Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/617

 

                                                           

 

 

 

 

 

     2025          05            22                                          2025/ДШМ/617

 

М.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Бат-Амгалан,

шүүгдэгч М.А-, түүний өмгөөлөгч М.Хандармаа, Х.Чинбат,  

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан, 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 2025/ШЦТ/966 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.А-ийн өмгөөлөгч М.Хандармаа давж заалдах гомдол гаргасныг үндэслэн М.А-т холбогдох 2510000750098 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

И К овгийн М-ны А ......................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч М.А- нь “ноолууран хувцас худалдан авч Казакстан улс руу худалдан борлуулах ажилд хамтран ажиллах уу” хэмээн санал тавьж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Т.А-аас Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь урьдчилгаа мөнгө шилжүүл хэмээн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр урьдчилгаа 33,000,000 төгрөгийг, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 12,000,000 төгрөгийг Хаан банкны 513хххххххх тоот дансаар шилжүүлэн авч, хохирогч Т.А-д нийт 45,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч И К овогт М-ны А-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ээс 30,0000,000 төгрөг гаргуулж хохирогч Т.А-д олгож шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч М.А-ийн өмгөөлөгч М.Хандармаа давж заалдах гомдол болон шүүхэд гаргасан тайлбартаа: “...М.А- нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж цагдаад дуудагдах үеэс хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж, багын найзынхаа өмнө гэм буруутайгаа ухамсарлаж байсан. Харин хохирол төлбөрийн төлөх санхүүгийн боломж олдохгүй байсан тул энэ байдлаа хохирогч Т.А-д удаа дараа хэлж, уучлал гуйж, хохирол төлөхөө илэрхийлж байсан. 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр түүний ажиллаж байсан байгууллагын зүгээс өөрийн сайн ажилтан М.А-ийн хохирол төлбөрийг хохирогч Т.А-д бүхэлд нь шилжүүлж хохирол төлбөрийг барагдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл нь эрүүгийн хариуцлагын хувьд сонгох ялын төрөлтэй зүйл юм. М.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч М.Хандармаагийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч М.А- гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулж, хохирогчтой эвлэрч, хохирогчийн зүгээс гомдол, саналгүй болохоо илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Шүүгдэгч 2 компанид хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг. Ажил эрхлэлтийн талаарх тодорхойлолтуудыг өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Шүүгдэгч М.А-т оногдуулсан хорих ялыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилж өгнө үү. Торгууль төлөх боломжтой талаарх дансны хуулгаа мөн гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хуралдааны дараа хохирол 30,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүгдэгч 45 хоног цагдан хоригдсон. Эрүүгийн хуулийн цээрлүүлэх зорилго биелэгдсэн гэж үзэж байна. Тиймээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялыг 1,000,000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор З.Бат-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...“Шүүгдэгч М.А- нь хохирол төлбөрийг төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна” гэж өмгөөлөгч хэллээ. Прокуророос өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Нэмэлт тайлбар байхгүй. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч М.А-ийн өмгөөлөгч М.Хандармаа гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

1. Шүүгдэгч М.А- нь “...ноолууран хувцас худалдан авч Казакстан улс руу худалдан борлуулах ажилд хамтран ажиллах уу...” хэмээх саналыг  Т.А-д тавин түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож түүнийг төөрөгдөлд оруулан  “...урьдчилгаа мөнгө шилжүүл...” гэж 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 33,000,000 төгрөгийг, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 12,000,000 төгрөгийг тус тус Хаан банкны 513хххххххх тоот дансаар шилжүүлэн авч, хохирогч Т.А-д нийт 45,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь:  

хохирогч Т.А-ы “...Бид хоёр 17 жил найзалж байгаа сайн найзууд юм. Манай найз архи, дарс уудаггүй, муу зуршил байхгүй, маш сайн сурдаг, маш итгэлтэй, бид хоёр өмнө нь хамтарч олон ажил хийж байсан, энэ залуугийн эцэг, эх болон гэр бүлийн гишүүдийг нь таньдаг маш сайн найзууд болохоор ямар ч маргаангүй итгэж мөнгө шилжүүлсэн. Бид хоёрын хооронд хийсэн гэрээ хэлцэл байхгүй. Бид хоёр Монгол Улсаас ноолууран хувцсыг худалдан авч Казакстан Улсад зарах тохироотой байсан. А нь өөрөөсөө 60,000,000 төгрөг гаргах талаар хэлсэн ба ноолуурын компаниуд нь 100,000,000 төгрөгтэй хүмүүстэй илүү хурдан ажилладаг юм байна. Говь компанид таньдаг хүмүүс байгаа гэх тайлбарыг хэлсэн. Бид хоёрын хамтарч ажиллах ажлын чиг үүрэг нь би Казакстан Улсад очиж тус бараануудыг худалдан борлуулах, харин М.А-ийн үүрэг нь тус барааг Монгол Улсаас худалдан авч Казакстан Улсад авч ирэх байсан. Гэвч ноолууран эдлэл худалдан авч Казакстан Улсад аваачиж худалдан борлуулсан зүйл огт байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/,

хохирогчид мөнгө төлөхөө илэрхийлж, төлөх хугацаа зааж бичсэн шүүгдэгч М.А-ийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн гараар бичсэн баталгаа /хх-ийн 77/,

хохирогч Т.А-ы 45,000,000 төгрөг шилжүүлсэнг нотолж буй Төрийн банк дахь депозит дансны хуулга /хх-ийн 78-79/, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх М.А-ийн Хаан банкны 513хххххххх тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 34-76/,

шүүгдэгч М.А-ийн яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд талуудыг тэгш эрхтэй оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн зохих дүгнэлт хийн хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч М.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Шүүгдэгч М.А-ийн өмгөөлөгч М.Хандармаа нь “...хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү..” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилсан.

Давж заалдах шатны шүүх, шүүгдэгч М.А-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлж барагдуулсан хувийн байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тухайн зүйл, хэсэгт заасан торгох ял болгон хөнгөрүүлж, торгох ялыг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр оногдуулахаар шийдвэрлэв. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ийн 2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 44 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон 660,000 төгрөгийг түүнд оногдуулсан 5,000,000 төгрөгийн торгох ялаас хасаж, түүний эдлэх торгох ялын хэмжээг 4340 нэгж буюу 4,340,000 төгрөгөөр тогтоож, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

5. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.А-ийн хорих ялыг торгох болгон хөнөрүүлэн өөрчилсөн тул түүнийг хорих байгууллагаас нэн даруй суллахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 2025/ШЦТ/966 дугаар шийтгэх  тогтоолын: 

1.1. Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-т 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

1.2. Тогтоох хэсэгт:

“...- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.А-ийн цагдан хоригдсон 44 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 660,000 төгрөгийг түүнд ононгдуулсан торгох ялаас хасаж, М.А-ийн эдлэх торгох ялын хэмжээг 4340 (дөрвөн мянга гурван зуун дөч) нэгж буюу 4,340,000 (дөрвөн сая гурван зуун дөчин мянга) төгрөгөөр тогтоосугай.

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ийн эдлэх 4,340,000 /дөрвөн сая гурван зуун дөчин мянга/ төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүгдэгч М.А-т мэдэгдсүгэй. ...” гэсэн нэмэлт заалтуудыг оруулсугай. 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.А-ийг нэн даруй сулласугай.

3. Шүүгдэгч М.А- нь хохирогч Т.А-д 30,000,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ