Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 194

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагч Д.Энхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Б.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дайртан овогт Батбаярын Отгонбаярт холбогдох эрүүгийн 1818003210181 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дайртан овогт Батбаярын Отгонбаяр /РД: РП94022304/, 1994 оны 2 дугаар сарын 23-нд Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Майхантын 4-43 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Отгонбаяр нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 16:50 цагт Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, ХААН банк дотор иргэн Х.Оюунцэцэгийн өөрийнхөө дансанд хийлгүүлэхээр өгсөн 160.000 төгрөгийг өөр хүний дансанд шилжүүлэн авсан болох нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Отгонбаярын өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүүхдийн халамжийн мөнгө орсон эсэхийг шалгах гээд Хаан банк орсон. Тэгсэн хүүхдийн мөнгө ороогүй байсан. Тэгээд ээжийнхээ картад мөнгө орсон эсэхийг шалгахаар Хаан банкны АТМ орсон. Тэр үед миний урд нэг эгч зогсож байсан. Тэгээд миний дүү эгчийнхээ данс руу энэ 160.000 төгрөгийг хийгээд өгөөч гэж надаас гуйсан. Тэгэхээр нь би тухайн өдөр хүүхдийн мөнгө ороогүй, гэрт хоол ундны зүйл байхгүй байсан учраас мөнгийг хийхдээ тэр эгчийн картыг ээжийнхээ картаар нууцаар солиод ээжийн данс руу мөнгийг нь хийсэн. Тэр эгчийн картыг АТМ-д уншуулаагүй. Дараа нь ээжийн данснаас мөнгийг аваад зах орж хоол ундны зүйл худалдаж авсан. Би ээждээ хүний мөнгийг таны дансанд хийсэн гэдгээ хэлээд хохирогчид 160.000 төгрөгийг нь буцааж шилжүүлсэн. Би 5 сартай хүүхдээ хөхөөр хооллодог, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Х.Оюунцэцэгийн өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 16:00 цагийн орчимд би өөрийн дансанд 160.000 төгрөг хийх гээд чадахгүй болохоор нь миний ард дараалаад зогсож байсан 20-23 насны, шар үстэй, шар царайтай, саарал өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн пүүзтэй, саарал өнгийн куртиктэй охиноос “эгчдээ энэ мөнгийг миний данс руу хийгээд өгөөч” гэж гуйсан. Тэгтэл тэр охин миний дансны дугаарыг асуугаад “за болчихлоо” гэж хэлэхээр нь би итгээд явчихсан. Тэгээд 17:00 цагийн үед дансаа шалгахад миний данс руу мөнгө ороогүй байсан ба би ХААН банканд хандтал “таны мөнгийг өөр хүний дансанд шилжүүлсэн байна та цагдаагийн байгууллагад ханд” гэж банкны ажилтан хэлсэн. Ингээд цагдаад хандсанаас хойш хэд хоногийн дараа миний дансанд 160.000 төгрөг хийсэн. Одоо надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/,

Хохирогч Х.Оюунцэцэгийн ХААН банкны 5055308492 тоот дансны 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 23-ны өдрийн хоорондох депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 7/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн ХААН банкны салбарын орлого, зарлага хийдэг бэлэн мөнгөний машиныг хянадаг камерын бичлэгт үзлэг хийсэн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 8-10/,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн ХААН банкны салбарын орлого, зарлага хийдэг бэлэн мөнгөний машиныг хянадаг камерын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 15:50 цагаас 15:54 цагийн хоорондох дүрс бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11/,

Иргэн Доржготовын Отгонжаргалын ХААН банкны 5907024233 тоот дансанд 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 15:52 цагт 160.000 төгрөгийн орлого хийгдэж, 15.57 цагт 160.000 төгрөгийн зарлага хийгдсэн гэх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 39/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Отгонбаярын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Отгонбаярын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Оюунцэцэгт 160.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирол төлбөрийг барагдуулсан, хохирогч нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Х.Оюунцэцэгийн ХААН банкны 5055308492 тоот дансны 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 41/, хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн “...Ингээд цагдаад хандсанаас хойш хэд хоногийн дараа миний дансанд 160.000 төгрөг хийсэн. Одоо надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.  

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Отгонбаяр нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, мөн шүүгдэгч нь түнхний мултрал оношоор хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувьтай, хөгжлийн бэрхшээлтэй хүний группд хамрагддаг болох нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр, нийгмийн халамжийн тэтгэврийн дэвтрээр тус тус нотлогдож байгаа ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б.Отгонбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүний биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Б.Отгонбаярыг 6 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дайртан овогт Батбаярын Отгонбаярыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Отгонбаяр нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Оюунцэцэг нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Отгонбаярыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Отгонбаярт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Б.Отгонбаярыг 6 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Отгонбаярт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ИХТАМИР