрын хамт давуу эрхээр хувьчлан авах эрх, хууль ёсны ашиг сонирхол үүссэн болох нь тогтоогджээ. Тодруулбал тус барилгын 5 дугаар корпусыг бүхэлд нь, 6 дугаар корпусын 2 давхрыг “Х ч” ХХК түрээсээр эзэмшиж, өөрийн 132,3 сая төгрөгөөр засварласан, улмаар 26 сая орчим төгрөгөөр шинээр 3 дугаар давхрыг нэмж өргөтгөн барьсан. Ийнхүү барихдаа Нийслэлийн өмчийн газрын зөвшөөрлөөр барьжээ. Дээрх байдлаас үзэхэд уг хувийн өмчөөр баригдсан барилга нь орон нутгийн өмчтэй холилдсон барилга болсон байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/65 дугаар тогтоолоор Нийслэлийн өмчөөс 2008 онд хувьчлах аж ахуйн нэгж, барилга байгууламжийн жагсаалтыг баталсан бөгөөд уг жагсаалтын 18-д “У ц үйлчилгээний төв” барилга байгууламж оржээ. Улмаар Төрийн өмчийн хорооны 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 191 дүгээр тогтоол гарч Нийслэлийн өмчөөс 2008 онд эхний ээлжинд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг баталсан бөгөөд “У ц үйлчилгээний төв” барилгыг хувьчлахыг зөвшөөрсөн байна.

Гэтэл өнөөдрийг хүртэл дээрх тогтоолыг биелүүлэх талаар хариуцагч байгууллага зохих үйл ажиллагаа явуулаагүй, шийдвэр гаргаагүй байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь уг барилгыг хувьчлах талаар ямар нэг ажиллагаа явуулахгүй байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа гэж үзэхээр байна. Иймд “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2002 оны 7/36, 2007 оны 11/65 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Нийслэлийн өмчөөс 2008 онд эхний ээлжинд хувьчлах эд хөрөнгийг зөвшөөрөх тухай” 191 дүгээр тогтоолыг биелүүлэхийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах тухай” “Х ч” ХХК-ийн нэхэмжлэл үндэслэл бүхий байна.

Гэхдээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2002 оны 7/36 тогтоолд тухайлан У ц үйлчилгээний төвийн тухай дурдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах боломжгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж, биелүүлэхийг шаардаж буй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 7/36 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн өмчөөс 2003 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нийт 3 барилга, байгууламж /Хайлааст дахь эмнэлгийн дуусаагүй барилга, Э УҮГ, Б с үйлчилгээний төвийн барилгын зарим хэсгийг орсон боловч нэхэмжлэгчийн түрээсээр эзэмшиж буй маргааны зүйл болох “У ц үйлчилгээний төв”-ийн барилга ороогүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Түрээслэсэн эд хөрөнгийг худалдах тохиолдолд түрээслэгчид Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан эрх /тэргүүн ээлжинд худалдан авах/ эдлүүлэх эсэхийг Төрийн өмчийн хороо шийдвэрлэнэ”, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” гэж зааснаас үзэхэд тухайн барилгыг хувьчлах эсэх асуудал нь “Х ч” ХХК-ийн тухайд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөхөөр байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/65 дугаар тогтоолоор Нийслэлийн өмчөөс 2008 онд хувьчлах аж ахуйн нэгж, барилга байгууламжийн жагсаалтыг баталсан,  уг жагсаалтын 18-д “У ц үйлчилгээний төв” барилга байгууламж орсон, мөн Төрийн өмчийн хорооны 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 191 дүгээр тогтоол гарч Нийслэлийн өмчөөс 2008 онд эхний ээлжинд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг баталсан бөгөөд “У ц үйлчилгээний төв” барилгыг хувьчлахыг зөвшөөрснөөс хойш дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх шатанд нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахин 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/49 дугаар тогтоол гаргаж, уг тогтоолоор “У ц үйлчилгээний төв”-ийг хувьчлах жагсаалтаас хасч, улмаар мөн хурлын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/25 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар “Ш У ц төсөл” гэгчийг бий болгон, уг төслөөр концесс эзэмшигч этгээд нь одоо байгаа барилгыг буулган шинээр барилга барих, өмчлөх, ашиглах төрлөөр эрх олгосон шийдвэрийг гаргаж байжээ.

Гэвч дээрх шийдвэрийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 825 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон байна.  Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч “Х ч” ХХК-ийн “У ц үйлчилгээний төв”-ийн барилгаас холбогдох хэсгийг хувьчлан авах ашиг сонирхол хөндөгдсөн болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон үйл баримт гэж дүгнэхээр байна.  Тухайдбал уг шийдвэрт “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 11/65 дугаартай тогтоолоор нийслэлийн өмчөөс 2008 онд хувьчлах барилга, байгууламжийн жагсаалтыг хавсралтаар баталж, уг хавсралтын  18 дахь хэсэгт “У ц үйлчилгээний төв”-ийг 30 аж ахуйн нэгж түрээсээр эзэмшдэг” гэж тодорхойлоод хувьчлах хөрөнгийн жагсаалтад оруулан шийдвэрлэсэн тогтоол нь хүчин төгөлдөр байхад ... маргаан бүхий актаар барилга байгууламжийг давхардуулан концессын зүйл болгож... шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч ашиг сонирхол, эд хөрөнгө хохирох нөхцөл байдлыг бий болгожээ” гэж дүгнэсэн байна.

Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/49 дугаар тогтоол,  2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/25 дугаар тогтоол зэргийг зохих захиргааны акт гаргасан гэж үзэх боломжгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нэг үндэслэлээ “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өөрчлөлт орж, улмаар Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолоор Төрийн өмчийн хороог татан буулгасан бөгөөд Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг шинээр байгуулсан байна. Иймээс Хариуцагч нар нь татан буугдсан төрийн захиргааны шийдвэрийг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах эрх зүйн боломж байхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Засгийн газар шинээр байгуулагдах, агентлаг өөрчлөн зохион байгуулагдах, татан буугдах бүрт урьд өмнө нь гаргаж байсан шийдвэр, тогтоол хүчингүй болдог гэж дүгнэх боломжгүй.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь уг барилгыг хувьчлах талаар ямар нэг ажиллагаа явуулахгүй байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 11/65 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2008 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Нийслэлийн өмчөөс 2008 онд эхний ээлжинд хувьчлах эд хөрөнгийг зөвшөөрөх тухай” 191 дүгээр тогтоолыг биелүүлэхийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0320 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь хэсгийн “б”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 4, 32 дугаар зүйл, 78 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсгийн 6, 81 дүгээр зүйл 1-д заасныг баримтлан “Х чо” ХХК-ийн Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/65 дугаар тогтоолыг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж, нэхэмжлэлийн үлдэх “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 7/36 дугаар тогтоолыг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                                         Ц.САЙХАНТУЯА

                               ШҮҮГЧ                                                         Э.ХАЛИУНБАЯР

                               ШҮҮГЧ                                                         Э.ЗОРИГТБААТАР