Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 886

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би “З*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох захиргааны хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж*******, Ц.Э******* нар нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “...З******* ХХК нь Д******* аймгийн Х******* сумын нутагт Ш******* хэмээх газарт орших уурхайгаас С*******ын боомтоор төмрийн хүдрийн баяжмал тээвэрлэх авто замын техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааны тайлан боловсруулах ажлын даалгавар батлуулах хүсэлтийг Зам, тээврийн хөгжлийн яаманд гаргасан. Тус компанийн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох 8 км авто зам барих гэж буйтай холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яам зэрэг байгууллагуудаас санал, тайлбарыг нь авсны үндсэн дээр авто замын техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааны тайлан боловсруулах ажлын даалгаврыг баталж “З*******” ХХК-ийн холбогдох албан тушаалтанд 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээлгэн өгсөн болно. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг үндэслэн “З*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчид Д.Ж*******, Ц.Э******* нар нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Д******* аймгийн Халх гол сумын нутагт орших Ш*******гийн төмрийн хүдрийн уурхайгаас Сүмбэрийн боомт хүртэлх авто замыг техник, эдийн засгийн үндэслэлийн судлагааны тайлан боловсруулах ажлын даалгавар”-ыг баталж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсчээ. Дээр дурдсанаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаа сайн дураар биелүүлсэн байх тул нэхэмжлэгчийн  зүгээс “...цаашид уг асуудалтай холбоотойгоор аливаа хууль бус шаардлага тавих, үндэслэлгүйгээр саад учруулах, яамны бүрэн эрхэд хамаарах асуудлаар эс үйлдэхүй гаргахгүй байхыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасанчлан хариуцагч нь “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ. Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яам нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч “...“З******* ХХК-ийн Д******* аймгийн Халх гол сумын нутагт орших Ш******* ордоос Сүмбэр рашаантын боомт хүртэл 8 км төмрийн хүдрийн экспорт хийх, уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай авто замыг барьж байгуулах Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын даалгаврыг баталж өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, ажлын даалгавар баталж өгөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ажлын даалгаврыг баталсан болохоо нотолж бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж*******, Ц.Э******* нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийн хамт шүүхэд бичгээр гаргасан байх тул хариуцагч “З*******” ХХК-ийн Д******* аймгийн Халх гол сумын нутагт орших Ш******* ордоос Сүмбэр рашаантын боомт хүртэл 8 км төмрийн хүдрийн экспорт хийх, уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай авто замыг барьж байгуулах Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын даалгаврыг баталж өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, ажлын даалгавар баталж өгөхийг даалгуулах” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

Хоёр. Хариуцагч энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч “З*******” ХХК нь Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан гаргасан “...цаашид уг асуудалтай холбоотойгоор аливаа хууль бус шаардлага тавих, үндэслэлгүйгээр саад учруулах, яамны бүрэн эрхэд хамаарах асуудлаар эс үйлдэхүй гаргахгүй байхыг хариуцагчид даалгах” гэсэн хэсгээс татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн энэхүү татгалзлыг батлах нь зүйтэй байна. 

Иймд нэхэмжлэгчийн “...цаашид уг асуудалтай холбоотойгоор аливаа хууль бус шаардлага тавих, үндэслэлгүйгээр саад учруулах, яамны бүрэн эрхэд хамаарах асуудлаар эс үйлдэхүй гаргахгүй байхыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг, хариуцагч “З******* ХХК-ийн Д******* аймгийн Халх гол сумын нутагт орших Ш******* ордоос Сүмбэр рашаантын боомт хүртэл 8 км төмрийн хүдрийн экспорт хийх, уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай авто замыг барьж байгуулах Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын даалгаврыг баталж өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, ажлын даалгавар баталж өгөхийг даалгуулах” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах...”, 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар “...шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарласан болно.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл 66.1, 66.2, 67.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “З*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан гаргасан “...цаашид уг асуудалтай холбоотойгоор аливаа хууль бус шаардлага тавих, үндэслэлгүйгээр саад учруулах, яамны бүрэн эрхэд хамаарах асуудлаар эс үйлдэхүй гаргахгүй байхыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг, хариуцагч “З******* ХХК-ийн Д******* аймгийн Халх гол сумын нутагт орших Ш******* ордоос Сүмбэр рашаантын боомт хүртэл 8 км төмрийн хүдрийн экспорт хийх, уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай авто замыг барьж байгуулах Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын даалгаврыг баталж өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, ажлын даалгавар баталж өгөхийг даалгуулах” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тавин хувийг нэхэмжлэгчид буцаан  олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

ШҮҮГЧ                       Г.МӨНХТУЛГА