Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/512

 

                                                           

 

 

 

 

     2025          05            06                                          2025/ДШМ/512

 

Х.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Амарзаяа,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан, 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/320 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Батбаатарын бичсэн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн Х.Б-д холбогдох 2403000000986 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Б овгийн Х-ийн Б, ......................... б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Х.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хүүхдийн паркын урд талын замд 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 21 цаг 40 минутын үед Тоёота приус-30 загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” 16.3. “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас скүтертэй мөргөлдөж скүтерийн зорчигч насанд хүрээгүй А.Х-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Х.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б овогт Х-ийн Б-ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 8 сарын хугацаагаар хасаж, 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нь 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497.1, 505.1, 511.3-т зааснаар шүүгдэгчээс 8,436,110 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, Эрүүл мэндийн даатгалын санд 1,595,500 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Прокурор Ч.Батбаатар эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 8 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулахаар дурдсан байх боловч нэмэгдэл ялын хэрэгжилтийг хэдий үеэс эхэлж тоолохыг тусгаж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/320 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.  

Прокурор Т.Амарзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 8 сарын хугацаагаар хасах ял оногдуулахдаа хэзээнээс тоолохыг шийтгэх тогтоолдоо дурдаагүй. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно гэж заасан заалтыг хэрэгжүүлээгүйн улмаас эрх хасах ялыг ямар хугацаанаас эхэлж тооцох нь тодорхойгүй байна. ...” гэв.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Х.Б-д холбогдох 2403000000986 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

1. Шүүгдэгч Х.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хүүхдийн паркын урд талын замд 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 21 цаг 40 минутын үед Тоёота приус-30 загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” 16.3. “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас скүтертэй мөргөлдөж скүтерийн зорчигч насанд хүрээгүй А.Х-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан үүргээ биелүүлэлгүй хэргийн газрыг зориуд орхиж явсан болох нь:

цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын бүртгэл: “...Гарцан дээр дугаарыг нь хараагүй цагаан өнгийн П-30 машинтай хүн шүргээд явсан...” /хх-ийн 2/,

цагдаагийн байгууллагын хүлээн авсан гэмт хэргийн талаарх гомдол: “...Хүүхдийн паркын урд талын замд 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 21 цаг 40 минутын үед Тоёота приус-30 загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь А.Х-ийг мөргөж хохирол учруулсан...” /хх-ийн 3/,

зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч зураглал /хх-ийн 4-5/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын гэрэл зургууд /хх-ийн 6-8/,

насанд хүрээгүй хохирогч А.Х-ийн: “...Найз Ц-ийн хамт 21 цагийн үед Сөүл рестораны баруун талын замаар урагшаа гараад гэр рүүгээ Jet скүүтэртэй явж байсан. Скүүтрийг Ц- жолоодоод би ард нь зогсоод явж байсан. Тэгээд Энхтайвны гүүрний зүүн талын явган хүний гарцаар гарч байхад цагаан өнгийн Prius-30 загварын автомашин бид хоёрыг мөргөж газарт унагаасан. Унаад босоод ирсэн чинь миний зүүн хөл гишгэж болохгүй өвдөөд байсан, мөн зүүн хөлийн гутал сугарч газарт унасан байсан. Би хөлөө бариад сууж байхад машины жолооч бууж ирсэн. ...Ц- тэр ахад хандаж манай найз алхаж чадахгүй байна гэхэд, та хоёр ямартай ч утасны дугаараа өгчих ямар нэгэн юм болвол хэлээрэй гэхээр нь Ц- дугаараа өгч, нөгөө ах залгаж байх шиг байсан. Дараа залгах гээд дугаарыг нь хартал тэр ах залгаагүй байсан. Тэгээд би ээж руугаа утсаар яриад машинд мөргүүлсэн би алхаж чадахгүй байна гэхэд ээж хаана юу болсон бэ? Мөргөсөн жолооч чинь байгаа юм уу? гэж асуухаар нь би байхгүй яваад өгсөн гэж хэлсэн. 1 дүгээр эгнээгээр явж байсан машин хурдаа хасаад зам тавьж өгсөн, тэгээд гарцаар яг гарахын алдад 2 дугаар эгнээнээс машин ирээд мөргөсөн. ...” /хх-ийн 17-18/,

иргэний нэхэмжлэгч С.С-ийн: “...Хохирогч А.Х- нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,595,360 төгрөг гарсан...” /хх-ийн 21/,

насанд хүрээгүй гэрч Б.Ц-ийн: “...Скүүтрийг би жолоодоод, миний ард Хишигт зогсоод явж байсан. Тэгээд Энхтайвны гүүрний зүүн талын явган хүний гарцаар гараад дараа нүхэн гарцаар гарч явах гэж байсан. Тэгээд явган хүний гарцаар гарч байхад 2 дугаар эгнээгээр явж байсан Рrius-30 загварын автомашинд мөргүүлсэн. Мөргүүлээд бид хоёр скүүтрээс унасан. Намайг босоод ирэхэд Хишигт хөлөө бариад суугаад байсан. Тэгсэн чинь машины жолооч гарч ирээд зүгээр үү яасан бэ? гэж асуусан. Тэгэхээр нь бид хоёр шокт орсон байсан учраас юм дуугараагүй. Тэгсэн чинь жолооч ах эмнэлэг орж үзүүлэх үү? гэхээр нь за за гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр ах маргааш найзыгаа эмнэлэгт үзүүлээрэй, дугаараа өгчих гэхээр нь би өөрийнхөө 990ххххх дугаарыг хэлж өгсөн. Над руу залгасан дохисон байх гэж бодсон. Тэгээд зам чөлөөлөх болоод тэр ах таксины 20.000 төгрөг өгөөд яваад өгсөн. Нэгдүгээр эгнээгээр явж байсан автомашин бид хоёрт зам тавьж өгсөн тэгэхээр нь хоёрдугаар эгнээ руу ортол 3-4 метрийн зайд бид хоёрыг мөргөсөн машин ирж байсан бид хоёрт зам тавьж өгөх байх гэж бодтол зогсохгүйгээр ирж мөргөсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний бие зүгээр...” /хх-ийн 25-26/,

иргэний хариуцагч Б.Хүслэнгийн: “...Тоёота приус-30 загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн автомашин байгаа юм. Уг машин “Кибернетик” ББСБ-н нэр дээр бүртгэлтэй. ... Төрсөн дүү Б-д жолоодох зөвшөөрөл өгсөн. Учирсан хохирлыг төлж барагдуулна. ...” /хх-ийн 30-31/ гэх мэдүүлгүүд,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13502 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1. А.Х-ийн биед зүүн шагайн дотор хавчаарын далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ... Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” /хх-ийн 36-37/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1776 дугаартай мөрдөгчийн магадлагаа: “...Жолооч Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 16.3. Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ, 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна...” /хх-ийн 58/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.   

2. Шүүгдэгч Х.Б-ий:

- тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” 16.3. “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчин скүтертэй мөргөлдөж, скүтерийн зорчигч насанд хүрээгүй А.Х-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэсэн шинжийг,

- зам тээврийн осол гаргасан атлаа Замын хөдөлгөөний дүрмийн “...3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах...” гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг зориуд орхиж явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан...” гэсэн шинжийг тус тус бүрэн агуулжээ.

Анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй Х.Б-ий үйлдлүүдийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

4. Шүүхээс Х.Б-д:

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон 250 цагийн хугацаагаар оногдуулж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 8 сарын хугацаагаар хассан нь,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон 350 цагийн хугацаагаар оногдуулсан нь тус тус Эрүүгийн хуульд заасан тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор байна.

Мөн Х.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож хуулийг зөв хэрэглэжээ.  

 5. Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн буюу хохирогч талд учирсан хохирол, гэм хорын төлбөрийг хэрэгт байгаа баримтаар үндэслэлтэй тооцсон байна.  

4. Прокурор Ч.Батбаатар “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 8 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хэдий үеэс эхэлж тоолохыг тусгаж өгөөгүй тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар...”  прокурорын эсэргүүцэл бичжээ.    

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 8 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг оногдуулахдаа ялын хэрэгжилтийг хэдий үеэс эхэлж тоолох хугацааг тогтоогоогүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, прокурорын эсэрэгүүцлийн ханган шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг нэмэлт заалтаар оруулахаар шийдвэрлэв.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурор Ч.Батбаатарын бичсэн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаар прокурорын эсэргүүцлийг хангаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/320 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан үеэс түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 8 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тоолсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                       ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ