| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0172/Э |
| Дугаар | 183 |
| Огноо | 2018-06-06 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 183
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Шүрэнчимэг,
Улсын яллагч Н.Дуламсүрэн,
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1718001080121 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, ******* /РД: *******, 1975 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын группд байдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг *******тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
2. Монгол Улсын иргэн, ******* /РД: *******/, 1986 оны 8 дугаар сарын 27-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *******ХХК-д ээлжийн ахлах ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн *******тоотод оршин суух, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 8 дугаар сарын 02-ны орой 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг *******тоот хашааны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн *******тай маргалдан түүний толгой хэсэгт тоосгоор цохиж эрүүл мэндэд нь дух яс, баруун ухархайн дээд хана дайрсан хугарал, духанд шарх, зулгаралт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хүзүү, цээж, зүүн дал, зүүн бугалга, зүүн ташаанд зулгарал, доод уруулын баруун талд зулгаралт, дотор салстад зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2017 оны 8 дугаар сарын 02-ны орой 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг *******тоот хашааны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн *******тай маргалдан зодолдох явцдаа эрүүл мэндэд нь баруун нүдний гэмтлийн гаралтай эвэрлэг бүрхэвчийн үрэвсэл, баруун, зүүн нүдний дотор салст, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралттай хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан:
Гэрч: *******ийн: ...хашаанаас гараад гэр лүүгээ явж байтал араас ******* гүйж ирээд “алаад өгнө, хядаад өгнө” гэх зэргээр орилсон. ******* нь манай нөхөр *******тай хашааны гадна зодолдоод босож ирэхдээ толгой нь хагарчихсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34/,
Гэрч *******гийн: ...Би *******ыг ******* ах цохисон гэж бодож байна. Би *******ын хашааны хаалганы харалдаа 30 орчим метрийн зайд байх шонгийн модны хажууд *******,******* гэх хоёр найзтайгаа зогсож байсан. ******* ах хашаагаа өшиглөөд гарч ирэхэд эхнэр нь болох******* араас нь “зодолд, алалцаад өг” гээд байсан. *******, ******* нар барьцалдаад авахаар нь би салгах гэтэл салахгүй болохоор нь би найзуудтайгаа яваад өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51/,
Гэрч *******ийн: ...*******ын толгой хагарчихсан, түүний хамаатан гэх нэг банди толгой дээрээс нь ус асгаж байсан. Хажууд нь******* зогсож байсан ба ******* манай хаалга орчимд зогсож байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54/,
Гэрч *******н: ...хашаан дотор нэг нэгийнхээ дээр доор ороод нэг нэгнээ гар хөлөөрөө цохиод байсан. Харин хашааны гадна ******* ах /*******/ нь нөгөө ах /*******/-ыг нэг юмаар цохиод авсан. Тухайн үед юугаар цохисныг мэдээгүй, сүүлд тоосгоор цохисон талаар мэдсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66/,
Гэрч Б.*******ийн: ...хашаан дотор*******гийн ах /*******/,*******тай маргалдсан ах /*******/ нар зодолдоод байхаар нь*******,******* бид 3 тэднийг салгаад хашааны үүдээр гарсан. ******* нь ******* руу дайраад байсан чинь ******* нь *******ын урдаас гүйж очоод түүнийг цохисон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-72/,
Гэрч *******тын: ...намайг хашаанаас гарахад зодоон болоод дуусчихсан, *******ын толгойноос цус гарчихсан байсан. ******* нь *******ыг цохихоор банз барьсан байхаар нь би банзыг авсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-75/,
Гэрч *******ын: ...Намайг хашаанаас гарах үед *******ын толгойноос цус гарчихсан байдалтай байсан ба юу болсон талаар асуухад “*******тай зодолдсон” гэж байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-77/,
Гэрч *******гийн: Би тухайн үед ******* гэх хүнийг үзэхэд ******* нь зовхины зөөлөн эдийн хөнгөн няцралтай, цус хуралттай, салст бүрхүүлийн доогуур цус хурсан, баруун нүдний 3 цагийн орчимд эвэрлэг салст шалбаралттай. Хоёр нүд хөхөрсөн байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64/,
Шинжээч эмч*******н: *******т учирсан хүнд зэргийн гэмтэл нь тоосгоор нэг удаа цохисноор үүсэх боломжтой, гараар нэг удаа цохисноор үүсэх боломжгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-120/,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: ...******* хашааны хаалгаа өшиглөөд алаад өгье гуйлгачин минь гээд гараад ирсэн. Тэгээд бид зодолдож байхдаа ******* миний зүүн нүд рүү цохиж хөхрүүлсэн. Мөн ******* миний баруун нүд рүү гараа хийснээс болж нүд маань гэмтсэн. Харин би *******ын толгойг тоосгоор цохиж хагалсан. гэх мэдүүлэг /хх-ийн 30, 32, 154/,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би зодуулсны улмаас уруул язарч, толгойдоо 8 оёдол хийлгэсэн. ******* бид хоёр хоорондоо маргалдаж, зодолдох үед би түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх мэдүүлэг /хх-ийн 24, 131/,
Шүүгдэгч ******* нь 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр эрүүлжүүлэгдсэн гэх бүртгэл /1-р хх-ийн 15-16/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “*******ын биед духны шарх, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, уруулын гадна, дотор хэсэг, хүзүү цээж, зүүн дал, зүүн бугалга, зүүн ташааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 92/,
Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэх 4805 дугаартай өвчний түүх /1-р хх-ийн 94-104/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 828 дугаартай “*******ын биед баруун талын ухархайн дээд хана дух руугаа дамжсан битүү хугарал, духанд шарх, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, уруулын гадна, дотор хэсэг, хүзүү, цээж, зүүн дал, зүүн бугалга, зүүн ташааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн нэмэлт дүгнэлт /1-р хх-ийн 109/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1227 дугаартай “2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 828 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 3 дугаар хэсэгтэй санал нийлэхгүй байна. *******ын биед дух яс, баруун ухархайн дээд хана дайрсан хугарал, духанд шарх, зулгаралт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хүзүү, цээж, зүүн дал, зүүн бугалга, зүүн ташаанд зулгарал, доод уруулын баруун талд зулгаралт, дотор салстад зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх дух яс, баруун ухархайн дээд хана дайрсан хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Духны шарх, зулгаралт, баруун зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь тус тус 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд тус тусдаа 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 115-116/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 793 дугаартай “*******ын биед баруун нүдний гэмтлийн гаралтай эвэрлэг бүрхэвчийн үрэвсэл, баруун, зүүн нүдний дотор салст, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 125/,
“Капитал зууч” ХХК-ний “*******ын эзэмшлийн хүзүүний өргөн, 60 граммтай мөнгөн гинж нь 270.000 төгрөгийн үнэтэй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 134-135/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч *******ын иргэн *******ын биед дух яс, баруун ухархайн дээд хана дайрсан хугарал, духанд шарх, зулгаралт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хүзүү, цээж, зүүн дал, зүүн бугалга, зүүн ташаанд зулгарал, доод уруулын баруун талд зулгаралт, дотор салстад зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч *******ын иргэн *******ын биед баруун нүдний гэмтлийн гаралтай эвэрлэг бүрхэвчийн үрэвсэл, баруун, зүүн нүдний дотор салст, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралттай гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас *******т 270.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, биед нь дух яс, баруун ухархайн дээд хана дайрсан хугарал, духанд шарх, зулгаралт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хүзүү, цээж, зүүн дал, зүүн бугалга, зүүн ташаанд зулгарал, доод уруулын баруун талд зулгаралт, дотор салстад зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол, шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас *******ын биед баруун нүдний гэмтлийн гаралтай эвэрлэг бүрхэвчийн үрэвсэл, баруун, зүүн нүдний дотор салст, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралттай гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч ******* нь хохиролд 2.300.000 төгрөг төлсөн болох нь хохирол барагдуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 13, 2-р хх-ийн 6/, *******ын Цагдаагийн газарт бичсэн “Хохиролд 2.000.000 төгрөг бэлнээр авсан” гэх хүсэлт /2-р хх-ийн 5/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Мөн Шүүгдэгч ******* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.
Иймд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******, ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин шүүгдэгч ******* нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байх ба тэнсэж хянан харгалзсан хугацаа дууссан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ын хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь “Ган хүдэр орд” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг, сарын үднсэн цалин нь 800.000 төгрөг болох нь “Ган хүдэр орд” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 02/17/33 дугаартай албан бичгээр нотлогдож байх тул түүний цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ад оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй. Шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар *******ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР