Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 186

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагч Н.Дуламсүрэн,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******д холбогдох эрүүгийн 1818001260195 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэг чийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* /РД: *******/, 1997 оны 8 дугаар сарын 11-нд Дархан-Уул аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч******* нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны орой шинэ хорооллын 5 дугаар байрны ойролцоо иргэн *******тай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, нүүрний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:  

Хэрэгт авагдсан

Хохирогч *******ын: ...******* миний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохисон. Тэгсэн Мөнгөнчимэг миний хамрыг сонин болсон байна гэж хэлэхээр нь хартал хамрын баруун хэсэг цаашаа чихэгдээд орчихсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 8, 10-12/,

Гэрч *******ийн: ...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 5 дугаар байрны гадна ******* гэх хүн манай найз *******ыг гараараа цохисон. Тэгээд гэрэлтэй газар очиход *******ын хамраас цус гараад хавдчихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

Гэрч *******: 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн орой 23 цагийн үед ******* нэг залуутай маргалдаад тухайн залууг гараараа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Гэрч *******ийн: ...*******, ******* хоёр заамдалцсан. Намайг харж байхад ******* нь *******ын нүүр рүү 2 удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

Шүүгдэгч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн орой найзуудтайгаа явж байхдаа ******* болон түүний найзуудтай таараад маргалдсан. Би *******ын нүүр болон мөр рүү цохисон. ******* миний хүзүү рүү нэг удаа цохиж, шагай руу нэг удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 261 дугаартай “*******ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, нүүрний цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. *******т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч*******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, нүүрний цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчид 70.000 төгрөг өгсөн, хохирогч нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч *******ын бичсэн “Миний бие*******ээс 70.000 төгрөг авсан. Гомдол санал байхгүй” гэх тодорхойлолт /хх-ийн 55/-оор нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.  

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгаа ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар*******ийг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ИХТАМИР