| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2504000000018 |
| Дугаар | 2025/ДШМ/511 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/511
2025 05 06 2025/ДШМ/511
Б.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Дүүрэнбилэг,
хохирогчийн өмгөөлөгч С.Сэргэлэн,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 2025/ШЗ/59 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Баттуяагийн бичсэн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч С.Сэргэлэнгийн гаргасан давж заалдах гомдол зэргийг үндэслэн Б.Э-д холбогдох 2504000000018 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б-ийн Э ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;
Яллагдагч Б.Э- нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо, .....цогцолбор сургууль дээр 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өсвөр насны хохирогч Х.Н-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан 1 удаа нүүрэн тус газарт нь төмөр усны саваар цохиж, түүний эрүүл мэндэд нь зүүн хөмсөг хэсэгт ил шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Багануур дүүргийн Прокурорын газраас: Б.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдпыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж хуульчлан тогтоосон байна.
Насанд хүрээгүй хохирогч Х.Н- “...Н-ыг Э нь 1 удаа гараараа алгадсан...” гэж мэдүүлсэн боловч Н-ыг алгадсан эсэхийг шалгаагүй байна. Насанд хүрээгүй яллагдагч Б.Э- нь “...би Н-ыг тойроод явах гэтэл Н намайг “хөөе чи” гээд дуудахаар нь эргээд хартал Н намайг хаалга руу гараараа түлхсэн, тухайн үед би газар уналгүй хаалга налаад зогссон..., Н-ын нүүр лүү алгадаагүй...” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлсэн /хх-ийн 24-25/, өмгөөлөгч нь цагдаа болон прокурорт удаа дараа шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй байна.
Өөрөөр хэлбэл, тухайн үед байсан яллагдагч, хохирогч нарын ангийн хүүхдүүд болох У, Э, Н- нараас гэрчийн мэдүүлэг аваагүй, Н-, Б.Э- нарын эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг шалгаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-ээс 1.6 дахь заалтад заасны дагуу мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад “гэмт хэргийг хаана, яаж үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”- ийг зайлшгүй нотлох шаардлагатай бөгөөд үүнд гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн шалтгаан, нөлөөлсөн нөхцөл, гэмт хэрэг үйлдэхдээ удирдпага болгосон зорилго, сэдэлт, хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэх зэрэг цогц асуудлууд хамаардаг. Иймд насанд хүрээгүй яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч дээр дурдсан ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн. ...” гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Баттуяа эсэргүүцэлдээ: “...1. Шүүх “...насанд хүрээгүй хохирогч Х.Н- “...Н-ыг Э нь 1 удаа гараараа алгадсан...” гэж мэдүүлсэн боловч Н-ыг алгадсан эсэхийг шалгаагүй байна. Насанд хүрээгүй яллагдагч Б.Э- нь “...би Н-ыг тойроод явах гэтэл Н намайг “хөөе чи” гээд дуудахаар нь эргээд хартал Н намайг хаалга руу гараараа түлхсэн, тухайн үед би газар уналгүй хаалга налаад зогссон..., Н-ын нүүр лүү алгадаагүй...” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлсэн, өмгөөлөгч нь цагдаа болон прокурорт удаа дараа шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй байна...” гэж дүгнэсэн.
Шүүхийн дээрх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана..” гэж заасныг зөрчиж прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнээс хальж н.Н- гэгчийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг зөрчсөн гэж үзнэ.
2. Мөн шүүх нь “...хохирогч Х.Н-, өсвөр насны яллагдагч Б.Э- нарын мэдүүлэгт үндэслэн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой байдаг. ... Өөрөөр хэлбэл, тухайн үед байсан яллагдагч, хохирогч нарын ангийн хүүхдүүд болох У, Э, Н- нараас гэрчийн мэдүүлэг аваагүй, Н-, Б.Э- нарын эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг шалгаагүй байна...” гэж дүгнэсэн.
Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй...” гэж хуульчилсан байхад шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтыг шинжлэн судалсны зэрэгцээ өсвөр насны яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг талаар хууль зүйн дүгнэлт хийснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг зөрчсөн гэж үзнэ.
3. Хэрэгт 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 01 сар 10 хоногийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад насанд хүрээгүй яллагдагч Б.Э-, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Цолмонгийн зүгээс “...насанд хүрээгүй яллагдагч Б.Э- нь нуруундаа гэмтэл авсан талаар мэдүүлж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх талаар хүсэлт, гомдол огт гаргаж байгаагүй хэр нь...” хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх гэхэд дээрх байдлын талаар дурдаж хүсэлт гомдол гаргасан бөгөөд прокурор хэрэгт нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй юм.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтууд, тэр дундаа Б.Э- 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “...Ннамайг хаалга руу гараараа түлхсэн. Тухайн үед би газар уналгүй хаалга налаад зогссон. ...Нгэх хүүхэд намайг гараараа түлхсэнээс өөр халдсан зүйл байхгүй. Биед учирсан гэмтэл шарх байхгүй” гэж мэдүүлж, улмаар дээрх мэдүүлгээ яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ баталж дахин мэдүүлсэн байна.
Өмгөөлөгч хүсэлтэд хавсаргасан рентген зураг 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр авагдсан буюу тухайн хэрэг учрал болсноос хойш 01 сар 13 хоногийн дараа зургийг авч, эмч Ж.Амартайван онош тавьжээ.
Өөрөөр хэлбэл, 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн эмчийн үзлэгээр Б.Э-ийн биед зөөлөн эдийн гэмтэл онош тавигдсан байдал нь хэрэг учралтай шууд хамааралтай, Х.Н-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй ба Б.Э-ийн биед бусдын гэмт үйлдлийн улмаас хохирол учирсан гэж үзэхээргүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны яллагдагч Б.Э-д холбогдох хэрэгт нотолбол зохих байдлыг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасныг бүрэн тодруулсан, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бүрэн боломжтой байхад н.У, н.Э, н.Н- нараас гэрчийн мэдүүлэг авах гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, нэр дурдсан иргэдээс мэдүүлэг авах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон бодит байдал болоод хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.
Эцэст нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд, Б.Э-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан бөгөөд хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Прокурор А.Дүүрэнбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд томилолтоор оролцож байгаа бөгөөд прокурор Б.Баттуяагийн бичсэн эсэргүүцлийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлье. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 2025/ШЗ/00059 дугаар захирамжид дараах хоёр үндэслэлийг дурдсан байна. Үүнд: Х.Э нь Н.Н-ын эрүүл мэндэд хохирол учруулсан байж болзошгүй; Н.Н нь Б.Э-ийн эрүүл мэндэд хохирол учруулсан байж болзошгүй. Иймд Н.Н нь Б.Э-ийн биед хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: "Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна" гэж заасан. Иймд хэрэв Н.Н нь Б.Э-ийн биед хохирол учруулсан гэж үзэж байгаа бол уг үйлдлийг тусгаарлан шалгах ёстой бөгөөд одоо шүүхэд шилжсэн хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Түүнчлэн насанд хүрээгүй яллагдагч Б.Э- нь Н.Н-ын эрүүл мэндэд хохирол учруулсан гэсэн дүгнэлтийг шүүхээс гаргасан боловч уг хохирол нь “зөөлөн эдийн гэмтэл” гэх тодорхойлолтгүй бөгөөд “нурууны хазайлт, мурийлт” гэх шинжилгээний дүгнэлт байгаагаар ялгаатай. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд энэхүү хохирол нь нурууг хазайлгах хэмжээний гэмтэл байсан гэхэд үндэслэл, хангалтгүй байна. Гэсэн хэдий ч шүүх анхан шатны хуралдаанд хэргийн нотлох баримтуудыг хангалттай хэмжээнд судалсан гэж үзэж байгаа тул энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанд дахин ярих шаардлагагүй юм. Мөн хэрэгт холбогдох бүх нотлох баримт бүрэн шалгагдаж, нөхцөл байдлыг тодруулсан. Өмгөөлөгчөөс удаа дараа гаргасан хүсэлтийг шүүх хүлээн аваагүй бөгөөд яллах дүгнэлт үйлдсэний дараа шинээр нотлох баримт гаргаж тавьсан байдаг. Иймд шүүх бүрэлдэхүүн нь хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон эмчийн үзлэгийн дүгнэлтийг онцгойлон анхаарч үзэхийг хүсэж байна. Эцэст нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтууд нь уг хэргийг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 2025/ШЗ/00059 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч С.Сэргэлэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгч гаргасан захирамждаа “хэргийг прокурорын шатанд буцаалгах” үндэслэлтэй хэмээн дараах агуулгыг дурджээ.
1. Насанд хүрээгүй яллагдагч Б.Э- нь энэ хэрэгт хамааралгүй Н- гэгчийг алгадсанаас болж түүний эрүүл мэндэд хохирол учирсан эсэх,
2. Насанд хүрээгүй хохирогч Х.Н- нь гараараа түлхсэнээс болж Б.Э-ийн эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг шалгаж тогтоогоогүй гэх үндэслэлүүдийг дурдаж хэргийг прокурорт буцаажээ.
Насанд хүрээгүй яллагдагч Б.Э- нь энэ хэрэгт хамааралгүй Н-ыг алгадсанаас болж түүний эрүүл мэндэд хохирол учирсан гэх үндэслэлийн талаар хохирогч Х.Н-, насанд хүрээгүй гэрч Б.М нар /алгадахад шүргээд өнгөрсөн/-ын мэдүүлгээс Б.Э-ийн үйлдэл энэхүү хэрэгт хамааралгүй бөгөөд тус алгадсан гэх үйлдэл нь хэлбэр төдий /хор уршиг учруулахгүй/ шинжтэй бөгөөд алгадуулсан гэх Н- нь энэ талаар цагдаагийн байгууллагад огт гомдол гаргаагүй, энэхүү хэргийн нотолбол зохих зүйлд хамааралгүй, тусдаа асуудал. Хэрэв тухайн этгээдэд ямар нэгэн хохирол учирсан, гомдол санал байгаа бол гомдол гаргах, гэм буруутай этгээдийн үйлдлийг шалгуулах эрх нээлттэй. , энэ талаар гомдол гаргаагүй байхад хэргийг буцааж байгаа нь цаг хугацаа үрсэн, ач холбогдолгүй ажиллагаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх зарчмыг зөрчих буюу насанд хүрээгүй яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан агуулгаар шүүгч захирамж гаргасан.Б.Э-ийн хохирогч Х.Н-д хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдлийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бүрэн шийдвэрлэх боломжтой бөгөөд мөрдөгч, прокурор хуульд заасан бүхий л ажиллагааг хангалттай, бүрэн хийсэн гэж үзэж байна.
Насанд хүрээгүй хохирогч Х.Н- нь хаалга руу гараараа түлхсэнээс болж Б.Э-ийн эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг шалгаж тогтоогоогүй гэх үндэслэлүүдийг дурдаж хэргийг прокурорт буцаасан талаар, энэхүү хэрэг нь насанд хүрээгүй хүүхдүүдийн дунд болсон үйл явдал бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нар заавал өмгөөлөгчтэй процесс ажиллагаанд оролцохыг хуульчилсан.
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй яллагдагч Б.Э- нь хуульд заасан эрхээ эдэлж МӨХ-ны гишүүн өмгөөлөгч Д.Цолмонг сонгон авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаанд түүнтэй оролцож хууль зүйн туслалцаа авах эрх хангасан. Сэжигтэн, яллагдагчаар өгсөн тайлбар, мэдүүлэгтээ хохирогч Х.Н-д түлхүүлснээс болж нуруунд нь гэмтэл бэртэл учирсан талаар огт мэдүүлдэггүй, энэ талаар түүний өмгөөлөгч Д.Цолмон мөн адил дурдаж байгаагүй юм.
Мөн яллах дүгнэлт прокуророос үйлдсэн өдөр болох 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр өмгөөлөгч Д.Цолмон гаргасан хүсэлтдээ “нуруундаа гэмтэл авсан гэдгээ ээж, ааваасаа нуусан” гэж бичсэн байсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч прокурор яллах дүгнэлт үйлдэж талуудад гардуулах явцад буюу 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр гэнэтийн байдлаар шинжээч томилуулах, гэрчийн мэдүүлэг авах тухай хүсэлт гаргаж байгаа нь энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, мөн хохирогчид үүссэн сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрээр төлөхөд нь саад учруулах башир арга юм уу гэж хохирогчийн өмгөөлөгч үзэж байна. Өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг шат, шатны прокурор хангаагүй нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй юм.
Мөн өмгөөлөгч Д.Цолмонгоос 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдөр болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад гаргаж өгсөн 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн эмчийн бичигт эмч “1 сарын өмнө унаж нуруугаа эвгүй болгосон” гэж бичсэнээс харахад хэрэг учрал болсон 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс даруй 10 гаруй хоногийн зөрүүтэй байгаа. Өөрөөр хэлбэл, 2024 оны 12 дугаар сарын 18-ны үйл явдалтай огт холбоогүй гэж харагдаж байна.
Насанд хүрээгүй гэрч Б.М-ийн “Эийн биед халдаж зодсон зүйл байхгүй” гэж хэлсэн мэдүүлэг нь яллагдагч Б.Э-ийн “намайг Х.Н- түлхсэн... биед учирсан гэмтэл шарх байхгүй” гэж сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэгтэй таарч байгаа. Дээрх нөхцөл байдлаас дүгнээд үзэхэд мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан бүхий л нотлох ажиллагааг хийсэн гэж үзэхээр байна.
Хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, цаг үрсэн асуудлыг шалгуулахаар хэргийг буцааж байгаа нь хэрэг маргаан удах, удаан хугацаагаар шүүх, цагдаа, прокурорын байгууллагаар явах нь насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч, хохирогчийн сэтгэл зүйд хүндээр нөлөөлөх, болсон бодит үнэн үйл явдал бүдгэрэх, хохирогчийн хохирол төлбөрөө авах цаг хугацаа удаашрах зэрэг сөрөг үр дагавартай юм. Иймд насанд хүрээгүй яллагдагч Б.Э-ийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцлийг шаардаж мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдол зэрэгт заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан яллагдагч, хохирогч нарын ангийн У, Э, Н- нараас гэрчийн мэдүүлэг авах, Б.Э-ийн эрүүлд мэндэд Х.Н- хохирол учруулсан эсэхийг шалгах гэсэн үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагагүй,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн 2504000000018 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд хийсэн байна.
Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч С.Сэргэлэнгийн гаргасан давж заалдах гомдол зэргийг хүлээн авч, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Яллагдагч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурор Б.Баттуяагийн бичсэн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч С.Сэргэлэнгийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангаж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 2025/ШЗ/59 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ