2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2026/00278

 

 

 

 

 

 

 

2026 01 02 191/ШШ2026/00278

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .........хаягт оршин байрлах, ******* ББСБ ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  ******* ******* РД:/*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* РД:/*******/-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Батбаатар овогтой ******* нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр FLEX зээлийн шугам буюу зээлжих эрх нээх цахим зээлийн гэрээ байгуулж зээлийн шугамын эрхийг нээлгэсэн. Б.******* нь 2024 оны 02-р сарын 28-ны өдрөөс 2024 оны 12-р сарын 22-ны өдрийг хүртэл нийт 5 удаагийн хүсэлтээр 57,210,000 төгрөгийн зээлийг авсан байна. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Б.*******ын ........ хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тус хаягт оршин суудаггүй болох нь хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй болсон. Иймд Б.******* РД:/*******/-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: Итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, зээлжих эрх нээх гэрээ, Зээл, зээл хүүгийн тооцоолол, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.11.07-ны өдрийн №192/Ш32025/47079 дугаартай захирамж зэрэг баримтыг ирүүлжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргана.

 

Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Б.******* нь "ЛэндМН ББСБ" ХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн ......... хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.11.07-ны өдрийн №192/Ш32025/47079 захирамжаар тогтоогдсон гэжээ.

 

6. Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.11.07-ны өдрийн №192/Ш32025/47079 дугаар захирамж болон холбогдох бусад баримтуудаар тогтоогджээ.

 

Иймд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтад үндэслэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч "ЛэндМН ББСБ" ХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

7. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэхээр даалгав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* ******* /*******/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* ******* /*******/-г, ......... хаягаар эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоож, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, Л.******* /Утас: *******, ******* /-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД