| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0171/Э |
| Дугаар | 196 |
| Огноо | 2018-06-14 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 196
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,
Улсын яллагч Г.Яндаг,
Хохирогч С.Отгонцэцэг,
Хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдох эрүүгийн 1818002170152 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч******* нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Элчин сайд газрын дөрвөн замын уулзвар дээр ******* улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт /Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.5-д заасан “Улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс явж буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”/-ыг зөрчсөний улмаас******* улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, ******* улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн******* эрүүл мэндэд хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний урагдалт, хэвлийн хөндийн цусан хураа, духанд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч******* өгсөн: Би 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шинэ Дархан руу явахдаа зам дээр гараа өргөөд зогсож байсан хоёр хүнийг машиндаа суулгаад явсан. Тэгээд элчин сайдын газрын 4 замын уулзварын гэрлэн дохионы шар гэрэл анивчиж байхад нь би улаан гэрэл асахаас өмнө амжих гэж байх гэж бодоод машинаа зогсоолгүй яваад зам тээврийн осол гаргасан. Хохирогч эмнэлэгт хэвтэж байхад нь би 2 удаа эргэж очсон. Хохирогчид 1.185.000 төгрөгийн нөхөн төлбөр өгсөн ба нэмж 1.500.000 төгрөг төлөхөөр тохиролцсон байгаа. Би боломжоороо хохирол төлбөрөө хугацаанаас нь өмнө төлөх болно. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх болно гэх мэдүүлэг,
Хохирогч ******* өгсөн: Тухайн өдөр би ажил руугаа явахаар ******* гэх хүний машинд суусан. Тэгтэл театрын наана 4 замын уулзвар дээр миний сууж явсан машин цаанаас ирж байсан машинтай мөргөлдсөн. Осол болох үед гэмтлийнхээ талаар мэдээгүй. Харин гэртээ ирээд мэдсэн. Миний бие шүүгдэгчээс 1.185.000 төгрөг авсан. Мөн нэмж 1.500.000 төгрөг авахаар тохиролцсон. Гэхдээ миний эмчилгээнд цаашид хэдэн төгрөг зарцуулагдахыг сайн мэдэхгүй байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Би гомдолтой байгаа боловч энэ хүн хорих ялаар шийтгүүлчихвэл надад эмчилгээний зардал өгөх боломжгүй болчихно гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Иргэний нэхэмжлэгч******* өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр би элчин сайдын газрын 4 замын уулзвараар зөвшөөрөгдсөн гэрлээр нэвтрэхэд замын хойд талаас саарал өнгийн Соната-6 маркийн машин их хурдтай орж ирээд миний машиныг мөргөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 35/,
Гэрч ******* өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр манай дүү******* над руу утсаар залгаад “Өглөө ажил руугаа явахдаа таксинд суухад миний сууж явж байсан элчин сайдын газрын 4 замын уулзвар дээр өөр машинтай мөргөлдсөн. Тэгээд жолооч нь буучих гэхээр нь би буугаад ажил дээрээ очсон чинь дотор муухайраад байна” гэж ярьсан. Орой нь ******* бие өвдөөд байна гээд манай гэрт ирсэн ба сандал сууж байснаа ухаан алдаад уначихсан. Эмнэлэгт хүргээд ЭХО-д харуултал манай дүүгийн дэлүү нь бяцарсан байна. Яаралтай мэс засалд орох шаардлагатай гэж эмч хэлээд мэс засалд орсон гэх мэдүүлэг /хх-ийн 31/,
Гэрч ******* өгсөн: ...элчин сайдын газрын 4 замын уулзвар дээр 380-н айлын талаас ******* улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл улаан гэрлээр уулзвар нэвтэрсэн. Уг тээврийн хэрэгсэл уулзвар нэвтрэхдээ төв шуудан талаас орж ирсэн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гэх мэдүүлэг /хх-ийн 32/,
Гэрч******* өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хөдөлгөөнт эргүүлийн жолоочийн үүрэг гүйцэтгэж байхад элчин сайдын газрын 4 замын уулзвар дээр зам тээврийн осол гарлаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход************** гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдсөн байдалтай байсан ба жолооч нар нь даатгалын байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлэхээр тохиролцсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 36/,
Гэрч******* өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн газар дээр дуудлагын байцаагчаар үүрэг гүйцэтгэж байхад элчин сайдын газрын 4 замын уулзвар дээр зам тээврийн осол гарсан гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход ******* гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдсөн байдалтай байсан ба жолооч нар нь даатгалын байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлэхээр тохиролцсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
Шүүгдэгч******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэх Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл мэдээллийн системийн хайлтын лавлагаа /хх-ийн 13-14/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг /хх-ийн 6-10/, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хх-ийн 11/,
Хэрэг учрал болсон газар болох Элчин сайдын газрын 4 замын уулзварын хяналтын камерын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 09:35 цагийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18/, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 52Х-80 min/1000 mb-н саарал өнгийн 1 ширхэг сиди-д буулгасан хяналтын камерын бичлэг,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 383 дугаартай ******* биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний урагдалт, хэвлийн хөндийн цусан хураа, хагалгааны дараах байдал, духанд цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хүчтэй цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үед амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/,
Хохирогч ******* Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн 1816 дугаартай тухай өвчний түүх /хх-ийн 43-73/
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, дэслэгч******* 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.5-д заасан Улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан” гэх дүгнэлт /хх-ийн 76/,
******* ХХК-ний 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн******* жолоодож явсан Соната-6 маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн зам тээврийн ослын улмаас үүссэн эвдрэл гэмтлийг арилгахад гарах нийт зардлын дүн 475.000 төгрөг”, ******* жолоодож явсан Соната-6 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн зам тээврийн ослын улмаас үүссэн эвдрэл гэмтлийг арилгахад гарах нийт зардлын дүн 170.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 81-83, 107-109/,
Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, авто тээврийн мэргэшсэн инженер ******* “Соната-6 маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн техникийн байдлыг шалгахад тээврийн хэрэгслүүд нь техникийн хувьд бүрэн бүтэн, эд анги хэвийн ажиллагаатай, зам тээврийн осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй” гэх дүгнэлтүүд /хх-ийн 89-93, 98-102/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний урагдалт, хэвлийн хөндийн цусан хураа бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан, иргэний нэхэмжлэгч******* 475.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 1.185.000 төгрөг төлсөн, цаашид 3 сарын хугацаанд нэмж 1.500.000 төгрөг төлөхөөр тохиролцсон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтаар, иргэний нэхэмжлэгч******* 590.000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан******* эхнэр******* бичсэн тайлбар /хх-ийн 164/-аар тус тус нотлогдож байна.
Гэвч хохирогч нь “цаашид гарах эмчилгээнд шүүгдэгчээс авахаар тохиролцсон 1.500.000 төгрөг хүрэлцэх эсэхийг мэдэхгүй байна. Эмчилгээний зардлыг бүрэн төлбөл гомдол саналгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс 1.500.000 төгрөг гаргуулж, хохирогч ******* олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь хохирогчид төлөх 1.500.000 төгрөгийг 3 тэнцүү хувааж буюу 2018 оны 7 дугаар сарын 13-ны дотор 500.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 13-ны дотор 500.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны дотор 500.000 төгрөг төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардалд 1.185.000 төгрөг төлсөн, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны дотор 1.500.000 төгрөг төлөхөөр хохирогчтой тохиролцсон, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, тэдний хэлцэл, хохирлын мөнгө хүлээлцсэн баримт зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч ******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 “Энэ гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба уг гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутай хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг заавал оногдуулахаар заажээ.
Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгч ******* хохирол 1.500.000 төгрөгийг хохирогчтой тохиролцсон хугацаанд төлөх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох үндэслэлтэй байна.
Ялтан тэнсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
3. Шүүгдэгч ******* нь 1.500.000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 500.000 төгрөг тус тус төлөхөөр хохирогчтой харилцан тохиролцож эвлэрснийг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ял оногдуулсугай.
6. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 3.4-т зааснаар ******* хохирол 1.500.000 төгрөгийг тохиролцсон хугацаанд хохирогчид төлөх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тэнсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сиди-г хэрэгт хавсаргасугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР