Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2019/00798

 

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2019/00798

 

 

М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/02229 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-д холбогдох,

 

Эд хөрөнгө хөлслөх гэрээ цуцалж, 1 600 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: М-

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Түвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б-тай 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг 19-р хороо Шарга морьт зуслангийн Бяцхан төгөл хотхонд 1 өрөө 35 м.кв байшинг 2018 оны 4 сарын 29-нийг хүртэл 6 сарын хугацаатай, сарын 700 000 төгрөгөөр түрээслэх, түрээс 4 200 000 төгрөг, барьцаа 200 000 төгрөг, цэвэрлэгээний 50 000 төгрөг, нийт 4 550 000 төгрөг төлөхөөр тохиролцож, түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн.

Би цагаан сарын баяраар хотод байж байгаад 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр очиход шүршүүрийн муу усны нүхнээс бага зэрэг ус шүүрсэн байсныг мэдсэн. Орой болсон тул маргааш өглөө нь усны хэмжээ нэмэгдсэнийг ажиглаад Б-д утсаар мэдэгдэх гэсэн боловч аваагүй тул мессеж бичсэн. Гэтэл Б-гийн нөхөр гэх хүн согтуу орж ирээд 00 бөглөлөө гэж уурлаж, хэл амаар доромжилсон тул цаашид байшинд амьдрах боломжгүй болсон.

Иймд гэрээг цуцлаад түрээсийн үлдэгдэл төлбөр болох 1 400 000 төгрөг мөн барьцаанд өгсөн 200 000 төгрөг нийт 1 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б- нь М-тай 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Шарга морьт зуслангийн Бяцхан Төгөл хотхонд байрлах 1 өрөө орон сууцыг 6 сарын хугацаатай хөлслүүлэхээр тохиролцож гэрээг бичгээр байгуулсан. Б- 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр М-т орон сууцыг ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хүлээлгэн өгсөн.

М-ын эхнэр Энх-Саруулаас 2018 оны 02 дугаар сарын 25 өдөр Манай 00, душ бөглөрсөн бололтой байна гэсэн мэссэж ирүүлсэн байсан. Гэрээний 7.3-т жорлон, тосгуур бөглөрсөн тохиолдолд түрээслэгч тал өөрсдөө бөглөөг гаргах үүрэгтэй гэж заасан. М- нь өөрсдөө арга хэмжээ авч засварчин дуудалгүйгээр надаар тус гэмтлийг засуулах гэж дуудсан байсан.

Байрны бохирын хоолойг бөглөж, бидэнд хохирол чирэгдэл ажил учруулчихаад зүй ёсны шаардлага тавьсны төлөө уурлаж, одоо хэлмэгдэж хохирсон хүний дүрд тоглож илэрхий худал зүйл бичээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний зүгээс М-тай гэрээг цуцлах талаар тохиролцсон зүйлгүй. М-ыг гэрээний хугацаанд эзэмшиж, ашиглах боломжоор бүрэн хангасан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6., 302 дугаар зүйлийн 302.1.-д зааснаар хариуцагч Б-гаас 1 180 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 420 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 32 870 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн талууд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрээг цуцалсан гэж дүгнэсэн. Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ. Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаврыг талууд шийдвэрлэдэг ялгаатай байдаг.

Шүүх нь хэрэгт авагдсан баримт болон хэргийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн түлхүүрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн мэтээр таамаглаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрээний зүйлийг ашиглахаа больсон гэх боловч зохих журмын дагуу гэрээг цуцалсан гэж үзэх боломжгүй.

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т "Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван cap байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно" гэж заасан. Тиймээс нэхэмжлэгч нь гэрээг цуцлах талаар мэдэгдлийг өгснөөр тоологдохоор байна. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчид мэдэгдэл өгч байгаагүй байдаг. Иймээс гэрээг цуцлах гурван сарын хугацаа ч тоологдох боломжгүй. Мөн хуулийн зохицуулалтаас харвал талууд гэрээндээ уг хугацааг ихэсгэж эсвэл болохоор байна.

Талууд эд хөрөнгө хөлслөх гэрээний 2.3-т гэрээг цуцалсан тохиолдолд үүсэх үүрэг хариуцлагын талаар тохиролцсон байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь хуульд заасан хугацааг өөрөөр тохиролцсон байна гэх үндэслэлгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нөгөөтэйгүүр хугацаа тогтоосон гэж үзсэн ч Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.3-д ''гэрээнд заагаагүй бөгөөд тодорхой үндэслэлгүйгээр гэрээг цуцлах эрхтэй байхаар заасан" нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасан тул нэхэмжлэгчийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцалсан гэх анхан шатны шүүхийн шийдвэрийн гэрээг цуцлагдсан гэж үзсэн тайлбар, дүгнэлт нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Хариуцагчийн зүгээс гэрээний хугацаанд нэхэмжлэгчийг эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйлийг ашиглах боломжийг олгож байсан. Ямар нэг хязгаарлалт тогтоосон, хөөж туусан зүйл байдаггүй. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн дур мэдэн нэг талын санаачлагаар гэрээг цуцалсан мэт хууль тогтоомж зөрчсөн зүйл бичсэн байхад шүүх хүлээн авч шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч М- нь хариуцагч Б-д холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцалж, 1 600 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

М- болон Б- нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр түрээсийн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр Б- нь Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Шарга морьт зуслангийн Бяцхан төгөл хотхонд байрлах 1 өрөө 35 м.кв байшинг М-т 6 сарын хугацаатай хөлслүүлэх, хөлслөгч М- нь 1 сарын хөлс 700 000 төгрөг, цэвэрлэгээний төлбөрт 50 000 төгрөг, барьцаанд 200 000 төгрөг төлөх нөхцөлийг харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Анхан шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээ гэж нэрлэсэн боловч Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Нэхэмжлэгч М- нь гэрээний төлбөрт 4 550 000 төгрөг төлсөн талаар хариуцагч маргаагүй, харин хэн аль нь гэрээний үүрэг биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзсан үйл баримтад маргажээ.

 

Байшингийн бохирын шугам бөглөрсөн үйл баримт тогтоогдсон ба нэхэмжлэгч нь 2 айлын бохирын шугам нэг холбоотой, дундын шугамд бөглөрсөн нь өөрийн буруу биш гэж, хариуцагч бохирын шугам нэхэмжлэгчийн ашиглалтын явцад түүний буруугаас үүссэн тул гэрээнд зааснаар өөрсдөө засварлах ёстой гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэж, бохирын шугам ашиглалтын явцад нэхэмжлэгчийн буруугаас бөглөрсөн гэх үндэслэл нотлогдоогүй тул түүнийг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээний харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээний холбогдох заалтууд үйлчлэх гэсний дагуу мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.6-д зааснаар хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгөд доголдол илэрсэн нөхцөл байдлыг хөлслүүлэгчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хөлслүүлэгч Б- нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.3-т зааснаар эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийх үүргийг гүйцэтгэсэн ч талуудын хоорондын хувийн харилцаанаас шалтгаалж нэхэмжлэгч нь гэрээний 2.3-т хэрэв түрээслэгч нь түрээсийн гэрээг байгуулсан хугацаанаас өмнө цуцалж байрнаас гарах санал тавих эрхээ хэрэгжүүлж, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байшингийн түлхүүрийг хүлээлгэн өгчээ.

 

Талууд гэрээгээр Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт заасан гэрээ цуцлах хугацааг өөрчилсөн байна.

 

Иймд гэрээний 2.3-т зааснаар нэхэмжлэгч гэрээ цуцалсан тохиолдолд хариуцагчид гэрээний үнийн дүнгийн 10 хувиар торгууль тооцохоор тохиролцсоныг анхан шатны шүүх зөв дүгнэж, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаанаар гэрээ цуцлах тохиолдолд мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар байшинг ашиглаагүй хугацааны 2 сарын төлбөр 1 400 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, гэрээний алдангид 420 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Түүнчлэн гэрээ цуцлагдаж дуусгавар болсон тул үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох барьцааны хэлцэл Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар дуусгавар болсон тул барьцаа 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/02229 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Э.ЗОЛЗАЯА