| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2403000000749 |
| Дугаар | 2025/ДШМ/513 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/513
2025 05 06 2025/ДШМ/513
Г.Ө-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Г.Ө-ын өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М, хохирогчийн өмгөөлөгч Ж.Дашдорж,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/346 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Ганцэцэгийн бичсэн 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 21 дүгээр прокурорын эсэргүүцэл, насанд хүрээгүй хохирогч М.Б, түүний хууль ёсны төлөөлөгч А.М, хохирогч нарын өмгөөлөгч Ж.Дашдорж нарын хамтран гаргасан, иргэний хариуцагч Г.Н-ийн гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Ө-ад холбогдох 2403000000749 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч З Г овгийн Г-ын Ө .............. тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаа ял шийтгэгдэж байсан: - 2009 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;
Шүүгдэгч Г.Ө- нь 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 10:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын их дэлгүүрийн урд замд Меrsedes Веnz С63 маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 2 дугаар хавсралт 1.4. “1.1-1.3, 1.15.а-1.15.В тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэх заалтуудыг зөрчсөний улмаас мопедыг мөргөж, тус мопедын жолооч болох 22 настай, эрэгтэй М.Г /РД:.........../, зорчигч болох насанд хүрээгүй, 10 настай, эрэгтэй, М.Б /РД:.........../ нарын эрүүл мэндэд нь хүнд хохирол тус тус учруулсан,
мөн осол гаргасан даруйдаа эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй ослын газрыг орхиж зугтаан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэх заалтуудыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн Прокурорын газраас: Г.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч З Г овогт Г-ын Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, мөн 2.3 дахь заалтад заасан “тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх” үүргийг тус тус хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял хүлээлгэх болохыг анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольдог болохыг сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Г.Ө-аас 30,148,112 төгрөгийг, иргэний хариуцагч Г.Н-ээс 37,148,112 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч М.Г, насанд хүрээгүй хохирогч М.Б нарт олгож, хохирогч М.Г, насанд хүрээгүй хохирогч М.Б, иргэний хариуцагч Г.Н- нарын иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар хохирол төлбөрийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Ганцэцэг эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж хуульчилжээ.
Г.Ө-ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хэзээнээс эхэлж тоолох талаар тусгаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч М.Б-ийн хууль ёсны төлөөлөгч А.М, хохирогч М.Г, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Дашдорж нар нь хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...1.Г.Ө-ын жолоодож явсан 0000 ААА улсын дугаартай бенз загварын тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч Г.Н- өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Г.Ө-ад өөрөө шилжүүлэн өгсөн учраас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсгийн “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн заалтын дагуу хохирлыг Г.Н- бүрэн хэмжээгээр хариуцах үндэстэй байхад анхан шатны шүүх хамтран хариуцагч мэтээр үзэж хохирлыг 50, 50 хувиар гаргуулахаар шийдвэрлэж хууль ноцтой зөрчлөө. Харин Г.Н-ээс гаргуулсан төлбөрийг шүүгдэгч Г.Ө-аас гаргуулж, Г.Н-т олгож, нэг мөр шийдвэрлэх ёстой.
2. Хохирогчид учирсан гэмтэл бэртэл нь бүрэн эдгэрээгүй, цаашид гэмтлийн үр дагавар нь ямар байхыг одоогоор хэлэх боломжгүй, эмчилгээ сувилгааны үр дүнгээс хамаарна гэж шүүх шинжилгээний байгууллага болон мэргэжлийн эмч нар тайлбарлаж байгаа болно. Хохирогчийн аав, ээж нар тухайн осол болсон цагаас хойш ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй, орлого олох боломжгүй болж, хүүхдүүдээ байнга асарч сувилж, эмнэлгийн байгууллагаар байнга эмчилгээ сувилгаа хийлгэж, санхүүгийн хүнд байдалд байгааг ч шүүх анхааралгүй нэхэмжилсэн 102.0 сая төгрөгийн зарим хохирлыг хэрэгсэхгүй болгож, 74.2 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Эмнэлгийн хагалгаа хийлгэсний дараа хэвтэрт байгаа, зөөвөрлөх боломжгүй болсон хүүхдүүдээ хөлсний сувилагч авчирч, гэртээ цэвэрлэгээ, ариутгал боолт хийлгэж 900,0 мянган төгрөгийн төлбөр төлбөр төлснийг болон цаашид байнгын асаргаа сувилгаанд зайлшгүй явахад шаардагдах 12.0 сая төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн боловч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Ө- нь эрхэлсэн тодорхой ажилгүй, байнгын орлогогүй, тодорхой эд хөрөнгөгүй байгаа ба хэрэг үйлдсэнээсээ хойш дөнгөж 7 сая төгрөг төлсөн байгаагаас харахад хохирогчдод учирсан хохирлыг төлөх баталгаа тун бага байгаа нь харагдана. Харин иргэний хариуцагч Г.Н- хувийн компанитай төлбөр төлөх боломжтой болох нь тодорхой байгаа болно. Ийм нөхцөлд шүүх Иргэний хуулийн тодорхой заалтыг ноцтой зөрчиж, хохирлын асуудлыг шийдвэрлэсэн нь хохирогчдын эрхийг бүр дордуулж, хохирсон дээр нь нэмж хохироох нөхцөлийг бүрдүүлж байгааг анхаарч үзэхийг хүсэж байна. Шүүгдэгч Г.Ө- нь өмнө нь хоёрч удаа ял шийтгүүлж байсан ба хэргийг согтуугаар үйлдэж, хэргийн газрыг орхин зугтаж, хохирогчдын биед ноцтой хүнд гэмтэл учруулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байгаа боловч хохирогчдын зүгээс ял, хариуцлагыг хүндрүүлэх, хорих ял оноох зэрэг асуудлыг тавиагүй бөгөөд хохирол төлбөрийг нь л хуулийн дагуу зөв шийдвэрлэж, бүрэн гаргуулж өгөөч гэсэн хүсэлт тавьж байсан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн тогтоолын хохирол барагдуулах хэсгийг хянан үзэж, хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгөж, шүүхийн тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгөхийг хүсэж байна. ...” гэжээ.
Иргэний хариуцагч Г.Н- давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэгт ямарч хамааралгүй, холбогдолгүй этгээд болох иргэний хариуцагч Г.Н-ээс 37,148,112 төгрөгийг гаргуулан хохирогч нарт олгуулахаар шийдэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь, авто замын осол гаргасан этгээд нь миний өмчлөлийн машиныг жолоодож явсан байх бөгөөд энэ талаараа шүүхэд мэдүүлсэн. Шүүгдэгч Г.Ө- төлбөр мөнгийг өөрөө хариуцаж төлөхөө илэрхийлсэн байхад надад ял халдааж хариуцлага үүрүүлж хохирлын мөнгийг Г.Н-ээс гаргуулан шийдсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл хохирлын мөнгийг Г.Ө- төлөх ёстой. Миний хувьд мөн хохирогч гэж үзэж байна. Миний машин 280,000,000 төгрөгийн үнэтэй машин бөгөөд 50-60 төгрөгийн засвар орж байгаа болно. Машин нь 2023 оны Меrsedes Веnz С63 юм. Шийтгэх тогтоолыг 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Г.Ө-ын өмгөөлөгчөөс авч гомдол гаргасан болно. ...” гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүгдэгч Г.Ө- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, урсгал сөрөн, үргэлжилсэн цагаан шугамыг даван мопед унаж явсан хоёр хүүхдэд хүнд бэртэл учруулсан. Хүүхдүүдийн хувьд хөлөнд нь ноцтой гэмтэл учирч, 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс хойш эмчилгээнд орсон бөгөөд өнөөдрийг хүртэл хэвтрийн байдалтай байна. Үүнээс шалтгаалж эцэг, эх нь тэднийг асарч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, орлогогүй болсон. Хохирогч М.Б нь саяхан дөрөв дэх хагалгаанд орсон бөгөөд нэг хөл нь нөгөө хөлнөөсөө 2.5 см богино болж, өсөлтийн бүс гэмтсэн тул цаашид хөгжлийн зөрүүтэй үлдэх эрсдэлтэй. Том ах болох М.Г нь дунд чөмөг, өвдөгний үеийн гэмтлийн улмаас удаан хугацаагаар сууж чадахгүй, хөдөлмөрийн чадвараа хязгаарлуулсан. Шүүхийн шатанд хохирогчийн зүгээс шүүгдэгчид хорих арга хэмжээ авах санал тавиагүй, харин ажил хөдөлмөр эрхэлж, учруулсан хохирлоо бүрэн барагдуулах боломж олгох байр суурьтайгаар хандсан.
Давж заалдах гомдлыг гаргасан гурван үндэслэл дараах байдалтай байна:
1. Иргэний хариуцлагыг 50/50 хувиар хуваасан нь хууль зөрчсөн:
Шүүгдэгч Г.Ө- нь тухайн автомашиныг Г.Н-ийн нөхөр С-гээс авч жолоодсон бөгөөд Г.Н- ч өөрөө автомашиныг өөрийн эзэмшлийнх гэж мэдүүлсэн. Тиймээс хохирлыг бүрэн хэмжээгээр өмчлөгч буюу эзэмшигч талаас гаргуулах ёстой бөгөөд Г.Н-ийн төлсөн төлбөрийг дараа нь шүүгдэгчээс нөхөн гаргуулж болох практик эрх зүйн зохицуулалт бий.
2. 900,000 төгрөгийн сувилагчийн зардлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй:
Хоёр хүүхэд хагалгаанд орж, Гэмтэл согогийн үндэсний төвд эмчлүүлсний дараа сувилагч хөлсөлж, боолт цэвэрлэгээ хийхэд сар бүр 900,000 төгрөг зарцуулсан. Уг төлбөрийг сувилагч гар бичмэл баримтаар баталгаажуулсан байхад нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй.
3. 12,000,000 төгрөгийн нөхөн сэргээх эмчилгээний зардлыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон:
Эмчийн зааврын дагуу хохирогч 12 удаагийн нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон бөгөөд нийт 12,000,000 төгрөгийн зардал шаардагдана. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Хохирогч зайлшгүй эмчилгээний зардлыг урьдчилан төлүүлэх эрхтэй” гэж заасан боловч прокурор болон шүүх уг зардлыг хүлээн зөвшөөрөлгүй хэрэгсэхгүй болгосон нь хуулийн шаардлагыг үл харгалзсан шийдвэр гэж үзэж байна.
Эдгээр гурван үндэслэлд тулгуурлан, давж заалдах шатны шүүхээс гомдлыг хянан үзэж, хохирогчийн эрх ашгийг хамгаалсан, хуулийн шаардлагад нийцсэн шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.М би хүү М.Б-ийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд шүүх хуралдаанд оролцож байна. Өнгөрсөн баасан гарагт бага хүүгээ дагуулан эмнэлгээр явсан. Осол гарснаас хойш өнөөдрийг хүртэл хүүхдүүдийнхээ эмчилгээ, асаргааг хариуцан, тэдний эрүүл мэндийг сэргээхээр хичээн зүтгэж байна. Шүүгдэгчийн талаас надад нийт 8,700,000 төгрөгийн төлбөр шилжүүлсэн бөгөөд үүнд: 1,200,000 төгрөг, 500,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 2,000,000 төгрөгүүдийн төлбөрүүдийг хүлээн авсан. Хоёр хүүхдийнхээ боолт, цэвэрлэгээг хийхэд тээвэрлэх боломжгүй тул гэрээр сувилагч хөлсөлж, асаргааг нь хангаж байна. Гэсэн хэдий ч сувилагчийн зардлыг нотлох баримт дутуу гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хүнд нөхцөлд байгаа бидний хувьд шударга бус санагдаж байна. Миний хувьд эцэг хүний үүргээ биелүүлж, хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг сэргээхээр бүх хүчээ дайчлан амьдарч байна. Анхны мөрдөн байцаалтын үед шүүгдэгч ирээгүй тул би гэртээ түүнийг дуудаж, мөрдөгч нараар мэдүүлэг авхуулж байсан. Одоогийн байдлаар хүү маань дөрөв дэх хагалгаандаа орсон. Улсын эмнэлгийн нөхцөл байдлаас шалтгаалан хувийн эмнэлэгт хагалгаанд оруулах шаардлага гарч байна. Тиймээс шүүх, прокурорын байгууллагууд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, бидний эрх ашгийг хамгаалан, шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.
Шүүгдэгч Г.Ө-ын өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн хувьд гэм буруутай эсэхэд маргасан зүйл байхгүй. Хохирогч нарын эрүүл мэндийн хувьд эмзэглэлтэй байгаа гэдгээ Г.Ө- илэрхийлж байгаа. Анхан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Хохирогчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа 12,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон гэж байгааг нээлттэй нэхэмжлэх эрхтэйгээр үлдээсэн. Мөн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж үзэж байна. Эрх хасах ялыг 5 жилээр оногдуулчхаад 2 жилээр тэнсэхийг хэзээнээс тооцохоор заагаагүй байгааг хууль зүйн үндэслэлтэй байгаа тул дэмжиж байна. Эрүүгийн хэргийн үндсэн зарчим нь тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд өөрийн гаргасан хариуцлагаа хүлээн хэрэгтэй. Түүнээс биш бид шүүхээс хэдий хэмжээний төлбөр гаргуулахыг шийдэхгүй. Бидний зүгээс эмчилгээ, хохирлыг төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Гэхдээ шүүгдэгчийн хувьд эдийн засгийн тогтворгүй хүн. Тиймээс ч анхан шатны шүүхээс хохирлыг төлүүлэх шаардлагаар шийдвэр гаргасан. Үүнд хохирогчийн өмгөөлөгч тэнсэх ялын санал гаргасан учраас шүүх шийдвэрлэсэн гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан эсэргүүцэл, гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан “Тэнсэх” эрүүгийн хариуцлагыг хэрэглэх хууль зүйн үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлтийг үндэслэл бүхий хийгээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Тодруулбал, анхан шатны шүүх хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн дүгнэлтийг хийхдээ хохирлыг төлөх илэрхийлэл нь бодитой хэрэгжих боломжтой эсэх, төлбөрийг төлөх чадвартай эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст цогцоор нь үнэлэн Эрүүгийн хуулийн “...хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхолыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьчилан сэргийлэх” зорилгод нийцсэн, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан “...гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, ...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх...” эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц ялыг тухайн зүйл, хэсэгт заасан ялаас сонгон авч оногдуулах учиртай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг шүүх хэрэглэх эсэх зохицуулалт нь үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш, харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ тул шүүх “Тэнсэх” хариулагыг шүүгдэгчид хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзвэл зохино.
3. Иймд Замын хөдөлгөөний дүрмийн хориглосон хэм хэмжээнүүдийг зөрчиж, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шүүгдэгч Г.Ө-ад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хэм хэмжээг анхан шатны шүүх хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн зорилго, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
4. Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул
шийтгэх тогтоолын зохих хэсэгт нэмэлт заалт оруулан өөрчлөлт оруулах агуулга бүхий прокурорын эсэргүүцэл,
насанд хүрээгүй хохирогч М.Б, түүний хууль ёсны төлөөлөгч А.М, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Дашдорж нарын хамтран гаргасан, иргэний хариуцагч Г.Н- нарын тус тус хохирлыг шүүх хянан шийдвэрлэсэнтэй холбоотой хэсгээр гаргасан давж заалдах гомдлуудад дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/346 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Прокурор Ц.Ганцэцэгийн бичсэн 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 21 дүгээр прокурорын эсэргүүцэл, насанд хүрээгүй хохирогч М.Б, түүний хууль ёсны төлөөлөгч А.М, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Дашдорж нарын хамтран гаргасан, иргэний хариуцагч Г.Н-ийн гаргасан давж заалдах гомдлуудыг хянан шийдвэрлээгүй болохыг болгосугай.
3. Шүүгдэгч Г.Ө-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хэрэг очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ