| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0170/Э |
| Дугаар | 191 |
| Огноо | 2018-06-13 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 191
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Адъяа,
Улсын яллагч Г.Яндаг,
Гэрч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******д холбогдох эрүүгийн 1718003780083 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******/РД: *******/, 1966 оны 01 дүгээр сарын 08-нд Дархан-Уул аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, *******тоотод оршин суух, урьд Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1982 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 65 дугаар зүйлийн Б, 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
1985 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн Б, 169 дүгээр зүйлийн В, 171 дүгээр зүйл, 200 дугаар зүйлийн А-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,
1991 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар зүйлийн 15-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 345 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 05-нд Өршөөлийн хуулиар суллагдсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч *******нь 2017 оны 10 дугаар сард Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Эрэлийн ам” гэх газар алт олборлох зорилгоор тусгай зөвшөөрөлгүйгээр 0.0398 га талбайг экскаватораар ухсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч*******ы өгсөн: Би “Эрэлийн ам” гэдэг газар 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр очсон. Тэнд хүний орхиод явсан экскаватор байсан. Тэгээд ******* гэх экскаваторын жолоочтой нь эндээс жаахан шороо аваад угаагаад хувааж авъя гэж тохиролцсон. Тэгээд 1 цаг гаруй ухаж байтал экскаваторын шанага нь хугарсан. Түүнийг нь гагнаад байж байхад Мэргэжлийн хяналт, Байгаль орчин, Тагнуулын байгууллагаас шалгалт ирсэн гэх мэдүүлэг,
Гэрч *******ын өгсөн: Манай танил ******* надад наана чинь нэг экскаватор байгаа ачуулаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би экскаваторыг нь жолоодоод хөлөөр нь Дархан луу оруулах гээд явж байтал *******гэх хүн таарсан. *******“нэг газар байна хоёулаа ухаж үзье” гэхээр нь тэр газар луу нь очсон. Тэгээд “Эрэлийн ам” гэх газрын доод хэсэгт газар ухаж байтал экскаваторын шанага нь эвдэрсэн. Бууны суурины хажууд гагнуур хийж байтал *******“шалгалт ирж байна” гээд хаячхаад яваад өгсөн. Бид хуучин ухсан газрыг тэлж ухсан юм гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч*******ын өгсөн: Хохирлын үнэлгээний дагуу хохирол нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-14/,
Гэрч *******ын өгсөн: ...манай байгууллагын ухах гэж байсан газрын орчимд 2017 оны 11 дүгээр сард *******гэх хүн газар ухсан байж байгаад цагдаа хуулийн байгууллагад баригдсан байсан. *******гэх хүний ухсан газар нь манай “Дэвжих ногоон Монгол” ХХК-ийн нөхөн сэргээлт хийх гэж байсан талбай байсан учраас тэр газрыг манай байгууллагыг ухсан гэж ойлгосон байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
Гэрч *******ийн өгсөн: ...Аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргын удирдамжийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр явуулсан шалгалтаар *******гэх иргэн бас нэг хүний хамт тухайн газарт байсан. Тэд “одоо буух гэж байна. Техник эвдэрсэн, засвар хийж байна” гэсэн тайлбар өгсөн. Шалгалтаар илэрсэн зөрчлийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
Гэрч *******йн өгсөн: ...”Дэвжих ногоон Монгол” ХХК-ийн газрын орчимд *******гэх хүн газар ухаад 11 дүгээр сард цагдаад шалгагдсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
Гэрч *******ийн өгсөн: ...Тухайн газрын хөрсний давхаргаас харахад шинээр ухагдсан газар байсан. Гэхдээ тухайн орчим бол нийтдээ хуучин ухагдсан талбай байсан ба яг хэмжилт хийсэн талбай бол урьд ухагдаад үргэлжлүүлж ухсан уу? шинээр ухсан уу? гэдгийг тогтоох боломжгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 92/,
Гэрч *******ийн өгсөн: ...тухайн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүйтний гол буюу Эрэлийн ам гэх газар нь маш их ухагдсан талбай байсан бөгөөд хэмжилт хийж дээж авсан газрын хөрсний давхаргаас харахад шинээр ухагдсан талбай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 93/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн: ... Хэрэг учрал гарсан гэх газар нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Бага ноёны Эрлийн ам гэх газар байх бөгөөд уг газар нь ухагдсан гэх газар нь дөрвөлжин бүхий газар байна... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9/, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх ухагдсан гэх газарт учирсан шууд хохирол 1.204.208 төгрөг болох нь “И Си Өү Си Ти” ХХК-ний хийсэн Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний “Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутагт орших “Эрэлийн ам” нэртэй газрын хууль бус олборлолтод өртсөн талбай 0.0398 га байна. Байгаль орчинд учруулсан хохирлын тооцоо нийт 1.204.208 төгрөг болов. Үүнд: Газрын нөөцөд учруулсан хохирол 28.4 төгрөг, газрын хэвлийд учруулсан хохирол 117.193 төгрөг, гадаргын усанд учруулсан хохирол 652.720 төгрөг, хөрсөнд учруулсан хохирол 171.000 төгрөг, ургамалан нөмрөгт учруулсан хохирол 2532 төгрөг, ойн санд учруулсан хохирол 256.703 төгрөг, агаар мандалд учруулсан хохирол 4032 төгрөг, байгаль орчинд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээний нийт дүн 1.204.208 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-39/-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч*******ы 2017 оны 10 дугаар сард Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрэлийн ам” гэх газар алт олборлох зорилгоор тусгай зөвшөөрөлгүйгээр 0.0398 га талбайг ухаж байгаль орчинд 1.204.208 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хууль бусаар ашигт малтмал хайх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 1.204.208 төгрөгийн шууд хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Хонгор сумын Татварын бус орлогын Төрийн сан дахь ******* тоот дансанд 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр*******аас 1.204.210 төгрөгийг шилжүүлсэн гэх ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 116/-аар нотлогдож байна.
Түүнчлэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар байгаль орчны хяналтын улсын байцаагч нь байгаль орчинд учруулсан хохиролд нөхөн төлбөр ногдуулж, төлбөрийг ажлын 14 хоногт багтаан барагдуулах, уг хугацаанд барагдуулаагүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулах үүрэгтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч *******нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан шууд хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч *******нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгуулах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгч*******д тэнссэн хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Эрэлийн ам” гэх газарт ухсан 0.0398 га газарт нөхөн сэргээлт хийх, байгаль орчны хяналтын улсын байцаагч байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр ногдуулсан тохиолдолд уг төлбөрийг улсын байцаагчийн актаар тогтоосон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээлгэж, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалттай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ нь шүүгдэгч *******ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаас бусад тохиолдолд хамаарахыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг төлсөн болохыг дурдсугай.
3. Дархан-Уул аймгийн Хонгор сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар байгаль орчинд учруулсан хохиролд нөхөн төлбөр ногдуулж, төлбөрийг ажлын 14 хоногт багтаан барагдуулах, уг хугацаанд барагдуулаагүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулах үүрэгтэйг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 3.4-д зааснаар шүүгдэгч*******д тэнссэн хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Эрэлийн ам” гэх газарт ухсан 0.0398 га газарт нөхөн сэргээлт хийх, байгаль орчны хяналтын улсын байцаагч байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр ногдуулсан тохиолдолд уг төлбөрийг улсын байцаагчийн актаар тогтоосон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээлгэж, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалттай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
6. Хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ нь шүүгдэгч *******ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаас бусад тохиолдолд хамаарахыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******нь тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР