Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2026/00633

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******, -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******, **************-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 13,662,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан, нарийн бичгийн дарга Д.Жавзандулам оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 27,602,400 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч нь 13,940,000 төгрөгийн ажил хүлээлгэж өгсөн тул илүү төлсөн 13,662,400 төгрөгийг шаардах эрхтэй гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...гэрээгээр 7000м3 зуурмаг бетон үйлдвэрлэхээр заасан хэдий ч бараа материалаар хангах үүргээ биелүүлээгүй байсаар хугацаа дууссан, хүлээн авсан төлбөрийн тухайд мөн гүйцэтгэсэн 2 ажлын тухайд маргахгүй боловч тухайн төлбөрийг гэрээний хугацаанд байрлаж ажилласан ажилчдын байр, хоол, цалин хөлсөнд зарцуулагдсан тул төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

2.    Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2023.05.17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, захиалагч -ийн бараа материалаар гүйцэтгэгч ******* нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлалтай, үйлчилгээ, орон сууцны зориулалтай ******* төслийн талбай дээр суурилуулагдах, GS500 маркийн бетон зуурмагийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хариуцан ажиллуулах бөгөөд 7000 м3 бетон зуурмагийг 2023.05.20-ноос 2023.11.01-ний хооронд үйлдвэрлэж хүлээлгэн өгөх, ажлын хөлс нийт 140,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

Дээрх хэлцлийн агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж зааснаар хариуцагч нь А блокын суурь 279 м3 , Б блокын суурь 279 м3 , А блокын зоорийн давхар 139 м3 талбайн ажил гүйцэтгэсэн байх ба тухайн ажлын үнэлгээ 13,940,000 төгрөгийн ажлыг хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгч талын гаргасан ажил хүлээж авсан актаар мөн тухайн гүйцэтгэсэн ажлыг Барилга, архитектурын корпорацын судалгаа, туршилтаар баталгаажуулсан байна.

Гэрээний явцад нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд 27,602,400 төгрөг төлснийг хариуцагч хүлээн авсан талаар маргаагүй тул гүйцэтгээгүй ажлын төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзнэ.

Харин хариуцагч хүлээн авсан хөлс нь гэрээний хугацаанд ажилласан зардалд зарцуулсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байх ба гүйцэтгэсэн ажлын хэмжээгээр нэхэмжлэгч хөлс төлөх үүрэгтэй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

3.Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч *******-ис гэрээний үүрэгт 13,662,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 222,300 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 222,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН