Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2026/01090

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,, -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******, **************-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 13,860,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Цэнд-Очир, өмгөөлөгч Д.Өлзийхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батмягмармаа, нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...хариуцагч нь сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 9,240,000 төгрөгийн бараа материал хүлээн авсан... энэ нь бараа хүлээлгэн өгсөн зарлагын баримтаар тогтоогдож байгаа боловч төлбөрийг төлөөгүй...иймд үндсэн төлбөр болон гэрээнд зааснаар алданги 4,620,000 төгрөг, нийт 13,860,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан...энэ гэрээгээр бараа материал зээлээр аваагүй, худалдан авсан барааны төлбөрийг тухай бүр төлж авсан...хэрэгт гаргасан зарлагын баримтад хүлээн авсан тал гарын үсэг зураагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

2.    Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2024.05.15-ны өдөр Сэлбэг зээлээр худалдах, худалдан авах тухай 24/515 тоот гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр худалдагч нь машин механизмын шаардлагыг хангасан сэлбэг баараа материалыг нийлүүлэх, худалдан авагч ******* нь үнэ төлөх үүрэгтэй...мөн сэлбэгийг өөрсдийн төлөөлөгчөөр дамжуулан өөрийн тээврээр авах...талуудын худалдан авах сэлбэгийн нийт үнийн хэмжээ 10,000,000 төгрөг байх ба төлбөрийг дараа сарын 10-ны дотор төлөхөөр... сэлбэгийн төлбөрийг хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тус тус тохиролцож, эрх бүхий этгээдүүд баталгаажуулсан байна.

Энэхүү гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээгээр Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Хуулийн дээрх зохицуулалтаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч тал 2024.05.16-ны өдрийн 9,240,000 төгрөгийн үнэ бүхий зарлагын баримтаар хариуцагч *******-д бараа материал хүлээлгэн өгсөн гэх боловч тухайн зарлагын баримтад хүлээн авагч талыг төлөөлж хариуцагч гарын үсэг зураагүй байх ба хэрэгт энэ талаар нотолсон өөр бичгийн баримт авагдаагүй байна. Иймд үндсэн шаардлага болох 9,240,000 төгрөгийн бараа материал хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдохгүй байх тул алданги шаардах эрхгүй байна.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн шаардлагыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 75дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******-д холбогдох гэрээний үүрэгт 13,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 227,250 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН