| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2403002730420 |
| Дугаар | 2025/ДШМ/616 |
| Огноо | 2025-05-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/616
2025 05 22 2025/ДШМ/616
А.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Амарзаяа,
шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч С.Одгариг,
насанд хүрээгүй хохирогч Э.Э-гийн хууль ёсны төлөөлөгч Д.Б,
насанд хүрээгүй хохирогч Ж.А-гийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ж,
нарийн бичгийн дарга нар П.Мөнхчимэг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/582 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгч С.Одгаригийн гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.А-д холбогдох 2403002730420 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
С овгийн А-ийн А, ................................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;
Шүүгдэгч А.А- нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, Чингис зочид буудлын зүүн урд замд 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 12 цаг 35 минутийн үед Toyota Prius-20 загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дүгээр зүйлд заасан “...1.3...тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй Ж.А-гийн жолоодож явсан улсын дугааргүй мопедийг мөргөж жолооч Ж.А-, зорчигч Э.Э- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: А.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч С овогт А-ийн А-ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний байнга оршин суух хаяг болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, шүүгдэгч нь оршин суух хаягаа өөрчилсөн бол энэ талаар хяналт тавих эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгож, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг оногдуулсан үеэс нь эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар 9,998,688 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Э.Э- болон түүний хууль ёсны төлөөлөгчид, 8,777,440 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Ж.А- болон түүний хууль ёсны төлөөлөгчид, 711,162 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгч С.Одгариг гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тогтоолд “Техникийн шинжээчийн 2024.12.16-ны өдрийн №24\411 дугаартай дүгнэлтэд ...Улсын дугааргүй мопедын жолооч Ж.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.4-р зүйлийн мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараах тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно: а\унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсвэл түүгээр явах боломжгүй тохиолдолд: гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. ... хохирогч Ж.А- нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байх ба дээрх зөрчилд нь 2024.08.05-ны өдөр 0839641 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулжээ...” гэжээ.
Шүүх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ариун-Эрдэнийг 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэхээр заасан бөгөөд хохирогч Ж.А- нь Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1, 12.3 дахь заалтуудыг зөрчиж эсрэг урсгалаар зорчсон, хамгаалалтын хэрэгсэл өмсөөгүй, улсын дугааргүй мопед унаж явсан нь дээрх хуулийн заалтад хамаарч байх тул А.А-д ял шийтгэл оногдуулахад хуулийн энэ заалтыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор байхад шүүх хэрэглээгүй байна. Иймд дээрх байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож А.А-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ослын бичлэгийг анхаарч үзнэ үү. ...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Э.Э-гийн хууль ёсны төлөөлөгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийг ойлгохгүй байна. Урсгал сөрсөн зүйл байхгүй. Шүүгдэгч зүүн гар тийш эргэж, хойно сууж байгаа хүүхдийн хөлийг дайрсан. Бид хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. ...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Ж.А-гийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхнаасаа бидэнтэй ярьж, тохиролцож, хохирол төлбөрөө төлсөн бол заавал хорьж, цагдах хэрэг байхгүй. ...” гэв.
Прокурор Т.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.А- тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдаанд прокурорын гаргасан зорчих эрх хязгаарлах ялын саналыг шүүгдэгчийн өмгөөлөгч хүлээн зөвшөөрч байсан. Анхан шатны шүүх “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн хор уршиг зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар зорчих эрх хязгаарлах зохицуулалттай. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч А.А-д холбогдох 2403002730420 дугаар эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.
1. Шүүгдэгч А.А- нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, Чингис зочид буудлын зүүн урд замд 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 12 цаг 35 минутийн үед Toyota Prius-20 загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дүгээр зүйлд заасан “...1.3...тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хөдөлгөөнэд оролцож явсан мопедийг мөргөж, тус мопедийг жолоодож явсан насанд хүрээгүй Ж.А-, зорчигч Э.Э- нарын тус тус эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 5-6/,
зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зураг /1-р хх-ийн 7-10/,
жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “0,00%” /1-р хх-ийн 11/,
насанд хүрээгүй хохирогч Ж.А-гийн: “...Энэ үед бөхийн өргөө явах чиглэлд ачаалалтай машинууд түгжрээд зогссон байдалтай байхаар нь би зорчих хэсгийн 2-р эгнээнд урд зүгт явж байтал миний баруун гар талаас буюу замын баруун талаас, гарцнаас цагаан өнгийн суудлын автомашин гэнэт гараад ирсэн. Тэр автомашин түгжрээд зогссон машинуудын дундаас гэнэт гараад ирсэн болохоор би хараагүй. Уг нь тэр автомашиныг хараад зогсоох арга хэмжээ аваад урд талаар нь тойрч гарах гэсэн боловч намайг бараг гараад өнгөрч явах үед миний жолоодож явсан мопедийн хойд хэсэг рүү мөргөөд би жолоодлого алдаад газарт унасан. ... ” /1-р хх-ийн 17/,
насанд хүрээгүй хохирогч Э.Э-ын: “...манай найз тэр автомашиныг тойрч гарах гээд зүүн гар тийш жолоогоо эргүүлээд тойроод бараг гарч явтал нөгөө автомашин миний баруун хөл хэсэг рүү мөргөөд бид 2 газарт унасан. Унаад босоод ирэхэд миний баруун хөл маш их өвдөж гишгэж болохгүй байсан. ...” /1-р хх-ийн 25/,
иргэний нэхэмжлэгч С.С-ийн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ж.А-, Э.Э- нар нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 711,162 төгрөг гарсныг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлнэ үү. ...” /1-р хх-ийн 33, 36/ гэх мэдүүлгүүд,
камерийн бичлэг /1-р хх-ийн 56/, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 24/411 дугаартай: “...“Toyota Prius-20 загварын 0000 ААА улсын дугаартай автомашины жолооч А.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дүгээр зүйл дэх “... 1.3... тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Улсын дугааргүй мопедын жолооч Ж.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.4 дүгээр зүйл дэх “...мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараах тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно: а/ унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсвэл түүгээр явах боломжгүй тохиолдолд;” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” гэх 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 202-204/,
2024 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 6053 дугаартай: “...Ж.А-гийн биед баруун тавхайн дотор шаантаг хэлбэрт яс, дөрвөлжин яс, өлмийн 2, 3, 4-р ясны сэлтэрсэн хугарал, баруун өвдөгт зулгаралт, баруун өвдөг шилбэнд цус хуралт, баруун тавхайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /1-р хх-ийн 59-60/, 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 6053 дугаартай: “...Э.Э-йн биед баруун шаант ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /1-р хх-ийн 66-67/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,
“Ашид билгүүн” ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1828 дугаартай: “Авто машины эвдрэл, хохирлын үнэлгээгээр Мопед Үаmaha загварын тээврийн хэрэгсэлд 515,000 төгрөгийн шууд, 575,000 төгрөгийн нийт хохирол тогтоогдсон...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 92/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Шүүгдэгч А.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дүгээр зүйлд заасан “...1.3...тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөнд оролцож явсан мопедийг мөргөж, тус мопедийг жолоодож явсан Ж.А-, зорчигч Э.Э- нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.
Анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх А.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн зүйлчилжээ.
3. Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангаж байх ёстой.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...”-ыг оногдуулахаар заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч А.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил гурван сарын хугацаагаар хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг жил дөрвөн сарын хугацаагаар оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хоёр хүний эрүүл мэндэд тус тус хүндэвтэр гэмтэл учруулсан хэр хэмжээнд тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч С.Одгаригаас гаргасан торгох ял шийтгүүлэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн хохирогч Ж.А-, Э.Э- нарын тус гэмт хэргээс шалтгаантайгаар сэтгэцийн эрүүл мэндэд нь хохирол, хор уршиг учирсан эсэхийг сэтгэцийн тусгай мэдлэг бүхий шинжээч тогтоогоогүй байхад тэдний бие махбодид учирсан хүндэвтэр зэргийн гэмтлээр тэдний сэтгэцэд хор уршиг учирсан гэж анхан шатны шүүх дүгнэж, сэтгэцийн хор уршигт нь нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Хохирогчийн сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг хохирогчийн сэтгэцийн эрүүл мэндэд учирсан гэм хор гэж үзэхгүй бөгөөд энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолоор:
“...“Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.”,
“...”Сэтгэцийн эмгэг” гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар ойлгоно. Сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно. ...” гэж тайлбарлажээ.
Түүнчлэн, хүний сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг эрх зүйн боловсролтой этгээд биш хүний сэтгэцийн эрүүл мэндийн тусгай мэдлэг бүхий, нарийн мэргэшсэн мэргэжилтэн тогтоох шаардлагатай нь тодорхой асуудал юм.
Иймд дээрх үндэслэлээр, “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр хохирогч Ж.А-, Э.Э- нарын сэтгэцэд 3 дугаар зэрэглэлийн хохирол учирсан гэж мөрдөгчийн тогтоосноор сэтгэцийн хохиролд нөхөн төлбөр гаргахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын 7 дахь заалтын “хохирогч нарт тус 8,580,000 төгрөгийг гаргуулсан” хэсгийг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
5. Шийтгэх тогтоолын 8 дахь заалтад заасан “Хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шимйдвьэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэсэн заалтад хохирогч Ж.А-, Э.Э- нарын сэтгэл санааны хохирол, сэтгэцийн хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардал зэрэг энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нэхэмжлэлээ жич иргэний журмаар нэхэмжлэх эрх нь мөн орж байгаа болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/582 дугаар шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч А.А-эс 9.998.688 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Э.Э- болон түүний хууль ёсны төлөөлөгчид, 8.777.440 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Ж.А- болон түүний хууль ёсны төлөөлөгчид, 711.162 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай. ...” гэснийг
“...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-эс 1,418,688 (нэг сая дөрвөн зуун арван найман мянга зургаан зуун наян найм) төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Э.Э- болон түүний хууль ёсны төлөөлөгчид, 197,440 (нэг зуун ерэн долоон мянга дөрвөн зуун дөч) төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Ж.А- болон түүний хууль ёсны төлөөлөгчид, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар 711,162 (долоон зуун арван нэгэн мянга нэг зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын байгууллагад тус тус олгосугай. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Одгаригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ